| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0126/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2020-07-21 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч хяналтын прокурор Д.Аянагүл,
шүүгдэгч Л.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Л.******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 07 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Налайх дүүргийн 3 дугаар хороо “Топ” тоосгоны үйлдвэрт манаач, ам бүл 2, эхнэрийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо “Топ” тоосгоны үйлдвэрийн хашаанд амьдардаг, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн *******-ны өдрийн 571 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. Боржигон овогт Л.Ч /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Ч нь *******-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топ” нэртэй тоосгоны үйлдвэрт манаачаар ажиллаж байхдаа тухайн тоосгоны үйлдвэрийн хашаанд байсан 25 тонны төмөр усны сав /ёомкос/-ыг иргэн Түвшинжаргалд 300,000 төгрөгөөр худалдан борлуулсан буюу өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлсөн. Одоо энэ үйлдвэртээ ажиллаж байгаа. Дахиж ийм асуудал гаргахгүй. Эрүүл мэндийн байдал муу олон жилийн өмнө аваарт ороод хагархай гэдэстэй болсон. Энэ байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оноож өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Ч гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Налайх дүүргийн 3 дугаар хороо “Топ” тоосгоны үйлдвэрт манаачаар 2019 оны 7 сараас хойш ажиллаж байна. *******-ний өдөр манай үйлдвэр дээр нэг танихгүй эмэгтэй ирээд “энэ ёмкосоо зарах уу” гэхээр нь зарна гэж хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэй надад бэлнээр 300,000 төгрөг өгөөд кран дуудаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Хохирогч З.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оноос өнөөдрийг хүртэл Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топ” тоосгоны үйлдвэрийг хариуцаж байгаа юмаа. 2020 оны 05 сарын 20-ны өглөө 09 цагийн үед тус үйлдвэр дээр иртэл хашааны урд хэсэгт байсан 25 тонны төмөр ёмкос алга болсон байсан. Тэгээд би манаач Л.Чаас асуусан чинь мэдэхгүй гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тус үйлдвэрийн захирал нь Нио гэх Хятад хүн байдаг. Одоо Хонгконгод байгаа. 2017 онд нутаг буцахдаа намайг харж байгаарай гээд захиад явсан. 2019 онд Л.Ч ах надаас ажил асуухаар нь би энэ үйлдвэрт манаачийн ажил байна гээд сарын 400,000 төгрөгөөр манаач хийлгэж байгаа. 25 тонны ёмкосоо буцаагаад авсан. Иймд миний бие гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 05 сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоосгоны үйлдвэрүүдээр тоосгоны үнэ ханш судлаад явж байсан. Тэгтэл хашаа хороо нь эвдэрсэн нилээн балгас болсон ажилладаггүй тоосгоны үйлдвэрийн хажуугаар явж байтал хажуу бөөрөнд зарна гэсэн бичигтэй 25 тонны том төмөр ёмкос байхаар нь тус үйлдвэрийн манаач гэх Л.Ч гэх хүнтэй уулзан энэ ямар учиртай ёмкос вэ? зарах юм уу? гэж асуухад “зарна, хятадууд нь энэ үйлдвэрээ дампууруулаад хаяад явсан, надад зарж борлуулах эрх нь байгаа” гэж хэлсэн. Тэгээд би “хэдээр зарах юм” гэсэн чинь “өөрөө үнээ хэлээд ав” гэхээр нь “300,000 төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Тэгээд бэлэн 300,000 төгрөг өгөөд крантай машинаар аваад явсан. Одоо 25 тонны төмөр ёмкос нь манай ахмадын сувилалын хашаанд байгаа З.******* гэх залуу удахгүй ирж авна гэсэн. Би Л.Ч гэх хүнээс нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 14-15 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Ч нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топ” нэртэй тоосгоны үйлдвэрт манаачаар ажиллаж байхдаа тухайн тоосгоны үйлдвэрийн хашаанд байсан 25 тонны төмөр усны сав /ёомкос/-ыг иргэн Түвшинжаргалд 300,000 төгрөгөөр худалдан борлуулсан буюу өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Л.Чын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлсөн. Одоо энэ үйлдвэртээ ажиллаж байгаа. Дахиж ийм асуудал гаргахгүй. Эрүүл мэндийн байдал муу олон жилийн өмнө аваарт ороод хагархай гэдэстэй болсон. Энэ байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оноож өгнө үү...” гэх, Хохирогч К.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 сарын 20-ны өглөө 09 цагийн үед тус үйлдвэр дээр иртэл хашааны урд хэсэгт байсан 25 тонны төмөр ёмкос алга болсон байсан. Тэгээд би манаач Л.Чаас асуусан чинь мэдэхгүй гэсэн... 2019 онд Л.Ч ах надаас ажил асуухаар нь би энэ үйлдвэрт манаачийн ажил байна гээд сарын 400,000 төгрөгөөр манаач хийлгэж байгаа. 25 тонны ёмкосоо буцаагаад авсан. Иймд миний бие гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хажуу бөөрөнд зарна гэсэн бичигтэй 25 тонны том төмөр ёмкос байхаар нь тус үйлдвэрийн манаач гэх Л.Ч гэх хүнтэй уулзан ...300,000 төгрөгөөр авъя гэж хэлсэн. Тэгээд бэлэн 300,000 төгрөг өгөөд крантай машинаар аваад явсан. Одоо 25 тонны төмөр ёмкос нь манай ахмадын сувилалын хашаанд байгаа З.******* гэх залуу удахгүй ирж авна гэсэн. Би Л.Ч гэх хүнээс нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Л.******* холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч Боржигон овогт Л.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.******* холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч Л.Ч нь эрүүл мэндийн байдлыг харгалзан тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасныг шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан“ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзахаар шийдвэрлэлээ
Шүүгдэгч Л.Чаас хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж тайлбарласныг үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Л.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД