Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 122

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Монгол овогт Э.Бд холбогдох эрүүгийн 2007001690131 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Мон-Алтиус БТДС-ийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 7, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 31-77 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн   дугаартай, Монгол овогт Э.Б.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 03 сарын 21-ний шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 дүгээр байрны 40 тоотод А.Ган-Эрдэнийн нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Э.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 саырн 20-ны орой найз Болор-Эрдэнэ, Ган-Эрдэнэ, Ертөнц, Амина нартай 4 дүгээр байранд найз Ган-Эрдэнийн гэрт архи ууж байгаад маргалдсан. Би Ган-Эрдэнийг нүүрэнд нь 2 удаа цохиод хамраас нь цус гаргасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

            Хохирогч А.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 20-ны орой манай гэрт найз Э.Б, Болор-Эрдэнэ, Ертөнц, Амин-Анар нар цуглаад архи пиво ууцгаасан. Шөнө 00 цаг өнгөрч байхад том өрөөнд юм ярьж сууж байгаад Э.Б надтай маргалдсан босож ирээд духанд цохихоор нь би босоод ирэхэд миний хамар руу цохьсон. Би босоод хамраа угаагаад толинд харсан чинь хавдчихсан байсан. Би Э.Бд хамар хавдчихлаа ш дээ гэхэд согтуурхаад надтай маргаад байсан... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Ертөнцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 20-ны өдөр хотод байхад Болор-Эрдэнэ залгаж, орой Э.Бтай уулзаж сууя гэж тохиролцсон. Тэгээд би хотоос 23 цагийн үед ирж Ган-Эрдэнийн гэрт Болор-Эрдэнэ, Э.Б, Амина бид хэд уулзаад архи, пиво ууцгаасан. Би ууж байгаад нилээн халаад 02 цагийн үед унтаад өгсөн. Шөнө унтаж байхад Амина намайг сэрээж “Э.Б, Ган-Эрдэнэ хоёр зодолдоод байна” гэж хэлсэн. Намайг босоход Э.Б том өрөөнд ширээний хажууд суучихсан, Ган-Эрдэнэ, Болор-Эрдэнэ хоёр банны өрөөнд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/

 

            Гэрч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 20-ны орой би Э.Бтай уулзаад Ертөнцрүү яриад хотоос ирж байна гэхээр нь хүлээж байгаад тосч уулзаад Ган-Эрдэнийн 4 дүгээр байраны 1 давхарт зүүн булангийн хаалганд байдаг гэрт нь орсон. Тэднийд жаахан сууж байгаад 23 цагийн үед Аминаг гэрээс нь очиж аваад ирсэн. Ирээд жаахан сууж байтал шөнийн 01 цагийн үед Ган-Эрдэнэ, Э.Б хоёр маргалдаж хэрэлдээд байхаар нь Амина явлаа гэсэн. Би Аминаг үүдэнд гаргаж өгчихөөд буцаж ороод том өрөөнд архи пиво уугаад сууж байтал Э.Б Ган-Эрдэнийн нүүрэнд нь 2 удаа цохисон. Би дундуур нь орж салгасан. Ган-Эрдэнэ хамраа бариад гал тогооны өрөөнд орохоор нь би араас нь ортол хамраас нь цус гарчихсан “ хамар хугарчих шиг боллоо хөндүүлээд байна гэсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

            Гэрч М.Аминагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 сарын 20-ны 23 цагийн үед Болор-Эрдэнэ, Ган-Эрдэнэ, Э.Б гурав намайг гэрээс ирж авсан. Бид Ган-Эрдэнийн гэрт очоод архи, пиво ууцгаасан. Би нэг их уугаагүй пивонаас нь ганц хоёр л балгасан. Шөнийн 01 цагийн үед Ган-Эрдэнэ, Э.Б хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би явлаа гэж гараад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-28 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/200 дугаар:

            “1. А.Ган-Эрдэнийн биед хамар ясны хугарал, баруун доод зовхи, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 03 сарын 21-ний шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 дүгээр байрны 40 тоотод А.Ган-Эрдэнийн нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Э.Баттулгын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз Ган-Эрдэнийн гэрт архи ууж байгаад маргалдсан. Би Ган-Эрдэнийг нүүрэнд нь 2 удаа цохиод хамраас нь цус гаргасан...” гэх, хохирогч А.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнө 00 цаг өнгөрч байхад том өрөөнд юм ярьж сууж байгаад Э.Б надтай маргалдсан босож ирээд духанд цохихоор нь би боссон чинь миний хамар руу цохьсон...” гэх,  Гэрч Б.Ертөнцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнө унтаж байхад Амина намайг сэрээж “Э.Б, Ган-Эрдэнэ хоёр зодолдоод байна” гэж хэлсэн. Намайг босоход Э.Б том өрөөнд ширээний хажууд суучихсан, Ган-Эрдэнэ, Болор-Эрдэнэ хоёр банны өрөөнд байсан...” гэх, Гэрч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Пиво уугаад сууж байтал Э.Б Ган-Эрдэнийн нүүрэнд нь 2 удаа цохисон. Би дундуур нь орж салгасан. Ган-Эрдэнэ хамраа бариад гал тогооны өрөөнд орохоор нь би араас нь ортол хамраас нь цус гарчихсан, хамар хугарчих шиг боллоо хөндүүлээд байна гэсэн...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/200 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Иймд шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

       

Иймд шүүхээс шүүгдэгч Монгол овогт Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг  үнэлэн түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 500/ таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД