Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2017/00047/И |
Дугаар | 118 |
Огноо | 2017-02-21 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 118
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Турлиах байрны 02 дугаар орцны 12 тоотод оршин суух, ОА93011714 регистрийн дугаартай, Хасгууд овогт Мижидийн Гантулга,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 02-10А тоотод оршин суух, ПЮ97012011 регистрийн дугаартай, Барга овогт Чунагсүрэнгийн Гансэлэмд холбогдох 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн М.Гантулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн эзэмшлийн 98-87УБГ улсын дугаар бүхий Чазер маркын машинаа Ч.Гансэлэмд зарсан. Анх машинаа зарахдаа түүнийг танидаг учраас машины үнийг цувуулж авахаар тохиролцож, 2,800,000 төгрөгийг бүгдийг нь өгсний дараа машины бичиг баримтыг шилжүүлж өгөхөөр болж, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр машинаа өгч явуулсан. Ингээд Ч.Гансэлэм 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,500,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 700,000 төгрөг өгсөн. Уг мөнгийг өгөх үед Ч.Гансэлэм машины бичиг баримт миний нэр дээр байхгүй учраас цагдаа торгоод явуулахгүй байна. Машины бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлээд өгчих, би үлдэгдэл 600,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгье гэхээр нь машины бичиг баримтыг түүний нэр дээр шилжүүлсэн. Улмаар мөнгө өгөх өдөр нь Ч.Гансэлэм рүү ярихад одоо ямар нэгэн мөнгө өгч чадахгүй гэсэн. Иймд Ч.Гансэлэмээс машины үнийн үлдэгдэл 600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Гансэлэм нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би М.Гантулгын нэхэмжилсэн машины үнийн дутуу 600,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 300,000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн М.Гантулга нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч М.Гантулга миний бие хариуцагч Ч.Гансэлэмээс машины үнийн дутуу 600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Одоо Ч.Гансэлэмээс 300,000 төгрөгийг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагч Ч.Гансэлэмийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Гантулга нь хариуцагч Ч.Гансэлэмээс 600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ч.Гансэлэм 300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч М.Гантулга нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Ч.Гансэлэмийн 300,000 төгрөг төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М.Гантулга нь шүүхэд гаргасан 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 300,000 төгрөгийг хариуцагч Ч.Гансэлэм төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийн 50 хувь буюу 9,325 төгрөгийг улсын төсвөөс, 9,325 төгрөгийг хариуцагч Ч.Гансэлэмээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Гантулгад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА