| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0046/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/51 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Батчимэг
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тт холбогдох эрүүгийн 1925008380508 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Т
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Тыг 2019 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн арын Бурхантай ууланд аргамжаатай байсан иргэн Б.Баярсайханы 4 тооны адууг хулгайлж 9,100,000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг, -Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Баярсайханы... “.2019 оны 11 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн үед 4 тооны адуугаа аргамжаад дунд нь өвс тавьж өгчихөөд харьсан юм. Уг адуунуудыг манай ах болох Ганбат харж байсан ба тухайн үед Хөвсгөл аймаг руу 2019 оны 11 сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл ажлаар явчихсан байсан юм. Тэгээд би маргааш өдрийн 12 цаг 30 минутын үед 4 тооны адуугаа алга болсон гэдгийг мэдсэн. Манай ахын эхнэр Оюунцэцэг цайны цагаараа гэртээ очоод адуунуудыг алга болсон гэдгийг мэдээд надад утсаар хэлсэн юм. Тэгээд энэ талаараа би цагдаад дуудлага өгсөн юм. ...Тухайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө хонгор халзан, өсгий цагаан хүрэн халзан, бор, хээр зүсмийн 4 тооны адуу хулгайд алдагдсан юм....Би хулгайд алдагдсан 4 тооны хонгор халзан, өсгий цагаан хүрэн халзан, бор, хээр зүсмийн адуунуудаа 2019 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд хороололд Т гэх залуугийн хашчихсан байсан байшингаас авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/
-Гэрч Ш.Ганбатын ...” уг 4 тооны адууг надаар тэжээлгэж, хараа хяналттай байлгах гэж манай гадаа авчирсан юм. Эхнэр бид хоёроос өөр адуунуудыг манаад байхаар бололцоотой хүн байхгүй учраас л авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/ -Гэрч А.Оюунцэцэгийн ...”Би 2019 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөне Бурхан багшийн их шүтээн цогцолборын хажууд байх өөрийн гэртээ байж байсан. Тэр өдөр манай нөхөр Ганбат Хөвсгөл аймаг руу ажлаар явсан учраас хүүхдүүдтэйгээ хамт хоносон юм. Орой 22 цагийн үед унтсан Манай дүү Болдоо гэх залуу 5 тооны адууг Орхон аймагт заруулахаар наашаа явуулаад манай Баярсайхан гэх дүү маань манай гадаа 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр авчирсан юм.... Би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 07 цаг 40 минутад ажилдаа яваад өдөр 12 цагийн үед ирээд 4 тооны адуугаа хартал адуунууд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
-“Далайван Аудит” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02/02-175 дугаартай ... “Гурван тооны хязаалан үрээ 6,000,000 төгрөг, соёолон үрээ 2,500,000 төгрөг нийт 9,100,000 төгрөг.” гэх дүгнэлт /хх-ийн 21-26-р хуудас/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /ххийн 4-6-р хуудас/ -Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 41-44-р хуудас/
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 84-р хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов. Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн арын Бурхантай ууланд аргамжаатай байсан иргэн Б.Баярсайханы эзэмшлийн 9,100,000 төгрөгний үнэ бүхий хурдан угшлын халиун зүсмийн хязаалан үрээ, хонгор халзан зүсмийн соёолон үрээ, хүрэн халзан зүсмийн хязаалан үрээ, хээр зүсмийн хязаалан үрээ, нийт 4 тооны адууг нууцаар, зөвшөөрөлгүй авч явж Их залуу багийн 2а-8 тоот хашаанд хашсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Б.Тын, бусдын 4 тооны адууг нууцаар зөвшөөрөлгүй авч явсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, зориуд хүсэж үйлдсэн санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 9,100,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
-Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай “магадлуулагч Б.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл. Өөрийн хийж буй үйлдлээ зөв ойлгож удирдан жолоодох чадвартай. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх эрүүгийн хариуцага хүлээх чадвартай” гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/ хэрэгт авагдсан байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: шүүгдэгч Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн арын Бурхантай ууланд аргамжаатай байсан иргэн Б.Баярсайханы 4 тооны адууг хулгайлж 9.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.
Иймд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оногдуулах саналтай байна гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөр барагдсан. 1-10 насны 4 хүүхэдтэй. Өөр ажил хийдэг хүнгүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж тэнсэнэ үү гэж мэтгэлцжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол арилсан байдал, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Баярсайханд учирсан хохирлыг биет байдлаар нь буцаан өгсөн. Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ж овогт Б.Тыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт тэнсэнгийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ