Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01060

 
                                           


П.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00065 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 624 дүгээр магадлалтай,                                                                                                                       

П.Э-ын нэхэмжлэлтэй,

“Т” ХХК, Т.Э нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 37,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч С.Үлэмж, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.        

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие “Өнгөт хэвлэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал бөгөөд “Т” ХХК-ийн захирал Т.Этэй 2014 оны 10 сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 2015 оны 03 сарын 17-ны өдрийг хүртэл зээлэхээр тохиролцон Зээлийн гэрээ байгуулж, уг өдрөө өөрийн 100 хувийн өмчлөлийн “Өнгөт хэвлэл” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499008239 тоот данснаас “Т” ХХК-ийн Голомт банкин дахь 1801005807 тоот дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Т.Э нь 2015 оны 03 сарын 11-ний өдөр зээлийн гэрээний хүүд 2,000,000 төгрөг, 2015 оны 03 сарын 12-ны өдөр 1,140,000 төгрөг нийт 3,140,000 төгрөг төлснөөс өөрөөр ямар нэг төлбөр хийгээгүй бөгөөд хариуцагчаас удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч утсаа авалгүй, холбоо барихгүй алга болсон. Зээлийн гэрээг “Т” ХХК-ийн захирал Т.Э нь төлөөлөн байгуулж, байгууллагын дансандаа зээлийг шилжүүлэн авсан байх тул компанийг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг 2015 оны 03 сарын 17-ний өдрөөс хойш 2017 оны 05 сарын 10-ны өдөр хүртэл нийт 2 жил 1 cap 23 хоног хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу гэрээгээр тохирсон сарын 4 хувийн хүүгээр бодон 15,460,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн 7,500,000 төгрөгийн алданги шаардаж байна. Т.Э нь 2014 оны 10 сарын 03-наас 2015 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 3,140,000 төгрөгийг төлсөн байх тул уг хугацааны зээлийн хүүг шаардаагүй болно. Иймд “Т” ХХК, Т.Э нараас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр шилжүүлсэн 15,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 15,460,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 37,960,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан боловч зээлсэн мөнгийг Т.Эийн өмчлөлд шилжүүлэн өгөөгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх... үүрэгтэй” гэснийг зөрчиж “Т” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байдаг. Мөн мөнгийг зээлдэгч өөрийнхөө данснаас бус “Өнгөт хэвлэл” ХХК-ийн данснаас шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00065 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Т.Эээс 37,960,000 төгрөгийг гаргуулж П.Э-од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “Т” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 347,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 624 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00065 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “282 дугаар зүйлийн 282.1” гэснийг хасч, “232 дугаар зүйлийн 232.5-д” гэснийг “232 дугаар зүйлийн 232.4-т” гэж, “37,960,000 төгрөгийг” гэснийг “22,500,000 төгрөгийг” гэж,  “олгосугай” гэснийг “олгож, үлдэх 15,460,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай”  гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн  3  дахь заалтын “хариуцагчаас 347,750 төгрөг гаргуулж” гэснийг “хариуцагчаас 270,450 төгрөгийг гаргуулж” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.03.05-ны өдрийн 624 тоот магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодорхойлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гагцхүү Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т заасан зохицуулалтыг шүүхийн шийдвэрт тайлбарлаж оруулалгүй орхигдуулсан байдаг. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “Анхан шатны шүүх хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийн шаардлага хангагдаагүй байхад уг хугацаанд хүү тооцон мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийг үндэслэн нэхэмжилсэн нэхэмжлэлийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангасан нь алдаатай болжээ” гэж дүгнэсэн байдаг. Гэвч Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасан хэм хэмжээ нь үүргийн эрх зүйн хэм хэмжээ бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс үүсэх хуульд заасан үр дагавар юм. Энэ үр дагварыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хэм хэмжээтэй харьцуулан үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэл болж байна. Талууд Иргэний хуулийн 281, 282-р зүйлд заасны дагуу 2014.10.03-ны өдөр Зээлийн гэрээг байгуулсан байдаг. Зээлийн гэрээний талаар аль аль тал маргадаггүй бөгөөд уг зээлийн гэрээгээр зээлдэгч нь сарын 4 хувийн хүү төлөх болон зээлийн гэрээнд заасан төлбөрийг 2015.03.17-ны өдөр гэхэд төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хэтэрсэн хугацаанд тохирсон хүү төлөх талаар Иргэний хуулийн 222.5-т заасан байдаг. Энэ зохицуулалт нь дан ганц зээлийн гэрээний харилцаанд бус бүх төрлийн гэрээний харилцаанд хэрэглэгдэх хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавар байх тул давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 222.5-д урьдчилсан нөхцөл дараах байдлаар хангагдсан гэж үзэж байна. Үүнд:

Зээлдэгч Т.Э нь 2015.03.17-нд гүйцэтгэх байсан үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар,

зээлдэгч хугацаа хэтэрсэн үйл явдалд ямар нэгэн холбоо хамааралгүй болох нь зохигчдын тайлбараар,

зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байсан болох нь өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаад хариуцагч хаяг дээрээ байхгүй шалтгаанаар буцаж байсан шүүхийн шийдвэр, хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд өгч шийдвэрлүүлсэн үйл баримт, хариуцагчийг Тахарын алба болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс эрэн сурвалжилж байсан талаарх албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна гэж үзэж байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөг буюу 12,000,000 төгрөгөнд тооцогдох тэмдэгтийн хураамж төлсөн байхад давж заалдах шатны шүүх гомдлын шаардлагаас хэтрүүлэн хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.03.05-ны өдрийн 624 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Э- нь хариуцагч “Т” ХХК, Т.Э нарт холбогдуулан зээлийн үүрэгт 37,960,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Т” ХХК-д холбогдуулсан шаардлагаас татгалзсан байна.

Зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгийг Т.Эийн өмчлөлд өгөөгүй, “Өнгөт хэвлэл” ХХК-ийн данснаас “Т” ХХК-ийн дансанд мөнгө шилжүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж хариуцагч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Т” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 22,500,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.  

2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр П.Э-, Т.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 15,000,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээсэн, талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

П.Э-оос нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд ирүүлсэн “Т” ХХК-ийн Голомт банк дахь 1801005807 тоот дансанд “Өнгөт хэвлэл” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 499008239 тоот данснаас 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг хариуцагч зээлээс өөр тооцоо байсан гэдгийг нотолсон баримтыг гаргаагүй, “Т” ХХК, “Өнгөт хэвлэл” ХХК аль аль нь нэг гишүүн бүхий, төлөөлөх эрх бүхий этгээд нь Т.Э, Д.Эрдэнэтогтох нар тул зээлийн мөнгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдсон гэж шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Хариуцагч Т.Э нь 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 3 дугаар сарын 12-ны өдөр 1,140,000 төгрөг, нийт 3,140,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан, тэрээр хүүг төлсөн боловч үндсэн зээлийг төлөлгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргийг зөрчсөн тул зээлдүүлэгч зээлийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон алдангийн хамт шаардах эрхтэй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байна.   

2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл гэж зохигчид гэрээний хугацааг тохиролцон, хүүг сарын 4 хувь гэж заасан тул хариуцагчийн төлсөн 3,140,000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх зааснаар зээлийн хүүд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг сунгасан бичгийн баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш хүү шаардах эрхээ алдсан гэж дүгнэн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны хүү 15,460,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн зохицуулалтаас зохигчдын хооронд үүссэн маргаанд холбогдох заалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн зүйл, заалтыг техникийн хувьд алдаатай бичсэнийг хяналтын шатны шүүхээс залруулна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 624 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “232.5” гэснийг “232.6” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч П.Э-ын хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН