Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хөх хиа овогт Төмөрийн Цэцэгжаргал /РД:КЙ62020962/-ийн нэхэмжлэлтэй,

            Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Цэцэгжаргал, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Цэцэгжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Төмөр овогтой Цэцэгжаргал нь 1978 оноос 1990 он хүртэл Галбын хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Өнөөг хүртэл Номгон багт малчин. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь овог зөрсөн тул хөдөлмөрийн дэвтэрт Шархүүгийн Цэцэгжаргал гэснийг Төмөрийн Цэцэгжаргал гэж залруулж өгнө үү. Намайг Төмөрийн Цэцэгжаргал гэдгийг мэдэх энэ 2 хүнийг гэрчээр асууж өгнө үү. Тангад овогтой Төмөрсүх, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Номгон баг утас 88504911, Уртнасан овогтой Гантөмөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Номгон багийн засаг дарга, утас 88132883” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан түүний иргэний  үнэмлэхний  хуулбар,  улсын  тэмдэгтийн  хураамж  төлсөн тухай баримт, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 072/000074 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлийн 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №0068 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, №000667 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №0250 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн засаг даргийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн тодорхойлолт, гэрч Т.Төмөрсүх, У.Гантөмөр нарын мэдүүлэг зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Т.Цэцэгжаргал нь хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Т.Цэцэгжаргал нь 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №0068 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь:

           Нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлийн №000667 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 0250 дугаартай  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №072/000074 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Т.Төмөрсүхийн “... Цэцэгжаргалын овог нь бол Төмөр гэж овоглодог юм. 1981 оны хөдөлмөрийн дэвтэр дээр Шархүү гэж овог нь буруу бичигдсэн байсан. Шархүү нь бол Цэцэгжаргалын үрчилж авсан хүн нь юм. Тийм болохоор тухайн нэгдэл нийгмийн үед овог нэр нь буруу бичигдсэн байсан. Түүний бусад бичиг баримт нь Төмөр гэж овоглодог юм. Тухайн үеийн нягтлан л буруу бичсэн байх” гэсэн, гэрч У.Гантөмөрийн “...Т.Цэцэгжаргалын овог нь Төмөр гэж байдаг. Хөдөлмөрийн дэвтэр дээрээ нэгдэл нийгмийн үед Шархүү гэж овгоор буруу бичигдсэн юм билээ. Бусад бичиг баримт нь Төмөр гэсэн овогтой байдаг. Шархүү гэдэг хүн нь түүний тэжээсэн ах нь байгаа юм. Төмөр гэж овогтой явдаг. Тийм учраас овог нь Шархүү биш Төмөр гэж байх нь зөв юм...” гэсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

              Иймд 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлийн №0068 дугаартай  хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Хөх хиа овогт Төмөрийн Цэцэгжаргал мөн болохыг тогтоох нь зүйтэй. 

              Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

              1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  №0068 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Хөх хиа овогт Төмөрийн Цэцэгжаргал мөн болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.         

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО