Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 115

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Буянт сумын Нарийнгол багт оршин суух, ПВ57012111 регистрийн дугаартай, Донгог овогт Хэнзээгийн Буянбатын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Буянбат, нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Буянбат нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд ажиллаж байгаад 1974 оны 06 дугаар сараас 1977 оны 06 дугаар сар хүртэл Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 136 дугаар ангид цэргийн алба хаасан. Би 1973-1990 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1973-1990 оныг дуустал ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна.

Иймд миний 1973-1990 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Буянбат нь 1973-1990 он дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 103 дугаар албан бичиг,

-Ховд аймгийн Буянт сумын 1 дүгээр бригадын 1973, 1978-1984, 1988-1990 оны Х.Буянбатын нэр дээрх 70 дугаар дансны хуулбар,

-Гэрч О.Санжаагийн Ховд аймгийн Буянт сумын иргэн Х.Буянбат нь Соёл нэгдэлд 1973-1990 он хүртэл мал маллах, туувар туух зэрэг ажлуудыг хийж, нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Т.Эрдэнээгийн Ховд аймгийн Буянт сумын иргэн Х.Буянбат нь Соёл нэгдэлд 1973-1990 он хүртэл мал маллах, туувар туух зэрэг ажлуудыг хийж, нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.Буянбатыг 1973-1990 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Донгог овогт Хэнзээгийн Буянбатыг 1973-1990 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА