Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2017/00042/И |
Дугаар | 116 |
Огноо | 2017-02-17 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 116
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант нарангийн 16-08 тоотод оршин суух, ЖИ91010506 регистрийн дугаартай, Шарав овогт Түвдэндоржийн Отгонцэцэгийн хүсэлттэй Солоон овогт Загд-Очирын Батдоржтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох, охин О.Алтансарнайгийн эцэг З.Батдорж мөн болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.Отгонцэцэг, гэрч С.Мөнхцэцэг, Х.Мөнхжаргал, Г.Батбаяр, С.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Отгонцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие З.Батдоржтой 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болж, хуримаа хийсэн. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр охин О.Алтансарнай мэндэлсэн. Бид хамт амьдарч байх хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд З.Батдорж охиноо мэндэлснээс хойш 4 сарын дараа өвчний улмаас нас барсан. Одоо охин О.Алтансарнайд хагас өнчний тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч бид гэрлэлтээ батлуулж чадаагүй учраас тэтгэлэгт хамрагдаж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд намайг З.Батдоржтой хамтын амьдралтай байсныг тогтоож, охин О.Алтансарнайгийн эцэг З.Батдорж мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Отгонцэцэг нь З.Батдоржтой хамтын амьдралтай байсныг тогтоож, охин О.Алтансарнайгийн эцэг З.Батдорж мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Засаг даргын 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 24 дугаартай тодорхойлолт,
-Иргэн Солоон овогт Загд-Очирын Батдоржийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Охин О.Алтайнсарнайгийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч С.Алтанцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн “Би Т.Отгонцэцэгийн хадам ээж нь юм. Миний хүүг З.Батдорж гэдэг байсан. З.Батдорж, Т.Отгонцэцэг нар нь 2015 оны 11 сард хуримаа хийгээд хамт амьдарч байгаад З.Батдорж 2016 оны 07 сард нас барсан. Т.Отгонцэцэг нэг дагавар хүүхэдтэй ирсэн. Харин охин О.Алтансарнай нь 2016 оны 3 сард төрсөн. Охин О.Алтансарнай З.Батдоржийн төрсөн хүүхэд мөн” гэх мэдүүлэг,
-Гэрч Г.Батбаярын шүүх хуралдаанд өгсөн “би Т.Отгонцэцэгийн ээжтэй 2008-2009 оны үед суусан. Би Т.Отгонцэцэгийн хойт аав. Т.Отгонцэцэг 2015 оны 11 сард З.Батдоржтой гэр бүл болсон. З.Батдорж, Отгонцэцэг хоёрын дундаас О.Алтансарнай гэдэг нэг охин төрсөн. Удалгүй З.Батдорж өвчний улмаас өөд болсон. Охин О.Алтансарнай нь З.Батдоржийн төрсөн хүүхэд мөн. О.Алтансарнай нь З.Батдорж, Т.Отгонцэцэг нарыг хамт амьдарч байх хугацаанд төрсөн” гэх мэдүүлэг,
-Гэрч Х.Мөнхжаргалын шүүх хуралдаанд өгсөн “би Т.Отгонцэцэгийн найз. Бид хоёр 2008 оноос эхэлж найзалж, нөхөрлөсөн. З.Батдорж, Т.Отгонцэцэг хоёр 2015 оны 11 сард хуримаа хийсэн. Тэр хоёрын дундаас нэг охин төрсөн. Би тэр хоёрыг хуримаа хийсний дараа нь очсон. Ер нь ирж очин байдаг байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч С.Мөнхцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн “Т.Отгонцэцэг нь манай бэр юм. З.Батдорж, Т.Отгонцэцэг хоёр 2015 оны 11 сард хуримаа хийсэн. 2016 оны 7 сард манай дүү өөд болсон. Тэр хоёрын дундаас нэг охин төрсөн” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Шарав овогт Түвдэндоржийн Отгонцэцэгийг Солоон овогт Загд-Очирын Батдоржтой хамтын амьдралтай байсан, охин О.Алтансарнайгийн эцэг З.Батдорж мөн болохыг тогтоолгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14-д зааснаар Шаравынхан овогт Түвдэндоржийн Отгонцэцэгийг Солоон овогт Загд-Очирын Батдоржтой хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдөр төрсөн охин Алтансарнайгийн эцэг нь Солоон овогт Загд-Очирын Батдорж мөн болохыг тогтоосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА