Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 658

 

 

 

 

 

 

 

      2020          7            07                                      2020/ШЦТ/658

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч Ж.Энх-Амгалан,

          шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000330644  дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, "VCH трейд ХХК" захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, тоотод оршин суух,

урьд 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 134 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Б.Б (регистрийн дугаар),

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ""Войд" төвд "Чиний хүмүүс намайг алах гэлээ, захиалгаар чи намайг алах гэлээ" гэх шалтгаанаар Д.Гантулгыг толгойн тус газар цохиж, үсдэж, нүүрэнд нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь "Биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Би тухайн объектийг сарын 130.000 төгрөгөөр түрээслэдэг байсан. Тухайн газар уулзалтаар явж байсан хүмүүстэйгээ хамт ортол хувцас сольдог өрөөндөө хамгаалагч нар нь хүн зодож байсан. Үүнийг хараад хамгаалалтын албаны хүмүүс байж яагаад хүн зодоод байгаа юм бэ, хэрэв энэ асуудлаас болж тусгай зөвшөөрлийн асуудал яригдвал яах вэ” гээд шаардлага тавьтал “наад залуугаа гарга” гээд өргөөд хаалгаар гаргаж шидсан. Би тухайн үед дагзаараа унаад ухаан адсан. Нэг сэртэл хамт явж байсан хүмүүс маань хажууд байсан. Тэгээд тэр хүмүүсийг хүргэж өгчихөөд буцаж ирээд тухайн байгууллагын үйл ажиллагааны талаар шаардлага тавьсан боловч намайг гарга гэдэг үүргийг ажилчиддаа өгч байсан. Удалгүй цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. Гэвч надад согтолтын зэрэг байгаагүй. Гантулга бид 2 эрүүлжүүлэх рүү явж байхдаа ч машинд маргалдсаар л байсан. Гантулгын гол зорилго нь надад түрээсийн мөнгө өгөхгүй санаатай байсан. Энэ байдлаараа миний намтарт муу түүх үлдээх гэсэн л үйлдэл юм. Шүүх эмнэлэг худлаа дүгнэлт гаргачихдаг юм байна. Би хохирогчийг цохиж зодсон үйлдэл гаргаагүй. Тухайн үед хохирогч гомдолгүй гэсэн боловч заавал шүүхээр шийдвэрлүүлэх ёстой гэсний үндсэн дээр шүүхэд хэрэг шилжсэн...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Гантулга машинтайгаа зугтах гээд байхаар нь би явуулахгүй байж байгаад цагдаа ирэхэд хамт цагдаагийн машинд суугаад Гантулгатай нилээн маргалдсан. Цагдаагийн машин дотор Гантулга бид хоёрын дунд сууж байсан хамгаалагч намайг цонх руу шахаад байхаар нь би та нар ер нь яаж намайг дээрэлхээд байгаа юм гээд Гантулга руу дайрч нэг удаа үсдэж доош дарсан...” гэсэн мэдүүлэг /хх-33-34/,

 

Хохирогч Д.Гантулгын "...2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Войд" төвийн шинэ жилийн арга хэмжээ "Войд" бааранд болсон. Шинэ жилийн арга хэмжээ дуусаж байтал гадаа "VCH трейд" ХХК-нд захирал хийдэг Батбилэг гэх залуу хамгаалалтын албаны залуучуудтай маргалдаж байсан. Би очоод маргааныг таслан зогсоогоод Батбилэгийг явуулсан. Ажлын газар руугаа ороод үйл ажиллагааг зогсоочхоод гараад иртэл Батбилэг буцаад ирчихсэн хамгаалалтын албаны ажилчидтай маргалдаад хамгаалагч нарыг цохиод алгадаад байсан. Би очоод салгаад хамгаалагч нарыг явуулсан. Батбилэг чиний хүмүүс намайг алах гэлээ, захиалгаар чи намайг алах гэлээ гэж хэлээд шанаан тус газар цохисон. Үсдэж байгаад нүүр рүү өшиглөсөн. Би гараад яваад өгсөн. Би машин дотроо сууж байсан чинь миний машины цонх цохиод цагдаа дуудсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 8-10, 11/,

 

Гэрч Б.Бялжиннямын "...Тухайн үед Батбилэг, Гантулга нарыг нэг хамгаалагчийн хамт эрүүлжүүлэх байранд авчихаар машинд суулгаад явж байх хооронд Батбилэг нь Гантулгыг гараараа нуруу хэсэг рүү нь толгойг нь тонгойлгож байгаад үзэх үү чи гээд цохиод байх шиг байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,

 

Шинжээч Т.Амартүвшингийн "...Тархи доргилт гэмтэл нь толгойг дарж, үснээс зулгааж, сэгсрэх, дарах үед үүсэх боломжтой бөгөөд дангаараа болон зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл хүчтэй угзрах, татах үед үүсэх боломжтой. Хэрэг учрал болсон үед үүссэн байх боломжтой гэмтэл байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹534 тоот актын “…Д.Гантулгын биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ..мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-16-17/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-56-57/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ""Войд" төвд "Чиний хүмүүс намайг алах гэлээ, захиалгаар чи намайг алах гэлээ" гэх шалтгаанаар Д.Гантулгыг толгойн тус газар цохиж, үсдэж, нүүрэнд нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь "Биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Гантулга, гэрч Б.Балжинням нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №534 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Бийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Бийн хохирогч Д.Гантулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Д.Гантулга нь тус эрүүгийн хэрэгт өөрт учирсан бодит хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймд хохирогч Д.Гантулгын өөрт учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.    

 

Шүүх шүүгдэгч Д.Гантулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бийг 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Б.Б нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хохирогч Д.Гантулга нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР