| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0110/Э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа
Улсын яллагч Д.*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын орлогч прокурор, хууль цаазын зөвлөх Д.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харьд овогт Г.Бд холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 8 дугаар хороо, *******ийн 12 дугаар гудамж *******од оршин суух Харьд овогт Г.Б /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн 8 дугаар хороо, ******* байрны гадна машинд шээлээ, шээсээ цэвэрлэсэнгүй гэх шалтгаанаар хохирогч Э.*******тай маргалдан улмаар толгой руу нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэг гарсан өдөр гэртээ байж байхад нэг шил архи аваад ирсэн. Бид хоёр архиа аваад “*******” нэртэй дэлгүүрийн хашаанд хувааж уусан. Тэгээд найз *******ийг гэрээс нь очиж аваад дахин нэг шил архи уусан. Дахин архи авах гэж яваад *******тай дэлгүүрийн гадаа таарсан. Тэгээд архи аваад миний машинд хамтдаа уугаад сууж байхад ******* машинд шээчихсэн. Би шээсээ цэврэл гэх үед ******* цэвэрлэхгүй гэсэн хүнийг чи яах юм бэ? гэж хэлээд намайг ард талаас хоёр удаа өшиглөсөн. Тэр үед нь би цохьсон. Бид хоёрыг манай найзууд салгасан” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр *******ын найз бүсгүй надруу залгаад ажилдаа ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь орох үед ******* ухаан алдаад унчихсан байсан. Тэгээд түргэн дуудаж үзүүлээд шууд хотруу гэмтлийн эмнэлэг дээр очиж тархины хагалгаанд орсон. Манай гэр бүлийхэн хоорондоо ярилцаж байгаад намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаан болон прокурорын шатанд улсын яллагчтай ял тохиролцоход орлоцохыг зөвшөөрсөн. Учир нь аав, ээж хоёр маань өндөр настай тэтгэврийн хүмүүс байдаг” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би хотод ажил дээрээ байж байхад Э.*******ын найз эмэгтэй надруу залгаад Э.*******ыг ажилдаа яваагүй байна, ажлаас нь надруу залгаж байна гэж хэлсэн. Би Налайхад 17 цагийн үед ах Э.*******ын гэрт очоод хаалгыг нь цохиход онгойлгохгүй байсан. Илүү түлхүүрээр ороход ах Э.******* том өрөөндөө газар хэвтсэн байдалтай байсан. Тэгээд би түргэн дуудсан. Тэгээд түргэний машинаар хот руу гэмтлийн эмнэлэг рүү хүргэсэн. Тэгээд тэр шөнөдөө тархины хагалгаанд орсон. Ахын биеийн байдал одоо тогтворжсон боловч өөрийгөө тайлбарлаж чадахгүй байгаа. Ахыг орцондоо хэвтэж байхад орцонд хамт байдаг нэг залуу гэрт нь оруулж өгсөн гэж дуулсан. Нийт 20.000.000 төгрөг эмчилгээний зардалд авсан. Гомдол, санал байхгүй. Ахын бие эдгэрэх явц нь удаан хугацаа шаардлагатай учир хэрэг шийдэгдсэний дараа гарах зардлыг иргэний журмаар тухай бүрт нь нэхэмжилж явна.” гэх мэдүүлэг
/хх-ийн 90-92 дугаар хуудас/,
Гэрч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Яг болсон явдал нь Г.Б нь Э.*******ыг нэлээн олон удаа цохиж зодсон. Унагааж байгаад нуруу болон толгой, цээж рүү нэлээн олон удаа өшиглөсөн. Салгаад холдуулахаар Г.Б буцаж очоод өшиглөөд байсан. Би машинд сууж О.ыг дуудаж Г.Быг авахуулаад өөрөө Э.*******ыг аваад цааш нь явсан. Э.*******ыг байрных нь урд очоод орхисон. Зайнаас хараад хэсэг зогссон орцруугаа ороод явсан. Машин дотор 10 жилийн хүүхдүүдээ ярьж байгаад муудалцсан. Г.Бы араас Э.******* хөлөөрөө жийсэн. Г.Б буцаагаад цохьсон, би дундуур нь ороод салгасан. Маргалдаж байх явцад Э.******* өмдөндөө шууд шээчихсэн. Машинд шээлээ гээд Г.Б Э.*******ыг машинаас буулгаад өчнөөн цохиж зодсон.” гэх мэдүүлэг
/хх-ийн 97 дугаар хуудас/,
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өглөө орцонд манай хажуу талын айлын авгай орилоод байхаар нь би бас юу болоод байгаа юм гээд хаалгаа нээх гэхэд манай хаалгыг дарчихсан байхаар нь түлхээд гарахад 3 давхарын Э.******* согтуу бололтой хэвтэж байсан. Тэр үед 3 давхарт амьдардаг гэдэг өвгөн бууж ирж таараад манайхаас хүү гарч ирж Э.*******ыг өргөж 3 давхарт гэрт нь оруулаад бууж ирсэн. Нүд ам нь нэлээн хөхөрч хавдсан харагдсан” гэх мэдүүлэг
/хх-ийн 100-102 дугаар хуудас/,
Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... ******* гээд тэр залуу ...өмдөндөө шээчихсэн байсан. Г.Б Э.******* хоёр муудалцаж байгаад Г.Б Э.*******ыг цохиод унагасан. Хэд хэдэн удаа өшиглөөд цохихоор нь би машинаас бууж салгасан.” гэх мэдүүлэг
/хх-ийн 115-116 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/139 дугаар:
1. Э.Барахын биед зүүн чамархай суурь ясны шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал /2020.02.06 ГССҮТ/, их тархины 2 тал бөмбөлөгийн эдийн цусархаг няцрал, их тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун болон зүүн тавхайн 1-3-р зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх зүүн чамархай суурь ясны шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доор цусан хурааг авсан мэс заслын дараах байдал /2020.02.06 ГССҮТ/, их тархины 2 тал бөмбөлөгийн эдийн цусархаг няцрал, их тархины аалзан бүрхүүл доор тархмал цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, баруун болон зүүн тавхайн 1-3-р зэргийн хөлдөлт гэмтэл нь нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт
/хх-ийн 116-117 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл
/хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Хохирогч Э.*******ын тухайн хэрэг болох үед өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл
/хх-ийн 10, 19-20 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл
/хх-ийн 32-35 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбарт
Улсын яллагч “Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн үед Налайх дүүргийн 8 дугаар хороо ******* байрны гадна машинд шээлээ шээсээ цэвэрлэсэнгүй гэх шалтгаанаар хохирогч Э.*******тай маргалдан улмаар толгой руу нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан. Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан хохирогчийн биед хүнд хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Г.Бд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Бы гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлж, хохирогч Э.*******ад учирсан хохирол төлбөрт 20.127.990 төгрөгийг шийтгэх тогтоолд дурдуулж, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг CД 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалах саналтай байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгчийн: “...Шүүгдэгч нь эмчилгээний зардалд 20.000.000 төгрөгийг төлсөн. Хохирогч цаашдаа удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардалагтай. Иймд шүүх цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...Шүүгдэгчид улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй. Мөн цаг сагтуулагдсаныг шүүх шийтгэх тогтоолдоо дурдаж өгч улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээж өгнө үү” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч 2020 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн 8 дугаар хороо, ******* байрны гадна машинд шээлээ, шээсээ цэвэрлэсэнгүй гэх шалтгаанаар хохирогч Э.*******тай маргалдан улмаар толгой руу нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч Г.Бы “...Би шээсээ цэврэл гэх үед ******* цэвэрлэхгүй гэсэн хүнийг чи яах юм бэ? гэж хэлээд намайг ард талаас хоёр удаа өшиглөсөн. Тэр үед нь би цохьсон. Бид хоёрыг манай найзууд салгасан” гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.гийн “...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би гэрт нь орох үед ******* ухаан алдаад уначихсан байсан” гэх,
Гэрч Л.*******ийн “Г.Б нь Э.*******ыг нэлээн олон удаа цохиж зодсон. Унагааж байгаад нуруу болон толгой, цээж рүү нэлээн олон удаа өшиглөсөн. Салгаад холдуулахаар Г.Б буцаж очоод өшиглөөд байсан. Г.Бы араас Э.******* хөлөөрөө жийсэн. Г.Б буцаагаад цохьсон, би дундуур нь ороод салгасан. Маргалдаж байх явцад Э.******* өмдөндөө шууд шээчихсэн. Машинд шээлээ гээд Г.Б Э.*******ыг машинаас буулгаад өчнөөн цохиж зодсон.” гэх,
Гэрч Д.ын “2020 оны 02 дугаар сарын 05-ны өглөө ...хаалгаа нээх гэхэд манай хаалгыг дарчихсан байхаар нь түлхээд гарахад 3 давхарын Э.******* согтуу бололтой хэвтэж байсан. Тэр үед 3 давхарт амьдардаг гэдэг өвгөн бууж ирж таараад манайхаас хүү гарч ирж Э.*******ыг өргөж 3 давхарт гэрт нь оруулаад бууж ирсэн. Нүд ам нь нэлээн хөхөрч хавдсан харагдсан” гэх,
Гэрч О.ын “... ******* гээд тэр залуу ...өмдөндөө шээчихсэн байсан. Г.Б, Э.******* хоёр муудалцаж байгаад Г.Б Э.*******ыг цохиод унагасан. Хэд хэдэн удаа өшиглөөд цохихоор нь би машинаас бууж салгасан.” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/139 дугаар: “Э.Барахын биед зүүн чамархай суурь ясны шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал /2020.02.06 ГССҮТ/, их тархины 2 тал бөмбөлөгийн эдийн цусархаг няцрал, их тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун болон зүүн тавхайн 1-3-р зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн чамархай суурь ясны шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доор цусан хурааг авсан мэс заслын дараах байдал /2020.02.06 ГССҮТ/, их тархины 2 тал бөмбөлөгийн эдийн цусархаг няцрал, их тархины аалзан бүрхүүл доор тархмал цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, баруун болон зүүн тавхайн 1-3-р зэргийн хөлдөлт гэмтэл нь нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Г.Бы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******ын бие махбодид хүнд хохирол учирсан боловч хохирогч Э.*******ын хууль ёсны төлөөлөгч Э.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Г.Б өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардлыг төлж байгаа болохоор гайгүй байна. Эмч нар Э.*******ад удаан хугацааны эмчилгээ шаардлагатай гэж хэлсэн...” гэсэн тайлбарыг үндэслэн цаашид гарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч ”...Улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялын саналыг 10.100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал оруулсан. Ялын санал дээр маргах зүйл байхгүй учраас энэ хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлт тайлбар гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд:Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт шүүгдэгч Б.Ганбатад 10.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харьд овогт Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 10.100 /арван мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ