Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 102

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Б.Энхбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Наранбулаг,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Энхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Бт холбогдох эрүүгийн 200200*******70194 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийг “*******” мэргэжлээр 3-р дамжаанд суралцаж буй оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ******* дүүргийн 2 дугаар хороо 1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Б.Б /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сард ******* сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамалыг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн,

Үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутны хамт 289 грамм жинтэй нунтаг, өвс гэх нэршилтэй ургамал мэт зүйлийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “А.*******  гэх залуутай анх үсээ засуулж байгаад танилцсан. Тэр үед ******* надад Бор нуурт өвс ургадаг талаар ярьж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ээж дүүгийн хамтаар Сэлэнгэ аймаг руу явсан. Маргааш оройн  нь 16 цагийн үед Улаанбаатар хот руу гарсан. Замдаа машины дугуй 2-3 удаа хагарч дугуйгаа солих үед *******гийн хэлж байсан ургамал байхаар нь аваад машиндаа хийсэн. 04 дүгээр сарын 13-ны өдөр *******тэй уулзаад үзүүлэхэд шалгаж үзье гээд цаасанд боож байгаад би 2 удаа л сорж үзсэн. Тэгэхэд ямарч амт мэдрэгдээгүй ******* бас сонирхоод татаж үзсэн. Тэгээд бөмбөрцөгийн тэнд очоод машиндаа утсаар тоглоод байж байхад цагдаа нар ирсэн. Би хар тамхины хор хөнөөлийг хэрэг гарснаас хойш мэдсэн. Хар тамхи нь хүний сэтгэцэд нөлөөлж, донтуулдаг” гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад О.Оюунболор нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Автомашины дотор хэсэгт үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад уг тээврийн хэрэгслийн урд талын ертөнцийн зүгээр зүүн гар талын суудлын урд шалан дээр цайвар ногоон өнгийн ууттай нунтаг хүрэн өнгийн зүйл байх ба уг зүйлийг Б.Б, ******* нар нь мансууруулах төрлийн “Вид” нэртэй өвс гэж хэлсний дагуу үзлэгийг тэмдэглэлд тусгаж хураан авав...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12 дугаар хуудас/,

 

            Тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан ууттай өвсийг хоёр хувааж жигнэж үзэхэд хөх өнгийн ууттай өвс нь 148.7987 грамм, цагаан цэцэгтэй ягаан өнгийн уутанд хийсэн өвсийг жин дээр тавьж үзэхэд 136.5295 грамм байв гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

            ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад О.Оюунболор нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өөр “...Б.*******, А.*******, Б.Б нарын биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11, 18, 20 дугаар хуудас/,

 

            Дээрх хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагаануудыг  хүчинтэйд  тооцсон  2020  оны  04  дүгээр  сарын  15-ны  өдрийн

прокурорын 01, 03 дугаартай тогтоолууд /хх-ийн 14, 21 дүгээр хуудас/,

 

            Приус-30 загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн ажиллагаагаар хураан авсан “өвс” мэт зүйл, мөн Б.*******, А.*******, Б.Б нарын авсан биеэс биологийн дээжүүдэд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2300 дугаартай:

            “Шинжилгээнд ирүүлсэн хөх болон ягаан цоохор гялгар ууттай 2 хэсэг ургамал мэт зүйлс, шээсний дээжүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн үс, цусны хэмжээ бага тул шинжилгээнд тэнцэхгүй байна.

            Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн гялгар ууттай, уутны хамт 151 грамм жинтэй ургамал мэт зүйл, ягаан цоохор ууттай, уутны хамт 138 грамм жинтэй ургамал мэт зүйлст делта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabino/ илрэв.

            Шинжилгээнд ирүүлсэн Б.Б 2020.04.14, А.******* 2020.04.14, Б.******* 2020.04.14 гэсэн хаягтай шээс тус бүрт тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

            Делта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabino/ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.

            Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай 6 ширхэг ургамал мэт зүйл бүрээс Делта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabino/ илэрч байна.

            Делта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabino/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 57-64 дүгээр хуудас/,

           

            Гэрч А.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б.Бт өвс гэх нэршилтэй мансууруулах бодис байгааг тэр өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдсэн. ...2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б.Бтай уулзаад Б.Бт байсан гялгар ууттай нунтаг ногоон өвснөөс 1 тамхины цаасанд ороод Б.Б бид 2 хувааж сорсон, би эхэлж хэд сороод үлдсэнийг нь Б.Б сорж байгаад найз нь ирээд найзтайгаа уулзсан, тэгэхдээ тэр ******* гэж найздаа соруулсан, би *******г Б.Бийн барьсан тамхинаас сорж байхыг харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

            Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Б, ******* нарыг тэр тамхины цаасанд хийж сорсон, хэзээ, хаанаас, ямар байдлаар олж авсан талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

            Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын эхээр би хүү гийн хамт машинаар нь Сэлэнгэ аймгийн Манал суманд ажиллаж амьдардаг Сэлэнгэ гэдэг хамаатныхаа хүнтэй уулзах ажлаар өглөө эрт яваад оройдоо буцаж *******ад ирсэн. Яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Тухайн үед Б.Б машинтайгаа 13 настай дүүгийнх нь хамт бид 3 явж ирсэн.

            Сэлэнгээс ирж байхад машины дугай хагарсан, Б.Б дугугаа солиод яваад байсан, би дүүгийнхээ хамт машиндаа сууж байсан, өвч ургамал түүсэн эсэхийг мээхгүй  байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 526 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Б.Бийн мөрөн байцаалтад өгсөн:“...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байгаа, дахиж ийм зүйл хийхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаа хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Гэм буруугийн талаар

            Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сард ******* сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамалыг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн болох нь:

Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өөрийн хийсэн үйлдэлээ харамсаж, гэмшиж байна. Миний буруу дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна. Хорих ял оногдуулахгүй тэнсэн харгалзаж өгнө үү” гэх,

   Гэрч А.*******гийн: “...Б.Бт байсан гялгар ууттай нунтаг ногоон өвснөөс 1 тамхины цаасанд ороож Б.Б бид 2 хувааж сорсон, би эхэлж хэд сороод үлдсэнийг нь Б.Б сорж байгаад найз нь ирээд найзтайгаа уулзсан, тэгэхдээ тэр ******* гэж найздаа соруулсан, би *******г Б.Бийн барьсан тамхинаас сорж байхыг харсан...” гэх,

            Гэрч *******гийн: “...Б.Б, ******* нарыг тэр тамхины цаасанд хийж сорсон, хэзээ, хаанаас, ямар байдлаар олж авсан талаар мэдэхгүй...” гэх,

            Гэрч ын: “...Сэлэнгээс ирж байхад машины дугуй хагарсан, Б.Б дугуйгаа солиод яваад байсан, би дүүгийнхээ хамт машиндаа сууж байсан, өвч ургамал түүсэн эсэхийг мэдэхгүй  байна...” гэх мэдүүлгүүд болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд,  2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн прокурорын 01, 03 дугаартай тогтоолууд, “...Б.*******, А.*******, Б.Б нарын биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2300 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2674 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч “Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл Эрүүгйин хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Бт холбогдох 200200*******70194 дугаартай эрүүгийн  хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон гэм буруу болон  эрүүгийн хариуцлагын талаар дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж хадгалсан, гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Б нь энэ гэм хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Иймд шүүгдэгч Б.Бийг эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зйүлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хуулийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй. Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугцаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу нээлттэй хорих ангид эдүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл нь Цагдаагийн ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, эд мөрийн баримтыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох үед устгахаар байна.  Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн  улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Наранбулаг: “...Б.Бийн гэмт хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй. Гэхдээ сая улсын яллагчийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Энэ гэмт хэрэг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүгдэгч Б.Б нь анх *******тэй танилцсан ба ******* нар нь найзууд биш гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотох баримтуудаар тогтоогддог. Шүүгдэгч нь 06 дугаар сарын 09-ний өдөр Борнуур гэх газраас ургамалыг түүсэн ба 13-ны өдөр *******тэй уулзаж ургамлыг үзүүлэхэд хэрхэн татахыг нь үзүүлээд нэг удаа шүүгдэгч нь татсан. Тухайн үед *******г Эрүүгийн цагдаагийн газраас гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан учраас газар дээр нь баривчилсан. ******* нь Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр энэ төрлийн гэмт хэргийн улмаас шалгагдаж байгаа, Б.Б нь өмнө нь хэрэглэж байгаагүй ба үйдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөшөөрсөн зэрэг хувийн нөхцөл байдлуудыг шүүх харгалзаж үзэн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны эрүүгийн хариуцалга оногдуулахдаа хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасан, шүүгдэгч Б.Бийг НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн үйлсдэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн 200200*******70194 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дельта 9 тетргагидроканнабинолын агууламжтай гялгар ууттай 289 грамм жинтэй нунтаг, өвс гэх нэршилтэй ургамал мэт зүйл Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Бийг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дельта 9 тетргагидроканнабинолын агууламжтай гялгар ууттай хамт 289 грамм жинтэй нунтаг, өвс гэх нэршилтэй ургамал мэт зүйл /Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

5. Эрүүгийн 200200*******70194 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нарт шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргуулах таслах сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ