Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 113

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, регистрийн дугаартай, овогт ад холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г., нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.тай 1998 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулан амьдарч байсан. Гэр бүл болсноос хойш 2000 онд охин М. төрсөн. Бид охиноо төрснөөс хойш таарч тохирохгүй байсан учраас тус тусдаа амьдрал зохиож, амьдарч байгаа. Би А.тэй 2007 онд хуримаа хийн амьдарч, 2 хүүхэд төрүүлсэн. Г. нь мөн өөр хүнтэй гэр бүл болж, 2 хүүхэдтэй болж амьдарч байгаа. Бид нарт эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин маань одоо 17 настай. Охиноо би өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг авахгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын дундаас 2000 онд охин М. төрсөн. Охиноо өөрийнхөө нэрээр овоглосон овгийг хэвээр байлгах хүсэлтэй байна. Эхнэр Б.*******, бид хоёр хоёулаа тус тусдаа өөр амьдралтай болсон. Бид нарын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.ад холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г. нар нь 1998 оны 05 дугаар сарын 29-ны өдөр гэр бүл болж, 1998 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдний дундаас 2000 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин М. төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлах талаар харилцан зөвшөөрч тайлбар гаргасан, гэрлэгчид нь тус тусдаа өөр амьдрал зохиосон зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Г. нь охин М.ийг эх Б.*******ийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй бөгөөд гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин М.ийг эх Б.*******ийн асрамжид үлдээсэн нь эцэг Г.ын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ******* *******, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2000 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин М.ийг эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.

            3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

            4.Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

            5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

6.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МАРИНА