Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 114

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 2-11 тоотод оршин суух, ПЮ62012567 регистрийн дугаартай, Галуут овогт Цэрэнгийн Дарьсүрэнгийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Дарьсүрэн, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Дарьсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр сургуульд 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч ажилд томилсон, чөлөөлсөн тушаал олдохгүй байна. Иймд 1978-1994 онуудад надтай хамт ажиллаж байсан М.Галсүрэн, Б.Оюун нарын тодорхойлолтыг үнэлж, намайг 1978-1994 оныг дуустал Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Дарьсүрэн нь 1978-1994 оныг дуустал Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1660 дугаар албан бичиг,

-Ховд хотын улсын тэргүүний 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар тушаалын хуулбар,

- Ховд хотын улсын тэргүүний 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1989 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр тушаалын хуулбар,

-Ц.Дарьсүрэнгийн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Фото зураг,

-Ц.Дарьсүрэнгийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Б.Оюуны Миний бие Ц.Дарьсүрэнтэй хамт 1978-1994 оныг дуустал 1 дүгээр 8 жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч М.Галсүрэнгийн Миний бие М.Галсүрэнтэй 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 он хүртэл 1 дүгээр 8 жилд үйлчлэгчээр ажиллаж байна гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ц.Дарьсүрэнг 1978-1994 оныг дуустал Ховд хотын улсын тэргүүний 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Галуут овогт Цэрэнгийн Дарьсүрэнг 1978-1994 оныг дуустал Ховд хотын улсын тэргүүний 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА