Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Г.Түвшинбаяр

Хохирогч С.Дэлгэрмаа

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул

Шүүгдэгч Д.Э, Б.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1925006100395 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бичээч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум, Баянцагаан багийн Өнөр хотхоны 101-23 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Гарьд овогт Доржжагдагийн Эрдэнэчимэг /регистрийн дугаар ФБ 62111822/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Автомастер” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Орхон аймаг БаянӨндөр сум, Уурхайчин багийн 3-23-124 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ямаат овогт Балжиннямын Туул /регистрийн дугаар ФБ82062021/

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Эрдэнчимэг, Б.Т нарыг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-21 дүгээр байрны 2 дугаар орцны гадна С.Дэлгэрмааг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эийн мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Б.Тын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг, -хохирогч С.Дэлгэрмаагийн мэдүүлсэн “ 2019 оны 8 дугаар сарын 27-нд 16 цаг 30 минутын үед Туул утасдсан, уулзая гэсэн. Намайг ирэхэд ээж нь, дүү Энхчимэг нар нь ирсэн байсан. Аавын хаалгыг өшиглөж байсан. Би гаръя, настай хүн 2 хүүхэд байгаа гэж гуйсан. Гадаа гараад би “та охидуудаа яаж хүмүүжүүлсэн юм” гэж хэлэхэд Эрдэнэчимэг нь намайг 2 хацар руу алгадсан, үсдсэн. Гэтэл Туул нь ирж үсдэж газар унагасан, өшиглөсөн. Би 10 дугаар сарын 20-нд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. 400,000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс Туул 200,000 төгрөг төлсөн. Одоо 200,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

2 -Мөрдөн байцаалтад хохирогч С.Дэлгэрмаагийн мэдүүлсэн “...Тэгэхээр нь би гараад гадаа байж байгаад эргээд аавын орцны урд иртэл манай аавын хаалгыг нүдээд байсан Туул гэх эмэгтэйгийн ээжтэй / Эрдэнэчимэг/ нь таараад та энэ охидууддаа хэлээч айлын хаалга үүд эвдэх гээд байна.Та чинь охидуудаа яаж хүмүүжүүлсэн юм бэ гэтэл ээж нь буюу дараа нь нэрийг сонсоход Эрдэнэчимэг миний зүүн талын хацар луу нилээд хүчтэй алгадсан. Би та яаж байгаан гээд хацраа дараад явсан чинь Эрдэнэчимэг араас ирээд миний үснээс зулгаагаад баруун талын хацар луу алгадсан. Гэтэл хажуу талаас Туул гэх охин нь ирээд миний үснээс зулгаагаад хашлаганы хажуу талд унагаагаад цээж гуя руу өшиглөсөн. Дахиад намайг охин нь дэвсэх гэтэл ээж нь болиулсан. Би үснийхээ боолтыг аваад та нар яаж байгаа юм бэ гээд босоод иртэл ээж охин 2 нийлж байгаад дахиад миний үснээс зулгааж хацар луу алгадаж цээж рүү цохиод байсан. Гэтэл хажуу талаар хүүхдээ дагуулаад явж байсан эмэгтэй эрэгтэй хоёрыг хараад хүүе миний 2 дүү бичлэг хийгээрэй эсвэл цагдаа дуудаарай гэтэл Эрдэнэчимэг, Туул нар чи өөрөө бичлэгээ хий чи өөрөө цагдаа дууд гээд Туул нь дахиад миний үснээс зулгааж орц руу оруулж ээж нь намайг би охиноо дүү Батхишигтэй чинь суулгахгүй гээд намайг алгадсан. Ингээд нэг залуу орц руу орж ирэх үед ээж охин 2 намайг зодохоо болиод явсан.”....гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/ -Гэрч Б.Энхчимэгийн “...Тухайн үед Туул эгч уурлаад хаалгыг нь нэлээд хүчтэй цохиод байсан. Энэ үед ээж Батхишгийн ах руу залгаад Дэлгэрмаагийн утсыг нь олоод хүрээд ир гээд залгасан чинь Дэлгэрмаа гэх эмэгтэй орц руу орж ирээд наана чинь хүн байхгүй гээд байхаар нь Батхишиг гэрлүүгээ орсон гэтэл Дэлгэрмаа тэгвэл өөрсдөө учраа олохгүй юу гээд гараад явсан. Удалгүй Батхишгийн аав нь гэрээсээ гарч ирээд та нар яах гээд байгаан гээд Туул эгчийг заамдаад цохих гээд байхаар нь бид нар орж үзсэн чинь Батхишиг байхгүй байсан. Хүүхдүүдээс нь асуусан чинь цонхоор гараад явчихсан гээд байсан. Ингээд би байрыг нь тойрч үзчихээд хүрээд ирсэн чинь ээж эгч 2 явъя гэхээр нь би дагаад машинд нь суусан чинь ээж эгч хоёр Дэлгэрмаатай маргалдаж муудалцаад гэж ярьж байсан...”мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/ -Гэрч Ж.Санжаагийн...”Би тухайн өдөр гэртээ 2 хүүхэдтэй байж байтал хүмүүс хаалга цохиод хаалга руу өшиглөөд цаг орчим цохисон. Хоёр хүүхэд айгаад уйлаад байхаар нь би онгойлгож болохгүй байсан юм. Сүүлдээ хаалга эвдчих гээд хоёр эмэгтэй хүн орилоод байхаар нь хаалга онгойлготол Батхишигийн үерхдэг хүүхдийн ээж эгч нар болох 3 эмэгтэй орж ирээд Батхишигийг хайгаад гэрт орж ирж үзчихээд гараад явсан. Ингээд тэд нар гарсан ба хэсэг хугацааны дараа манай охин Дэлгэрмаа тэд нарт зодуулсан гээд үс нь сэгсийчихсэн орж ирсэн...” гэсэн мэдүүлэг 17-18-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 576 дугаартай ...С.Дэлгэрмаагийн биед тархи доргилт, баруун өвдгөн дор зулгаралт, зүүн хөл, баруун гарт зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн гарын 5-р хуруунд 1 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо. Шалбархай нь үзүүр ирмэгтэй, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтэл нь шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх- ийн 19-21-р хуудас/ -Шинжээч Ж.Гэрэлмаагийн “Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/ 3 -Хохирогч С.Дэлгэрмаагийн хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-ийн 191-198-р хуудас/ -Б.Тд холбогдох зөрчлийн материалын хуулбар /хх-ийн 200-243-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдов. Шүүгдэгч Д.Э, Б.Т нар 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг БаянӨндөр сум Уртбулаг багийн 5-21 дүгээр байрны 2 дугаар орцны гадна хувийн шинжтэй үл ойлгоцол маргааны улмаас С.Дэлгэрмааг алгадаж, үсдэж газар унаган зодож биед нь тархи доргилт, баруун өвдгөн дор зулгаралт, зүүн хөл, баруун гарт зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн гарын 5-р хуруунд 1 тооны шалбархай бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. С.Дэлгэрмаагийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь шинжээчийн 576 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгч Д.Э, Б.Т нар бүлэглэж бусдын биед гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй зориуд хүсэж үйлдсэн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Э, Б.Т нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.Эрдэнчимэг, Б.Т нар нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-21 дүгээр байрны 2 дугаар орцны гадна С.Дэлгэрмааг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Төлөөгүй хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул “Гэм буруугийн талаар маргахгүй. Хохирогчийн эмчилгээний зардалд 258,000 төгрөг төлсөн байгаа. Хэвтэн эмчлүүлэхэд гарсан ор хоногийн 400,000 төгрөгний талыг төлсөн. Эмнэлгийн өвчний түүхэнд гэмтэлтэй холбоотой онош тавигдаагүй бөөрний үрэвсэл, зүрх судасны өвчний онош бичигдсэн байгаа тул 200,000 төгрөг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэж, хохирогчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ “шүүгдэгч нар гэм буруутай. Эмчилгээний зардал 200,000 төгрөг гаргуулна уу” гэж тус тус мэтгэлцжээ. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч С.Дэлгэрмаа нь Тайхар эмнэлэгт 2019 оны 10 дугаар сарын 18-наас 27-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн зардал 400,000 төгрөгийг шүүгдэгч Д.Э, Б.Т нараас гаргуулахаар нэхэмжилснээс шүүгдэгч нар хохирогчид эмчилгээний зардал 200,000 төгрөг төлсөн байна. Мөн зөрчлийн хэрэгт Б.Т 4 нь хаалганы үнэ 320,000 төгрөг төлжээ. Хохирогч төлөөгүй үлдсэн төлбөр 200,000 төгрөг нэхэмжилж байна. Хэргийн 191-198 дугаар хуудаст авагдсан өвчний түүхэнд, хохирогчийн биед шүүгдэгч нарын үйлдлийн улмаас 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр учирсан тархи доргилт гэмтлийн шалтгаантай эмчлүүлсэн байдал бичигдээгүй, өөрөөр хэлбэл учирсан гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна. Иймд хохирогчийн нэхэмжилсэн 200,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. Шүүгдэгч нарын гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.Шүүгдэгч Г овогт Д.Э, Я овогт Б.Т нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Б.Т нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.Э, Б.Т нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 3 сарын хугацаанд, сард 166,666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Дэлгэрмаагийн 200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ