Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2021/0621

 

 

 

 

 

 

“М б о т х х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны

          хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, С.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “Б м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, Б.Б, С.Э, гуравдагч этгээд “Х х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, гуравдагч этгээд “И т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 548 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тийн гаргасан давж заалдах гомдлоор, “М б о т х х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 548 дугаар шийдвэрээр:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.1.14, 11.1.17, 49 дүгээр зүйлийн 49.1, 51 дүгээр зүйлийн 51.3, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 56 дугаар зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2008 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.5, 9.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Монгол байгаль орчны төлөөх хуульчдын холбоо төрийн бус байгууллагын Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497, 498 тоот шийдвэр, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 416 тоот шийдвэр, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 тоот шийдвэр, мөн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 165 тоот шийдвэрүүд тус бүр илт хууль бус болохыг тогтоолгох, МV-...., МV-.... дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож цуцлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүх шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын ноцтой алдаа гаргасан. Мөн шүүхийн шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг шүүх хуралдааныг хүндэтгээд хүрэлцэн ирэх, цахимаар шүүх хуралдаанд оролцох бүрэн боломжтой байсан гэдгээр тухайн өдрийн шүүх хурлыг хийсэн байдаг.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие эрүүл мэндийн шалтгаанаар өвчтэй байсан ба энэ талаар нотлох баримтаа шүүхэд хүргүүлсэн, шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн.

Миний бие шүүхэд хүрэлцэн ирж цахимаар оролцох боломжгүй байсан. Өмгөөлөгч Н.Ж Архангай аймагт байсан бөгөөд утас нь холбогдохгүй байсан тул хурлын товыг мэдэгдэж чадаагүй, харин өмгөөлөгч С.Эад тухайн өдөр шүүхээс зүүмийн нэвтрэх нэр, нууц дугаарыг өгөөгүй, учир нь шүүгчийн туслах утсаа авахгүй байсан тул холбогдож чадаагүй.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б тухайн шүүх хурлын хавтас хэрэгт байгаа 75 хуудас англи хэл дээрх нотлох баримтыг шүүхэд үнэлүүлэх үүрэгтэй орчуулагчийн журмаар хэрэг маргаанд оролцох хязгаарлагдсан итгэмжлэлтэй оролцож байсан бөгөөд шүүх хуралдааны товыг мэдээгүй байсан.

Ийм нөхцөл шалтгаантай байсаар байтал хурлыг хийсэн нь тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хязгаарласан ноцтой үйлдэл болсон. Нөгөө талдаа ямар нэгэн байдлаар уг хуралдааныг хийх сонирхол шүүхэд байсан байна гэж үзэж байна.

Хэрэг маргаанд “Х х б” ХХК, “И т” ХХК-иуд гуравдагч этгээдээр татагдан оролцуулсан байх бөгөөд энэ талаар өмнө нь шүүгчийн туслахаас баримт мэдээлэл шаардахад “ирээгүй байна” гэсэн.

Гэтэл шүүх хуралдааны өмнөх өдөр баримтаа гаргаж өгсөн талаар гуравдагч этгээд шүүх хурал дээр ярьжээ. Хэргийн оролцогч бид хэрэгт дээрх гуравдагч этгээдүүдтэй холбоотой баримтуудтай танилцаагүй, танилцуулах боломжоор шүүх хангаагүй байтлаа хурлыг хийжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан МV-.... , МV-... дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахыг даалгаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн шүүгчийн дүгнэлт нь илт хууль бус байна.

Шүүх хариуцагч, гуравдагч нарын тайлбар болон хэрэгт хамааралгүй өөр шүүх хуралдааны шийдвэрийг үндэслэж дүгнэлт хийсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт шинжлэн судлалгүй зөвхөн нэг талын шийдвэрт үндэслэсэн илт хууль бус шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийг “Э а з” ХХК-д (Б м ХХК) шилжүүлсэн Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүд бүхэлдээ илт хууль бус гэж маргасан.

Хэрэгт нотлох баримт хангалттай цугларсан атал үүнийг үнэлээгүй, харин ч “нэхэмжлэгч ТББ энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 2 жил 8 сарын хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотлоогүй” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зарим нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулж аваагүй, хэргийн оролцогчдын мэтгэлцэх боломжийг олгоогүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Шүүх хуралдааныг анх товлон зарснаас хойш нийтдээ 47 удаагийн, үүнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр 12 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан, өөрөөр хэлбэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн удаа дараагийн гаргаж байсан хүсэлтийг ийнхүү хүлээн авч тухайн бүр нь шүүх хуралдааныг хойшлуулж байсан атлаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүйг нотлох эмнэлгийн магадалгааг харгалзан үзэлгүйгээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жд товыг боломжит хугацаанд мэдэгдээгүй, харин шүүх хуралдаан товлосон өдөр түүнтэй утсаар холбогдсон байдлаа тов мэдэгдсэнд тооцсон нь, мөн өмгөөлөгч С.Эад хуралдааны товыг огт мэдэгдээгүй болох нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тов танилцуулсан тухай баримтаар тус тус тогтоогдож байх тул тэдгээрийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэснийг зөвтгөх үндэслэлгүй.   

Хэдийгээр цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “…онлайнаар шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан…” гэж дүгнэж болох ч техникийн боломж бололцоо, интернэтийн хурд болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан ZOOM-ээр оролцох боломжгүй байсан гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үгүйсгэхээргүй, иймд цаг хугацааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн 2.8 жилийн хугацаанд үргэлжилж байгаа энэ тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд бүрэн оролцуулж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Тэр тусмаа нэхэмжлэгч талаас нэг ч оролцогч хүрэлцэн ирээгүй байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноор түүний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

2.Гуравдагч этгээдээр татагдсан Х х бны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нэхэмжлэлийн шаардлагад холбогдох бичгийн тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдаан болохоос 1 хоногийн өмнө буюу 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн, гэтэл уг тайлбар, нотлох баримттай нэхэмжлэгч талыг танилцах боломжийг цаг хугацааны хувьд олгоогүй, түүнчлэн хэргийн 5, 6, 7 дугаар хавтаст Швейцарь улсын Солутурн кантоны Дампуурлын албанаас Монгол улс дахь Швейцарын консулын газарт ирүүлсэн албан бичиг, апостиль бичиг, мэдэгдэл зэрэг англи хэл дээрх 75 хуудас нотлох баримтууд авагдсан байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь баталгаат орчуулгын газраар орчуулагдаагүй, англи хэл дээрх нотлох баримтууд маргаанд ямар хамааралтай болох, мөн тухайн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан авах шаардлагатай эсэхийг шийдвэрлээгүй, давж заалдах гомдолд “…нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бийг тэдгээр баримтыг үнэлэхэд орчуулагчийн үүрэгтэй оролцох байсан…” гэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг гадаад хэл дээр үнэлэх боломжгүй.

3.Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч ТББ-ыг “…ашигт малтмалын MV-...,  MV-... тоот тусгай зөвшөөрлүүдийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн тодотгол, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсныг тус тус хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Гэтэл ийнхүү татгалзсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй, шийдвэрийн үндэслэл хэсэгт “…нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэсгийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэж…” гэснээс дүгнэхэд татгалзсаныг баталсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан зохицуулалттай нийцээгүй байна.

Нөгөөтэйгүүр нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа энэ тохиолдолд магадгүй нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тохиолдолд түүнийг батлах эсэхийг ч анхаарвал зохино.

4.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, багасах зэргээр удаа дараа өөрчилсөн, харин шүүх шаардлагыг эцсийн байдлаар “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны ...496, 497,498 дугаар шийдвэр, 2016 оны ...416, 453, 454 дүгээр шийдвэр, мөн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны ...165 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, MV-...., MV-.... дугаар тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож, цуцлахыг хариуцагчид даалгах” гэсэн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэх боловч дээрх байдлаар зарим шаардлагаас татгалзсаныг баталсан нь ойлгомжгүй байгаагаас гадна нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулах шаардлагатай байна.

Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг ямар тохиолдолд, хэрхэн цуцлах харилцааг зохицуулсны нэгэн адил “хүчингүй болгох” харилцаа зохицуулагдсан эсэх, тусгай зөвшөөрөл барьцаалсныг бүртгэсэн, мөн тусгай зөвшөөрөл барьцаалсныг шилжүүлэн бүртгэсэн маргаан бүхий актуудыг чухам ямар үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн үндэслэл тодорхой эсэх, MV-...., MV-.... дугаар тусгай зөвшөөрлүүд нь дангаараа захиргааны актын шинжийг агуулах эсэх зэргийг ч энэ хүрээнд нягтлан шалгах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН