| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0118/Э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март
шүүгдэгч Т.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Т.******* холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,*******-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, *******, эрэгтэй, бага боловсролтой, бичиг үсэг мэдэхгүй гэх мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, *******од оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй ******* овогт Т.Е /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Е нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, *******ийн 13 дугаар гудамжны *******од байрлах Д.*******ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрт нэвтэрч 32 инчийн “Тошиба” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Е нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул одоо нэмж хэлэх зүйл байхгүй “ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Еын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 09 цагийн үед гэрээсээ гараад Налайх дүүргийн 3 дугаар хороо *******ийн гудамжинд танихгүй 3 хүнтэй 3 шил архи хувааж уусан. Тэр 3-аас салаад дахиад архи уух гээд мөнгө хайгаад...13 дугаар гудамжаар явж байтал эзэнгүй бололтой хашаа руу ороод гол хэсэгт нь байх гэрийн үүдний таампараар нь ороход гэрийн хаалга цоожтой байсан. ... хаалгыг нь хүчээр татахад хаалга даруулганаасаа даваад онгойсон. Гэрт ороод хойморт байсан зурагтыг авч гудамжаар доош уруудаад засмал зам дээр такси барих гээд зогсож байтал нэг цагдаа ирээд ямар учиртай зурагт вэ гэж асуухад нь тайлбарлаж чадахгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад ирээд хулгайн эд зүйл гэдгийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 53 дугаар хуудас/
Хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 12 сарын 18-ны 09 цагийн үед ажилдаа явахаар гарахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоод гарсан. 14 цагийн үед ажлаасаа гараад гэр рүүгээ явж байх замд манай хүү Б. таараад “гэрийн хаалгыг эвдээд хулгай орсон юм шиг байна. Дотогшоо орж үзсэнгүй. Цагдаад мэдэгдэх гээд явж байна гэхээр нь би шууд гэртээ яваад очсон. Гэтэл хаалганы самбарыг цөм цохиод дотогш орсон байхаар нь гадаа хүлээж байгаад цагдаа ирэхээр нь хамт орсон. Манай 32 инчийн “Тошиба” зурагт алдагдсан байна. Гэрийн хаалганы хавтсыг буцаагаад хадаад янзалсан. Зурагтаа хүлээж авсан болохоор ямар нэгэн санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг, /24-25 дугаар хуудас/
Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав Д.*******ийн гэрт машинаа янзлуулахаар 14 цаг 30 минутын үед ирсэн. Тэгээд гэрт ортол гэрийн хаалганы дотор хавтас нь байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би хулгай орсон байна гэж бодоод шууд аавын ажил руу явсан. Замдаа аавтай тааралдаад буцаад гэрт нь ирэхэд 32 инчийн “Тошиба” маркийн зурагт нь алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Хорооны цагдаа, цагдаагийн ахлагч Т.ын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “2018 оны 12 сарын 18-ны өдрийн 12 цаг 40 минутын орчим Налайх дүүргийн 3 дугаар хороонд 32 инчийн зурагт аваад явж байгаа хүнийг зогсоон шалгахад Т.Е гэх хүн 32 инчийн “Тошиба” гэх зурагтыг хаанаас аваад явж байгаа нь тодорхой бус байсан тул Эрүүгийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Цэрэндоржид дээрхи зурагтыг хүлээлгэн өгч, Т.Еыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 55 дахь хуудас/
Гэрч А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ” Манай нөхөр нь энд тэнд хөдөө ч байсан хамаагүй шууд л ажилд явчихдаг. Сүүлд цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа бол Улаанбаатар хотод барилга дээр ажиллана гэж явсан боловч сураггүй байж байгаад саяхан утсаар ярихаар нь хаана байгааг нь мэдэж авсан гэсэн мэдүүлэг /хх-32-33 дугаар хуудас/ ,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-17 р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18 р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-35-36 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Е нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчим Налайх дүүргийн 3 дугаар хороо, *******ийн 13 дугаар гудамжны *******од байрлах Д.*******ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрт нэвтэрч 32 инчийн “Тошиба” загварын 164,000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Т.Еын өгсөн.”... 13 дугаар гудамжаар явж байтал эзэнгүй бололтой хашаа руу ороод гол хэсэгт нь байх гэрийн үүдний таампараар нь ороход гэрийн хаалга цоожтой байсан. ... хаалгыг нь хүчээр татахад хаалга даруулганаасаа даваад онгойсон. Гэрт ороод хойморт байсан зурагтыг авч гудамжаар доош уруудаад засмал зам дээр такси барих гээд зогсож байтал нэг цагдаа ирээд ямар учиртай зурагт вэ гэж асуухад нь тайлбарлаж чадахгүй байсан. ” гэх, хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би шууд гэртээ очоод хаалганы самбарыг цөм цохиод дотогш орсон байхаар нь гадаа хүлээж байгаад цагдаа ирэхээр нь хамт орсон. Манай 32 инчийн “Тошиба” зурагт алдагдсан байна. Гэрийн хаалганы хавтсыг буцаагаад хадаад янзалсан. Зурагтаа хүлээж авсан болохоор ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх, гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь би хулгай орсон байна гэж бодоод шууд аавын ажил руу явсан. Замдаа аавтай тааралдаад буцаад гэрт нь ирэхэд 32 инчийн “Тошиба” маркийн зурагт нь алга болсон байсан” гэх мэдүүлгүүд, Хорооны цагдаа, цагдаагийн ахлагч Т.ын ... Т.Е гэх хүн 32 инчийн “Тошиба” гэх зурагтыг хаанаас аваад явж байгаа нь тодорхой бус байсан тул Эрүүгийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Цэрэндоржид дээрхи зурагтыг хүлээлгэн өгч, Т.Еыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл, Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.******* холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Т.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.******* холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Т.Е нь мөрдөн байцаалтын шатнаас хоёр удаа оргон зайлж байсан. Дуудсан цагт ирдэггүй, хаана багаагаа хэлдэггүй тиймээс 2 жил 6 сарын хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Т.Е нь тухайн хэрэг гарах үед гэр бүлгүй байсан хэдий ч одоо гэр бүлтэй болж 1 ой 6 сартай нялх хүүхэдтэй, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн үед зурагтыг нь буцааж өгсөн учир хэрэг дууссан гэж ойлгосон. Дуусаагүйг мэдээд шүүх цагдаа дээр хэргээ шийдвэрлүүлэхээр хүрсэлцэн ирсэн зэрэг байдлуудыг шүүх харгалзан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ
.
Шүүхээс талуудын шүүгдэгчид ял оногдуулах санал дүгнэлтүүдийг хянан үзээд шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа, хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдууллаа.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг мөрдөн шалгах ажиллагаанаас 2 удаа оргон зайлсан гэх боловч энэ талаар хэрэгт хангалттай нотлох баримт цуглараагүй, мөрдөн байцаагч прокурор энэ хооронд ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй байна. Иймд түүнийг оргон зайлсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Е нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Т.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Еыг 1 /нэг / жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т.Е нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД