| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0016/э |
| Дугаар | 2020/ШЦТ/12 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа
Улсын яллагч Л.Энхтайван
Шүүгдэгч М.Л нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Лд холбогдох эрүүгийн 1925008610500 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Л
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.Лг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Отгонбаатарын нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Лгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Маргах зүйлгүй гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Д.Отгонбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...”Өдрийн 14 цагийн үед би унаанд суух гээд “Баян” “Төгөл” худалдааны төвийн гадаа зогсож байгаад гэнэт бие засмаар санагдаад “Бичил” худалдааны төвийн “Бонус” нэртэй хүнсний дэлгүүрийн үүдний хажууд хүмүүс шээгээд хөлдсөн бололтой хэсэг рүү очоод шээх гээд зогсож байтал гэнэт нэг үл таних эрэгтэй эмэгтэй хүн гарч ирээд “чи яагаад шээгээд байгаа юм бэ” гэхэд би “үгүй ээ би шээгээгүй шүү дээ шээсэн бол энэ чинь нойтон байх ёстой ш дээ” гэж хэлэхэд эрэгтэй нь миний уруул руу нэг удаа гараараа цохисон. Тухайн үед миний толгой эргэж би хэсэгтээ л манарсан. Дараа нь миний уруулнаас цус гарч би юм ярьж чадахгүй миний уруул хэсэг язарсан. Тухайн үед би тусламж дуудаж чадахгүй шоконд ороод, ярьж чадахгүй байсан болохоор ханцуйгаараа гараа ороож байгаад дэлгүүрийн цонхийг цохиод хагалсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг цохисон хүнтэй хамт эмнэлэг рүү аваад явсан. Миний уруул хэсэгт 5 оёдол хийсэн. Тэгээд цагдаа нар намайг эрүүлжүүлэх байранд оруулаад хэсэг байж байтал манай эхнэр ирээд миний өмнөөс цагдаад өргөдөл гаргаж өгсөн.”... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
-гэрч Ч.Тунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...”Манай нөхөр Лхагвасүрэн дэлгүүрийн үүд рүү очоод хаалга онгойлгоод “энэ нэг юм үүдэнд шээж байна гэж” хэлэхээр нь би үүдрүү яваад очтол манай нөхөр нэг танихгүй хүнтэй зогсож байсан. Тэр хүн гараараа нүүрээ дараад зогсож байсан. Би нөхөртөө хандаад чи цохичихсон юм уу гэж асуухад манай нөхөр хэлэхдээ манай үүдэнд шээх гэж байхаар нь би араас нь татаад эргэж харахаар нь 1 удаа цохичихсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрөө аваад дотогшоо орсон. Тэгээд удалгүй 3-4 минутын дараа нөгөө залуу нь манай дэлгүүрийн хаалганы шилийг цохиод хагалсан. Тэгээд би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
-гэрч Б.Бямбажаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...”Тунгалаг эгч хэлэхдээ “энэ хүн дэлгүүрийн үүдэнд шээж байсан, Лхагваа ах чинь 1 цохичихлоо тэгсэн энэ хүн хаалганы шил хагалаад хаячихлаа” гэж хэлсэн. Би нөгөө эрэгтэйг хартал манай үеэл Отгонбаатар зогсож байсан. Тухайн үед Лхагваа ах дотор дэлгүүрт байсан. Отгонбаатар гараараа амаа дараад зогсож байсан. Гарыг нь буулгаад хартал бага хэмжээний цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
-гэрч Т.Аззаяа мөрдөн байцаалтад өгсөн: ...” Би юу болсон юм энэ хүний нүүр ам яагаад цус болсон юм бэ гэж асуухад Лхагвасүрэн ирээд би энэ хүнийг цохисон юмаа. Энэ хүн дэлгүүрийн үүдэнд шээх гэж байсан гэж хэлсэн. Тэгээд би хамгаалагчийн хамт тэр залууг дагуулаад өрөө рүүгээ явж байтал цагдаа нар ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
-гэрч Г.Нарангаравын мөрдөн байцаалтад өгсөн: ....”Манай нөхөр “Ачит эх” ХХК-д зуухны оператор хийдэг. Ажилдаа явах гээд очсон боловч байгууллагын удирдлага нь Д.Отгонбаатарын шарханд бохир орно ажиллаж болохгүй гээд буцаасан байсан. Тэгээд Отгонбаатар “Их тавт” эмнэлэгт нийт 6 хоног хэвтэх болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
-шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 789 дугаартай ... Д.Отгонбаатарын биед дээд уруулд язарсан шарх бүхий гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2019 оны 11 сарын 29-ний өдөр үүссэн байж болно.” гэх дүгнэлт /хх- ийн 20-р хуудас/,
-хохирогч Д.Отгонбаатарт учирсан гэмтлийн гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын баримтын хамт /хх-ийн 25-27-р хуудас/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 49-50-р хуудас/, -хаалганы шил сольсон тухай баримт /хх-ийн 53-р хуудас/,
-шүүгдэгч Лхагвасүрэнгээс хохирогч Д.Отгонбаатарт хохирол болох 33 000 төгрөг төлсөн тухай Голомт банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн баримт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч М.Л нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Отгонбаатарыг “Бонус” дэлгүүрийн үүдэнд шээх гэлээ гэж нүүрэн тус газарт нь цохиж, биед нь дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 789 дугаартай дүгнэлтээр Д.Отгонбаатарын биед учирсан дээд уруулд язарсан шарх бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ,шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна. Шүүгдэгч М.Лгийн энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Лг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Бонус” дэлгүүрийн үүдэнд иргэн Д.Отгонбаатарыг нүүрэн тус газарт нь цохиж, биед нь дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Отгонбаатар “эмчилгээний зардал 33,000 төгрөгийг шүүгдэгч М.Лгээс авсан. Цаашид гаргах гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ш овогт М.Л-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар М.Лд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ