Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 017

 

С.Аминагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух Молхы машан овогт Секейн Аминагийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Ботахара нура овогт Туртайн Даркейд  холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч С.Амина, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек /цахим сүлжээгээр/, хариуцагч Т.Даркей, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Худалдааны байранд талбай түрээслэх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний эхний хуудасны доод буланд Түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөг нь түрээсийн төлбөр болох 15 сард багтах болно гэсэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: Би нөхөр Ш.Ермекийн хамт гэр бүлийн хөрөнгөөр 2006 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах, Тирлик захын урьд иргэн Т.Даркейгийн дэлгүүрийн хашааны зүүн буланд Хошахан-2 дэлгүүрийг /одоогийн Киви гуанзны барилгатай зэрэгцээ газарт 40 м.кв талбайтай/ барьсан. Уг үл хөдлөх хөрөнгийг барьсан газрыг тухайн үед хэний ч эзэмшил биш гэж бодож байсан боловч Т.Даркей нь газрын гэрчилгээг үзүүлж манай нөхөрт дарамт, шахалт үзүүлсэн. Т.Даркейн дарамт, шахалтын улмаас манай гэр бүлийн дундын хөрөнгө /үл хөдлөх/ болох 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг түрээслүүлэх гэрээ байгуулж, мөн уг гэрээнд нэг заалт оруулж хэлцэл хийх замаар Т.Даркейд шилжүүлж өгсөн.

Уг үл хөдлөх хөрөнгө манай гэр бүлийн дундын хөрөнгө байхад газар эзэмшигч нэрийн дор түрээсийн гэрээ байгуулж, манай нөхөрт түрээсэлж суухыг шаардсан байх ба 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Худалдааны байранд талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ-ний 1 дэх хуудасны баруун доод буланд түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөгийг түрээсийн төлбөр болох 15 сард багтах болно гэж зааж, үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцэл хийжээ.

Талуудын тохиролцооны агуулгаас харахад үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх төлбөр нь 15 сарын түрээсийн төлбөртэй тэнцэнэ. 16 дахь сараас түрээсийн төлбөр авахаар тохиролцжээ Гэтэл бусдын газарт баригдсан дэлгүүрийн барилга нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3.-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгө юм. Уг үл хөдлөх хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.-т заасны дагуу манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3.-т заасны дагуу 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Худалдааны байранд талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ-ний 1 дэх хуудасны баруун доод буланд түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөгийн түрээсийн төлбөр болох 15 сард багтах болно гэж зааж, үл хөдлөх хөрөнгийг худалдсан хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Уг үл хөдлөх хөрөнгийг Ш.Ермек захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг огт авч байгаагүй ба уг гэрээг үндэслэж Т.Даркей нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн болно.

Энэ талаар Т.Даркей, Д.Марал нар нь миний өмчлөлийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр бүртгүүлж, 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад С.Аминагийн нөхөр Ш.Ермек 2006 онд худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах зорилгоор Т.Даркейн эзэмшил газраас 40 м.кв-ыг ашиглахаар түрээсийн гэрээ байгуулан, уг газар дээр барилга барьж, барилгын үнэ болох 2600000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцохоор харилцан тохиролцсон. Дэлгүүр барихдаа уг дэлгүүр баригдахад гарсан өртгийг түрээсийн төлбөрт оруулахаар тохиролцсон. Тухайн үед дэлгүүр барьсан өртөг 2600000 төгрөг болсон бөгөөд 15 сарын түрээс болгон тооцсон гэж тус тус шүүхэд мэдүүлсэн. Манай гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг ийнхүү хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй хэлэлцээрээр шилжүүлж авсан нь хууль бус юм.

2007 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэнэт Т.Даркейд түрээсийн төлбөр төлөхөөр болсон үед түрээслэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 15 сард багтах болно гэх агуулгатай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцэл хийсэн болохыг мэдсэн ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс үүснэ гэж заасны дагуу 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 128 дугаар зүйлийн 128.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийг тус тус баримтлан Т.Даркей болон Ш.Ермек нарын хооронд байгуулагдсан 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн худалдааны байранд талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний 1 дэх хуудасны баруун доод буланд Түрээслэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 15 сард багтах болно гэж зааж үл хөдлөх хөрөнгийг худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч С.Амина түүний нөхөр Ш.Ермек нар нь Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, Тирлик захын урьд талын Т.Даркей миний эзэмшил бүхий 1786 м.кв газрын тухайн үед хашаан доторх булангаас сул чөлөөтэй байсан газраас 40 м.кв газарт миний зөвшөөрлөөр худалдаа үйлчилгээний зориулалттай байр барьж, түүнийг надаас түрээсэлж суух, тухайн байр барихад гарах зардлыг түрээсийн төлбөр буюу тухайн байрыг ашигласны хөлсөнд шингээхээр харилцан тохиролцсон юм. Ингэснээр Ш.Ермек, С.Амина нар нь Т.Даркей миний эзэмшил газрын 40 м.кв газарт 2006 оны 6 дугаар сард худалдаа үйлчилгээний зориулалт бүхий байр барьсныг миний бие тохиролцсоны дагуу 2600000 төгрөгөөр үнэлж авсан. Уг дэлгүүрийн байр миний хувийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд тухайн дэлгүүрийн өмчлөгчөөр Т.Даркей, Д.Марал бид хоёр болохыг тогтоож бүртгэсэн 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 тоот Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа болно.

С.Амина нь тухайн дэлгүүрийн өмчлөгч Т.Даркей, Д.Марал бид хоёр болохыг тогтоосон 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 0002012200 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2006 оны 2 /2016 оны 4 дугаар/ дугаартай шийдвэрээр С.Аминагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг С.Амина эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд тус тус гомдол гаргасан боловч давж заалдах шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/0269 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаартай тогтоолоор С.Аминагийн гомдлуудыг хэрэгсэхгүй болгосноор Өлгий сумын Тирлик захын урьд байршилтай, 40 м.кв бүхий 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгийн Улсын бүртгэлийн 000201220 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Т.Даркей, Д.Марал бид хоёр болохыг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн болно.

Ш.Ермек, С.Амина нарт Т.Даркей надад худалдсан үл хөдлөх эд хөрөнгө болох байшин барилга байгаа бол тухайн үл хөдлөх хөрөнгийн байрлаж байгаа газрын эзэмших эрхийн гэрээ, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг хууль ёсны нотлох баримттайгаар нэхэмжлэл гаргавал зохино. Т.Даркей надад С.Амина болон түүний нөхөр Ш.Ермек нар нь ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө худалдаагүй учир С.Аминагийн нэхэмжлэлд дурдсанчлан Иргэний хуулийн 128 дугаар зүйлд зааснаар тэдний гэр бүлийн хүмүүсийн зөвшөөрөл авах тухай асуудал байж боломгүй зүйл билээ.

Т.Даркей миний бие С.Аминагийн нөхөр Ш.Ермекээс ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хэлцэл хийгээгүй учир Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.-т заасан заалтыг зөрчсөн явдал байхгүй. Хэрэв С.Амина, Ш.Ермек нар нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-т заасан хугацаанд буюу хэлцэл хийснээс хойш 6 жилийн дотор нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй бөгөөд 2006 онд байгуулагдсан түрээсийн гэрээг бүтэн 10 жилийн дараа нэхэмжилж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа бараг хоёр дахин хэтэрсэн байна.

Ш.Ермек бид хоёрын дунд 2006 онд байгуулагдсан түрээсийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр, тэгш эрхийн зарчимд нийцсэн, хууль ёсны гэрээ бөгөөд уг гэрээг Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаар шийдвэрээр нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар дахин нотлох ёсгүй бөгөөд уг нотлох баримтыг дахин нотлох журмаар хүчин төгөлдөр бусд тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Маргаан бүхий дэлгүүрийн байрны өмчлөгчөөр Захиргааны шүүхийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс Т.Даркей, Д.Марал бид хоёр болохыг тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 761 дүгээр шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-ийг баримтлан хариуцагч Ботахара нура овогт Туртайн Даркейд холбогдох 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Худалдааны байранд талбай түрээслэх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ-ний эхний хуудасны доод талд Түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөг нь түрээсийн төлбөр болон 15 сард багтах болно гэснийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Молхы машан овогт Секейн Аминагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч С.Аминагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэрийг бүхэлд нь нэхэмжлэгч С.Амина би эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Нэхэмжлэгчийн нөхөр болох Ш.Ермек нь 40 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Т.Даркейгийн өмчлөлд шилжүүлсэн хэлцэл Т.Даркей болон Ш.Ермек нарын хооронд байгуулагдсан 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Худалдааны байранд талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний зарим хэсэг /түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2,600,000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 15 сард багтах болно/ мөн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүх энэ талаар зөв дүгнэлт хийсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гол үндэслэлээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу 40 м.кв талбайтай дэлгүүр нь нэхэмжпэгч С.Аминагийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг нотлох баримт байхгүй тул 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч С.Аминагийн нөхөр Ш.Ермек нь 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилгын үнэ өртгийг 2.600.000 төгрөгөөр үнэлж, түрээсийн төлбөрт тооцохоор Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасныг зөрчөөгүй гэж тодорхойлжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж заасан зохицуулалт нь өмчлөх эрхийг бүртгэхтэй холбоотой хэм хэмжээ бөгөөд өмчлөх эрхийг үүсгэх, бий болгохтой холбоотой хэм хэмжээ биш юм.

Хариуцагч, гэрч Ш.Ермек нарын мэдүүлгээр 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2.600.000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн болох нь тогтоогдож байгаа ба шүүхийн шийдвэрт энэ талаар зөв дүгнэлт хийж, Т.Даркейд өмчлөх эрх Худалдааны байранд талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний зарим хэсэг /түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2,600,000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 15 сард багтах болно/ буюу худалдах, худалдан авах хэлцлээр шилжсэн болохыг тогтоожээ.

Гэтэл гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжпэгчийн өөр хэрэг, маргаанд гаргаж байсан мэдүүлгээр Гэрлэгчид болох Ш.Ермек, С.Амина нарын гэр бүлийн хөрөнгөөр бий болсон эд хөрөнгө болох нь нотлогдож, гэрлэлтийн бүртгэлтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдсан байхад шүүхээс бүртгэлээр баталгаажаагүй тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 84 дүгээр зүйлийн 84.3-т зааснаар Ш.Ермек, С.Амина нарт 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх үүссэн бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан зохицуулалт иргэний өмчлөх эрхийг хамгаалах, бүртгэхтэй холбоотой захиргааны үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээ болно.

Иймээс анхан шатны шүүхээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг өмчлөх эрх үүсгэх зохицуулалт гэж үзсэн нь буруу байна. Түүнчлэн 40 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө Ж.Ермек, С.Амина нарын гэр бүлийн хөрөнгөөр баригдаж, бий болсон ба Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө гэж заасны дагуу тухайн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм.

Гэтэл шүүх бүртгүүлж, баталгаажуулаагүй учраас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэж үзсэн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэгчийн нөхөр Ш.Ермек нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2.600.000 төгрөгөөр үнэлж худалдан авч, өмчлөх эрхээ уг хэлцлийг үндэслэж бүртгүүлсэн байхад шүүхээс үл хөдлөх хөрөнгө биш гэж үзсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

 

2. Нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэн талаар: Анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасан өмчлөх эрхийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Учир нь гагцхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн захиргааны байгууллагад бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөгчийн эрх эдлэх талаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Угтаа өмчлөх эрх хэзээ үүссэн, хариуцагчид ямар арга, хэлцлээр шилжсэн, шилжиж буй үйл баримтад зөв дүгнэлт хийх үүрэгтэй байсан.

Иргэний эрх зүйн онолд өмчлөх эрх анхдагч эсхүл үүсмэл аргаар үүсдэг гэж үздэг бөгөөд Монгол Улсын иргэний эрх зүйн хэм хэмжээнд уг 2 аргаар үүсдэг талаар тодорхойлсон. Уг маргаанд Иргэний хууль буюу иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэх ёстой байтал захиргааны хэм хэмжээ буюу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийг хэрэглэж байгаа нь хариуцагчид ашигтай байдлаар маргааныг хянан шийдвэрлэсэн гэж үзэх бас нэг үндэслэл болж байна.Т.Даркейд өмчлөх эрх шилжихээс өмнө С.Амина, Ш.Ермек нарт үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх анхдагч аргаар үүссэн болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Тодруулбал Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн Иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж, тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид Улсын бүртгэлийн гэрчилгээ гэх/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно гэж заасан байна. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ гэж заасан байх ба энэ нь бүртгэж баталгаажуулснаар өмчлөх эрх үүснэ гэж тусгай хэм хэмжээ тогтоосон байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд улсын бүртгэлээр баталгаажсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг үүсгэхээр заагаагүй тул шүүхээс өмчлөх эрх үүсэх болон бүртгэж, баталгаажуулах зохицуулалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 84 дүгээр зүйлийн 84.3, 126 дугаар зүйлийн 126.2.1, 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Баян-өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч С.Аминагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч С.Амина эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч С.Амина нь 40 м.кв талбай бүхий Тил-Анар нэртэй дэлгүүрийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж маргаж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй гэж үзнэ. Маргаан бүхий 40 м.кв талбайтай Тил-Анар нэртэй дэлгүүр бол Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газар хэний эзэмшил, өмчлөлд байгаа явдлаас тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болон өмчлөх эрх шууд хамааралтай. Тэгвэл тухайн газар С.Аминагийн эзэмшил ашиглалтад байхгүй болох нь шүүхийн шат шатны шийдвэрээр тогтоогдсон. С.Амина, Ш.Ермек нарт тухайн орчинд ямар нэгэн газар эзэмших эрх үүсээгүй тул тэдэнд үл хөдлөх эд хөрөнгө байхгүй болох нь нотлогдоно.

2. 2006 оны 7 дугаар сарын 20-ны Худалдааны байранд талбай түрээслэх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах болон үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ биш юм. Энэ бол үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ бөгөөд уг гэрээний доод хэсэгт байгаа Түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөг нь түрээсийн төлбөр болох 15 сард багтах болно гэсэн заалт бол 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд гэрээний энэ хэсгээр 15 сарын түрээсийн төлбөрийн төлөх хэлбэр, агуулгыг тодорхойлж байгаа юм. Гэрээний Түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 түрээсийн төлбөр болох 15 сард багтах болно гэснийг хүчингүй болгосноор Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй болно.

3. Тил-Анар дэлгүүрийн 40 м.кв талбай бүхий барилга нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар Ш.Ермек, С.Амина нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарахгүй тул Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар Гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрөл шаардах үндэслэл байхгүй болно. Нэхэмжлэгч С.Аминад ямар нэгэн өмчлөх эрх үүсээгүй тул давж заалдах гомдлын хоёр дахь хэсэгт тайлбар бичих шаардлагагүй болно. Нэхэмжлэгч С.Аминагийн давж заалдах гомдол нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байх бөгөөд энэхүү маргаан нь Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн шат шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэгдсэн учир хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч С.Амина нь хариуцагч Т.Даркейд холбогдуулан 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Т.Даркей, Ш.Ермек нарын хооронд байгуулагдсан Худалдааны байрны талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний[1] эхний хуудасны зүүн доод буланд Түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөг нь түрээсийн төлбөр болох 15 сард багтах болно гэж тэмдэглэгдсэнийг үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцэл гэж үзэж, уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ түрээслэгчийн газарт барьсан тус эд хөрөнгө нь С.Амина, түүний нөхөр Ш.Ермек нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгө учраас Ш.Ермек нь уг үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Т.Даркейд худалдахдаа Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.-т зааснаар гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн[2]зөвшөөрлийг аваагүй учир мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 128 дугаар зүйлийн 128.3.-т зааснаар Ш.Ермек болон Т.Даркей нарын хороонд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тайлбарлажээ. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ Т.Даркей, Ш.Ермек нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, Худалдааны байрны талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээгээр Т.Даркейн эзэмшлийн газраас 40 м.кв газарт С.Амина, Ш.Ермек нар нь түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр дэлгүүрийн зориулалттай барилга барьж, уг барилгыг барихад гарсан зардал 2600000 төгрөгийг харилцан тохиролцож түрээсийн төлбөрт тооцон авсан гэж маргажээ.

С.Амина, Ш.Ермек нар гэр бүлийн гишүүн буюу эхнэр, нөхөр мөн болох нь гэрлэлтийн гэрчилгээгээр[3] тогтоогдож байх тул С.Амина нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.-т зааснаар гэр бүлийн гишүүний хувьд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг захиран зарцуулах талаар бусад гэр бүлийн гишүүдтэй адил эрх эдлэх учраас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар түүний нөхөр Ш.Ермекийн бусадтай байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэв.

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан судлахад, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр түрээслүүлэгч Т.Даркей, түрээслэгч Ш.Ермек нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-т заасан үл хөдлөх эд хөрөнгө буюу газар түрээслэх гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээгээр түрээслүүлэгч Т.Даркей нь өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 1760.6 м.кв газраас 40 м.кв газар бүхий дэлгүүрийн барилгыг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээслэгч Ш.Ермекийн ашиглалтад шилжүүлэх, харин түрээслэгч Ш.Ермек нь гэрээгээр тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Т.Даркей болон Ш.Ермек нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, 000436000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[4], зохигчийн тайлбар, гэрч Ш.Ермекийн мэдүүлэг[5] зэргээс үзвэл, түрээслүүлэгч Т.Даркей нь газар эзэмших эрх, түүнтэй холбоотой бусад үүргийг өөртөө хэвээр байлган, харин газрын тодорхой хэсгийг нь /40 м.кв/ хэсэгчилэн ашиглуулахаар түрээслэгч Ш.Ермекттэй харилцан тохиролцож, харин түрээслэгч нь түрээсийн төлбөрт тухайн газарт түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр барьсан барилгыг /талууд/ 2600000 төгрөгөөр үнэлж, нэг сарын түрээсийн төлбөрийг 173000 төгрөгөөр тооцож, 15 сарын түрээсийн төлбөрт тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.-т Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр тохиролцож болно. гэж заасантай нийцсэн байна.

Иймээс дээрх гэрээний 2 дугаар заалтын 3, 9 дүгээр заалтаар түрээслэгч, түрээслүүлэгч нар хуульд заасны дагуу түрээсийн төлбөрийг мөнгөөр бус өөр хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч талын түрээсийн гэрээний доод зүүн буланд хийсэн тэмдэглэгээгээр Т.Даркей, Ш.Ермек нарын хооронд үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй, нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

 

Түрээслүүлэгч Т.Даркейн эзэмшлийн газарт түрээслэгчийн барьсан дэлгүүрийн зориулалттай барилгыг түрээсийн гэрээгээр түрээсийн төлбөрт шилжүүлсэн ба бусдын газарт, түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр барьсан тухайн эд хөрөнгө нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.-т зааснаар гэр бүлийн гишүүд болох С.Амина, Ш.Ермек нарын хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгө мөн болох нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч талын дэвшүүлсэн дээрх үндэслэл нь Т.Даркей, Ш.Ермек нарын хооронд 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Худалдааны байранд талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх гэрээ, 000201220 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр үгүйсгэгджээ. Нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрч У.Декет, С.Бирлес, С.Асу, Х.Сумбазар, С.Баярсайхан нарын мэдүүлэг[6], тодорхойлолтууд[7], С.Жамболын тайлбар[8] зэрэг баримтууд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар үнэлэх боломжгүй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн хүчин төгөлдөр бус байх хэлцлийг зохицуулсан заалтыг маргааны үйл баримтад оновчтой сонгож хэрэглэснийг тэмдэглэж, шийдвэрийн Тогтоох хэсэгт маргааны агуулгад шууд хамааралтай мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1.-т заасан зохицуулалтыг баримтлаагүй орхигдуулсан тул шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх тухай давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хариуцагчаас Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар шийдвэр[9], Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 71 дүгээр магадлал[10], Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 718 дугаар тогтоолоор[11] 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Т.Даркей, Ш.Ермек нарын хооронд байгуулагдсан Худалдааны байрны талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний талаар үнэлэлт, дүгнэлт өгч, нэхэмжлэгч С.Аминагийн хариуцагч Т.Даркейд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1.-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж анхан шатны шүүхэд тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн тайлбарыг үндэслэн хэрэгт авагдсан баримтуудыг судлахад, дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч С.Аминагийн хариуцагч Т.Даркейд холбогдуулан гаргасан хууль бусаар газар түрээсэлж авсан 12370000 төгрөг, газар түрээслэхдээ илүү төлөгдсөн 3251250 төгрөг тус тус гаргуулах, газар түрээслэх гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн энэ удаагийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь эцэслэн шийдвэрлэгдсэн дээрх маргааны нэхэмжлэлийн шаардлагаас өөр буюу 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Т.Даркей, Ш.Ермек нарын хооронд байгуулагдсан Худалдааны байрны талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний тухайлсан заалтыг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцэл гэж үзэж, хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай байна.

Түүнчлэн, дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдийн Тодорхойлох хэсгийн нэхэмжлэлийн агуулгыг тусгасан хэсэгт ... Ш.Ермектэй бичгээр байгуулсан 4 гэрээг Т.Даркей хуулийн дагуу бүртгүүлээгүй учир энэ гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэж тэмдэглэгдсэн, Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 146 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 71 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 718 дугаар тогтоолоор ...газар түрээслэх гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба эцэслэн шийдвэрлэгдсэн С.Аминагийн уг /газар түрээслэх гэрээг хүчингүйд тооцуулах/ нэхэмжлэлийн шаардлагад 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээ, тус гэрээний 2 дугаар заалтын 3.-т Түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөг нь түрээсийн төлбөр болох 15 сард багтах болно. гэснийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоолгох агуулга багтаж байсан эсэх нь баримтаар бүрэн, хангалттай тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-т заасан зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ хийсэн талуудын үүрэгтэй холбоотой гэж зөв дүгнэсэн атлаа Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар тогтоолыг үндэслэн мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тасалдаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь гэрээний талуудын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон заалт юм.

Харин хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар гэр бүлийн аль нэг гишүүний бусадтай байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай С.Аминагийн[12] Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.-т заасан шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.-т тусгайлан зохицуулаагүй учир мөн зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1.-т зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа /10 жил/ үйлчлэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Т.Даркей, Ш.Ермек нарын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа /15 сар/ дууссаны дараа Т.Даркейд түрээсийн төлбөр төлөх үед буюу 2007 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэх тайлбар[13], 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээ, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэр[14], Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар тогтоол[15] зэргийг үндэслэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2.-т зааснаар тоолж, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх арван жилийн хугацаа өнгөрөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-ийг гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1.-т заасныг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Аминагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 6 дугаар тал.

[2] Эхнэр С.Амина болон хүү Е.Жамбал нарын. Хэргийн 85 дугаар тал.

[3] Хэргийн 85 дугаар тал.

[4] Хэргийн 48 дугаар тал.

[5] Хэргийн 121-122 дугаар тал.

[6] Хэргийн 122-127 дугаар тал.

[7] Хэргийн 56-61 дүгээр тал.

[8] Хэргийн 87 дугаар тал.

[9] Хэргийн 76 дугаар тал.

[10] Хэргийн 9 дүгээр тал.

[11] Хэргийн 80 дугаар тал.

[12] Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдтэй холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй учир гэрлэгчдийн, эсхүл гэр бүлийн бусад гишүүдийн хоорондын шаардлага гаргах хугацаа үүнд хамаарахгүй.

[13] Хэргийн 3 дугаар тал.

[14] Хэргийн 63 дугаар тал.

[15] Хэргийн 73 дугаар тал.