Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/132

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,   

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч Б.Дашдорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагважав,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Д.Дад холбогдох эрүүгийн 1907004350034 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын  10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 48-8 тоотод оршин суух,

урьд Төв аймгийн шүүхийн 1999 оны 11  дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн   дугаартай, Боржигон овогт Д.Д.  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн орчимд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд Налайх дүүргийн 5 дугаар хороо Элстэй гэх газарт асфальтан зам дээр Тоёота Приус-20 маркийн 62-31 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйл "3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осол холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газарт буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ЗХД-ийн 11 дүгээр зүйлийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас З.Гантулгын жолоодон явсан 87-95 ХЭҮ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар зорчигч болох 7 настай Г.Ариунзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, З.Гантулгын эзэмшлийн Истана маркийн 87-95 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6.617.000 төгрөгний хохирол учруулж хохирогч З.Гантулгын амь насыг хохироож улмаар хэргийг газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 10 сарын 10-нд хоёр найз ирээд 2 пиво уучихаад шөнө Городокийн замд аваар хийсэн. Тэр үед  юутай мөргөлдсөнөө мэдээгүй. Ослоос болж миний нүд юм харахгүй цустайгаа холилдсон байсан. Энэ хэргийн улмаас ял сонсоод явж байна. Тухайн үедээ ухаан алдсан байсан. Сэрээд миний хоёр нүд харахгүй байсан. Тэгээд утсаараа такси дуудаж эмнэлэг явсан. Хохирол төлбөр төлж амжилгүй таслагдаад явсан” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагважав шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний хувьд Д.Даас эмчилгээний зардал болон өөрт учирсан хохирол 32,000,000 төгрөг нэхэмжилсэн байсан Үүн дээр нэмээд эмчилгээний зардал 3,082,184 төгрөг, оршуулгын зардал 8,054,314 төгрөг, бусад зардалд 19,921,690 төгрөг нийт 42,650,652 төгрөг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна. Тухайн үед манай нөхөр намайг нөгөө машины хүмүүсийг үзээд тусал гэж хэлсэн. Тэгээд би урдаас мөргөсөн машин руу харахад нэг хүн машинаа тойроод явж байсан. Нэг мэдэхэд алга болсон байсан” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Д нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 08 цагийн үед манай найз Лхагважаргал Налайх дүүргийн 4-р хороо Нисэх 48-8 тоотод байх манай гэрт ганцаараа ирсэн. Тэгээд намайг дагуулаад бид хоёр Багахангай дүүрэг орж мал авчраад, авчирсан малаа манай хашаанд гаргаж байхдаа Лхагважаргал өөрийн найз Батсүх, Мөнхдалай хоёрыг өөрийг нь ирээд аваач гэж дуудсан. Тэгээд орой Батсүх, Мөнхдалай хоёр 22 цагийн орчимд манай гэрт ирсэн, ирэхдээ 2.5 литрийн 2 том Нийслэл пиво авчирсныг Мөнхдалай, Лхагважаргал бид гурав хувааж уусан, Батсүх жолоо барина гээд уугаагүй. Тэгээд тэр гурав манай гэрт нэг хэсэг хугацаанд сууж байгаад шөнө боллоо гээд харихаар явцгаасан. Би тэр гурвыг манайхаас явсны дараа гэртээ байж байгаад дэлгүүр орохоор 6231 УБТ улсын дугаартай Тоёота Приус автомашинаа жолоодоод явсан, манай ойролцоох дэлгүүрүүд 01 цагийн орчим хаачихсан байсан тул Налайх дүүргийн 5 дугаар хороо Городокт дэлгүүр онгорхой байж магадгүй гээд явсан. Ингээд Городок руу явж байгаад Городок дөнгөж өнгөрчихсөн байсан, тэгэхдээ автомашины урд нарны хаалтан дээр байдаг дискнүүдыг сольж дуу тавьж үзээд явж байгаад урагшаа нарны хаалт руу нь дискээ хавчуулах гэж байгаад замаа анхаараагүй гэнэт түс гээд явчихсан, тэрхэн зуур бол Диск хавчуулах гэж байгаад анхаарал сарниад эсрэг урсгал руу орчихсон байсан. Тэгээд би хэсэг ухаан балартаад автомашин дотроо сэрсэн, тэгээд амь авраарай гэж хэсэг орилж байгаад автомашинаасаа буусан тухайн миний нүүр ам нил цус болоод нүд юм харахгүй байсан. Тэгээд утсаараа залгадаг товчлуур дээр дараад хамгийн сүүлд залгасан дугаарлуу хэд хэдэн удаа залгаж байж утсаа авсан, тухайн үед таксинд явдаг зүс таних Наранбаатар гэх залуу руу залгагдсан байсан тул би үнэн учраа хэлээд нүд юм харахгүй байна осолд орчихлоо ирээд аваач гээд тэр залуугаас гуйж Гордок дөнгөж өнгөрөөд байгаа гэдгээ хэлсэн. Ингээд би автомашиныхаа хажуугаас юм харж чадахгүй тул хөдлөлгүй ойролцоогоор 30-40 орчим минут болж байж Наранбаатар ирээд намайг автомашиндаа суулгаад авч яваад Налайхын эмнэлэг дээр хүргэж өгсөн. Би тухайн үед юм харж чадахгүй байсан тул хаашаа ч явж чадахгүй нөгөө хүмүүсээ яаж байна гэж ч харах боломжгүй байсан юм. Ингээд намайг Наранбаатар Налайхын эмнэлэг дээр аваачаад нүүрэндээ оёо тавиулж байхад араас нь автомашины хүмүүс ирж байгааг нь сонссон, тэгтэл удалгүй цагдаа ирээд надаас юм асуугаад байсан тэгээд намайг үлээлгэж үзчихээд яваад өгсөн. Ийм л зүйл болсон. 62-31 УБТ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг би Тайгийн булаг авто ББСБ зээлийн үлдэгдэлтэй нь Батсүхээс худалдан авсан, миний эзэмшлийн автомашин байгаа юм.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагважав мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг өнгөрөөд би Хэнтий аймгийн Чингис хотоос өөрийн нөхөр З.Гантулга, охин Ариунзаяа /7 настай/ нарын хамтаар Улаанбаатар хот руу явцгаасан, тэгэхдээ аймгаас хүний дайвар махнууд ачаад явж байсан. Тэгээд 01 цаг өнгөрөөд 02 цаг дөхөж байх үед бид нар Налайх дүүргийн 5 дугаар хорооны орчимд явж байсан /газар сайн мэдэхгүй, яг хаана явж байснаа тодорхой хэлж мэдэхгүй байна/ тэгээд явж байтал манай автомашины өөдөөс урсгал сөрөөд цагаан өнгийн Приус маркийн автомашин гэнэт маш хурдтай гараад ирсэн, тэгээд манай нөхөр З.Гантулга хүүеэ яаж байнаа гээд зүүн тал руугаа огцом дарсан боловч нөгөө автомашин их хурдтай явсан тул манай автомашины жолооч талыг мөргөөд тас хийгээд явчихсан. Тэгээд би хэсэг манараад дотор муухайраад юу болов оо гэтэл манай нөхөр З.Гантулга муухан дуутай байсан, тэгээд би дотроосоо хаалгаа ноцолдож байгаад онгойлгоод эхлээд хүүхдээ автомашинаас гаргасан, дараа нь нөхрөө гаргах гээд чадаагүй, манай нөхөр автомашиндаа хавчуулагдчихсан байсан, манай автомашиныг мөргөсөн автомашин нэлээн зайтай замынхаа баруун талд осолдоод зогсчихсон байсан тэгээд зам дээр би гараа өргөж тусламж дуудаад хэсэг үл таних хүмүүс тусалж нөхрийг гаргаж өгөөд эмнэлэг, цагдаа дуудаж өгсөн юм. Тэгээд би нөгөө автомашины хүнийг яаж байгаа бол гээд хартал цаана автомашинаасаа гарчихсан согтуу байгаа бололтой гуйваад явж байгаа харагдсан, тэгээд удалгүй цагдаа хүрч ирсэн юм.

            Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг 30 минутад гэрчээр өгсөн мэдүүлэгтэйгээ уншиж танилцлаа, би тухайн үед баруун зүүнээ андуураад хэлчихсэн байна. Яг осол болох үед талийгаач нөхөр З.Гантулга зүүн гар талруугаа биш баруун гар тал руугаа буюу замын шороон хэсэг рүү бултаж жолооны хүрдээ дарсан юм, үүнийг нь тухайн үедээ би баруун зүүнээ андуураад хэлчихсэн”, /хх-ийн 25-26, 33 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Лхагважаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 08-09 цагийн үед би Налайх дүүргийн 4-р хороо Нисэх 48-8 тоотод найз Д.Д дээр ирсэн. Д.Дын дүүгийнд манай мал байдаг тул идшээ хийх гээд Д.Дыг дагуулаад бид хоёр Багахангай дүүрэгрүү хамт явцгаасан, тэгээд орой 17 цагийн орчимд буцаад Д.Дын гэрт ирцгээсэн. Тэгээд тэдний хашаанд ирээд авчирсан малаа хүнээр гаргуулсан. Энэ хугацаанд би өөрийн найз Батсүх, Мөнхдалай нарыг Улаанбаатар хотоос намайг ирээд аваач гээд дуудчихсан. Тэгээд Далай, Батсүх 23 цагийн орчимд Д.Дын гэрт Мөнхдалайгын автомашинаар ирцгээсэн, ирэхдээ тэр хоёр 2 том Нийслэл пиво авчирсан, тэгээд Мөнхдалай, Д.Д бид гурав авчирсан пивонуудыг юм ярингаа ууцгаасан, ингээд 01 цаг өнгөрөөд ууж дуусаад бид нар явахаар болоод Батсүхийг архи пиво уугаагүй байсан тул автомашинаа жолоодоод Мөнхдалай, Батсүх бид гурав гэртээ харихаар буцацгаасан. Бид нарыг явахад Д.Д гаргаж өгөөд хашааныхаа хаалгыг хаагаад гэртээ орсон, ингээд бид нар Улаанбаатар хотод 03 цаг өнгөрөөд орж ирээд Мөнхдалайг буулгаад Батсүх намайг гэрт буулгах гээд явж байхад Д.Д над руу өөрөө эмнэлэг дээр байна, нүд юу ч харахгүй байна аваар болчихлоо гэдгээ хэлэхээр нь Батсүх бид хоёр шууд Налайх руу буцаж Д.Д дээр очсон юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

            Гэрч Ц.Батсүх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхдалай. Лхагважаргал, Д.Д гурав Мөнхдалайгийн авчирсан 2 том пивыг хуваагаад уусан, би жолоо барьж явсан тул уугаагүй, ингээд тэд нарыг ууж дууссаны дараа би Мөнхдалай, Лхагважаргал хоёрыг аваад явсан, харин Д.Д гэртээ үлдсэн. Тэгээд бид нарыг Улаанбаатар хот руу аажуухан яваад Мөнхдалайг гэрт нь буулгаад Лхагважаргалыг гэрт нь буулгах гэж байтал Лхагважаргал руу Д.Д залгаад осол хийчихсэн талаараа хэлсэн, тэгэхээр нь бид хоёр буцаад Налайх руу явцгаасан гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

            Гэрч Д.Мөнхдалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчимд шиг санагдаж байна ....би замдаа 2 том 2.5 литрийн Нийслэл пиво бариад очсон, тэгээд Д.Дын гэрт очоод Лхагважаргал, Д.Д бид гурав нэг пивыг нь хувааж уугаад би нойр хүрээд байхаар нь хэсэг зүүрмэглэчихсэн, энэ хооронд үлдсэн нэг пивыг Д.Д Лхагважаргап хоёр хувааж ууцгаасан, Тэгээд тэр өдрийн маргааш нь Д.Дыг аваарт орсон гэж сонссон, юу болсон талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 42 дугаар хуудас/

 

            Гэрч Г.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 01 цагаас 02 цагийн үед байсан болов уу гэж санагдаж байна, цаг яг хэд болж байсныг хараагүй би Налайх дүүрэгт байх гэртээ унтаж байтал утас 2-3 удаа утас дуугараад байхаар нь утсаа автал "Д.Д байна намайг ирээд аваадхаач" гэхээр нь би энэ шөнө орой болсон хойно чадахгүй таныг хаана гэж очиж авах юм гэтэл "Чи ахдаа тус болоо би утсаа аваад залгатал чиний дугаар залгагдаад байна, миний нүд юм харахгүй байна" гэхээр нь би хариу хэлэлгүй утсаа тасалчихсан чинь дахиад 3 удаа залгахаар нь аргагүй эрхэнд утсаа автал "Ах нь ерөөсөө юм харахгүй байна чи ямар ч байсан хүрээд ирээч" гээд гуйгаад байхаар нь би хувцсаа өмсөөд явсан. Тэгээд Городок руу эргэх замаас өнгөрөөд явж байтал зам дээр цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин осолд орсон байдалтай замын хажууд эргэчихсэн байдалтай байса. Харин Д.Д автомашиныхаа хажуу талд машинаа түшээд зогсчихсон байхаар нь "Юу болсон юм бэ та" гээд асуутал "Ах нь ийм л юм болчихлоо, би юу ч харахгүй байна чи ахыгаа эмнэлэг рүү хүргээд өгөөч" гэхээр нь би шууд суулгаад Налайхын эмнэлэг дээр хүргэж өгчихөөд би шууд гэрлүүгээ харьсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45 дугаар хуудас

 

            Гэрч Д.Мандалцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.... Тэр 4 пивээ хувааж уусан. Бараг 00 цаг хүртэл уусан. Тухайн пиво дуусангуут нөгөө хүмүүс нь хот руу явна гээд гэрээс гараад явсан. Дүү гаргаж өгчөөд эргээд орж ирээд гарч явна гэхээр нь би хаачих гэж байгаа юм машин тэргээ барьж явах нь уу согтуу хэрэггүй би энүүхэн ойрхон айлд очоод ирье зөрүүдлээд гараад явсан. 01 цагийн үед гарч яваад 01 цаг 30 минутаас хойш гэртээ цус нөжтэйгөө холилдсон орж ирсэн. Авч ирсэн хүнээс юу болсон талаар асуухад намайг утсаар дуудахаар нь би явж очсон. Машин тэрэг нь аймаар болчихсон өөрөө зам дээр явж байсан. Юу болсон талаараа хэлж чадахгүй байсан гэж хэлсэн. Ах Отгонбаярыг дуудаад эмнэлэг рүү бид нар авч ирсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-47 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/87 дугаар:

            “1.Талийгаачийн биед хэвлийн битүү гэмтэл: нойр булчирхайн няцрал, гялтангийн арын цус хуралт, Хэвлийн хөндийг нээж шалгах, чацархайн урагдал оёх, гуурс байрлуулах, зүүн хөлийн бохирлогдсон халдварлагдсан үхжилт шарх бүхий зүүн шаант ясны ил хугарлын шархыг цэгцлэх, угаах, хугарлыг эвлүүлэх гадна бэхлэгч тавих мэс заслын дараах байдал /ГССҮТ 2019.10.11/, зүүн талын богтос ясны далд зөрүүтэй хугарал, зүүн дунд чөмөг ясны далд хугарал, бүсэлхийн 1,4-р нугалмын зүүн хөндлөн сэртэн ясны хугарал, бүсэлхийн 2,3-р нугалмын баруун зүүн хөндлөн сэртэн ясны хугарал, Хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Талийгаачийн цогцост тогтоогдсон дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд учирсан даруйд амь насанд аюултай.

            3.Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

            4.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            5.Талийгаач нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.

            6.Талийгаач нь ГССҮТ-ийн өвчний түүхэнд бичигдсэнээр 2019.10.19-ны 04:40 минутанд нас баржээ.

            7.Талийгаач нь ГССҮТ-ийн өвчний түүхэнд бичигдсэнээр В/lll/ бүлгийн цусны харъяалалтай байна.

            8.Талийгаач нь ГССҮТ-д 7 хоног хэвтэн эмчлүүлсэн тул талийгаачийн цусанд спиртийн агууламж тодорхойлох шинжилгээ хийх шаардлагагүй болно.” гэх дүгнэлт, /хх-ийн 68-73 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/563 дугаар:

            “1.Г.Ариунзаяагийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/574 дугаар:

            “1.Д.Дын биед тархи доргилт, нүүр сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5968 дугаар:

            “1. 2. Шинжилгээнд ирүүлсэн “CO4154654” гэсэн серийн дугаартай Б.Д.Дын гэх цусанд 1,2 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,2 спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 91 дүгээр хуудас/

 

            Замын Цагдаагийн Тасгийн Зохицуулагч шинжээч Б.Даштогтохын №41 дүгээр:

            “1. Тоёота Приус маркийн 6231 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д нь МУ-ын ЗХД-ийн 3 дугаар зүйл “3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ЗХД-ийн 11-р зүйл 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн хэрэг, осол гарах болсон үндэслэлтэй байна. 8795 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.Гантулга Монгол Улсын замын  хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

            2. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас шалгаж үзэхэд Д.Д /НЗ74112671/ нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон 1021311 дугаартай хүчинтэй В ангилалтай жолооны үнэмлэхтэй байна. Зинагийн Гантулга /СТ80040714/ нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон В, С, Д, Е ангилалтай жолооны үнэмлэхтэй байна.

            3. Тухайн замын зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээ үзэгдэх орчин нөхцөл байдал осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй.

            4. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 97 дугаар хуудас/  

           

            Авто машин техникийн үнэлгээний тайлан, /хх-ийн 77-85 дугаар хуудас/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын акт/хх-ийн 3-15 дугаар хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 5 дугаар хороо Элстэй гэх газарт асфальтан зам дээр Тоёота Приус-20 маркийн 62-31 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ЗХД-ийн 11 дүгээр зүйлийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч З.Гантулгын жолоодон явсан 87-95 ХЭҮ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч З.Гантулгын амь насыг хохироосон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох: Шүүгдэгч Д.Д нь өгсөн: “...дэлгүүр орохоор 6231 УБТ улсын дугаартай Тоёота Приус автомашинаа жолоодоод явсан, манай ойролцоох дэлгүүрүүд 01 цагийн орчим хаачихсан байсан тул Налайх дүүргийн 5 дугаар хороо Гордокт дэлгүүр онгорхой байж магадгүй гээд явсан. ... автомашины урд нарны хаалтан дээр байдаг дискнүүдийг сольж дуу тавьж үзээд явж байгаад урагшаа нарны хаалт руу нь дискээ хавчуулах гэж байгаад замаа анхаараагүй гэнэт түс гээд явчихсан, тэгээд би хэсэг ухаан балартаад автомашин дотроо сэрсэн, , гэх, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагважав шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“ ....манай автомашины өөдөөс урсгал сөрөөд цагаан өнгийн Приус маркийн автомашин гэнэт маш хурдтай гараад ирсэн, тэгээд манай нөхөр З.Гантулга хүүеэ яаж байнаа гээд ...талийгаач нөхөр З.Гантулга ...баруун гар тал руугаа буюу замын шороон хэсэг рүү бултаж жолооны хүрдээ дарсан юмМиний хувьд Д.Даас эмчилгээний зардал болон өөрт учир хохирол 32,000,000 төгрөг нэхэмжилсэн байсан Үүн дээр нэмээд эмчилгээний зардал 3,082,184 төгрөг, оршуулгын зардал 8,054,314 төгрөг, бусад зардалд 19,921,690 төгрөг нийт 42,650,652 төгрөг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна. Урдаас мөргөсөн машины жолооч машинаа тойроод явж байгаа харагдсан. Нэг мэдэхэд алга болсон байсан...” гэх, Гэрч Б.Лхагважаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Д.Дын гэрт Мөнхдалайгийн автомашинаар ирцгээсэн, ирэхдээ тэр хоёр 2 том Нийслэл пиво авчирсан, тэгээд Мөнхдалай, Д.Д бид гурав авчирсан пивонуудыг юм ярингаа ууцгаасан” гэх, Гэрч Ц.Батсүх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Мөнхдалай. Лхагважаргал, Д.Д гурав Мөнхдалайгийн авчирсан 2 том пивыг хуваагаад уусан, ... 2019 оны 08 дугаар сарын дунд үеэр Д.Д бид хоёр тохиролцоод 62-31 УБТ улсын дугаартай Тоёота Приус автомашиныг Д.Д надаас худалдаж авсан” гэх, Гэрч Д.Мөнхдалай мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Лхагважаргал, Д.Д бид гурав нэг пивыг нь хувааж уугаад би нойр хүрээд байхаар нь хэсэг зүүрмэглэчихсэн. Энэ хооронд үлдсэн нэг пивыг Д.Д Лхагважаргал хоёр хувааж ууцгаасан, тэгээд намайг сэрээгээд Батсүх Лхагважаргал бид гурав Улаанбаатар хот руу 01 цаг өнгөрч байхад гарцгаасан” гэх, Гэрч Г.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Гордок руу эргэх замаас өнгөрөөд явж байтал зам дээр цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин осолд орсон байдалтай замын хажууд эргэчихсэн байдалтай байсан.” гэх, Гэрч Д.Мандалцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дүү гаргаж өгчөөд эргээд орж ирээд гарч явна гэхээр нь би хаачих гэж байгаа юм машин тэргээ барьж явах нь уу согтуу хэрэггүй би энүүхэн ойрхон айлд очоод ирье зөрүүдлээд гараад явсан. 01 цагийн үед гарч яваад 01 цаг 30 минутаас хойш гэртээ цус нөжтэйгөө холилдсон орж ирсэн..” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/87 дугаар, 08 шэ/563 дугаар, 5968 дугаар, шинжээчийн 41 дүгээр дүгнэлтүүд, Авто машин техникийн үнэлгээний тайлан, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.

 

            Мөн шүүгдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн орчимд Налайх дүүргийн 5 дугаар хороо Элстэй гэх газарт асфальтан зам дээр Тоёота Приус-20 маркийн 62-31 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа З.Гантулгын жолоодон явсан 87-95 ХЭҮ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч З.Гантулгын амь насыг хохироосон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, хэрэгт хамааралтай нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Дын өгсөн: “2019 оны 10 сарын 10-нд хоёр найз ирээд 2 пиво уучихаад шөнө Городокийн замд аваар хийсэн. Ослоос болж миний нүд юм харахгүй цустайгаа холилдсон байсан. Тухайн үедээ ухаан алдсан байсан. Тэгээд утсаараа залгадаг товчлуур дээр дараад хамгийн сүүлд залгасан дугаар луу хэд хэдэн удаа залгаж байж утсаа авсан, тухайн үед таксинд явдаг зүс таних Наранбаатар гэх залуу руу залгагдсан байсан тул би үнэн учраа хэлээд нүд юм харахгүй байна осолд орчихлоо ирээд аваач гээд тэр залуугаас гуйж Гордок дөнгөж өнгөрөөд байгаа гэдгээ хэлсэн. Ингээд би автомашиныхаа хажуугаас юм харж чадахгүй тул хөдлөлгүй ойролцоогоор 30-40 орчим минут болж байж Наранбаатар ирээд намайг автомашиндаа суулгаад авч яваад Налайхын эмнэлэг дээр хүргэж өгсөн. Би тухайн үед юм харж чадахгүй байсан тул хаашаа ч явж чадахгүй нөгөө хүмүүсээ яаж байна гэж ч харах боломжгүй байсан юм. Ингээд намайг Наранбаатар Налайхын эмнэлэг дээр аваачаад нүүрэндээ оёо тавиулж байхад араас нь автомашины хүмүүс ирж байгааг нь сонссон, тэгтэл удалгүй цагдаа ирээд надаас юм асуугаад байсан тэгээд намайг үлээлгэж үзчихээд яваад өгсөн юм” гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагважавын өгсөн: “...Тухайн үед манай нөхөр намайг нөгөө машины хүмүүсийг үзээд тусал гэж хэлсэн. Тэгээд би урдаас мөргөсөн машин руу харахад нэг хүн машинаа тойроод явж байсан. Тэгээд би нөгөө автомашины хүнийг яаж байгаа бол гээд хартал цаана автомашинаасаа гарчихсан согтуу байгаа бололтой гуйваад явж байгаа харагдсан Нэг мэдэхэд алга болсон байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 01 цагаас 02 цагийн үед байсан болов уу гэж санагдаж байна, цаг яг хэд болж байсныг хараагүй би Налайх дүүрэгт байх гэртээ унтаж байтал утас 2-3 удаа утас дуугараад байхаар нь утсаа автал "Д.Д байна намайг ирээд аваадхаач" гэхээр нь би энэ шөнө орой болсон хойно чадахгүй таныг хаана гэж очиж авах юм гэтэл "Чи ахдаа тус болоо би утсаа аваад залгатал чиний дугаар залгагдаад байна, миний нүд юм харахгүй байна" гэхээр нь би хариу хэлэлгүй утсаа тасалчихсан чинь дахиад 3 удаа залгахаар нь аргагүй эрхэнд утсаа автал "Ах нь ерөөсөө юм харахгүй байна чи ямар ч байсан хүрээд ирээч" гээд гуйгаад байхаар нь би хувцсаа өмсөөд Гордок руу явсан, тэгээд Гордок руу эргэх замаас өнгөрөөд явж байтал зам дээр цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин осолд орсон байдалтай замын хажууд эргэчихсэн байдалтай байсан, харин Д.Д автомашиныхаа хажуу талд машинаа түшээд зогсчихсон байхаар нь "Юу болсон юм бэ та" гээд асуутал "Ах нь ийм л юм болчихлоо, би юу ч харахгүй байна чи ахыгаа эмнэлэг рүү хүргээд өгөөч" гэхээр нь би шууд суулгаад Налайхын эмнэлэг дээр хүргэж өгчихөөд би шууд гэрлүүгээ харьсан ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг, Гэрч Д.Мандалцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 01 цагийн үед гарч яваад 01 цаг 30 минутаас хойш гэртээ цус нөжтэйгөө холилдсон орж ирсэн. Авч ирсэн хүнээс юу болсон талаар асуухад намайг утсаар дуудахаар нь би явж очсон. Машин тэрэг нь аймаар болчихсон өөрөө зам дээр явж байсан. Юу болсон талаараа хэлж чадахгүй байсан гэж хэлсэн. Ах Отгонбаярыг дуудаад эмнэлэг рүү бид нар авч ирсэн.” гэх мэдүүлэг, Замын Цагдаагийн Тасгийн Зохицуулагч шинжээч Б.Даштогтохын №41 дүгээр:

            “1. Тоёота Приус маркийн 6231 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д нь МУ-ын ЗХД-ийн 3 дугаар зүйл “3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

           

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн газраас явахдаа нүд юм харахгүй, гар утсаараа хүн дуудаад явсан гэх боловч хохирогч Т.Лхагважав, гэрч Наранбаатар, гэрч Мандалцэцэг нарын мэдүүлгээр зам тээврийн осол болсноос хойш 30-40 минутын турш машиныхаа хажууд байхдаа ослын талаар мэдэгдэх  жолоочийн үүргээ биелүүлээгүйгээс гадна, гэрч Наранбаатарт хэлэлгүй хэргийн газраас зугтааж гэртээ хүргүүлсэн болох нь тогтоогдож байх тул хэргийн газраас зугтаасан үйлдлийг үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Дад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байна гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Д.Дыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн газрыг зориуд орхиж зугтсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

           

 

            Шүүх талуудын шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтүүдийг хянан үзээд шүүгдэгчид хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй нөхцлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ялыг ,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж хохирогчийн эмчилгээний зардал 3,082,184 төгрөг, оршуулгын зардал 8,104,418 төгрөг, машины зардал 6,617,000 төгрөг, машины оношлогоо 308000 төгрөг, өмгөөллийн хөлс 2.500.000 төгрөг, банкны зээл 10,804,690 төгрөг, хохирогчийн олох байсан орлого 11,542,500 төгрөг нийт   42,958,792 төгрөгийг нэхэмжилжээ.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хэрэгт авагдсан хохиролтой холбоотой нотлох баримтуудыг шинжлэн эмчилгээ хийлгэсэн болон бусад зардал 1,961,003 төгрөг, оршуулгын зардал 8,149,418 төгрөг, машины үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 308,000 төгрөг, машины үнэлгээ 6,617,000 төгрөг , буюу нийт 17,035,421 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэн шүүгдэгчээс гаргуулахаар хангаж шийдвэрлэлээ.

 

            Харин өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгийн шаардлага нь иргэд хуульчдийн хоорондын эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр бий болж сайн дурын үндсэн дээр төлбөрөө тохирдог зардал учраас гэмт хэргийн учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй үндэслэлээр,  банкны зээл 10,804,690 төгрөгийн зарцуулалтыг хохирогч нь  өөрийн гэр бүлдээ зарцуулсан , иргэн банк хоорондын банкны зээлийг шүүгдэгч төлөх үүрэг хүлээгээгүй гэсэн үндэслэлээр,  1,076,181  төгрөгийг эрүүл мэндийн даатгалаар төлөгдсөнийг давхар нэхэмжилсэн үндэслэлээр зэрэг нийт 14,380,871 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Хохирогчийн олох байсан орлогыг тодорхойлж нэхэмжилсэн 11,542,500 төгрөгийн шаардлагыг шүүх хянан шийдвэрлэхэд хохирогч З.Гантулга нь тухайн жилдээ хичнээн төгрөгийн орлогыг олж байсан талаар нотлох баримт хангалтгүй байх тул уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэж үзлээ.

 

    Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцааж олгох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Д.Дын 2020 оны 04 дүгээр сарын 14-ноос 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 106 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан  хэргийн газрыг зориуд орхиж зугтсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Д.Дын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын  хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг өдрөөр тооцож 60 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дад оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дын  2020 оны 04 дүгээр сарын 14-ноос 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 106 хоногийг эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дад оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 , 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даас 17,035,421 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагважавт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 14,380,871  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагважав нь 11 542 500 төгрөгийн нэхэмжлэлээ  нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 02376371 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг Д.Дад буцаан олгосугай.    

 

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дад урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр авсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

13. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Х.ГАНБОЛД