Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 0026

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 12 өдөр

  Дугаар 123/ШШ2018/0026

                      Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Монгол-алтай индастри” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол алтай индастри” ХХК-ийн  газар эзэмших эрхийг хүчингүй болгсон Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Монгол-алтай индастри” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээлгэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батдэлгэр, хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль, нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаартай захирамж нь илт хууль бус болсон. Энэ захирамжаар олон компанийн эрхийг цуцалсан байдаг. Тус захирамжийг цуцлах болсон шалтгаан болон компаниудыг шалгаж үзээгүй. Манай компанийн эрхийг цуцалсан нь илт хууль бус гэж үзэж байна. Манайх цаг тухай бүрд нь гэрээ байгуулж, газрын төлбөрөө төлж байсан. Байгаль орчны үнэлгээ, нөхцөл байдлын тухай үнэлгээг тухайн үед Сэргэлэн суманд байсан үнэлгээний компаниар хийлгээд бүх зүйлийг хууль ёсны дагуу бүртгүүлсэн. Албан ёсоор хувийн хэрэг үүсгэж бүртгэж байсан. Үүнийг юугаар нотлох вэ гэвэл өмнө газрын даамлаар ажиллаж байсан Ууганцэцэг, тухайн үед ажиллаж байсан Засаг дарга нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас гарсан албан шаардлага нь тухайн үед хэрэгжиж байсан хуулиар 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай. Хөөн хэлэлцэх хугацаа нь манайд мэдэгдээгүй дууссан. Засаг дарга, газрын даамлын ажлын талаар ярих бус энэ компани эрхийг сэргээлгээд эвлэрэх талаар ярих хэрэгтэй. Энэ компани нь 2007 оноос Япон улсын компанитай хамтран төсөл хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Төсөл нь сонгуультай холбоотой хэрэгжихгүй удсан. Энэ төсөл хэрэгжиж эхлэх юм бол манай улсад маш том хөрөнгө оруулалт болох юм. Ийм учраас заавал шүүхээр шийдвэрлүүлж байхаар эвлэрэн хэлэлцэх аргаар шийдэх нь боломжтой гэж үзэж байна. 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.1 заасан үндэслэлийг яаж зөрчсөн талаар баримт байхгүй байна. Манай компаниас газрын төлбөрөө төлж байсан. Газрын даамалтай газар эзэмших гэрээ байгуулсан. Манай компанийн газар эзэмших эрхийг цуцалсан 2013 оны захирамж нь илт хууль бус гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Сэргэлэн сумын Засаг дарга Э.Энхбаяр нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол-алтай индастри" ХХК нь 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/94 захирамжаар Хоолтын давааны ард "чацарганы төгөл, мод үржүүлэг, айргийн сувилалын зориулалтаар 170 га газар эзэмшиж эхэлсэн боловч 2013 оны 02 дугаар сарыг хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Мөн газар эзэмших гэрээ хийж дүгнүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.6-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Тус сумын Засаг даргын захирамж нь ямар нэгэн хууль бус биш тул "Монгол-алтай индастри" ХХК-ийн 2018 оны 05-р сарын 24-ний өдрийн №25 тоот нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газраа хууль ёсны нь дагуу авсан гэж байна. Газрын тухай хуульд зааснаар 0,7 га газраас бусад газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар авах ёстой гэж заасан. Гэтэл “Монгол-алтай индастри” ХХК нь газраа дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтад орж аваагүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаартай газар эзэмших гэрчилгээ хүчингүй болгосон захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус акт болохыг тогтоолгоно гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Үүнийхээ үндэслэлийг тайлбарлахдаа тухайн газрыг шалгаагүй, захирамж гарах үндэслэлийг шалгаагүй. Мөн манай компани нь газар эзэмших гэрээгээ дүгнүүлж байсан гэж тайлбарлаж байна. Анх Сэргэлэн сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 94 дугаартай захирамжаар “Монгол-Алтай индастри” ХХК нь чацарганы төгөл мод үржүүлгийн болон айраг, сувилахуй зориулалтаар 170 га газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлж, захирамжийн хоёрт зааснаар “Монгол-Алтай индастри” ХХК-ийн захиралд үүрэг болгосон байдаг. Үүнээс хойш 2007 оноос 2013 оныг хүртэл нийт 6 жилийн хугацаа өнгөрсөн байна. Газар эзэмших гэдэг нь Газрын тухай хуульд зааснаар газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу ашиглахыг хэрэглэдэг. Шүүхээс үзлэг хийхэд газраа нэг ч удаа ашиглаагүй, нэг ч шон зоогоогүй байж бид гэрээний үүргээ биелүүлж байсан. Газраа эзэмшиж байсан гэж байгаа нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албан шаардлага байдаг. Энэ албан шаардлагаар 2007 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 94 дүгээр захирамжаар “Монгол-Алтай индастри” ХХК нь чацарганы төгөл мод үржүүлгийн болон айраг, сувилалын зориулалтаар 170 га газрыг эзэмшүүлэхдээ хуульд заасан зориулалтын дагуу эзэмшүүлээгүй талаар дурьдсан байдаг. Үүнд кадастрын зураг авч улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл 27.4-д газрын төлбөр төлөөгүй. Гэрээнд зааснаар газрын төлбөрөө төлсөн ч жил бүр газрын төлбөр төлөх ёстой. Сүүлийн үед 2-3 жил төлсөн төлбөрийн баримт хэрэгт авагдсан байсан боловч тухайн хугацаандаа төлөгдөж байгаагүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж байдаг. Сэргэлэн сумын Засаг даргын захирамжид зааснаар газар эзэмшүүлэхдээ байгаль орчны нөлөөлөх нөхцөл байдлын үнэлгээ хийлгүүл гэсэн үүрэг болгосон заалт байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй. Энэ бүх зүйлийг хийгээгүй учраас Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаартай захирамжаар газар эзэмших гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1, 40.1.6-д зааснаар хүчингүй болгосон. Энэ захирамж нь хууль ёсны дагуу гарсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1-т  эрхийн гэрчилгээг эзэмших газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.6-д зааснаар 2 жил дарааллан ашиглаагүй гэж байгаа. Энэ заалтууд нь хуульд нийцсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус гээд байгаа юм уу? арай өөрөөр яриад байгаа юм уу нэхэмжлэлийн шаардлага буруу гаргасан байна. Япон улсаас  хөрөнгө оруулалт орж ирж байгаа талаар мэдэхгүй. Энэ талаар нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байна. Газар эзэмшээд нийтдээ 11 жил болж байна. Үүнээс хүчингүй болгосноо хасаад үзвэл 6 жил хугацаа өнгөрсөн байна. Шүүхээс хамгийн сүүлд үзлэг хийхэд газраа ашиглаагүй, газар дээр нэг зүйл ч бариагүй байсан. Зорилго нь биелэгдээгүй 10 гаруй жил болсон учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “Монгол алтай индастри” ХХК-ийн  газар эзэмших эрхийг хүчингүй болгсон Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Монгол-алтай индастри” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээлгэх” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтаас  үзвэл, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 94 дугаартай захирамжаар нэхэмжлэгч аж ахуйн нэгжид 170 га газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0089864 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгожээ.[1]

Хариуцагч сумын Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах захирамж хүчингүй болгох тухай” 60 дугаартай захирамжийг гаргахдаа “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн захирамжлах нь” гээд, эхний хэсэгтээ “... одоо болтол үйл ажиллагаа явуулаагүй мөн гэрээ хийж дүгнүүлээгүй 34 иргэн аж ахуйн нэгж байгууллагын 1078,5 га газрын газар эзэмших, ашиглах захирамжийг хавсралтаар хүчингүй болгосугай” гэж, дараагийн хэсэгт нь “Энэхүү захирамж гарсантай холбогдуулан 2004 оны ... 89, 92, 93, 94, 169, 176 ... тоот захирамжид холбогдох нэр бүхий иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших захирамжийг хүчингүй болгосугай” гэх зэргээр дурьдан шийдвэрлээд, захирамжийн нэгдүгээр хавсралтыг хүснэгтээр гаргахдаа, хүчингүй болгох захирамжийн огноог “2007,06,19”, дугаарыг “94”, газар эзэмшигчийн нэрийг “Монгол-Алтай индастри” ХХК”, байршлыг “Хоолтын давааны ар”, газрын хэмжээг “170 га”, гэж тус тус тэмдэглээд тайлбар хэсэгт нь “Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтын дагуу хүчингүйд тооцох” гэж тодорхойлжээ.[2]

Үүнд холбогдуулан хариуцагчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02/133 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбарт “Монгол-Алтай индастри” ХХК нь 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/94 тоот захирамжаар Хоолтын давааны ард ... газар эзэмшиж эхэлсэн боловч 2013 оны 2 дугаар сар хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Мөн гэрээ хийж дүгнүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн захирамжийг хүчингүй болгосон”[3] гэж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6-д зааснаар хүчингүй болгосон захирамж гаргасан. ... эрхийн гэрчилгээг эзэмших газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн бол, мөн 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн байгаа” гэж тус тус тайлбарлан маргасан, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... 60 дугаартай захирамжийг гаргахдаа асуудлыг шалгаж үзээгүй, энэ талаар мэдэгдээгүй, захирамж нь  2013 онд гарсан байхад газар эзэмших гэрээг жил бүр хийгээд, газрын төлбөр төлүүлээд яваад байсан, харин одоо газрын хувийн хэрэг нь байхгүй байна гэснээрээ, манай асуудлаа танилцуулж, гэрээгээ сунгуулаад явж ирснийг үгүйсгэх боломжгүй юм, сүүлд нь манайд газар эзэмшүүлсэн 2007 оны захирамжийг хүчингүй болгосныг  нь 2017 онд өөрсдөө олж мэдсэн” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримт болон 2013 онд сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.Гансүхийн маргаан бүхий актыг гаргахдаа шалгалт хийсэн талаар шүүхэд өгсөн мэдүүлэгт “...тухайн үед бичиг цаасны ажил их хийгдэж байсан. Одоо нотлох баримт байхгүй, 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа явуулаагүй асуудлаар газрын даамал захирамжаа төлөвлөөд, эрх зүйн мэргэжилтэн хянаад би баталгаажуулсан” гэж,  мөн тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Б.Ууганцэцэгийн мэдүүлэгт “... “2 жилийн дотор гэрээгээ ирж хийгээгүй бол хүчингүй болгоно” гэж мэж мэдэгдсэн зарыг мэдээллийн хэрэгслээр явуулсан. Ажлын хэсэг газар дээр нь очиж шалгаж байгаад л хүчингүй болгосон. Энэ газарт хувийн хэрэг нээгдэж байгаагүй, зөвхөн гэрчилгээ байсан, ...би хураагдсан гэрчилгээнүүдийг устгалд оруулах гэж аймагт авчирч өгсөн” гэх зэргээр мэдүүлсэнээс үзэхэд хаируцагч Засаг даргын зүгээс нэхэмжлэгч аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн захирамж  /газар эзэмших эрхийн гэрчилгээг/ хүчингүй болгох захиргааны актыг гаргахдаа тухайн актынхаа үндэслэл болсон гэх асуудлыг шалган тогтоож, дүгнэсэн ямар нэгэн баримтгүйгээр шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. Мөн дээрх мэдүүлгүүдээс үзэхэд тус сумын газрын даамал нь Газрын харилцаа, Геодези, Зураг зүйн газрын даргын 2008 оны 83 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 14 дүгээр зүйлд заасан “Нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх” журмын дагуу үйл ажиллагаа явуулж ажиллаагүй болох нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн гэсэн хэрнээ түүнд холбогдох ямарч баримтгүй байгаагаар нь тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрээгээ жил бүр сунгуулж байсан гэх үндэслэлийг үгүйсгэх баримт байхгүй, харин  газар эзэмших гэрчилгээг нь хураан аваад, дахин бичиж өгөөгүй болох нь дээрх мэдүүлгээр тогтоогдож байхаас гадна хариуцагч захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоож шийдвэр гаргаагүй болох нь нотлогдож байна.

Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий актаар нэхэмжлэгч аж ахуйн нэгжид анх  газар эзэмших эрх олгосон захирамжийг нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасныг удирдлага болгон гаргасан атлаа, хүчингүй болгосон үндэслэлээ хууль тогтоомжид нийцсэн байх үр дагаварт холбогдуулан тодорхойлж буюу дээрх хүчингүй болгож буй эрх олгосон захирамжийн үр дүнд бий болж, хүчин төгөлдөр байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэсэн үндэслэлээр тодорхойлж бичсэн нь утга агуулгын хувьд зөрчилдсөн шийдвэр болсон байна.

Өөрөөр хэлбэл, эрх олгосон буюу газар эзэмшүүлэх шийдвэр нь хууль бус гэсэн хуулийн зүйл заалтаар анх газар эзэмшүүлсэн захирамжийг нь хүчингүй болгож байгаа атлаа, тус эрх олгосон шийдвэр нь хуульд нийцсэн байсны үндсэн дээр газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр байх буюу хууль ёсоор газар эзэмшиж байгаа этгээд нь газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн, газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох хуулийн зүйл заатыг үндэслэл болгож  байгаа нь эрх зүйн хувьд боломжгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “ утга агуулгын хувьд илэрхий алдаатай” гэж зааснаар илт хууль бус акт болсон байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэж заасан байх ба хариуцагч Засаг даргын зүгээс нэхэмжлэгч аж ахуйн нэгжид  анх газар эзэмшүүлсэн захирамжийг 2013 оны 02 дугаар сард хүчингүй болгосон атлаа тухайн газрыг эзэмшиж байсан этгээд буюу нэхэмжлэгч аж ахуйн нэгжид мэдэгдээгүй, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г хийж, газрын төлбөрийг жил болгон төлүүлж байсан нь маргаан бүхий актаас хойш 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сумын Засаг даргаар баталгаажуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”,  газрын төлбөрөө 2011 оноос 2016 онуудад төлбөр шилжүүлсэн тухай банкны “мөнгөн шилжүүлгийн баримтууд[4], сумын газрын даамал албан тушаалтны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн  “Монгол-Алтай индастри” ХХК-ийн 2013, 2014, 2015 оны газрын төлбөрийн бүртгэлээр төлбөр төлж байсан зэрэг баримтаар[5]  тус тус нотлогдож, мөн хариуцагч талд нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх талаар ямар нэгэн баримт байхгүй байгаа болон тус акт гарах үед сумын газрын даамлаар ажиллаж байсан Б.Ууганцэцэгийн мэдүүлэгт [6] “...тухайн үед захирамж гасны дараа зарим аж ахуйн нэгжид хэлж байсан.  “Монгол-Алтай индастри” ХХК-ийн гэрээ, хувийн хэрэг байхгүй, холбогдох боломжгүй байсан иргэн, аж ахуйн нэгжид нь мэдэгдээгүй” гэсэн тайлбараар хариуцагч талаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “... захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ... этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүйгээс тус актыг гаргасан, актыг хэрэгжүүлэх, актад хамаарах этгээдүүд нь хэн аль нь хэрэгжүүлж, гүйцэтгэх боломжгүй буюу гарсан цагаасаа хэрэгжих боломжгүй акт байсан болох нь тогтоогдож байна.

Дээрх дүгнэлтүүдээс үзвэл нэхэмжлэгч аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн болон газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр байсан эсэх дээр хариуцагч талаас маргаагүй, газар эзэмших эрхтэй байсныг нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, харин тухайн газраа эзэмших гэрээний нөхцлөө удаа дараа ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж маргасан хэдий ч маргаан бүхий акт болох 2013 оны “Газар эзэмших, ашиглах захирамж хүчингүй болгох тухай” шийдвэрийг гаргахдаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг ямар нэгэн байдлаар шалган тогтоогоогүй, тус актыг гаргаснаас хойш хуульд зааснаар мэдэгдээгүй, тухайн газарт “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулж, төлбөрийг төлүүлж байсан зэргээр утга агуулгын хувьд илэрхий алдаатай, гарсан цагаасаа хэрэгжих боломжгүй акт байсан болох нь тогтоогдсон тул маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нь сэргээснээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байх учир, хариуцагч сумын Засаг даргын газрын асуудал хариуцсан газрын даамал нь нэхэмжлэгчийн тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг буцаан олгож, гэрээ байгуулан газар эзэмших эрхийг нь хуульд нийцүүлэх сэргээх нь шаардлагатай болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монгол-Алтай индастри” ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах захирамж хүчингүй болгох тухай” 60 дугаартай захирамжийн нэхэмжлэгч “Монгол-Алтай индастри” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монгол-Алтай индастри” ХХК-ийн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг буцаан олгож, гэрээ байгуулан газар эзэмших эрхийг нь хуульд нийцүүлэн сэргээхийг хариуцагч Сэргэлэн сумын Засаг даргын газрын асуудал хариуцсан газрын даамалд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монгол-алтай индастри” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Монгол-алтай индастри” ХХК-нд олгосугай.      

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.ЗОРИГТБААТАР.

 

 


[1] Хавтаст хэргийн 9, 11 дэх тал

[2] Хавтаст хэргийн 60-63 дахь тал

[3] Хавтаст хэргийн 40 дэх тал

[4] Хавтаст хэргийн 12-15 дахь тал

[5] Хавтаст хэргийн 59 дэх тал

[6] Хавтаст хэргийн 88-90 дэх тал