| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0106/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/106 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир, /томилолт/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Наранбаатар,
Хохирогч И.Х,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Ц.Бод холбогдох эрүүгийн 1907005310023 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1989 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа нүүрс олборлодог, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар баг, Рашаантад оршин суух бүртгэлтэй,
урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2011 оны 05 дугаар сарын 21 ны өдөр Хөвсгөлийн 443 ангиас ялын хугацаа дуусч суллагдсан, Өөлд овогт Ц.Б /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны 2 дугаар камерт И.Хтай маргалдан улмаар толгой руу нь гараараа нэг удаа цохиж биед нь дух ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун зүүн дух хэсгийн эдийн няцрал, гэмтлийн гаралтай зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр эрүүлжүүлэх байранд анх ороход 3 хүн байсан. Тэгээд хохирогч И.Х орж ирээд надтай нийлээд тавуулаа болсон. И.Х эрүүлжүүлэх байрны өрөөнд унтаж байхад орж ирээд адиеллаа өг өгөхгүй бол ална шүү гэх мэтээр айлгаад заналхийлж элдэв үгээр доромжлоод байхаар нь зүүн гараараа хацар луу нь цохьсон” гэв.
Хохирогч И.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Найзуудтайгаа нийлээд 3 шил архи уугаад цагдаад баригдаад эрүүлжүүлэх байранд очсоноо л санаж байна. Өөр зүйл сайн санахгүй байна. Би хувиараа такси үйлчилгээнд явдаг байсан ба гэмтэл авснаас хойш ажил хийгээгүй хугацааны зардал болон эмчилгээний зардалд нийт 5.118.709 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Яллагдагч Ц.Бын “...Би 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эгтуу гудамжинд унтаж байаад эрүүлжүүлэхэд орсон. Ороод унтаж байх үед нэг согтуу хүн өдөөд өшиглөж аваад хучлага булааж авах гээд байхаар нь босоод маргалдаж байхдаа би зүүн гараараа нэг удаа нүүрэнд нь цохиход арагшаа саваад тархиараа шалан дээр унасан. Тэгэхдээ хүнд гэмтэл авсан гэж бодож байна. Уурандаа хүн цохиж хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд мшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Хохирогч И.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед 3 дугаар хорооны Дэнжид явж байхдаа танидаг хүнтэй таарч 2 шил архи уусан. Тэгээд Нараатай 1 шил архи уучихаад гэртээ дагуулж ирээд дахин нэг шил архи ууж байгаад түүнээс хойш болсон асуудлаа мэдэхгүй байна. Түүнээс хойш олон хоногийн дараа гэмтлийн эмнэлэгт сэхээ орсон. Толгой тархины хууч өвчин байгаагүй. Би эрүүл саруул толгой тархи хэвийн байсан. Зодуулж эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Намайг зодож гэмтээсэн Ц.Б гэж ямар хүн байдгийг мэдэхгүй. Би өөрөө эмчилгээний бүх зардлаа гаргасан. Би эмчилгээнд 118,709 төгрөг зарцуулснаас баримттайг нь гаргаж өгөөд баримтгүйг нь жагсаалт гаргаж бичсэнээ өгсөн байгаа. 2 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан болохоор 3.000.000 төгрөг, нийлээд 5,118,709 төгрөг буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,
Гэрч Д.Мартын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай эгч Наранцэцэгийн нөхөр И.Х нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчимд гэрийнхээ орчимоос гудамжинд архи ууж байгаад цагдаа нарт баригдаж эрүүлжүүлэгдсэн юм билээ. Маргааш өдөр нь эгч Наранцэцэг нөхрөө асуугаад ярихад 1-р хорооны цагдаа дээр байна гэхээр нь хороо руу авахаар очиход цагдаагийн өрөөнд сууж чадахгүй бие нь тааруухан байх шиг байсан. Тэгээд гэртээ ирээд И.Х ах хэвтээд өгсөн. Тэр шөнөдөө гэртээ хоноод маргааш өглөө нь Налайхын эмнэлэгт ирж үзүүлэхэд яаралтай хот руу явж томографт үзүүл гэхээр нь хот авч яваад 1-р эмнэлгийн хажууд хувийн эмнэлэгт үзүүлэхэд тархи нь цөмөрсөн цуурсан яаралтай гэмтлийн эмнэлэг рүү яв гэхээр нь үзүүлж хэвтүүлсэн. Цагдаа ирээд бичлэгийг нь үзэхэд И.Х ах камерт байгаа нэг эрэгтэй хүнтэй маргалдаад тэр нь цохиж унагаагаад хөдөлгөөнгүй 3 минут орчим болсоны дараа цагдаа дуудаж эмэгтэй цагдаа ирэхэд бичлэг нь тасарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Г.Мөнхгэрэлийн “...2019 оны 12 дугаар сарын 03-ны орой 21 цаг өнгөрч байхад эрүүлжүүлэх байранд И.Х гэдэг хүнийг авчирсныг хүлээн аваад 2 дугаар камерт оруулсан. Тэгээд буцаж өрөөндөө ороод камераар хяналт тавиад сууж байхад 2 эрэгтэй хүн зууралдаад авахаар нь би өрөөнөөс гараад очиход өрөөний дотор баруун гар талд нь И.Х дээшээ хараад уначихсан байсан. Өрөөний хаалгыг нээж ороод татаж үзэхэд “ёооё” гээд орилоод хэвтээд байсан. Тэр үед Нандин-Эрдэнэ эмч орж үзсэн. И.Х орилоод 2 тийшээ хөлбөрөөд хэвтээд байсан. И.Х шөнийг унтаж өнгөрөөсөн. Маргааш өглөө нь зүв зүгээр босоод нөмөрч унтсан адиалаа хурааж 00-ын өрөө орж бие засаад яваад байсан. И.Хтай муудалцсан хүн нь тэр өдрийн үдээс хойш согтуу ирж эрүүлжүулэгдсэн Ц.Б гэдэг эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч Д.Наранцэцэгийн “...Би Оюунболд байцаагчтай ярьж байгаад очсон. И.Х толгой өвдөөд байна гэж ярьж байсан ба асуудлаа шийдүүлээд гэртээ харьсан. Очоод хэвтээд босохгүй толгойгоо бариад шөнөжин ёолоод хоносон. Өглөө нь би Налайхын эмнэлэг рүү дагуулж очоод үзүүлэхэд толгой нь гэмтэлтэй юм шиг байна хот руу яваад яаралтай зураг авахуул гэхээр нь Улааанбаатарт Люкс мед эмнэлэгт авч очоод толгойн томографийн зураг авахуулахад толгойдоо гэмтэлтэй байна гээд гэмтэлд очиж хэвтүүлсэн юм. Хагалгаанд орох хүртлээ 7 хоног ухаангүй байж байгаад 12 дугаар сарын 13-ны өдөр хагалгаанд орж хэд хоног хэвтээд биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шинжээч эмч С.Төгсбуяны “...Гавлын ясны заадас дагасан шугаман хугарал гэмтэл нь толгойн дух баруун, зүүн чамархай хэсгээр мохоо зүйлийн цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний гараар цохих үед үүсэх боломжтой. Мохоо зүйлд атгасан гарыг хамааруулж болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/08 дугаар:
Эд мөрийн баримтаар Цагдаагийн хэлстийн эрүүлжүүлэх байрны камерт болсон асуудлыг баримтжуулсан 61 минут 20 секундын дүрс бичлэг бүхий 1 ширхэг диск зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбарт
Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Бод ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хохир ангид ял эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ц.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалах, битүүмжлэгсэн эд зүйл байхгүй болно” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар: “Шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргээр яллаж байгаад маргах зүйл байхгүй. Хохирогч И.Хын зүй бус үйлдэлээс болж шүүгдэгч түүний нүүрэн тус газар нь цохиж улмаар хохирогч нь газар унах явцдаа хананд толгойгоо цохиж улмаар тархи толгойдоо гэмтэл авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Б нь хийсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн зүгээс зүйлчилж байгаа гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаж улсын яллагчтай мэтгэлцэх зүйл байхгүй. Хохирогчид учирсан гэмтэл, эмчилгээ хийлгэж халгалгаанд орсон зэрэг дээр ямар нэгэн эргэлзээтэй зүйл байхгүй. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 694.109 төгрөгийг хохирогчид гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Бусад баримтаар тогтоогдоогүй мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж өгнө үү” гэсэн саналтай байна” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Бод холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны 2 дугаар камерт И.Хтай маргалдан улмаар толгой руу нь гараараа нэг удаа цохиж биед нь дух ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун зүүн дух хэсгийн эдийн няцрал, гэмтлийн гаралтай зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...И.Х эрүүлжүүлэх байрны өрөөнд унтаж байхад орж ирээд адиелаа өг өгөхгүй бол ална шүү гэх мэтээр айлгаад заналхийлж элдэв үгээр доромжлоод байхаар нь зүүн гараараа хацар луу нь цохьсон” гэх,
хохирогч И.Хын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Найзуудтайгаа нийлээд 3 шил архи уугаад тэгээд цагдаад баригдаад эрүүлжүүлэх байранд очсоноо л санаж байна. Өөр зүйл сайн санахгүй байна” гэх,
Гэрч Д.Мартын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...И.Х нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны орой ...бичлэгийг нь үзэхэд И.Х ах камерт байгаа нэг эрэгтэй хүнтэй маргалдаад тэр нь цохиж унагаагаад хөдөлгөөнгүй 3 минут орчим болсоны дараа цагдаа дуудаж эмэгтэй цагдаа ирэхэд бичлэг нь тасарч байсан” гэх,
Гэрч Г.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 03-ны орой 21 цаг өнгөрч байхад эрүүлжүүлэх байранд И.Х гэдэг хүнийг авчирсныг хүлээн аваад 2 дугаар камерт оруулсан. Тэгээд буцаж өрөөндөө ороод камераар хяналт тавиад сууж байхад 2 эрэгтэй хүн зууралдаад авахаар нь би өрөөнөөс гараад очиход өрөөний дотор баруун гар талд нь И.Х дээшээ хараад уначихсан байсан. ...И.Хтай муудалцсан хүн нь тэр өдрийн үдээс хойш согтуу ирж эрүүлжүүлэгдсэн Ц.Б гэдэг эрэгтэй хүн байсан.” гэх,
Гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Очоод хэвтээд босохгүй толгойгоо бариад шөнөжин ёолоод хонож, өглөө нь би Налайхын эмнэлэг рүү дагуулж очоод үзүүлэхэд толгой нь гэмтэлтэй юм шиг байна хот руу яваад яаралтай зураг авахуул гэхээр нь Улааанбаатарт Люкс мед эмнэлэгт авч очоод толгойн томографийн зураг авахуулахад толгойдоо гэмтэлтэй байна гээд гэмтэлд очиж хэвтүүлсэн юм. Хагалгаанд орох хүртлээ 7 хоног ухаангүй байж байгаад 12 дугаар сарын 13-ны өдөр хагалгаанд орж хэд хоног хэвтээд биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан.” гэх,
Шинжээч эмч С.Төгсбуяны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гавлын ясны заадас дагасан шугаман хугарал гэмтэл нь толгойн дух баруун, зүүн чамархай хэсгээр мохоо зүйлийн цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний гараар цохих үед үүсэх боломжтой. Мохоо зүйлд атгасан гарыг хамааруулж болно.” гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/08 дугаар: И.Хын биед дух ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун зүүн дух хэсгийн эдийн няцрал, гэмтлийн гаралтай зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, Эд мөрийн баримтаар Цагдаагийн хэлстийн эрүүлжүүлэх байрны камерт болсон асуудлыг баримтжуулсан 61 минут 20 секундын дүрс бичлэг бүхий диск зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
хохирогч И.Х: миний бие махбодид хүнд хохирол учирсан. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хувиараа такси үйлчилгээнд явдаг байсан ба гэмтэл авснаас хойш ажил хийгээгүй хугацааны зардал болон эмчилгээний зардалд нийт 5.118.709 төгрөг нэхэмжилж байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Наранбаатар “...хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 694.109 төгрөгийг хохирогчид гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Бусад баримтаар тогтоогдоогүй мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж өгнө үү” гэх тайлбаруудыг үндэслэн И.Х нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх саналтай байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ”...Улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргээр яллаж байгаад маргах зүйл байхгүй” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд:Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд:Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд 6.5 дугаар зүйлийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” мөн 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллага эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Быг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны камерт болсон асуудлыг баримтжуулсан 61 минут 20 секундын дүрс бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Боос 694.109 /зургаан зуун ерэн дөрвөн мянга нэг зуун ес/ төгрөгийг гаргуулан хохирогч И.Хадолгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.424.600 /дөрвөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийн хэрэгсэхгүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ