Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/101

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Р.Батжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, Р.Цэрэнханд

Шүүгдэгч У.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Оөд холбогдох эрүүгийн 1925000360072 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У.О

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч У.Оийг 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 33-01 тоотод хамтран амьдрагч Ж.Баярхүүгийн нуруун тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Оийн мэдүүлсэн “Хамтран амьдрагч Ж.Баярхүү маш их архи уудаг, эвгүй араншинтай. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр архи уусан байсан. Хардалтаас уурлаж дайрч цохиж зодсон. Яг яагаад энэ хүнийг хутгаар хатгах болсноо би мэддэггүй. Маш их харамсаж байна. Урьд нь энэ хүн намайг зодож байсан, хавирга хугалж байсан. Би өндөр настай эцэг, байнгын асаргаанд байдаг өвчтэй хүүхэд, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг. Баярхүүтэй амьдрах болсноос хойш гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн. Маш их дарамт стресстэй байх болсон. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 7-10-р хуудас/

-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 12-15-р хуудас/

- Хохирогч Ж.Баярхүүгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...“Би 2019 оны 01 сарын 02-ны өдөр хамтран амьдрагч Оюунтөгсийнд байж байгаад өдөр 13 цагийн үед город орж найз Батаатай уулзаж 4-5 хүн нийлж 2 шил архи уусан. Ингээд оройхон Оюунтөгсийнд очтол хамаатных нь хоёр залуу, Оюунтөгс, аавтайгаа дөрөвүүлээ байсан. Ингээд намайг очсоны дараа Оюунтөгсийн хамаатны 2 залуу гараад явсан.Гэтэл Оюунтөгс рүү эрэгтэй хүн залгаад яриад байхаар нь Оюунтөгсийг хардаж бага зэрэг уурлаад утсыг нь аваад ярьтал эрэгтэй хүн миний өмнөөс янз бүрийн юм яриад байхаар нь Оюунтөгсөд утсыг нь өгөөд наад залуугийнхаа учрыг олоорой гээд Оюунтөгстэй маргалдаж байгаад явах гээд гутлаа өмсөөд сууж байтал Оюунтөгс араас юмаар дүрэх шиг болохоор нь эргээд хартал Оюунтөгс бор иштэй хутга барьчихсан зогсож байсан. Би босох гэтэл хоёр хөл мэдээгүй болоод газар унасан. Тухайн үед би Оюунтөгстэй маргалдаж муудалцаж цохиж зодсон зүйл байхгүй. Бид хоёр хэрэлдэж байгаад л хувцасаа өмсөөд явах гэтэл араас хутгалсан.Миний бөгсөн биенээс доош мэдээгүй болсон...гэх мэдүүлэг. /хх-ийн 18-22-р хуудас/

-Гэрч Ц.Уртнасангийн ...Манай охин Оюунтөгс Баярхүү гэх залуутай хамтран амьдраад 1 жил гаран болж байна. 2019 оны 01 сарын 01-ны өдөр Оюунтөгс, Баярхүү хоёр төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж айлд оччихоод бага зэрэг согтуу ирсэн. 2019 оны 01 сарын 02-ны өдөр Баярхүү сим картаа сэргээнэ гээд гарсан ба оройхон согтуу орж ирээд Оюунтөгсөөс архи нэхээд байхаар нь манай охин Оюунтөгс дэлгүүрээс нэг шил архи авч өгсөн. Би тухайн үед орон дээр хэвтэж байгаад унтчихсан байсан. Би юм дуугараад пижигнээд байхаар нь сэртэл Баярхүү согтуу Оюунтөгсөд агсам тавиад цохиж зодоод танай гэрийг чинь түвээнэ гээд хашгираад байсан. Тэгэхээр нь би Баярхүү, Оюунтөгс хоёрыг боль гэтэл Баярхүү Оюунтөгсийн толгой болон хэвлий рүү цохиод байсан. Улмаар Баярхүү Оюунтөгсийг цохихоо болиод зуухны хажууд зогсож байсан. Би тухайн үед зурагт үзээд сууж байтал хөөе өвөө гээд Баярхүү намайг дуудахаар нь эргээд хартал Оюунтөгс намайг хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр би босоод очтол Баярхүүгийн нуруунаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-р хуудас/

  • Насанд хүрээгүй гэрч О.Маралын ...“Манай ээж Баярхүү гэх ахтай хамтран амьдраад 2 жил орчим болж байгаа. Баярхүү ах 2019 оны 01 сарын 02-ны өдөр найзуудтайгаа уулзах гээд гэрээс гарсан юм. Ингээд орой 20 цагийн үед согтуу гэрт ирсэн. Өдөр нь ээжийн утас руу танихгүй эрэгтэй хүн залгаад байсан ба Баярхүү ах орой ирчихээд ээжийн утсыг аваад ээж рүү залгасан хүний дугаарыг олоод тэр хүнтэй хэрэлдээд байсан. Ингээд Баярхүү ах ээж рүү уурлаад чи янхан юм байна гээд ээжтэй маргалдаад байсан. Мөн энэ үед Баярхүү ах ээжийн толгой руу болон бие рүү нь өшиглөж цохиод гар утсыг нь авч шидээд байсан. Гэтэл ээж хоол хийж байтал Баярхүү ах ээжийн араас нь өшиглөөд үснээс нь татаж зулгаагаад байсан. Би энэ үед нь айгаад уйлаад зогсож байтал Баярхүү ах ёо ёо чи намайг хутгалчихлаа шүү дээ гээд ээжид хандаж хэлсэн. Би айгаад тэр хоёр дээр очиж чадаагүй юм. Удалгүй цагдаа ирээд ээжийг аваад явсан. Араас нь эмнэлгийн машин ирээд Баярхүү ахыг аваад явсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28,175-р хуудас/
  • Гэрч Б.Даариймаагийн ...“Тухайн үед Эрүүлжүүлэх байрны согтуурлын зэрэг шалгадаг драйгер эвдэрсэн байсан. Иймд Оюунтөгсөд драйгер үлээлгээгүй. Оюунтөгс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан. Намайг Оюунтөгсийн биед үзлэг хийхэд амнаас нь архи үнэртэж байсан тул эрүүлжүүлэх байранд хүлээн авсан. Согтолтын дунд зэрэг гэдэг нь багажаар үлээлгэхэд 0,60- 0,90 хувийн согтолттой байх ба асуусан асуултанд хариулна, орчиндоо харьцаатай, мөн гаргасан зөрчлөө зөвшөөрөхгүй өөрийгээ өмөөрсөн. Би бага зэрэг уусан эрүүл байна гэж хэлсэн. Оюунтөгсөд дээрх шинж тэмдэгүүд илэрсэн тул согтолтын дунд зэрэг гэж тэмдэглэсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Ганцэнгэлийн 2019 оны 01 сарын 11-ний өдрийн 983 дугаартай ...“Ж.Баярхүүгийн биед сээрний 12 бүсэлхийн 1-р нугалмын түвшинд арын сэртэнгийн дундуур хатгагдаж зүсэгдсэн шарх, нугасны няцрал, доод мөчдийн саа саажил гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалгаална”... гэсэн дүгнэлт. /хх-ийн 34-35-р хуудас/

-Шинжээч Ж.Ганцэнгэлийн ...“Магадлуулагч архаг хууч өвчтэй байгаагүй. Ар нуруунд хутгалагдсан шархнаас болж нугас гэмтээд нугас гэмтсэний улмаас доод мөчдийн саажилт үүссэн. Эдгээр гэмтлүүд нь тус тусдаа гэмтлүүд биш нэг гэмтлийн хүндрэлүүд юм, гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Саа саажилт нь шинэ гэмтэл нугас гэмтсэний улмаас үүссэн болно”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38-39-р хуудас/

-Хохирогч Ж.Баярхүүгийн эмнэлэгт хэвтэн эмчүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 57-80-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч У.О нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн оройн 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 33-1 тоотод гэртээ байхад нь хамтран амьдрагч Ж.Баярхүү бусадтай хардаж хувийн шинжтэй маргаан үүсгэж, цохиж зодсоны дараа, түүний араас нуруун тус газарт нь хутгаар хатгаж биед нь сээрний 12 бүсэлхийн 1-р нугалмын түвшинд арын сэртэнгийн дундуур хатгагдаж зүсэгдсэн шарх, нугасны няцрал, доод мөчдийн саа саажил бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг,эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн , дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогчийн... Оюунтөгстэй маргалдаж байгаад явах гээд гутлаа өмсөөд сууж байтал Оюунтөгс араас юмаар дүрэх шиг болохоор нь эргээд хартал Оюунтөгс бор иштэй хутга барьчихсан зогсож байсан. Би босох гэтэл хоёр хөл мэдээгүй болоод газар унасан...гэх мэдүүлэг, гэрч Ц.Уртнасангийн ...Улмаар Баярхүү Оюунтөгсийг цохихоо болиод зуухны хажууд зогсож байсан. Би тухайн үед зурагт үзээд сууж байтал хөөе өвөө гээд Баярхүү намайг дуудахаар нь эргээд хартал Оюунтөгс намайг хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр би босоод очтол Баярхүүгийн нуруунаас нь цус гарч байсан...гэх мэдүүлэг, насанд хүрээгүйгэрч О.Маралын ...Гэтэл ээж хоол хийж байтал Баярхүү ах ээжийн араас нь өшиглөөд үснээс нь татаж зулгаагаад байсан. Би энэ үед нь айгаад уйлаад зогсож байтал Баярхүү ах “ёо ёо чи намайг хутгалчихлаа шүү дээ” гээд ээжид хандаж хэлсэн...гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 сарын 11-ний өдрийн 983 дугаартай ...“Ж.Баярхүүгийн биед сээрний 12 бүсэлхийн 1-р нугалмын түвшинд арын сэртэнгийн дундуур хатгагдаж зүсэгдсэн шарх, нугасны няцрал, доод мөчдийн саа саажил гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Ж.Оюунтөгсийн үйлдэл бүрэн тогтоогдсон байна.

Шүүгдэгч У.Оийн бусдын биед санаатай халдаж хүнд гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч У.О нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 33-1 тоотод хамтран амьдрагч Ж.Баярхүүгийн нуруун тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн ч шүүгдэгчийн хэлж байгаа шиг У.О нь сэтгэл санааны хүчтэй цочролд орж, түүний сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байдал тогтоогдохгүй байна. Хохирогчийг гутлаа өмсөх гээд сууж байхад нь араас нь хутгалсан байгаа нь хохирогчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд У.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Гэм буруугийн тухайд маргахгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг анхаарна уу. Гэр бүлийн хүчирхийлэл нөлөөлсөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулна уу гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир дүгнэлтдээ “Шүүгдэгч У.О нь гэм буруугаа хүлээж байгаа. Өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлийн талаар санал гаргана. Өмгөөлөгчийн хувьд энэ хэрэгт шүүгдэгчийн үйлдэлд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан шинж байна гэж үзэж байна. Өөрөө хүчирхийлэлд өртөж доромжлогдон дарамтлагдсан байдаг. Энэ үед гэнэт үүссэн санаагаар үйлдсэн. Оюунтөгс согтуу байсан гэдэг нь тодорхойгүй, согтолтын зэргийг тогтоосон зүйл байхгүй. У.Оийг “би бага зэрэг уусан юм гэхэд нь дунд зэргийн согтолтын зэрэгтэй гэж дүгнэлт гаргасан” гэж Даариймаа гэрчийн мэдүүлэгт дурьдсан байдаг. Тиймээс эдгээр нөхцөл байдлыг анхаарна уу. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэж тус тус мэтгэлцжээ.

 Хохирогчийн “...Оюунтөгстэй маргалдаж байгаад явах гээд гутлаа өмсөөд сууж байтал Оюунтөгс араас юмаар дүрэх шиг болохоор нь эргээд хартал Оюунтөгс бор иштэй хутга барьчихсан зогсож байсан...”гэх мэдүүлэг, гэрч Ц.Уртнасангийн ...Улмаар Баярхүү Оюунтөгсийг цохихоо болиод зуухны хажууд зогсож байсан. Би тухайн үед зурагт үзээд сууж байтал хөөе өвөө гээд Баярхүү намайг дуудахаар нь эргээд хартал Оюунтөгс намайг хутгалчихлаа гэсэн...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар маргаан дууссаны дараа хохирогчийг араас нь хутгаар хатгасан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүйлчлэлийг өөрчлөх саналыг үндэслэлгүй гэж үзлээ.

Хэргийн 51 дүгээр хуудаст байгаа шүүгдэгч Ц.Оюунтөгсийн сэтгэцэд шинжилгээ хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай дүгнэлтээр “У.О нь хэрэг болохоос өмнө сэтгэцийн хувьд эрүүл, одоо сэтгэцийн хувьд стрессийн дараахь сэтгэл түгших эмгэг, хөнгөн сэтгэл гутралтай байна...хэрэг үйлдэх үедээ согтолттой байсан учраас одоогийн үзлэгээр тухайн үеийн сэтгэл санаа хүчтэй давчидсан байдлыг тогтоох боломжгүй...”гэж дүгнэсэн байх бөгөөд зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.Оюунтөгсийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч У.Оийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.               

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч мөрдөн байцаалтын үеэс хохирогчийг хутгаар хатгасан үйлдлээ хүлээж мэдүүлсэн ба харин сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэснийг “гэм буруугаа хүлээгээгүй” гэж дүгнэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Зүйлчлэлийг зөвшөөрөхгүй маргаантай байх нь хүний эрхийн болоод эрх зүйн асуудал тул энэ байдлаар нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх үндэслэлгүй юм. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд, хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлгүй, ямар нэг хохирол, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй,шүүгдэгч төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт У.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Оийг 3 /гурав/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Оөд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Оөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

  6. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Оийн асрамжинд байсан 16 настай,хөгжлийн бэрхшээлтэй О.Буяннэмэх, 10 настай О.Марал нарт асран хамгаалагч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Д.АРИУНЦЭЦЭГ

                                                                   ШҮҮГЧ                      Ц.АЛТАНГАДАС

                                                                   ШҮҮГЧ                      Ж.БАЙГАЛМАА