Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 167

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би Х.Оюунцэцэгт холбогдох Хязаалан насны үхэр гаргуулах тухай Б.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:       

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Дашбалбар сумын 5-р багт оршин суух, ЖЕ85111662 регистрийн дугаартай, Бодонгууд овогт Бүтэвийн Дэлгэрмаа шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Х.Оюунцэцэг нь 2014 оны хавар бяруу өгнө гэж 250000 төгрөгийг бэлнээр авсан. Гэвч тэрээр одоог хүртэл бяруу болон бэлэн мөнгийг алийг нь ч өгөөгүй байна. Х.Оюунцэцэгээс 250000 төгрөгөөр тухайн үед бяруу авахаар тохирсон болохоор 2 жилийн хугацаанд бяруу нь хязаалан насны үхэр болохоор хугацаа өнгөрсөн. Иймд Х.Оюунцэцэгээс хязаалан насны үхэр гаргуулж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багт оршин суух, ЖЕ74010281 регистрийн дугаартай, Шарайд овогт Ханджавын Оюунцэцэг, нэхэмжлэгч

Б.Дэлгэрмаа нар нь эвлэрлийн гэрээндээ:

            Нэхэмжлэгч Б.Дэлгэрмаа, хариуцагч Х.Оюунцэцэг бид хоёр дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: Нэхэмжлэгч Б.Дэлгэрмаагийн нэхэмжилсэн хязаалан насны үхрийн оронд 500000 төгрөгийг өгөхөөр тохиролцлоо. Дээрх мөнгийг хоёр хувааж 2017 оны 03 сарын 01-ний өдөр 250000 төгрөг, 2017 оны 04 сарын 01-ний өдөр үлдэгдэл 250000 төгрөгийг төлөхөөр тохиролцлоо гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Дэлгэрмаа нь хариуцагч Х.Оюунцэцэгт холбогдуулан хязаалан насны үхэр гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2017. 02. 03 №167

Хөтлөх хэрэгт 4-85 Г.Уртнасан                                                                                                                    D/disk Шүүхийн шийдвэр 2017 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Дэлгэрмаа, хариуцагч Х.Оюунцэцэг нар нь харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрэлдээ “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох хязаалан насны үхрийн оронд 5000000  төгрөгийг хоёр хувааж буюу 2017 оны 03 сарын 01-ний өдөр 250000 төгрөг, 2017 оны 04 сарын 01-ний өдөр үлдэгдэл 250000 төгрөгийг тус тус өгөх” талаар тусгажээ.

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Дэлгэрмаа, хариуцагч Х.Оюунцэцэг нарын “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох хязаалан насны үхрийн оронд 5000000  төгрөгийг хоёр хувааж буюу 2017 оны 03 сарын 01-ний өдөр 250000 төгрөг, 2017 оны 04 сарын 01-ний өдөр үлдэгдэл 250000 төгрөгийг тус тус өгөх” тухай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8150 төгрөгөөс 7825 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 325 төгрөг, хариуцагч Х.Оюунцэцэгээс 7825 төгрөг /500000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15650 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Дэлгэрмаад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН