| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0049/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/64 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мт холбогдох эрүүгийн 1925007190533 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.М
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч А.Мыг 2019 оны 04 дүгээр сард Байгаль орчин аялал жуулчлалын сайдын аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, үйл ажиллагаа эрхлэх Б00004 дугаартай эрх олгосон тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Анх 2018 онд Бугатад байдаг чацарганыхаа талбайд хашааны шон хийх гээд баллон авах гээд УБҮ-т хандахад албан бичиг бичиж ир гэсэн. Тэгээд хөөцөлдсөн бүтээгүй. 2019 онд хөөцөлдөөд явж байхад нэг хүн тусгай зөвшөөрөл барьчихсан явахаар нь гуйж байгаад зургийг нь аваад албан өрөөндөө дуурайлган хэвлээд УБҮ-ийн Батмөнх захирал дээр авч орсон. Хоргүйжүүлж байгаад хашааны шон хийх зорилготой байсан. Ийм юм хийсэндээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,
-Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, үйл ажиллагаа эрхлэх Б 00004 дугаартай зөвшөөрлийн хуулбар /хх-ийн 6-р хуудас/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 9-11-р хуудас/
-Компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 12- 14-р хуудас/
-Гэрч П.Энхсэлэнгийн мэдүүлсэн ....Энэ асуудлыг би “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тусгай зөвшөөрлийг шалгуулахаар манайд ирүүлсэн албан бичиг ирсэн үеэс хамгийн анх мэдсэн юм. Тэгээд манай газар нь “Уран засал” ХХК-ийн Б00004 бүртгэлийн дугаартай тусгай зөвшөөрлийг улсын хог хаягдлын мэдээллийн сангаас шүүж шалгахад тус газарт олгосон гэх Б00004 бүртгэлийн дугаартай тусгай зөвшөөрөл нь мэдээллийн санд бүртгэлгүй байсан юм. Ингээд үзэхээр “Уран засал” ХХК-ийн Б00004 бүртгэлийн дугаартай тусгай зөвшөөрөл нь хуурамч байж болзошгүй байсан учраас манай газар Байгаль орчин аялал жуулчлалын яаманд албан ёсоор шалгуулахаар албан хүсэлтийг хүргүүлсэн. Мөн тус албан хүсэлтийн эх хувийг тус бүр ЦЕГ, МХЕГ- тус тус хүргүүлсэн. Тэгээд саяхан БОАЖ яамнаас 2019 оны 10 дугаар сард албан бичгийн хариу ирсэн. Уг хариу нь “Уран засал” ХХК-ийн Б00004 бүртгэлийн дугаартай тусгай зөвшөөрөл албан ёсоор олгогдоогүй болно гэсэн хариуг манай газарт ирүүлсэн. Тэгэхээр нь “Уран засал” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүргүүлсэн Б00004 бүртгэлийн дугаартай тусгай зөвшөөрөл нь хүчингүй хуурамч болж таарсан, тэгээд энэ нөхцөл байдлыг үнэн зөвийг шалгуулахаар холбогдох газруудад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
-Гэрч О.Эрдэнэтуяагийн мэдүүлсэн ... “Тэгээд уг бичиг нь дан ганц биш маш олон хуудастай бичиг ирсэн. Тухайн зөвшөөрөлтэй хамт ирсэн зарим нэг бичгийг дурьдвал жишээ нь Орхон аймгийн МХГ-ын даргын Жигдэнгомбо гэсэн нэртэй албан тоот мөн Онцгой байдлын гамшигаас хамгаалах газрын ахлах байцаагч Эрдэнийн гаргасан дүгнэлт, мөн зарим шинжилгээ, дүгнэлт хийсэн хавсралтууд гэх мэт бичиг баримтуудын хамт манайд ирүүлсэн байсан. Тэгээд манайх дээрхи бичиг баримтыг хүлээн аваад холбогдох газар буюу Орхон аймгийн БОАЖГ-т Б00004 дугаартай зөвшөөрлийн бүртгэлийг шалгуулахаар албан тоот хүргүүлсэн боловч дээрх зөвшөөрөл нь албан ёсоор улсын хог хаягдалын мэдээллийн санд бүртгэлгүй байна гэсэн мэдээлэлтэй хариу ирсэн. Тэгээд манайх ирүүлсэн хариуг үндэслэж тэр “Уран засал” ХХК-нд өнөөдрийн байдлаар ямар нэгэн шингэн хлорын баллоныг гаргаж өгөөгүй байна.”... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
-Гэрч Д.Цагаан-Эрдэнийн мэдүүлсэн...Мөнхбаярын эзэмшлийн “Уран засал” ХХКнаас 2018 оны хавар буюу 04 дүгээр сард 2 ширхэг төмөр баллоны савыг туршилтын журмаар ашиглах санал ирүүлсэнтэй холбогдуулан холбогдох бичиг баримт материалтай би танилцаад эхний ээлжинд туршилтын журмаар холбогдох мэргэжлийн ангийн химийн мэргэжилтэн, аймгийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч хошууч С.Эрдэнэ, мөн тус хүсэлт гаргасан компанийн захирал Мөнхбаярыг дээрх хүмүүстэй хамтарч баллоныг аюулгүй болгож туршилт хийлгүүлэхээр 2 ширхэг баллоныг Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарын зөвшөөрлөөр үйлдвэрийн бүсээс гаргах зөвшөөрлийг миний бие цохолт хийж олгосон. Тэгээд миний цохолтын дагуу ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнх нь 2 ширхэг баллон савыг “Уран засал” ХХК-ийн захирал Мөнхбаярт өгч явуулсан болно... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
-Гэрч Г.Батмөнхийн мэдүүлсэн: ....”тэр Мөнхбаяр манай цех дээр өөрийн биеэр ирж би 2 ширхэг баллоны савыг аймгийн онцгой байдлын газрын мэргэжилтэн нартай нийлж аюулгүй болгох туршилтын ажлаа хийх гэж байна гэж хэлээд манай цехээс 2 ширхэг баллон савыг авч гарсан. Тэр үед миний бие Цагаан-Эрдэнэ даргын цохолттой бичгийг үндэслэж үйлдвэрийн бүсээс гаргаж явуулсан. Одоо бол яг дээрх 2 ширхэг баллоныг ямар зориулалтаар ашиглаж байгааг би хэлж мэдэхгүй байна. Сүүлд сонсоход Мөнхбаярын энэ хийсэн туршилт нь амжилттай болж, баллоныг аюулгүй болгосон гэж Мөнхбаяр нь манай үйлдвэрийн хэлтсийн дарга Д.Цагаан-Эрдэнэд өөрийн тайлан мэдээгээ ирүүлсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/
-Монгол Улсын Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамны 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 06/6654 дугаартай “Уран засал” ХХК-д Аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах,хадгалах,дахин боловсруулах,устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгоогүй болно” гэсэн утгатай албан тоотын хуулбар /хх-ийн 35-р хуудас/
-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяагаас гаргаж өгсөн бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 36-52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч А.М нь 2019 оны 04 дүгээр сард Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ус хангамжийн цехэд ашиглагддаг шингэн хлорын баллоныг хувийн аж ахуйдаа хэрэглэх зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын сайдын аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, үйл ажиллагаа эрхлэх Б00004 дугаартай эрх олгосон тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд, Аймгийн Онцгой байдлын газар, Мэрэгжлийн хяналтын газар зэрэг газруудад хүсэлтийн хамт өгч хуурамч болохыг мэдсээр байж ашигласан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл,үзлэг хийж тэмдэглэл үйлдэж бэхжүүлсэн бичмэл нотлох баримтууд зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч А.Мын нийтийн албаны ашиг сонирхолын эсрэг хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй зориуд хүсэж үйлдсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: шүүгдэгч А.М 2019 оны 04 дүгээр сард Байгаль орчин аялал жуулчлалын сайдын аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, үйл ажиллагаа эрхлэх Б00004 дугаартай эрх олгосон тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэж,шүүгдэгч А.М өөрийгөө өмгөөлж “Би гэм буруугаа хүлээж байна.Би их хэмжээний өр төлбөртэй байгаа тул торгох ялын хэмжээг багаар тогтоож өгнө үү. Гэмшиж байна гэж мэтгэлцсэн. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, хэргийн улмаас учирсан хохиролын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Т овогт А.М-ыг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ