| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0107/Э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Д.Аянагүл /томилолтоор/,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Гт холбогдох эрүүгийн 2007001770095 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт ******* аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг,******* тоотод оршин суух ******* овогт Б.Г /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Б.Г нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр *******,******* дугаар байрны орчимд гэр бүлийн хамаарал бүхий Г.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг үснээс нь зулгаах, толгойгоороо мөргөх, гараараа нүүрэн тус газарт цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр ажил дээр очсон боловч хийх ажил байхгүй байсан. Тэгээд явж байгаад танихгүй хоёр залуутай танилцаад архи уусан. Орой болоод эхнэрээ ирээд авчих гэж хэлсэн. Гэртээ иртэл эхнэр цалин мөнгөрөө архи уулаа гээд хэрүүл хийгээд байж байсан. Манай ээжрүү утсаар залгаад хэлсэн. Манай ээж бие муутай хүн байдаг. Тэгээд миний уур хүрээд зодсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Б.Г гэх залуутай 2019 оны 12 дугаар сард танилцаж тэрнээс хойш үерхэж байгаад 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бид 2 хамтран амьдарч эхлэсэн. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өглөө Б.Г ажилдаа явлаа гээд гэрээсээ гарсан. 11 цаг өнгөрч байхад Б.Г надруу залгаад инженерийн төрсөн өдөр болоод бид нар ууж байна гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 13 цагийн үед надруу дахин залгаад намайг ирээд авчих гэхээр нь би чиний ам руу архи цутгаагүй, очиж авч чадахгүй чи өөрөө хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл 14 цагийн үед нилээн согтуу байдалтай гаднаас орж ирээд хоёр хүүхэд *******оос наашаа гарна гэнээ тосч авъя зардалынх нь мөнгө төгрөгийг өгье гэхээр нь тэгье, хүүхдүүд ирэх гэж байхад чи согтуу байж болдог юм уу унт гэж хэлсэн. Тэгэхэд Б.Г би чамайг мэднэ ээ хэнтэй уулзаж юу хийдгийг чинь мэднэ, намайг гараад явангуут чи гараад явдаг биздээ гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр манай цалин бууж байгаа яваад асуугаад ирье гэхээр нь би “чи унтаж бай би асуугаад ирье гэж хэлээд гэрээс гараад******* байрны орчимд явж байхад Б.Г араас гүйж ирээд янхан гичий минь гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Тэр үед ээж рүү залгах гэхэд утасны цэнэг дууссан байсан ба би ээж рүү ярьж байгаа дүр үзүүлэхэд чи миний ээж рүү ярьлаа гэж үснээс зулгаагаад толгойгоороо миний толгой руу 2-3 мөргөөд үснээс зулгааж доош дараад өвдгөөрөө нэг удаа цохьсон. Би унахдаа газраас чулуу аваад Б.Гын гар луу цохиод зугтаасан. Араас хөөж гүйцэж ирээд миний нүүр лүү гараараа цохиход нүд харанхуйлаад явчихсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа сэргэсэн. Б.Г миний үснээс зулгаачихсан пизда минь чи муу надад хайртай юм уу гэж хэлж байсан. Хамараас цус гараад тогтохгүй байсан. Тэгж байтал Б.Г гэнэт намайг орхиод зугаатгаад яваад өгсөн. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бид 2 маргалдаад Б.Г миний баруун хацар дээр хазаж гэмтээсэн. Тухайн үед би Цагдаагийн байгууллагад хандаагүй ... гэх мэдүүлэг
/хх-ийн 24-25, 68-дугаар хуудас/,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан ба эхнэр гаас охин Г.*******г зодуулсныг сонсоод доошоо хүлээн авах дээр буугаад очиход нүүр ам нь хавдсан, гутал хувцас нь цус болсон байдалтай байж байсан. Юу болсон талаар асуухад намайг зодчихлоо гээд тусгаарлах өрөөнд эмчилгээ хийлгээд байж байсан. Миний санаж байгаагаар цагаан сарын дараа намайг гэрт нь очиход Б.Г, ******* нар хоорондоо маргалдаад сууж байсан. Яагаад маргасан талаар асуухад *******г ажилд орсон байна гээд нэг хоног ажиллуулаад ажил дээр нь согтуу очиж маргалдаад ажлаас нь гаргасан гээд хоорондоо маргалдаад сууж байсан.
/хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байтал 17 цаг өнгөрч байхад Цэцэгмаа надруу залгаад ******* эмнэлэг дээр байна гэнээ очих уу, гэхээр нь тэгье гээд хамт эмнэлэг дээр ирэхэд ******* өөдөөс гарч ирсэн ба нүүр ам нь хавдаж хөхөрсөн байсан. Б.Г яасан гэхэд цагдаа дээр байгаа, согтуу байсан гэж хэлсэн. Б.Г гэх залуу миний охиныг зодсоноос болж тусдаа байгаа... гэх мэдүүлэг
/хх-ийн 70 дугаар хуудас/,
Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г.******* гэх хүн 2020 оны 03 дугаар сарын дундуур манай ажилд орохоор ирээд нэг л өдөр ажиллаад дахин ирж ажиллаагүй. Нөхөр нь гэх залуу ирчихээд хажууд нь юм яриад ажлыг нь хийлгэхгүй байсан. ******* ажлаас гарах болсон шалтгаанаа надад хэлэхдээ нөхөр хардаад байна, ажиллуулахгүй гэж хэлээд хэцүү байна гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг
/хх-ийн 72 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/223 дугаар:
“1. Г.*******гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх тархи доргилт, хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сорви гэмтэл ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүссэн өөрийн биеэр ирж үзүүлсэн 2020.04.03-ны өдрөөс 21 хоногоос өмнө байх боломжтой ба хэзээ үүссэн хугацааг нарийн тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн37-38 дугаар хуудас/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт
/хх-ийн 73-81 дүгээр хуудас/,
Б.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 83 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 41 дүгээр хуудас/
Аюулын зэргийн үнэгээний маягт
/хх-ийн 9 дүгээр хуудас/,
Б.Гын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 88-91 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...шүүгдэгч ******* овогт Б.Гын гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн болон ажил эрхлэлтийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, шүүгдэгч Б.Гт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд гаргаж байна.” гэх,
Шүүгдэгч: “...Тэр өдөр ажил дээр очсон боловч хийх ажил байхгүй байсан. Тэгээд явж байгаад танихгүй хоёр залуутай танилцаад архи уусан. Тэгээд орой болоод эхнэрээ ирээд авчих гэж хэлсэн. Гэртээ иртэл эхнэр цалин мөнгөөрөө архи уулаа гээд хэрүүл хийгээд байж байснаа манай ээж рүү утсаар залгаад хэлсэн. Манай ээж бие муутай хүн байдаг. Тэгээд миний уур хүрээд зодсон” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Гт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр *******,******* дугаар байрны орчимд гэр бүлийн хамаарал бүхий Г.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг үснээс нь зулгаах, толгойгоороо мөргөх, гараараа нүүрэн тус газарт цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Б.Гын: “...Гэртээ иртэл эхнэр цалин мөнгөөрөө архи уулаа гээд хэрүүл хийгээд байж байснаа манай ээжрүү утсаар залгаад хэлсэн. Манай ээж бие муутай хүн байдаг. Тэгээд миний уур хүрээд зодсон” гэх,
Хохирогч Г.*******гийн: “...Тэр үед ээж рүү залгах гэхэд утасны цэнэг дууссан байсан. Би ээж рүү ярьж байгаа дүр үзүүлэхэд чи миний ээж рүү ярьлаа гэж үснээс зулгаагаад толгойгоороо миний толгой руу 2-3 мөргөөд үснээс зулгааж доош дараад өвдгөөрөө нэг удаа цохьсон. Би унахдаа газраас чулуу аваад Б.Гын гар луу цохиод зугтаасан. Араас хөөж гүйцэж ирээд миний нүүр лүү гараараа цохиход нүд харанхуйлаад явчихсан ба тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа сэргэсэн. Б.Г миний үснээс зулгаачихсан пизда минь чи муу надад хайртай юм уу гэж хэлж байсан. Хамараас цус гараад тогтохгүй байсан. Тэгж байтал Б.Г гэнэт намайг орхиод зугтаагаад яваад өгсөн. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бид хоёр маргалдаад Б.Г миний баруун хацар дээр хазаж гэмтээсэн. Тухайн үед би Цагдаагийн байгууллагад хандаагүй” гэх,
Гэрч Б.ын: “...Юу болсон талаар асуухад намайг зодчихлоо гээд тусгаарлах өрөөнд эмчилгээ хийлгээд байж байсан.” гэх,
Гэрч Э.гийн: “...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байтал 17 цаг өнгөрч байхад ...эмнэлэг дээр ирэхэд ******* өөдөөс гарч ирсэн ба нүүр ам нь хавдаж хөхөрсөн байсан. Б.Г яасан бэ гэхэд цагдаа дээр байгаа, согтуу байсан гэж хэлсэн. Б.Г гэх залуу миний охиныг зодсоноос болж тусдаа байгаа...” гэх,
Гэрч М.ийн: “...Г.******* гэх хүн 2020 оны 03 дугаар сарын дундуур манайд ажилд орохоор ирээд нэг л өдөр ажиллаад дахин ирж ажиллаагүй. Нөхөр нь гэх залуу ирчихээд хажууд нь юм яриад ажлыг нь хийлгэхгүй байсан. ******* ажлаас гарах болсон шалтгаанаа надад хэлэхдээ нөхөр хардаад байна, ажиллуулахгүй гэж хэлээд хэцүү байна гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэгүүд,
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/223 дугаартай: “Г.*******гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сорви гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******гийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Б.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2, 38.3 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ