Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 018

 

С.Даутханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 708 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух Ители  овогт Сейтханы Даутханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч С.Даутхан, хариуцагчийн төлөөлөгч Б.Айнур, Б.Баттулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлж, өмчлөгчид нь буцаах шийдвэр гаргуулах, эд хөрөнгийн хохирлын үнэ 10952840 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Жижиг дунд үйлдвэрийн сангаас аймгийн хэрэгцээний гурил тэжээлийг дотооддоо үйлдвэрлэх гурилын үйлдвэрийг барьж байгуулахаар ХААН банкаар дамжуулан төслийн зээл авч, уг зээлийг үйлдвэрийн агуулах барилга барих, тоног төхөөрөмж худалдан авахад бүрэн зарцуулж, тухайн үед ОХУ-аас буудайн экспортод хориг тавьж, мөн түүхий эд худалдан авах эргэлтийн хөрөнгө дутагдсаны улмаас үйлдвэр зогсож 2012 оны 2 дугаар сард аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба уг үйлдвэрийг битүүмжилсэн.

Нэхэмжпэгч С.Даутхан би ХААН банкнаас авсан 440 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан гурилын үйлдвэрийн барилга агуулах тоног төхөөрөмжөөс бусад амины 2 орон сууц, дэлгүүрийн байр бүгд 3 обьектийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба албадан дуудлага худалдаагаар худалдаж дээрх зээлийн 150 сая төгрөгийг төлүүлсэн ба одоо төлбөр төлөгч би ХААН банканд 294,4 сая төгрөгийн төлбөртэй. Одоогийн байдлаар уг 294,4 сая төгрөгийн өрийн барьцаанд мэргэжлийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 206,9 сая төгрөгийн тоног төхөөрөмж, 216 кв.м талбайтай 111,9 сая төгрөгийн үйлдвэрийн барилга, 1944 кв.м талбайтай, 973,3 сая төгрөгийн үнэлгээтэй агуулах нийт 1 тэрбум 289,3 сая төгрөгийн хөрөнгө барьцаалагдаж байна.

Тус хөрөнгийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан авах этгээд байхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдааны комиссын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр ХААН банкны үлдэгдэл төлбөр 297578152 төгрөгийн өрөнд уг хөрөнгүүдийг тооцон өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасныг тус тус зөрчсөн тул уг шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй.  2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд үнэлгээний 50 хувиар бууруулсан үнээр 644679900 төгрөгөөр зарахаар санал болгосон ч сонирхсон этгээд байхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д зааснаар 644679900 төгрөгөөр төлбөртөө тооцож авахыг ХААН банканд санал болгоход төлбөр авагч татгалзсан тул мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3, 17 дугаар зүйлийн 17.1.2, 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар С.Даутхан надад тус хөрөнгийг буцаах асуудлыг шийдвэрлэх ёстой байтал албадан дуудлага худалдааны доод үнийг үндэслэлгүйгээр 347.1 сая төгрөгөөр бууруулж төлбөр авагчид санал болгож хууль зөрчсөн.

            Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 36 дугаар зүйлийн 36.2, 15 дугаар зүйлийн 15.2.3, 17 дугаар зүйлийн 17.1.2, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугар зүйлийн 103.1, 171 дүгээр зүйлийн 171.1, 171.3, 177 дугаар зүйлийн 177.4, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг тус тус үндэслэн өмчлөгч миний өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа 42 сар үргэлжилсэн хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу төлбөр төлөгч надад буцаах, өмчлөгч миний зөрчигдсөн эрхийг хамгаалах шийдвэр гаргаж өгөхийг хүсье. гэжээ. 

 

Хариуцагчийн тайлбарт: Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаартай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч С.Даутханаас 44436900224 төгрөг гаргуулан ХААН банканд олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрөөс 150400000 төгрөг төлөгдөж, 294478152 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болох Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 2592 м.кв талбай бүхий гурилын үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, 7128 м.кв газрын хамт хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин 1.289.359.100 төгрөгөөр хураан авч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлахад сонирхогч хүн ирээгүй тул дахин дуудлага худалдаа явагдаагүй. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр талуудад санал болгох тухай хурал хийсэн бөгөөд талууд үнийн талаар харилцан тохиролцож чадаагүй.

Хэдийгээр тус алба 4 удаагийн шүүхийн шийдвэрээр албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон боловч хуулийг ноцтой зөрчөөгүй, зөвхөн хариуцаж байгаа шийдвэр гүйцэтгэгчийн хайнга хандсанаас болж баримт бичгийн бүрдүүлэлт дутуу зэргээс хүчингүй болж байсан. Иймд тус байгууллагаас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 708 дугаар шийдвэрээр:  

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 4403200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Даутханд олгож, илүү нэхэмжилсэн 6440000 төгрөг болон нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар С.Даутханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны санхүүгээс 85401 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Даутханд олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 708 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар 11-ний өдрийн 123 дугаартай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч С.Даутханаас 443690224 төгрөг гаргуулан ХААН банканд олгохоор шийдвэрлэгдсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 2592 м.кв талбайтай гурилын үйлдвэрийг 7470 м.кв талбай бүхий газрын хамт 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 03 тоот битүүмжлэх актаар битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 38 дугаар зүйлүүдэд зааснаар эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч С.Даутхан, X.Хамария нарт өгч, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд эрх үүргийг тайлбарлан гарын үсэг зуруулсан.

2. Тус алба нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор ХААН банкны өмнөөс хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн болохоос С.Даутханы хөрөнгийг хадгалж байх үүргийг хүлээх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл С.Даутхан болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хооронд харилцаа үүсээгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотолгоогоор нотлогдож байгаа.

3. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 708 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Адилет хоршооны байр зэргийг шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн ба хадгалж хамгаалахаар авсан хэсэгт Өлгий сумын 4 багт байрлах гурилын үйлдвэрийн бүрэн бүтэн байдлыг тус хоршооны сахиул М.Төлебайд, Өлгий сумын 6 дугаар багт байрлах хашаа байшин, үйлчилгээний зориулалттай обьектийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг С.Даутханд өөрт нь үүссэн гэж дүгнэсэн мөртлөө тус албанаас хохирол төлүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Тус алба нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээгээгүй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохих эрхийн актыг гаргаж борлогдоогүй эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу буцаах шийдвэр гаргах тухай нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн гэж үзсэн хэдий ч шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг үндэслэсэн байна. Хуулийн энэ заалт нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгчид буцаахыг зохицуулсан заалт болохоос хохирлыг төлүүлэх талаар зохицуулаагүй. Иймд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 708 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч давж заалдах гомдолдоо...төлбөр төлөгч С.Даутханаас ... 03 тоот актаар битүүмжилж, ... хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 38 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг С.Даутхан, Х.Хамария нарт өгч, ... гарын үсэг зуруулсан гэж нотлох баримтгүй, худлаа тайлбар гаргажээ.

Үнэн хэрэг дээрээ төлбөр төлөгч С.Даутхан би хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 3 дугаар сард актаар битүүмжилсэн гурилын үйлдвэрийн обьектийн бүрэн бүтэн байдал, харуул хамгаалалтыг хариуцах үүрэг хүлээснийг нотлох ямар нэгэн баримт байхгүй бөгөөд тийм баримт хэрэгт огт авагдаагүй байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Төлебайг 2012 онд хадгалагчаар ажиллуулахаар гэрээ хийж, 2012-2016 онд гурилын битүүмжилсэн обьектийн бүрэн бүтэн байдлыг түүнд хариуцуулж, сард 40 мянган төгрөгийн хөлс төлж байсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас М.Төлебайд төлсөн 200 мянган төгрөгийн хадгалагчийн хөлс, түүнчлэн М.Төлебайн хадгалагчаар ажиллаж байсныг тодорхойлж 2012-2015 онд тус обьектийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч байсан А.Ахтуйгын, С.Зерде нараас гаргаж өгсөн нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

Төлбөр төлөгч С.Даутхан би зөвхөн гурилын үйлдвэрийн обьектийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд бүрэн бүтэн байдалтай, хэвийн ажиллагаатай байхад дээрх 2 ширхэг актаар хүлээлгэж өгсөн.

Иймд хариуцагчийн дээрх тайлбар нотлох баримтгүй, шүүхэд худлаа мэдүүлсэн, хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй худлаа тайлбар байна. Хариуцагч давж заалдах гомдолдоо: ....тус алба С.Даутханы хөрөнгийг хадгалж байх үүрэг хүлээгээгүй...хохирол төлүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.. ..хохирол төлүүлэх талаар зохицуулаагүй юм. гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гурилын үйлдвэрийн обьектийг 2012 оны 3 дугаар сард худалдан борлуулах үндэслэлээр хураан авч, битүүмжилсэн акт үйлдсэн учраас нэгэнт битүүмжилсэн уг обьектийн бүрэн бүтэн байдал, харуул хамгаалалтыг хуульд заасан журмын дагуу хариуцах, обьектийг битүүмжилсэн хугацаанд үүссэн эд хөрөнгийн хохирлыг хуульд заасны дагуу хариуцах, учирсан хохирлыг Иргэний хуулийн 497.1, 498.2-т заасны дагуу арилгах үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, харин хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлгүй давж заалдах гомдлыг хангахгүй орхигдуулахыг давж заалдах шүүхээс хүсч байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.Даутхан би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 708 дугаар шийдвэрийн ...илүү нэхэмжилсэн 6440000 төгрөгийн...шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалтыг эс зөвшөөрч доорхи үндэслэл, нотлох баримт бүхий давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 3 дугаар сард гурилын үйлдвэрийн обьектийг бүрэн бүтэн байдалтай, хэвийн ажиллагаатай байхад нь хүлээн авч битүүмжилсэн, хураан авсныг нотлох хэрэгт авагдсан эд хөрөнгө хураан авсан, битүүмжилсэн акт, Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчийн тогтоосон эд хөрөнгийн үнэлгээ зэрэг 3 ширхэг үндэслэх гол баримтуудыг нотлох баримтаар үнэлэхдээ зохих ёсоор нь үнэлэхгүй, санаатай орхигдуулж, дээрх 3 ширхэг нотлох баримтыг буруу, дутуу үнэлж, улмаар хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй буруу дүгнэлт үйлдэж, хуульд заасан албаны үүргээ зөрчсөн актаар хураан авч битүүмжилсэн обьектийг хадгалах хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах хуульд заасан албаны үүргийг ноцтой зөрчиж, битүүмжилсэн обьектийг хадгалан хамгаалах үүргээ зохих ёсоор нь биелүүлээгүй хариуцагч аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны талыг баримталсан, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй, буруу шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг нэхэмжлэгч С.Даутхан би эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч С.Даутхан би шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч шүүгч С.Мейрамбек шүүх хурлыг 3 удаа үндэслэлгүй хойшлуулж, миний гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон хугацааг 240 хоногоор хэтрүүлж, улмаар хэргийг нэхэмжлэл гаргаснаас хойш бүтэн 10 сар буюу 310 хоног өнгөрсний дараа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэлэлцсэн үйлдлээрээ хуульд заасан албаны үүргээ зөрчсөн аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эрх ашгийг хамгаалж, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй, буруу шийдвэр гаргаж гурилын үйлдвэрийн обьектод учирсан 10843200 төгрөгийн эд хөрөнгийн хохирлын асуудлыг давж заалдах нөхцөл зориуд үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх хугацааг дахин санаатай хойшлуулсан явдалд нэхэмжлэгч С.Даутхан би гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн энэхүү хууль бус ажиллагаа нь тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэний ашиг сонирхлыг хамгаалж, чухам хэнтэй хамтарч ажиллаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүй 300 хоногоор санаатай хойшлуулж, иргэн С.Даутхан намайг зориуд чирэгдүүлэх зорилготой, хууль бус ажиллагааг санаатай явуулж ирсэнийг нотлох тодорхой баримт юм.

Иймд анхан шатны шүүхийн хууль зөрчсөн этгээд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ашиг сонирхлыг хамгаалж, нэхэмжпэгч С.Даутхан намайг улам чирэгдүүлэх зорилго агуулсан, үндэслэлгүй буруу шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй хянаж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,хариуцагч аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 10853200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол гаргуулах хууль ёсны бөгөөд үндэслэлтэй магадлал гаргаж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь С.Даутхан миний өмчлөлийн гурилын үйлдвэрийн обьектийг 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Хөрөнгө битүүмжилсэн акт-аар битүүмжилж , мөн 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаартай Эд хөрөнгө хураасан акт, 2013 оны 5 дугаар сарын 58-ны /гомдолд дурдсанаар/ өдрийн 17 дугаартай Эд хөрөнгө хураах акт-аар хураан авч, уг 3 эрхийн актыг шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгыны гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан хувийг нь С.Даутхан надад гардуулж, гурилын үйлдвэрийн обьектийг үйлдвэр хэвийн ажиллагаатай, бүрэн бүтэн байдалтай байхад хүлээн авч уг гурилын үйдвэрийн барилга, агуулах, уурын зуухны байр нийт 6 ширхэг хаалгад нэг зэрэг лац тэмдэг дарж, гурилын үйлдвэрийн 970394400 төгрөгийн үнэтэй агуулах,111986100 төгрөгийн үнэтэй гурилын үйлдвэрийн барилга, 206979300 төгрөгийн гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, 9720 м2 эзэмшлийн газрын хамт нийт 1289359800 төгрөгийн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, худалдан борлуулах үндэслэлээр хураан авч битүүмжилсэн.

Дээрх ажиллагааг явуулахдаа хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь гурилын үйлдвэрийн обьектийг хураан авсан хугацааг тогтоосон шийдвэр, эд хөрөнгөө ашиглах эрхийг хязгаарласан хугацаа тогтоосон хуулиар зөвшөөрсөн хэлбэрийн ямар нэгэн эрхийн акт огт үйлдэж байгаагүй бөгөөд тийм шийдвэрийн хувийг төлбөр төлөгч С.Даутхан надад гардуулж байгаагүй үйлдлээрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.4-т заасныг ноцтой зөрчсөн. Дээрх обьектийг тодорхой бус хугацаагаар хураан авч, 5 удаагийн албадан дуудлага худалдааг хууль бусаар, 5 удаа хууль зөрчиж зохион байгуулсныг хүчингүй болгож, улмаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь 3 шатны шүүхийн 13 удаагийн шийдвэрээр нотлогдож тогтоогдсон.

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр С.Даутхан миний Хууль зүйн дотоод хэргийн яамны сайд С.Бямбацогтод гаргасан гомдлын дагуу шалгалт хийж, худалдан борлогдоогүй гурилын үйлдвэрийн хөрөнгийг төлбөр авагч тал төлбөртөө тооцож авахаас татгалзсан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-т заасны дагуу төлбөр төлөгч С.Даутхан надад буцаах шийдвэр гаргахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгосны дагуу аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гурилын үйлдвэрийн обьектийг С.Даутхан надад шилжүүлэн өгөх хүртэл өнгөрсөн 4 жил 6 сар буюу 1630 хоногийн хугацаанд хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 25 ширхэг вакум цонх хагарч, 40 метр хашаа нурж, нэг ч цонхгүй үлдсэн үйлдвэрийн байрнаас 6 ширхэг цахилгаан хөдөлгүүр алдагдаж, Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчийн тогтоосон үнэлгээгээр тооцоход нийт 10843200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан.

Анхан шатны шүүх нь нэхэмжпэгч С.Даутхан миний хариуцагч аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх 10843200 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар нөхөн төлүүлж арилгуулах нэхэмжпэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас зөвхөн дээрх битүүмжилсэн обьектийн хагарсан 25 ширхэг вакум цонх, алдагдсан 1 ширхэг хаалга, хагарсан 8 ширхэг цонхны шилний үнэ 4403200 төгрөгийг л нөхөн төлүүлэхээр хэрэгт авагдсан нотлох баримтад огт үндэслэгдээгүй буруу шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх нь 2014 оны 8 дугаар сараас хойш ямар ч цонхгүй, харуул хамгаалалтгүй байсан гурилын үйлдвэрийн битүүмжилсэн обьект үйлдвэрийн барилга дотроос алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнэ 4300000 төгрөг, гурилын үйлдвэрийн эзэмшлийн газрыг тойруулж татсан 400 метр хашаанаас 2012 оноос хойш нурж алга болсон 40 метр урт хашааг дахин сэргээж барихад шаардлагатай 800 ширхэг блок, элс шохой, ажлын хөлс, тээврийн зардал, эзэмшлийн газрыг бохирдуулж асгасан их хэмжээний хогийг зайлуулах зардал зэрэг бодит хохирол 2140000 төгрөг, нийт 6440000 төгрөгийн бодит хохирлыг үндэслэлтэй зөв хянаж үзээгүй, төрийн сангийн төлөөлөгчийн тогтоосон эд хөрөнгийн үнэлгээг үндэслэн С.Даутхан миний гаргаж өгсөн 10843200 төгрөгийн хохирлын тооцоог нэг бүрчлэн хянахгүй санаатай орхигдуулж, хэрэгт авагдсан эд хөрөнгийн үнэлгээ, 10843200 төгрөгийн эд хөрөнгийн хохирлын тооцоо, гурилын үйлдвэрийн хөрөнгийг хураан авсан, битүүмжилсэн акт зэрэг 4 ширхэг гол үндэслэх нотлох баримтад үндэслэгдээгүй буруу, хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт үйлдсэн.

Түүнчлэн 6 ширхэг цахилгаан хөдөлгүүр битүүмжилсэн обьектийн харуул хамгаалалтгүй байдлын улмаас ямар ч цонхгүй болсон гурилын үйлдвэрийн обьектоос 2014 онд алдагдсан нь шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгын, С.Зерде, хадгалагч М.Тлеубай нарын шүүхэд гаргасан тайлбар мэдүүлгээр нотлогдож байгаа тул битүүмжилсэн обьектийн дотроосоо алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнэ 4300000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, нийт 1289359800 төгрөгийн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалан хамгаалах үүрэг бүхий хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу нөхөн төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх нь хариуцагч аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 10852800 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг арилгуулах нэхэмжпэлийн шаардлагыг хэсэгчилэн хангах шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг санаатай буруу үнэлж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба  гурилын үйлдвэрийн нийт 1289359800 төгрөгийн хөрөнгийг бүрэн бүтэн байдалтай хэвийн ажиллагаатай байхад хүлээн авч битүүмжилсэнийг санаатай үгүйсгэсэн хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, буруу дүгнэлт хийж, улмаар хуулийн заалтад нийцээгүй буруу шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан доорхи нотлох баримтаар нотлогдож байна.

1. Шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгыны гарын үсэг, хувийн тэмдгээр баталгаажуулсан 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн акт, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаартай Эд хөрөнгө хураан авах акт-уудын үнийн дүнд6 ширхэг хөдөлгүүрийн үнэ тусгагдсан байдал

2. Гурилын үйлдвэрийн хөрөнгийг дээрх хоёр актаар хураан авахад гурилын үйлдвэрийн хөрөнгө бүрэн бүтэн байдалтай, хэвийн ажиллагаатай байсан нь мөн дээрх 2 актыг өөрөө үйлдэж, өөрийн тэмдэг гарын үсгээр баталгаажуулж, гурилын үйлдвэрийн обьектийг хэвийн ажиллагаатай байхад нь бүрэн бүтэн байдалтай битүүмжилж хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгыны шүүхэд гаргасан нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт

3. Мөн гурилын үйлдвэрийн обьектийг шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгыны шийдвэр гүйцэтгэгч С.Зердед 2014 оны 9 дүгээр сард хүлээлгэж өгөхдөө уг обьектийн доторхи тоног төхөөрөмж бүрэн бүтэн байдалтай байсан, хөрөнгийн бүрэн бүтэн байдлын талаар С.Даутхан би хариуцсан обьектээ хүлээлгэж өгсөн шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгыны үйл ажиллагаанд ямар ч гомдол гаргаж байгаагүй талаар уг битүүмжилсэн обектийг хүлээж авсан шийдвэр гүйцэтгэгч С.Зердегийн гаргасан нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

4. Төлбөр төлөгч С.Даутхан би гурилын үйлдвэрийн обьектийг шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгынд хүлээлгэж өгөхөд гурилын үйлдвэрийн хөрөнгө бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай байсныг гэрчилж хадгалагч Төлеубайгын гаргасан нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт

5. Гурилын үйлдвэрийн ажиллаж байх үед 2011 онд СД дискэнд буулгасан дүрс бичлэг уг бичлэгийн тайлбар, 5 ширхэг өнгөт зураг

6. Нэхэмжпэгч С.Даутхан миний гаргасан хүсэлтийн дагуу анхан шатны шүүхээс 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гурилын үйлдвэрийн обьектийн цонх, хашаа, эзэмшлийн газрын нутаг дэвсгэрийн болон агуулах, барилгын гадна талын байдалд хийсэн үзлэгийн баримт

7. Уг битүүмжилсэн обьектийг хариуцаж байгаа шийдвэр гүйцэтгэгч Б.Айнур, Б.Баттулга нарт шүүхээс битүүмжилсэн обьектод хийсэн дээрх үзлэгт оролцохыг урьдчилан мэдэгдэж олон удаа утасдаж шаардсан боловч дээрх 2 шийдвэр гүйцэтгэгч үзлэгт оролцоогүй. Энэ нь үзлэгээр илэрсэн эд хөрөнгийн хохирлыг тогтоож баримтжуулж үзлэг хийсэн актад гарын үсэг зурахаас санаатай зайлсхийсэн санаатай үйлдэл

8. Мөн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ахлах гүйцэтгэгч Б.Баттулга, шийдвэр гүйцэтгэгч Б.Айнур нарын хамт үйлдвэрийн барилгын доторхи тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд дахин үзлэг хийхэд дээрх 6 ширхэг хөдөлгүүр алдагдсан, эдгээр хөдөлгүүрийн суурь нь хоосон байсныг шийдвэр гүйцэтгэгч Б.Айнур, Б.Баттулга нар хүлээн зөвшөөрч 6 ширхэг цахилгаан хөдөлгүүр алдагдсан нь үзлэгээр тогтоогдсон талаар С.Даутхан миний хүсэлтээр үзлэгийн тэмдэглэлд тодорхой тэмдэглэж бичиж, 6 ширхэг хөдөлгүүр хулгайд алдагдсаныг хүлээн зөвшөөрсөний дараа С.Даутхан би дээрх үзлэгийн тэмдэглэлд Б.Айнурын гарын үсгийг зуруулж үзлэгийн дүнг баримтжуулсан. Дээрх баримтыг нотлох баримтаар зөв үнэлж, шийдвэр гаргахад үндэслэл болгохыг хүсэж байна.

Үйлдвэрийн обьектийг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба битүүмжилсэнээс хойш өнгөрсөн 4 жил 6 сарын хугацаанд тэр орчмын үл мэдэгдэх этгээдүүд үйлдвэрийн 25 ширхэг вакум цонхыг нэг бүрчлэн хагалж, цаашид уг 25 вакум цонхыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож, үйлдвэрийн байранд гадны хүн чөлөөтэй нэвтрэх харуул хамгаалалтгүй байдалтай болж, үйлдвэрийн барилгын дотор монтажлагдсан 206 сая төгрөгийн үнэтэй иж бүрэн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал алдагдсан учраас үйлдвэрийн байрнаас дээрх 6 ширхэг хөдөлгүүр хулгайд алдагдаж нийт 10843200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь дээрх 2 удаагийн үзлэгээр тогтоогдсон.

Энэ нь 5 удаагийн албадан дуудлага худалдааг хууль бусаар зохион байгуулж, гурилын үйлдвэрийн обьектийг 4 жил 4 сар хууль зүйн үндэслэлгүй битүүмжилсэн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба буюу төрийн тусгай алба иргэн С.Даутхан миний Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулиар хамгаалагдсан хөрөнгөө чөлөөтэй ашиглах эрхийг 4 жил 4 сарын туршид хууль зүйн үндэслэлгүй хязгаарлаж ноцтой зөрчиж, хөрөнгөө өөрийн үзэмжээр чөлөөтэй ашиглах хуулиар хамгаалагдсан эрхээ хэрэгжүүлэхэд хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаараа 4 жил 4 сарын хугацаанд саад учруулж, С.Даутхан миний өмчлөлийн гурилын үйлдвэрийг битүүмжилсэн обьектийн бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах хуульд заасан албаны үүрэгт хариуцлагагүй хандаж, үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй ирсэнийг нотолж байна.

Нөгөө талаар гурилын үйлдвэрийг анх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжлэхдээ үйлдвэрийн барилга доторх эд хогшил, тоног төхөөрөмж бүрэн бүтэн байдалтай хэвийн ажиллагаатай байсан, дээрх 6 ширхэг хөдөлгүүр алдагдаагүй байсан нь тухайн үед 2012 онд уг обьектийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгын, уг обьектийг 2014 онд А.Ахтуйгынаас хүлээж авсан шийдвэр гүйцэтгэгч С.Зерде, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай 2012 онд байгуулсан хадгалагчийн гэрээний дагуу тус обьектийн харуул хамгаалалтыг 2012-2016 онд хариуцаж байсан хадгалагч М.Төлеген нарын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн тодорхойлолт, үнэн зөв мэдүүлгээр нотлогдож байна.

С.Даутхан би гурилын үйлдвэрийн обьектийг бүрэн бүтэн байдалтай, иж бүрэн тоног төхөөрөмж нь хэвийн ажиллагаатай байхад нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүлээлгэж өгсөн нь хэрэгт авагдсан дээр дурдсан 12 ширхэг нотлох баримт, тухайн хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилсэн акт, хөрөнгө хураан авсан 2 ширхэг акт зэрэг нийт 14 ширхэг нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

Гурилын үйлдвэрийн битүүмжилсэн обьектийг бүрэн бүтэн байдалтай байхад хүлээж авч битүүмжилсэн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуульд зааснаар уг битүүмжилсэн обьектийн бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас битүүмжилсэн обьект дотроосоо алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнэ 4300000 төгрөгийн хохирлыг хуульд заасан үүргийн дагуу нөхөн төлөх үүрэгтэй. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь гурилын үйлдвэрийн битүүмжилсэн обьектод учирсан 10843200 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх асуудлыг анхан шатны шүүхтэй тохиролцож бүтэн 1 жил буюу 360 хоногоор санаатай хойшлуулсан хууль бус ажиллагаа одоо хүртэл үргэлжилсээр байна.

Обьектийг битүүмжилсэн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь бүгд 1289359825 төгрөгийн эд хөрөнгөө битүүмжилж хураан авлаа гэсэн гарын үсэг тэмдэг бүхий Эд хөрөнгө битүүмжилсэн акт,Эд хөрөнгө хураан авсан акт зэрэг 2 ширхэг нотлох баримтыг анхан шатны шүүхээс буруу үнэлж, хэрэгт авагдсан уг 2 эрхийн актад үндэслэгдээгүй буруу шийдвэр гаргасныг давж заалдах шүүхээс үндэслэлтэй хянаж хэрэгт авагдсан дээрх 2 баримтыг нотлох баримтаар зөв үнэлж, хэрэгт авагдсан бүх нотлох баримтад үндэслэгдсэн, хуульд нийцсэн, үндэслэлтэй дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж давж заалдах шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан магадлал гаргаж өгөхийг давж заалдах шүүхээс хүсч байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 82.2.1-т дараах зардал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарна. Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, хадгалах, худалдан борлуулах зардал гэж заасан нь битүүмжилсэн обьектийг хадгалах зардлыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хариуцах үүрэгтэй болохыг нотолж байна. Харин хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь битүүмжилсэн обьектийг хадгалах, бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гурилын үйлдвэрийг битүүмжилсэн обьектод 10843200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан.

Иймд нэхэмжлэгч С.Даутхан миний тайлбарт дурдсан дээрх нотлох баримтууд болон 2012 оны 3 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гурилын үйлдвэрийн нийт 1289359825 төгрөгийн хөрөнгийг битүүмжилж, хураан авч байсныг нотлох гурилын үйлдвэрийн эд хөрөнгийг битүүмжилж, хураан Эд хөрөнгө битүүмжилсэн акт,Эд хөрөнгө хураан авсан акт зэрэг гурилын үйлдвэрийн хөрөнгийг хураан авч битүүмжлэх үед шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгыны үйлдсэн дээрх 2 акт баримт, 2012 оны 3 дугаар сард гурилын үйлдвэрийн барилга агуулахыг тоног төхөөрөмжийн хамт бүрэн бүтэн байдалтай хүлээж авсныг гэрчилж шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгыны өгсөн тодорхойлолт, гурилын үйлдвэрийн битүүмжилсэн хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгынаас хүлээн авахад тоног төхөөрөмж нь бүрэн бүтэн байдалтай байсныг гэрчилж тодорхойлон шийдвэр гүйцэтгэгч С.Зердегийн гаргасан тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэрэг нийт 14 ширхэг нотлох баримтыг бүхэлд нь зөв үнэлж төлбөр төлөгч С.Даутхан надаас хураан авч битүүмжилсэн хөрөнгийг хадгалах үүрэг бүхий этгээд хариуцагч ШШГА-наас С.Даутхан миний өмчлөлийн гурилын үйлдвэрийн битүүмжилсэн обьектод 2012 оны 3 сараас хойш өнгөрсөн 4 жил 6 сарын хугацаанд учирсан 6440000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг Иргэний хуулийн 180 дугаар 180.1, 197 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасан гэм хор арилгах үүргийн дагуу нэмж нөхөн төлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах магадлал гаргаж өгөхийг давж заалдах шүүхээс хүсч байна. гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Шүүхийн шүүх хуралдааныг хойшлуулах асуудалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруутгах гэсэн нэхэмжлэгчийн санаархал үндэслэлгүй, зөвхөн иргэний хэргийг хянан шийлвэрлэх ажиллагаан дахь процессын асуудал бөгөөд С.Даутхан нь шударга шүүхийг хээл хахуул, авлигалд өртөгдсөн гэж анхан шатны шүүхийг худал гүтгэж, шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдож, гомдлын үндэслэлийг урьтал болгосон нь харамсалтай байна. Хэрвээ давж заалдах шатны шүүх түүний гомдлыг хангахгүй орхих юм уу, эсхүл түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нөхцөлд давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг мөн л авлигал, хээл хахууль авсан гэж гүжирдэн гүтгэх нь тодорхой.

Тус албанаас ажлын хариуцлага алдаж ажлаас халагдсан шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйган, хүргэн хүү А.Зерде нарыг өөрийнхөө зорилгод эсрэг ашиглан хуурамч нотолгоо, баримт бүрдүүлэн түүнийг нэхэмжлэлийн үндэслэл болгохыг илүүд үзсэн байгаа.

Төлбөр төлөгч С.Даутхан нь тус албыг Албадан дуудлага худалдааг 5 удаа санаатай буруу зохион байгуулсан, үнэтэй хөрөнгийг бага үнээр ХААН банканд шилжүүлэхийг оролдсон гэжээ. Худалдан борлогдоогүй эд хөрөнгийг санал болгоход зөвхөн төлбөр авагчид хамааралтай болно. Тус албанаас бүх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. С.Даутханы эсрэг ажиллагаа явагдаагүй, харин ч С. Даутханд ашигтайгаар шийдвэрлэгдсэн байгаа.

Төлбөр төлөгч С.Даутхан нь их хэмжээний өр төлбөрт орж, үйлдвэрээ явуулж чадахгүйд хүрч дампуурсан бөгөөд эцсийн эцэст шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг буруутгаж, дампуурсан алдагдлын хариуцлагыг бусдад үүрүүлэх гэсэн түүний далд муу санаа гэдгийг шүүх эрх биш ойлгох байх. Хуучирч элэгдсэн ашиглах боломжгүй болсон гурилын үйлдвэрийг төлбөр авагчид өндөр үнээр шахаж дундаас нь ашиг унагах гэсэн түүний заль мэх явцгүй болохоор шийдвэр гүйцэтгэх албыг гүжирдэн гүтгэж, түүний далимаар мөнгө олж авах гэсэн үндэслэлгүй нэхэмжлэлийн заримыг хангасан явдал шударга бус гэж үзнэ. С.Даутхан нь хураагдсан хөрөнгийн зарим хэсгийн бүрэн бүтэн байдлыг манаач Төлеубайд хариуцуулсан талаар огт дурдаагүй орхигдуулсан нь сэжигтэй байна. Учир нь үйлдвэрийн хаалганд тавьсан лац ломбо бүрэн бүтэн гэсэн мөртлөө цахилгаан хөдөлгүүр хулгайд алдсан гээд байгаа. Уг асуудлыг тодруулахгүйгээр тус албанаас хөдөлгүүрийн үнэ нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд С.Даутханы хууль бус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Хэргийн 1 дүгээр хавтасны 35-49, 138-139, 2 дугаар хавтасны 60, 62-64 дугаар талд авагдсан, хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудын хуулбарт Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хуулбар үнэн тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4.-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ба хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүхээс жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан шүүхээс нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 54/А дугаар захирамжаар тус хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан ба /хэргийн 1 дүгээр хавтасны 101 дүгээр тал/ тухайн шүүх бүрэлдэхүүн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас 26 дугаартай тогтоол гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.-т зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөс шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилоогүй /энэ талаар албажуулаагүй/ атлаа 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд /хэргийн 2 дугаар хавтасны 33 дугаар тал/ буюу шүүх бүрэлдэхүүнд шүүгч К.Бүлдиргенийг оролцуулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, хууль бус болжээ. Түүнчлэн, тус шүүх хуралдаанаас /2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн/ тогтоол гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан /хэргийн 2 дугаар хавтасны 45 дугаар тал/ ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 54 дүгээр тогтоолд шүүх хуралдаанд оролцоогүй шүүгч А.Жархынгүл гарын үсэг зурсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.-т заасан зохицуулалтыг ноцтой зөрчсөн байна.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон хуваарийн дагуу томилогдоогүй шүүгч шүүх хуралдаанд буюу шүүх бүрэлдэхүүнд орсон, шүүх хуралдаанд оролцоогүй шүүгч тухайн шүүх хуралдаанаас гаргасан шүүхийн тогтоолд гарын үсэг зурсныг хууль бус бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзнэ.

 

Шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж буй аливаа этгээдийн гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журам, хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлүүлэх, хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахгүй болсон тохиолдолд шүүгчдийн зөвлөлгөөнөөс уг хуваарийн дагуу дахин томилогдсон шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлүүлэх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтууд нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14.-т заасан иргэдийн шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийг хангах баталгаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд тодорхойлсон Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх зарчмын бүрэлдэхүүн хэсэг болно.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, 2 дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Битүүмжилсэн, хураасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай актаар Өлгий сумын 4 дүгээр багт байрлах гурилын үйлдвэр /2592 м.кв талбай бүхий 7470 м.кв газрын хамт/ битүүмжлэлээс чөлөөлсөн, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаар Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай актаар дээрх эд хөрөнгийг төлбөр авагч С.Даутханд буцаасан талаар шүүхэд баримт ирүүлжээ.

Үүнээс үзвэл, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн эсэх талаар тодруулсны эцэст дүгнэлт хийж, тухайн шаардлагад холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэх байтал шүүх нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан агуулгад нийцээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн улмаас шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул маргааны үйл баримт, хууль хэрэглээ, нотлох баримтын үнэлгээтэй холбоотой хариуцагчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117990 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 708 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117990 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК