| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0047/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/55 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Батчимэг
Улсын яллагч Г.Түвшинбаяр
Хохирогч Ё.Баярмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир
Шүүгдэгч Ч.Ш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Шт холбогдох эрүүгийн 1925006250495 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Ш
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ч.Шийг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн Залуус хороолол 23а-42 тоот өөрийн гэртээ Ё.Баярмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа биед нь халдаж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Шийн мэдүүлсэн “Баярмаа манайд 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1 цаг өнгөрч байхад ирсэн. Урьд нь ч олон удаа ирж байсан. Хүүхдүүд их айдаг болсон. Охины сургууль дээр хүртэл очсон байсан. Маш их сэтгэл санааны дарамт үзүүлж байгаа. Энэ өдөр гэрт орж ирээд хэрүүл өдсөн. Гар утсан дээрээ ээж аавын минь зургийг үзүүлсэн. Би бухимдаж гар гэж түлхсэн. Энгэрээс нь барьж сэгсэрч түлхсэн. Манай үүдэнд мөргөх шкаф байхгүй. Би цагдаа дуудах гэтэл Баярмаа би өөрөө дуудна гэсэн. Тэгээд тайвшираад суугаад цай ууж байхад ээж нь орж ирсэн. Цагдаа ч ирээгүй тэгээд гараад явсан. Би түүнийг зодоогүй. Хэрэв зодсон бол тэгэж гарч явах хүн биш. Намайг гүтгэж доромжилж байна. Энэ хэргээс хурдан салгаж өгнө үү ” гэх мэдүүлэг,
-хохирогч Ё.Баярмаагийн мэдүүлсэн “8 дугаар сарын 31-нд эдний нөхөрт л өгсөн мөнгөө авахаар гэрт нь очсон. Олон удаа нэхэж байсан. Эхнэр Шүрэнцэцэг нь мэдэхгүй гэдэг. Тэр өдөр нөхөр нь байхгүй байсан. Нөхөр чинь хаана байна гээд маргасан. Би утсан дээрээсээ ээжийнх нь зургийг үзүүлсэн чинь хашгирч заамдаж авсан. Энгэрээс барьж сэгсэрч хана тумбочик хоёрыг хавсарсан. Намайг янз бүрээр доромжилсон. Подволкнаас барьж сэгсэрсэн. Би их биеэрээ ар нуруугаараа хана мөргөсөн. Цагдаа дуудсан, ирээгүй. Тэгээд тайвшираад цай ууж байхад ээж орж ирсэн. Гомдолтой гэх мэдүүлэг ,
-Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Ё.Баярмаагийн... “2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн орчим Үржинбаатарт өгсөн мөнгөө авахаар гэрт нь очиход эхнэр Шүрэнцэцэг нь хаалгаа тайлж өгөөд би гэрт нь орсон. Шүрэнцэцэг над руу уурлаж, дайрч давшилж, миний өмсөж явсан подволк, хувцаснаас татаад нааш цааш сэгсэрч, утсаа над руу шидэхэд гарын хурууг оносон. ..Шүрэнцэцэг 2 гараараа миний энгэрээс заамдаад сэгсэрсэн. Би биеээрээ хана болон үүдэнд байсан шүүгээг мөргөсөн. 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш байнга гэртээ хэвтсэн. 09 дүгээр сарын 01-ний өдөр амралтын өдөр байсан тул 09 дүгээр сарын 02-ны өдөр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн эмчид үзүүлээд эмчийн зөвлөгөөний дагуу тархины гавал ясны рентген зураг авахуулсан. 09 дүгээр сарын 01-ний өдөр миний толгой өвдөөд, дотор муухайраад, гүйлгэж бөөлжөөд, даралт ихсээд байхаар нь ээж Авирмэдийг дуудсан. Би өөрөөсөө зардлаа гаргаж тархины даралт хаван буулгах дусалболон зүрхний эмнүүдийг тогтмол хэрэглэж байна. Гарсан зардлаа нэхэмжилнэ.”... гэх мэдүүлэг /хх-ийн 8-14-р хуудас/,
-Насанд хүрээгүй гэрч Ү.Гангамөрөнгийн ...”Манай ээж Шүрэнцэцэг Баярмааг биеэрээ биеийг нь түлхэж байсан. Тийм хүчтэй ч биш тийм сул ч биш...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
-Гэрч Н.Анхзаяагийн ...”2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр авахуулсан рентген зурагт Ё.Баярмаагийн гавлын ясанд илэрхий хугарал болон бүтцийн өөрчлөлт харагдахгүй байна. Тархины судасны зураглал тархмал оношлогдсон байна. Нүүрний жижиг яс болон гавлын цуурал оношлогдохгүй өнгөрөх тохиолдол байдаг учир гэмтлийн эмчид үзүүлэн цаашид компьютер томографикийн шинжилгээ өгөхийг зөвлөж явуулсан”...Тархины судасны зураглал тодорсон байна.Энэ нь дан ганц гэмтлийн шинжтэй өөрчлөлт биш... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/
-Гэрч Д.Хэнчбишийн... “Ё.Баярмаа нь 2019 оын 09 дүгээр сарын 04-нд хүнд зодуулсан хүзүү хөшиж, толгой өвдөнө гэсэн зовиуртай ирсэн. Рентген зургийг уншуулсан байсан. Үзлэгт судасны зураглал чамархай хэсэгт өргөссөн гэсэн бичиглэлтэй, үзлэгт хүүхэн хараа 2 талд жижиг, нүдний алим чичигнэсэн, хүзүүний булчин хөшилтгүй, үе мөчний хөдөлгөөн чөлөөтэй гээд дээрх үндэслэлээр тархины доргилттой гээд эмэн эмчилгээ бичиж өгсөн”...гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/
-Гэрч Д.Авирмэдийн...”Тэгээд би Баярмаагийн араас Үржинбаатарын гэрт яваад ортол Баярмаа Үржинбаатарын эхнэр хоёр хоорондоо маргалдсан бололтой уур амьсгал нь тааруу санагдсан. Би юу болов яасан удаан ярилцдаг юм бэ, явах болж байна уу гээд Баярмаа руу хартал Баярмаагийн өмссөн байсан цагаан өнгийн цамцны баруун мөр нь урагдсан байсан. Тэгээд би тэр хоёрыг хоорондоо ноцолдсон юм байна даа гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 586 дугаартай ... “Ё.Баярмаагийн биед тархи доргилт, зүүн шилбэнд зөөлөн эдэд цус хуралт, баруун гарын сарвуу, бугуйнд 2 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо. Шалбархай нь үзүүр имрэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Шинэ гэмтэл болно. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмлтйин зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/
-Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн “тархи доргилт нь эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах шинжээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагддаг. Ё.Баярмаагийн 2019 оны 09 сарын 02-ны өдрийн гавлын ясны 2 байрлалын рентген зураг, амбулторын картанд бичигдсэн гэмтлийн эмчийн үзлэг зэрэг эмнэлгийн бичиг баримтыг, мөн өөрийн үзлэгийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Дээрх гэмтэл нь хохирогчийг хувцаснаас нь заамдаж зуураад сэгсрэх үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь 2019 оны 08 сарын 31-ний өдөр үүссэн байж болно. 2019 оны 09 сарын 02-ны өдрийн гавлын ясны рентген зургаар илрэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/,
-Хохирогч Ё.Баярмаагийн амбулторын картнаас хуулбарлаж авсан хуулбар /хх-ийн 46-47-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1388 дугаартай Ё.Баярмаагийн биед тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт, баруун гарын сарвуу, бугуйд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь заамдуулж сэгсрүүлэх болон биеэрээ хана, шүүгээ мөргөх үед үүсэхгүй. Дээрхи гэмтэл нь тус бүрдээ тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн шилбэний цус хуралт, баруун гарын сарвуу, бугуйны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2019.09.02-ны өдөр, 10.25-ны өдрийн гавлын ясны 2 байрлалын рентген зургаар: гавал яс, хамар ясанд гэмтэлгүй, таславч муруйлтгүй, тархины судасны зураглал чамархай, зулай хэсгээр тодорсон /хуруу дардасны шинж/, 2019.10.25-ны зурагт судасны зураглал бүдгэрсэн байна. Орхон аймгийн ШША-ны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн гаргасан 586 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 68-69-р хуудас/
-Шинжээч эмч Ц.Ганболдын....”Би биеээрээ гэснийг хохирогч хана шүүгээ мөргөхдөө толгойгоороо цохиогүй, зөвхөн биеийн мөр хүзүү зэрэг хэсгээр хана шүүгээ мөргөх үед тархи доргихгүй, харин бүхэл биеэрээ дотор толгой хэсэг орсон тохиолдолд тархи доргилт үүсэх учиртай ...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.
2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн орчим, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн Залуус хороолол 23а-42 тоот Ч.Шийн гэрт Ё.Баярмаа очиж нөхөртэй нь холбогдуулан хувийн шинжтэй маргаан үүсгэж улмаар Ч.Ш нь Ё.Баярмаагийн цамцны энгэрээс нь заамдаж сэгсэрч “гар” гэж биеэрээ түлхсэн. Ё.Баярмаа нь 9 дүгээр сарын 02-ны өдөр гавал ясны рентген зураг авахуулж гэмтлийн эмчид үзүүлсэн ба шинжээчийн дүгнэлтээр “тархины доргилт” гэж оношилсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэв.
Гэрч Н.Анхзаяагийн ...”2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр авахуулсан рентген зурагт Ё.Баярмаагийн гавлын ясанд илэрхий хугарал болон бүтцийн өөрчлөлт харагдахгүй байна...Тархины судасны зураглал тодорсон байна. Энэ нь дан ганц гэмтлийн шинжтэй өөрчлөлт биш... гэх мэдүүлэг, гэрч Д.Хэнчбишийн... “Ё.Баярмаа нь 2019 оын 09 дүгээр сарын 04-нд хүнд зодуулсан хүзүү хөшиж, толгой өвдөнө гэсэн зовиуртай ирсэн. Рентген зургийг уншуулсан байсан. Үзлэгт судасны зураглал чамархай хэсэгт өргөссөн гэсэн бичиглэлтэй, үзлэгт хүүхэн хараа 2 талд жижиг, нүдний алим чичигнэсэн, хүзүүний булчин хөшилтгүй, үе мөчний хөдөлгөөн чөлөөтэй гээд дээрх үндэслэлээр тархины доргилттой гээд эмэн эмчилгээ бичиж өгсөн”...гэсэн мэдүүлэг, шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн ... Ё.Баярмаагийн 2019 оны 09 сарын 02-ны өдрийн гавлын ясны 2 байрлалын рентген зураг, амбулторын картанд бичигдсэн гэмтлийн эмчийн үзлэг зэрэг эмнэлгийн бичиг баримтыг, мөн өөрийн үзлэгийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Дээрх гэмтэл нь хохирогчийг хувцаснаас нь заамдаж зуураад сэгсрэх үед үүсэх боломжтой...гэх мэдүүлэг, шинжээч эмч Ц.Ганболдын....”Би биеээрээ гэснийг хохирогч хана шүүгээ мөргөхдөө толгойгоороо цохиогүй, зөвхөн биеийн мөр хүзүү зэрэг хэсгээр хана шүүгээ мөргөх үед тархи доргихгүй, харин бүхэл биеэрээ дотор толгой хэсэг орсон тохиолдолд тархи доргилт үүсэх учиртай ...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1388 дугаартай, Ё.Баярмаагийн биед тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт, баруун гарын сарвуу, бугуйд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь заамдуулж сэгсрүүлэх болон биеэрээ хана, шүүгээ мөргөх үед үүсэхгүй...”гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Ч.Баярмаагийн биед Ч.Шийн үйлдлийн улмаас тархи доргилт үүссэн эсэх нь бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй байна гэж дүгнэв.
Шинжээчийн 586 дугаартай дүгнэлт,мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1388 дугаартай дүгнэлт нь Ё.Баярмаагийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр авахуулсан рентген зураг болон гэмтлийн эмчийн оношид үндэслэжээ. Рентген зургийг авсан эмч Н.Анхзаяа мэдүүлэхдээ “тархины судасны зураглал тодорсон байна. Энэ нь дан ганц гэмтлийн шинжтэй өөрчлөлт биш” гэж мэдүүлсэн ба гэмтлийн эмчийн үзлэгт рентген зургийн “судасны зураглал чамархай хэсэгт өргөссөн” гэх хариуг үндэслэн тархи доргилт гэж оношилсон талаар гэрч Д.Хэнч биш мэдүүлсэн байна. Тархины зургаар оношлогдсон тархины судасны зураглал тодорсон байдал нь дан ганц гэмтлийн шалтгаангүй болохыг гэрч Н.Анхзаяа мэдүүлсний зэрэгцээ, Ч.Шийн “заамдаж сэгсэрсэн,биеэрээ түлхсэн” үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх нь эргэлзээтэй байна. Ё.Баярмааг заамдаж сэгсэрч түлхэхэд ямар нэгэн шкаф шүүгээг болон ханыг толгойгоороо мөргөөгүй,тийм хэмжээтэй шүүгээ шкаф байгаагүй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Мөн, шинжээч эмч Ж.Гэрэлмаа ... Дээрх гэмтэл нь хохирогчийг хувцаснаас нь заамдаж зуураад сэгсрэх үед үүсэх боломжтой ...гэж, шинжээч эмч Ц.Ганболд.... хохирогч хана шүүгээ мөргөхдөө толгойгоороо цохиогүй, зөвхөн биеийн мөр хүзүү зэрэг хэсгээр хана шүүгээ мөргөх үед тархи доргихгүй, харин бүхэл биеэрээ дотор толгой хэсэг орсон тохиолдолд тархи доргилт үүсэх учиртай ...” гэж, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1388 дугаартай дүгнэлтэд ... Тархи доргилт гэмтэл нь заамдуулж сэгсрүүлэх болон биеэрээ хана, шүүгээ мөргөх үед үүсэхгүй...гэж зөрүүтэй мэдүүлж, дүгнэсэн байна. Хэргийн 46-47-р хуудаст байгаа хохирогчийн амбулаторийн картанд “х/х 2 талд жигд...” гэж бичигдсэн байхад гэрч Д.Хэнчбишийн мэдүүлэг “...үзлэгт хүүхэн хараа 2 талд жижиг...”гэж бичсэн нь ойлгомжгүй байна.Түүнчлэн Ё.Баярмаа нь 103-ын яаралтай тусламж дуудаж үзүүлсэн гэж мэдүүлсэн байх боловч баримтаар тогтоогдоогүй.
Дүгнэвэл, Ч.Баярмаагийн биед илэрсэн тархины судасны зураглал тодорсон байдал нь Ч.Шийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь яллах дүгнэлтэд үндэслэсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй, баримтууд эргэлзээтэй зөрүүтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ч.Ш нь Ё.Баярмаагийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Шүрэнцэцэг нь заамдаж сэгсэрсэн байдаг. Подволк нь урагдсан. Шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээгүй. Иймд Ч.Шийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир шүүх хуралдаанд: Шүрэнцэцэгийг гэм буруугүй гэж үздэг. Санаатай хөнгөн гэмтэл учруулаагүй. Тархи доргих хэмжээний үйлдэл хийгээгүй. Маргасан. Хохирогч худал мэдүүлсэн. 103 болон цагдаад дуудлага өгсөн гэж мэдүүлсэн боловч энэ нь нотлогдоогүй. Хэргийг шалгахдаа нэг талыг барьсан. Нотолгоо хангалтгүй эргэлзээтэй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж мэтгэлцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн,яллагдагч,шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Ч.Шт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Хэргийн бодит байдал эргэлзээгүй тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, шүүхийн шатанд хэрэгт хавсаргасан дуу бичлэгийн хуурцаг 1ширхэг, 2ш рентген зургийг хэрэгт хавсарган үлдээхээр заалаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ч.Ш-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар Ч.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай
3. Шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүйг дурьдаж, шүүхийн шатанд хэрэгт хавсаргасан дуу бичлэгийн хуурцаг 1ширхэг, 2ш рентген зургийг хэрэгт хэрэгт хавсарган үлдээсүгэй.
4. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ