Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01179

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэр,

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Х” ХХК

          Хариуцагч: “Д” ХК-д холбогдох

         Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 68.367.642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигч талуудын гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

        Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь “Д” ХК-тай 2010-03-10-ны өдөр ЦБ-2010-13 тоот Цувимал бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ, АГ-2010-07 тоот Арилжааны гэрээг тус тус байгуулсан. Цувимал бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээгээр Д ХК нь 481.792 тонн арматур төмөр болох цувимал бүтээгдэхүүнийг нийлүүлэх, Х ХХК нь 392.710.170 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.  Арилжааны гэрээний дагуу Д ХК нь 208.668 тонн арматур төмөр болох цувимал бүтээгдэхүүн нийлүүлэх, нэхэмжлэгч нь 363 ширхэг нийт 168.185.000 төгрөгийн үнэтэй дугуй нийлүүлэх үүрэг тус тус хүлээсэн. Гэрээ байгуулагдсанаас хойш талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлж ирсэн бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний дагуу 370сая төгрөгийг худалдагч Д ХК-д шилжүүлж, нийт 195.435.000 төгрөгийн үнэ бүхий дугуй нийлүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2 гэрээний дагуу нийт 565.435.000 төгрөгийн үүргийг биелүүлж худалдагч талд хүлээлгэн өгсөн байна. Харин хариуцагч  гэрээний дагуу нийт 497.067.358 төгрөгийн арматур төмөр /цувимал бүтээгдэхүүн/ нийлүүлж, үлдэх 68.367.642 төгрөгийн арматур төмөр нийлүүлэх үүргээ биелүүлсэнгүй. Нэгэнт хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, Х ХХК-д гэрээний дагуу арматур төмөр авах шаардлага үгүй болсон. Иймд Д ХК-аас нэхэмжлэгчийн төлсөн 68.367.642 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Иргэний хуулийн 82.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан  “Д” ХК-с 68.367.642 төгрөг гаргуулах тухай “Х” ХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсн байна.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан Д ХК-с 22.710.170 төгрөг гаргуулж Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс 45.657.472 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 271.505 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх “...Арилжааны гэрээний 7.1-д гэрээний үйлчлэх хугацааг 2010-03-10-ны өдрөөс 2010-03-31-ний өдөр гэж байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийг 2010-04-01-ний өдрөөс эхлэн тоолно...иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2013-04-01-нд дууссан байна... нэхэмжлэлээс 45.657.472 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно...” гэснийг зөвшөөрөхгүй. Шүүх хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй. Иргэний хуулийн 79.1,79.6-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох тухай  заасан байдаг. Д ХК-ийн 2017-12-01-ний өдрийн 1-1/2068-13 дугаартай “Тулган баталгаажуулах тухай” албан бичгээс харвал манай компанид өглөгтэй болохоо хүлээн зөвшөөрч баталгаажуулсан нь харагддаг. Иймд Иргэний хуулийн 79.1-д заасны дагуу бусад хэлбэрээр шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно. Иргэний хуулийн 79.6, 75.2.1-р 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг 2017-12-13-ны өдрөөс эхлэн тоолох үндэслэлтэй юм. Давж заалдах шатны шүүх арилжааны гэрээний хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо тулган баталгаажуулалтын баримт үйлдсэн өдрөөс тоолоогүй нь буруу болсон байна. Өөрөөр хэлбэл, шүүх уг нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШТХ-н 40.2-г зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  өгнө үү.” гэжээ.

        Хариуцагч хяналтын гомдолдоо: Иргэний хуулийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй" гэж заасан. Гэрээний үүргээс татгалзах үндэслэлийг мөн хуулийн 249.1-д “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.” гэж тодорхойлжээ. Талууд гэрээнээс татгалзах талаар аль нэг талдаа санал тавиагүй бөгөөд зохигчдын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтанд энэ тухай баримт авагдаагүй байхад шүүх хамааралгүй заалтыг үндэслэж шийдвэр гаргасан. Тулган баталгаажуулах тухай албан бичигт нэхэмжлэгч 68.367.642 төгрөгийг гараар нөхөж бичин Аудитын байгууллага руу илгээсэн гэдгээ шүүх дээр нотолсоор байхад хариуцагчийг зөвшөөрсөн мэтээр дүгнэлт хийсэн. ИХШХШТХ-н 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан байна. Нэхэмжлэгч  “...бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг шаардаж...” байснаа нотолж баримт гаргаж өгөөгүй байхад давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Худалдан авагч нь гэрээнд заасны дагуу өөрийн тээврийн хэрэгслээр 2010-05-01-ний дотор бүтээгдэхүүнээ хүлээж авахаар тохиролцсон байхад ЦБ-2010-13 тоот гэрээний үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байгаа нь Иргэний Хуулийн 75.2.1 дэх заалтыг зөрчиж байна. “Д” ХК нь 2018-01- 30-ны өдрийн 1-1/0252 тоот албан бичгээр дээрх бичгийн агуулгыг тайлбарлан няцаалт хийснийг шүүх харгалзаж үзэхгүй шийдвэр гаргасан нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Монгол Улсын санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын хамтарсан “Маягт шинэчлэн батлах тухай” 2004-09-17-ны өдрийн 213/157 дугаартай тушаалаар өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа хэрэглэх санхүүгийн анхан шатны баримтын маягтыг баталсан. Энэ тушаал бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт мөн тул талууд дагаж мөрдөх үүрэгтэй. Д ХК нь Санхүүгийн анхан шатны баримт болох Сайдын тушаалаар батлагдсан маягтыг үйл ажиллагаандаа хэрэглэдэг бөгөөд албан ёсоор  “Х” ХХК-тай санхүүгийн тооцоо нийлж “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-нд холбогдох нягтлан бодогчид гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт болон шүүх хуралдаанд гэрээний үүрэг болон концессын гэрээний талаар хариуцагчийн тайлбарыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан.

    1/. “Х” ХХК 2010-03-10-ны өдрийн ЦБ-25010-13 тоот гэрээний дагуу төлсөн 68.367.642 төгрөгийг  нэхсэн. Талууд 2010-03-10-ны өдөр байгуулсан ЦБ-2010-13 тоот  гэрээний 1-р зүйлд “Худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй ф10, ф13, ф19, ф25, ф29 хэмжээтэй арматур төмөр болох цувимал бүтээгдэхүүн түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөрийг хийнэ.”, 3.1-д “Худалдаж авах бүтээгдэхүүний төлбөрийн тооцоог урьдчилан худалдагчтай хийнэ.” гэж заасан. Иргэний хуулийн 234.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийн тус тус хүлээнэ” гэжээ. ЦБ-2010-13 тоот гэрээнд зааснаар худалдагч нь аливаа төлбөрийг худалдан авагчид төлөх үүрэг хүлээгээгүй байна.

      2/.Талууд гэрээний үйлчлэх хугацааг 2010-05-01-ний өдөр буюу бүтээгдэхүүн нийлүүлж дуусах хүртэл байна гэж тохиролцсон байна. Гэрээний тавдугаар зүйлд зааснаар “Бүтээгдэхүүнийг авто машин, төмөр замын тээврийн хэрэгслээр, худалдан авагчийн зардлаар тээвэрлэж хүргэнэ.” Гэсэн нь худалдан авагч нь өөрийн тээврийн хэрэгслээр бүтээгдэхүүнийг хүлээж авна гэж ойлгоно. “Д” ХК нь Цувимал бүтээгдэхүүний борлуулалтыг Үйлдвэр нөхцөл буюу өөрийн агуулахаас шууд борлуулалт хийдэг бөгөөд нэхэмжлэгч 2 шатны хуралдаанд үүнийг нотолж өмнөх ачилтуудаа өөрийн тээврийн хэрэгслээр хийж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Худалдах-худалдан авах гэрээний 9 дүгээр зүйлд заасан “Гэрээний үйлчлэх хугацаа 2010-05-01-ний өдөр буюу бүтээгдэхүүн нийлүүлж дуусах хүртэл хугацаа байна." гэдэг нь Худалдан авагч нь бүтээгдэхүүнээ хүлээж авах эцсийн хугацааг заасан тохиролцоо юм. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь шүүхэд гаргасан тайлбартаа бүтээгдэхүүнийг өөрийн тээврийн хэрэгслээр гэрээнд заасан хугацаанд хүлээж авах үүрэг хүлээсэн гэдгээ нотолсоор байхад давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Иймд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гэрээнд заасан хугацаанаас тоолох хуулийн үндэслэлтэй.

       3/. Монгол Улсын Засгийн газрын 2014-02-28-ны өдрийн 69 тоот "Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай" 69 дүгээр тогтоолд: 1. “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээг "Кью Эс Си" ХХК-тай байгуулах эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олгосугай.” 2. “Д” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг концессын гэрээний хугацаанд “Кью Эс Си” ХХК-нд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо/ Д.Цогтбаатар/-т үүрэг болгосугай.” гэж заасан. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2014-04-15-ны өдрийн 155 тоот тогтоолын хавсралтын 2.f хэсэгт “Авлага өглөгийг дотоод гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нэг бүртэй тооцоо нийлсэн актаар” хөрөнгийг хүлээлцэхээр тусгасан. Төрийн өмчийн хорооноос Концесс эзэмшигчид актаар хүлээлгэж өгсөн баримтанд нэхэмжлэгч “Х” ХХК-тай тооцоо нийлсэн баримт авагдаагүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Хурд интернэшнл ХХК 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЦБ-2010-13 дугаар гэрээний дагуу  Д ХК-д төлсөн 68,367,642 төгрөгийг буцааж гаргуулахыг шаарджээ. /хх 1-2/

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж /хх 27,41/ маргасан байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангажээ.

       Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигч талуудын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Талууд арматур төмөр болох цувимал бүтээгдэхүүн худалдах-худалдан авахаар тохирохдоо 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр арилжааны АГ-2010-07 болон худалдах-худалдан авах ЦБ-2010-13 дугаар гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийн биелэлтийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй, энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

       Зохигч нар байгуулсан хоёр гэрээний үүрэгт Д ХК нийт 690.460 тонн арматур төмөр болох цувимал бүтээгдэхүүн нийлүүлэх, Х ХХК 168.185.000 төгрөгт тооцож 363 ширхэг дугуй нийлүүлэх, 392.710.170 төгрөгийг бэлнээр төлөх үүрэг хүлээсэн байна.

        Хэрэгт авагдсан баримтаар худалдагч 605.982 тонн арматур нийлүүлсэн, худалдан авагч нь 370.000.000 төгрөг төлж, 195.435.000 төгрөгийн үнэтэй дугуй нийлүүлсэн, гүйцэтгээгүй үүргийн хэмжээ 68.367.642 төгрөг болох нь тогтоогджээ.

        Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.

       Хэрэгт авагдсан баримтаар ЦБ-2010-13 дугаар гэрээний үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй талаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлд нийцсэн дүгнэлт хийжээ.

       “Тулган баталгаажуулах тухай” 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1-1/2068-13 дугаартай албан бичгийн агуулга нь нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл болохгүй байх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах баримт хэрэгт байхгүй байна.

       Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигч талуудын гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигч талуудын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 386.240 төгрөг, хариуцагчаас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 272.859 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ