| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0125/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Номч бадарч овогт А.Мөд холбогдох эрүүгийн 2007002540134 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймаг Зүүнбаян суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, агротехникч мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын 90 хувиар тогтоогдсон, ам бүл 1, Улаанбаатар хот Налайх дүүрэг, 5 дугаар хороо 73 дугаар байрны 22 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Номч бадарч овогт А.М /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.М нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо 78 дугаар байрны 16 тоотод байрлах хохирогч С.Бурмаагийн гэрт хоол идэх гэж орохдоо түүний эзэмшлийн ХААН банкны картыг аван улмаар 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тухайн картыг ХААН банкны АТМ-д уншуулж 790,000 төгрөгийг авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй ” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2020 оны 06 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо 78 дугаар байрны 16 тоотод найз С.Бурмаагийн гэрт нь хоол идэх гэж орохдоо гэрт нь уначихсан байсан ХААН банкны виза картыг аваад маргааш өглөө нь Налайх дүүргийн 2 дугаар хороо ХААН банкны төв салбарын АТМ-ээс С.Бурмаагийн виза картыг уншуулаад 790,000 төгрөг авсан. Одоо бол Бурмаад учруулсан бүх хохирлоо нөхөн төлсөн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28-29 дугаар хуудас/
Хохирогч С.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 сарын 08-ны өдөр 10 цагийн үед би Налайх дүүргийн 5 дугаар хороо 78-16 тоотод гэртээ байхад манай танил Мөнх-Ертөнд манайд ирээд “мөнгө зээлээч” гэж гуйсан. Тэгэхээр нь бид 2 Налайх дүүргийн 2 дугаар хороо ХААН банкны төв салбар дээр хамт ирээд АТМ буюу бэлэн мөнгөний машинаас 40,000 төгрөг аваад би 20,000 төгрөгийг нь өөрөө авч үлдээд үлдснийг нь А.Мөд өгсөн. АТМ-ээс мөнгө авахдаа миний нүд тоонуудыг нь сайн харахгүй учир нүдний шилээ хийх хооронд А.М кодыг чинь хийгээд өгье гэхээр нь кодоо хэлж хийлгүүлээд мөнгө авахуулсан. ...20 цаг гэхэд би ...гэртээ ирээд виз картаа авдран дээрээ тавьчихсан байсан. Тухайн үед намайг гэрт ирээд удаагүй байхад А.М манайд ирээд орой 23 цаг хүртэл сууж байгаад явсан. ...би хажуу айлруу хэсэг орчихоод буцаж орж ирсэн. Энэ хооронд А.М ганцаараа байсан. Тэгэхэд л миний виза картыг авсан байх гэж бодож байна. Маргааш өглөө нь 08 цаг гэхэд миний мессеж банк үйлчилгээгээр миний картнаас 790,000 төгрөгний гүйлгээ хийгдлээ гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь ХААН банкин дээр очиж тодруулахад Налайхын ХААН банкны АТМ-аас гүйлгээ хийгдсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад хандаад А.Мийг миний мөнгийг авсан гэж мэдсэн. А.М миний картнаас авсан 560,000 төгргийг өгсөн, үлдэгдэл 230,000 төгрөгийг 200,000 төгрөгийг цагдаагаар дамжуулж өгсөн. Үлдэгдэл 30,000 төгрөгийг өөрөө бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/
Хохирогч С.Бурмаагийн эзэмшлийн ХААН банкны 5779192371 дугаартай дансны хуулга , /хх-ийн 31 дүгээр хуудас/
Шүүгдэгч Номч бадарч овогтой А.Мийн хувийн байдлыг тодруулсан өвчтөний түүх, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гэсэн эмчийн магадлагаа, одоо эмчилж байгаа эмчийн бичсэн өвтөний тодорхойлолт зэрэг баримтууд /хх-ийн 59-75 дугаар хуудас/-ыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.М нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо 78 дугаар байрны 16 тоотод байрлах хохирогч С.Бурмаагийн гэрт хоол идэх гэж орохдоо түүний эзэмшлийн ХААН банкны картыг аван улмаар 2020 оны 06 сарын 09-ний өдөр тухайн картыг ХААН банкны АТМ-д уншуулж 790,000 төгрөгийг авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч А.Мийн өгсөн: “мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйлгүй” гэх, хохирогч С.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Маргааш өглөө нь 08 цаг гэхэд миний мессеж банк үйлчилгээгээр миний картнаас 790,000 төгрөгний гүйлгээ хийгдлээ гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь ХААН банкин дээр очиж тодруулахад Налайхын ХААН банкны АТМ-аас гүйлгээ хийгдсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад хандаад А.Мийг миний мөнгийг авсан гэж мэдсэн. А.М миний картнаас авсан 560,000 төгргийг өгсөн, үлдэгдэл 230,000 төгргийг 200,000 төгрөгийг цагдаагаар дамжуулж өгсөн. Үлдэгдэл 30,000 төгрөгийг өөрөө бэлнээр өгсөн...” гэх, шүүгдэгч А.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2020 оны 06 сарын 08-ны орой 21 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо 78 дугаар байрны 16 тоотод найз С.Бурмаагийн гэрт нь хоол идэх гэж орохдоо гэрт нь уначихсан байсан ХААН банкны виза картыг аваад маргааш өглөө нь Налайх дүүргийн 2 дугаар хороо ХААН банкны төв салбарын АТМ-ээс С.Бурмаагийн виза картыг уншуулаад 790,000 төгрөг авсан. Одоо бол Бурмаад учруулсан бүх хохирлоо нөхөн төлсөн” гэх мэдүүлгүүд, хохирогч С.Бурмаагийн эзэмшлийн ХААН банкны 5779192371 дугаартай дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.Мөд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч Номч бадарч овогт А.Мөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Мөд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох, түүний хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлөх санал дүгнэлтүүдийг гаргасныг шүүх хянан үзээд шүүгдэгч А.М нь анх удаа гэмт хэрг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан түүнийг ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Номч бадарч овогт А.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мийг эрүүгийн хариуцлагаас чөлөөсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Мийг оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 жилийн хугацаанд хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД