Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 123

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 06-05 тоотод оршин суух, ПЙ56091176 регистрийн дугаартай, Хүүхэн хутагт овогт Цэвээний Эрхэмбаярын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Эрхэмбаяр, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Эрхэмбаяр нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд 1973-1976 онд мал маллаж байгаад 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Улмаар цэргийн албанаас халагдаж ирээд 1979 оны 07 дугаар сараас эхлэн Туяа нэгдлийн үйлдвэр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Иймд миний 1973 оноос 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн үйлдвэр бригадын тэжээлийн үйлдвэрт ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Эрхэмбаяр нь 1973 оноос 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн үйлдвэр бригадын тэжээлийн үйлдвэрт ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ц.Эрхэмбаярын 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн эрхэлсэн ажлын талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ц.Эрхэмбаярын 001257 дугаартай 1973 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ц.Эрхэмбаярын 1981 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нээлгэсэн эрхэлсэн ажил, ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаар лавлагаа,

-Ховд аймгийн Мөст сумын 3-р бригадын 1973-1976, 5 дугаар бригадын 1984-1985, 1987, 1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,

-Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 186 дугаартай архивын лавлагаа,

-Ш.Пүрэвдоржийн “Ц.Эрхэмбаяр бид хоёр 1966 онд Мөст сумын 8 жилийн дунд сургуульд хамт сурч байсан. 1973 онд илгээлтээр мал дээр гарч байсан. Тэгээд хамт цэрэгт яваад 1976 онд хамт халагдсан. Бид цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн үйлдвэр бригадад 1979-1995 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-С.Гантулгын “Ц.Эрхэмбаяр бид хоёр 1979 оноос хойш Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн хадлан тэжээлийн бригадад би хэсгийн ахлагчаар, Ц.Эрхэмбаяр ажилтнаар 1995 он хүртэл ажилласан нь үнэн” гэх  нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг баримт авагдсан байна.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ц.Эрхэмбаярыг 1973 оноос 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн үйлдвэр бригадын тэжээлийн үйлдвэрт ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хүүхэн хутагт овогт Цэвээний Эрхэмбаярыг 1973 оноос 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн үйлдвэр бригадын тэжээлийн үйлдвэрт ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.МАРИНА