| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0039/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/37 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 2025000220021 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан–Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаан механик мэргэжилтэй, “Ачит Ихт” ХХК-д хуваарь гаргагч, сэлбэг хариуцагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-601 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Сүхбаатарын Билгүүн / ТЖ86070818/
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Бийг 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Оюут багийн 2-23-р байрны гадна Г.Мөнхдөлийн гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бий мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,
-Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Г.Мөнхдөлийн... “2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээ болсон ба....гэртээ ирчихээд байж байтал Хашчулуун гээд надтай хамт ажилалдаг ах би Чимэг төвд байна гээд 01 цаг өнгөрч байхад дуудсан. Тэгэхээр нь би гэрийнхээ гаднаас такси аваад Чимэг төвд очсон чинь Хашчулуун ах манай ажлын цахилгаан засварын цехийн хүмүүстэй байсан ба Хашчулуун ахыг аваад гарах гэж байхдаа би Билгүүн гэх залуутай маргалдсан... Билгүүн намайг Чимэг төвийн гадаа байхад гарч ирээд надтай барьцалдсан чинь тэнд байсан хүмүүс бид 2-ийг салгасан.Тэгээд би Хашчулуун ахыг аваад гэртээ орж ирчихээд би Билгүүн лүү залгаад чи намайг цохиж авсан бол ирээд уучлалт гуй гэсэн чинь Билгүүн яваад очъё гэсэн. Удалгүй гадаа чинь ирчихлээ гээд залгахаар нь би гараад Билгүүнтэй маргалдсан чинь халааснаасаа хутга гаргаж ирээд миний баруун гуя руу хутгалсан. Тэр үед нь би газар унасан ба Билгүүний хутганаас барьчихсан байж байтал манай эхнэр араас гарч ирж таараад... би энэ намайг хутгалчихлаа ш дээ гэтэл манай эхнэр Хашчулуун ахын эхнэр 2 айгаад бид 2-луу ойртож чадахгүй байсан. Энэ үед Хашчулуун ах гэрээс гарч ирээд Билгүүн бид 2-ийг салгаад би эхнэртэйгээ Хашчулуун ахын эхнэртэй хамт гэртээ орсон чинь хутгалуулсан газраас цус гараад байсан чинь манай эхнэрийн дүү Бадам цагдаа дуудлага өгсөн.”... гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,
-Гэрч Г.Үүрийнтуяагийн ...”С.Б гэх залуу манай нөхөр рүү залгаад тамхи татах уу гэсээр байгаад гэрээс гаргасан. Би санаа зовоод Болортунгалаг эгчийн хамт гарахад нөхөр Мөнхдөл, Билгүүн нар хамт зогсож байгаад манай нөхрийг дагуулаад 4-р байрны хажуу талд очоод удалгүй Мөнхдөл хашиграад газар унасан. Би гүйгээд очиход Билгүүн манай нөхрийн баруун цавь хэсэг рүү хутгалсан. Хутгалсан хутгаа сугалж авахгүй би ална шүү, та нар цагдаа дуудахгүй биз дээ гээд хашиграад байсан. Би гадаа орилоход гэрээс Хашаа ах гарч ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
-Гэрч П.Осоржамаагийн ...”Би 22 цагийн үед ажилдаа гарах гээд явчихсан ба манай нөхөр Билгүүн тэнд үлдсэн. Ингээд би ажлаасаа бууж ирсэн чинь манай нөхөр над руу залгаад би цагдаа дээр байна ирээд аваач гэхээр нь цагдаа дээр ирсэн. Надтай хамт ирсэн манай ажлын Дэлгэрхангай гэх залуу надтай уулзаад Билгүүн хүн хутгалсан юм шиг байна гэхээр нь гэртээ очоод хутгаа бүртгэж үзтэл модон иштэй жижиг хутга алга болсон байсан. ”... гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
-Гэрч Д.Хашчулууны... Мөнхдөл манай ажлын Билгүүн нар хоорондоо муудалцаж байгаад би Мөнхөлийг аваад гэрт нь 2-23 дугаар байранд очсон. Улмаар би тэднийд айраг уугаад сууж байтал Мөнхдөлийн утас дуугараад гадаа хүн ирчихсэн байна уулзлаа гээд гарсан. Араас нь манай эхнэр Мөнхдөлийн эхнэр 2 гарсан. Би тэр хооронд архи их уусан болохоор буйдан дээр нь хэсэг зүүрмэглэчихсэн байсан. Гэтэл Мөнхдөлийн дүү нь намайг сэрээгээд манай эгч юм уу танай эхнэр юм уу гадаа оргилоод байна зодоон болоод байх шиг байна гэхээр нь би орцны үүдэнд гарсан чинь Мөнхдөл Билгүүн нар хоорондоо маргалдсан бололтой Мөнхдөл нь намайг Билгүүн хутгаар хатгачихлаа гэж байсан. Тухайн үед Билгүүн уйлчихсан байсан. Энэ үед Мөнхдөлийг манай эхнэр Мөнхдөлийн эхнэр 2 аваад орсон ба би Билгүүнтэй уулзаад юу болоод байгаа юм юун хутга шөвөг болчихвоо гэтэл Билгүүн би согтчихсон байна юу болсоноо мэдэхгүй байна гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
-Гэрч Б.Болортунгалагийн...” Тэгэхээр нь би Мөнхдөлийн эхнэртэй араас нь гартал цагаан өнгийн такси орцны үүдэнд ирээд машинаас нэг хүн буугаад Мөнхдөлийг дагуулаад цааш булан тойроод явсан. Гэтэл тухайн үед хүн орилох чимээ гарахаар нь би Мөнхдөлийн эхнэртэй гүйгээд очтол манай нөхрийн ажлын газрын Билгүүн гэх залуу Мөнхдөлийн дээр нь гарчихсан хэвтэж байсан. Мөнхдөл энийг аваачээ намайг хутгалчихлаа гэхээр нь би Мөнхдөлийн эхнэртэй очоод Билгүүнийг боль гээд босгох гэтэл босохгүй цагдаад хэлэхгүй бол бослоо гээд байсан. Тэгэхээр нь би Мөнхдөлийн эхнэртэй нийлж байгаад аргалж байгаад Билгүүнийг босгосон... Тухайн үед Билгүүн гартаа хүрэн иштэй хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд би Мөнхдөлийг эхнэртэй нь хамт аваад орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12 дугаартай ... “С.Бий биеээс авсан цусанд этилийн спирт 1.9 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамарагдана.” гэх дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаартай ... Г.Мөнхдөлийн биед баруун гуянд 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2019-12-28-наас 29-нд шилжих шөнө үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 3-4- р хуудас,
-Хохирогч Г.Мөнхдөлийн эмнэлэгийн яаралтай тусламжийн хэсгээр үйлчлүүлсэн бүртгэлийн хуулбар /хх-ийн 55-56-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар шүүгдэгч С.Б нь 2019 оны 12 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө согтуурсан үедээ Орхон аймгийн Оюут багийн 2-23-р байрны гадна очиж Г.Мөнхдөлийг гэрээс нь дуудаж гаргаж ирээд гуя хэсэгт нь гэрээсээ авч гарсан хутгаар хатгаж биед нь баруун гуянд 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь 68 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгч С.Бий энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: шүүгдэгч С.Б 2019 оны 12 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Оюут багийн 2-23-р байрны гадна Г.Мөнхдөлийн гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ. Шүүгдэгч С.Б өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна. Гэмшиж байна. Цаашид архи уухгүй гэж өөртөө андгайлсан гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.Мөнхдөлийн эмчилгээний зардалд 100,000 төгрөгийг төлсөн, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгч гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт С.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ