Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 122

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Төв аймгийн Баянчандмань сумын Замт багт оршин суух, ПЖ66073003 регистрийн дугаартай, Нохойхон овогт Галсангийн Эрдэнэсувдын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Эрдэнэсувд нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 онд 8-р анги төгсөөд ар гэрийн гачигдалаар ажил хийх болсон. Ингээд 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн үйлдвэр бригадад норомчноор ажилласан бөгөөд энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Эрдэнэсувд нь 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн үйлдвэр бригадад норомчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар лавлагаа,

-Г.Эрдэнэсувдын Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г.Эрдэнэсувдын 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г.Эрдэнэсувдын ажиллаж байхдаа шагнуулсан гэх 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн баярын бичиг,

-Өөшийн манай зам хоршооны даргын тодорхойлолт,

-Гэрч О.Магсаржавын “би Г.Эрдэнэсувдтай хамт 1982 оноос Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн үйлдвэр бригадад барилга барих, засвар, хөдөө хашаа барих зэрэг ажлуудыг хийж байгаад 1990 онд нэгдэл тараад бид тарцгаасан” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Энхтайваны “би 1982-1991 оны хооронд Г.Эрдэнэсувдтай хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн үйлдвэр ажиллаж байсан. Мөн сумын Спорт заалны, сургуулийн дотуур байрны хоолны заалны өргөтгөл дээр хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримт авагдсан байна.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Г.Эрдэнэсувдыг 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн үйлдвэр бригадад норомчноор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Нохойхон овогт Галсангийн Эрдэнэсувдыг 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн үйлдвэр бригадад норомчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.МАРИНА