Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 112

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Нт холбогдох эрүүгийн 20070024*******118 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын техникч мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт Б.Н /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Б.Н нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн гадна талын зогсоолын орчимд согтуугаар өөдөөс том дуугарлаа гэх шалтгаанаар М.*******ийн нүүр рүү гараараа, толгойруу нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажил тарсаны дараа найзтайгаа пиво хувааж ууссан. Тэгээд *******тэй таараад байж байтал ******* надтай мэндлэх үед нь би чулуу аваад цохьсон. Би хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогчид 500.000 төгрөг өгсөн ба эмчилгээний зардлыг төлж байгаа” гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч М.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би хотоос 353 дугаар цэргийн анги дээр 17 цаг өнгөрч байхад ирсэн. Би тухайн цэргийн ангид алба хаадаг ******* гэх хүнтэй уулзсан. Бид хоёр ойрд уулзаагүй нэг шил архи машин дотор тухайн цэргийн ангийн дэлгүүрийн үүдэнд хувааж уусан. Бид 2 нэлээн удаан юм ярьж суусан. Орой унаагүй болчихоод хотоос машин бариулахаар 19 цагийн үед хүн дуудсан. Би машинаас буугаад цэргийн ангийн шалган дээр очиж юм асуучихаад буцаад ирэхэд *******тэй 2 залуу юм ярилцаад зогсож байсан. Би очоод сайн байцагаана уу гэхэд тэр 2 танихгүй залуугийн нэг нь чи манайд ажиллагааны ахлагчаар ирж байгаа юм уу гэж хэлээд миний нүүр рүү согтуу залуу цохьсон. Би дээшээ хараад яаж байна гэхэд толгой руу чулуугаар цохьчих шиг болсон. Толгой хөмсөгнөөс цус гарч ******* цагдаа дуудсан. Тэр үед эргүүлийн машин явж таараад цагдаа Б.Ныг барьж аваад намайг эмнэлэг дээр цагдаа нар хүргэж өгсөн. Би толгой болон зүүн хөмсөгөндөө нийт 5 оёдол тавиулаад гэртээ харьсан. Тухайн залуучуудад намайг шилжиж ирэх гэж байгааг ******* ярьсан юм шиг байна лээ. Б.Н гэх залуу их согтуу байсан. Намайг зодох шалтгаан байгаагүй...” гэх мэдүүлэг

 /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

 

Яллагдагч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тэр орой ангийн гадна талын зогсоолын зүүн талд нь *******ийг чулуугаар 2 удаа цохиж толгойд нь гэмтэл учруулсан. Зогсоолын зүүн хэсэгт байх боржурын гадна зүүн талд нь зодсон. Би өөр хэнийг ч зодоогүй. Зогсоолын боржурын гадна талаас атганд багтах чулуу авч цохьсон. Тэгээд тэр чулуугаа тэнд нь хаячихсан. Тэр хавиар дүүрэн сул чулуу байдаг. *******, хоёр татаж салгасан...” гэх мэдүүлэг

/хх-ийн 42 дугаар хуудас/,

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр ажил тарсаны дараа хамт ажилладаг Б.Нтай машин дотор бид хоёр 4 пиво хувааж уусан. Орой 22 цагийн үед анги руу орчихоод буцаж гарч ирээд зогсоол дээр очиход ******* ах дуудсан. Бид хоёр очоод ахтай юм яриад зогсож байхад ******* гэх хүн ирсэн. Бид нартай мэнд мэдсэн. Юм ярьж байгаад Б.Нтай ******* муудалцаад байсан. Харанхуй болсон байсан. *******ийг Б.Н хэд хэдэн удаа цохиод авсан. Толгойноос нь цус гарч байсан. Тэр үед цагдаа хүрч ирээд  Б.Н, ******* нарыг аваад явсан. Би тэндээсээ гэрлүүгээ харьсан...” гэх мэдүүлэг

/хх-ийн 13-14 үгээр хуудас/,

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 19-ны орой манай нөхөр болох Б.Бат-Өлзий нь архи уучихсан байна ирээд авчих уу гэхээр нь 22 цаг ******* минутын орчимд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн урд ирэхэд тус ангийн зогсоолын хажуу талд хүмүүс маргалдаж байсан. Тэгтэл манай нөхөр гэнэт манай найз зодуулж байх шиг байна гээд гүйгээд очоод салгах гээд ноцолдохоор нь би ардаас нь очоод нөхрийгөө татаж авсан. Манай нөхөр зодоонд оролцоогүй салгахаар очсон...” гэх мэдүүлэг

/хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 17 цаг өнгөрч ажил тарж байхад манай найз ******* манай ангийн гадаа ирчихлээ гэж дуудаж би гарч очоод хоёулаа уулзаж хойшоо хөдөө гарч нэг шил архи уусан. Тэгээд 20 цагийн үед буцаж ирээд ангийн хашааны гадаа зогсож нэлээн юм ярьцгаасан. Орой 22 цаг өнгөрч байхад ******* бие засахаар түр явах хооронд би ажлынхаа Б.Н, хоёртой таарч тэр хоёрт ******* манай ангид шилжиж ирж байгаа тухай ярьсан юм. Тэгтэл ******* буцаж ирээд за юу байцгаана гэсэн чинь манай Б.Н чи ажиллагааны ахлагчаар ирж байгаа гэлүү ямар том дуугардаг юм бэ гээд шууд цохиж газар унагаад дээрээс нь нүүр рүү нь цохиж чулуу аваад толгой руу нь хоёр удаа цохьсон. Тэгэхээр нь бид хоёр шууд салгаж холдуулсан. Яах ийхийн зуургүй зодчихсон. Тэгээд би цагдаа руу утасдаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг

/хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 6013 дугаар:

1. М.*******ийн биед зүүн хөмсөг, зүүн зулай, дагзны хэсэгт язарсан шарх, хамар, баруун гарын дунд хуруунд зулгаралт, хурууны үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.

2. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 29-******* дугаар хуудас/

 

            Иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа

/хх-ийн 56 дугаар хуудас/,
 

            Б.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа

/хх-ийн 57 дугаар хуудас/,

 

Б.Нын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 43-51 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагч “...Шүүгдэгч нь  Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Ныг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөр байхгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан нь миний буруу, дахин ийм алдаа гаргахгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Нт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн гадна талын зогсоолын орчимд согтуугаар өөдөөс том дуугарлаа гэх шалтгаанаар М.*******ийн нүүр рүү гараараа, толгойруу нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Нын “...*******ийг чулуугаар 2 удаа цохиж толгойд нь гэмтэл учруулсан. Зогсоолын зүүн хэсэгт байх боржурын гадна зүүн талд нь зодсон. Би өөр хэнийг ч зодоогүй. Зогсоолын боржурын гадна талаас атганд багтах чулуу авч цохьсон. Тэгээд тэр чулуугаа тэнд нь хаячихсан...” гэх,

Гэрч ын “...*******ийг Б.Н хэд хэдэн удаа цохиод авсан. Толгойноос нь цус гарч байсан...” гэх,

Гэрч гийн  “...Тэгтэл манай нөхөр гэнэт манай найз зодуулж байх шиг байна гээд гүйгээд очоод салгах гээд ноцолдохоор нь би ардаас нь очоод нөхрийгөө татаж авсан. Манай нөхөр зодоонд оролцоогүй салгахаар очсон...” гэх,

Гэрч Б.*******гийн  “...Б.Н чи ажиллагааны ахлагчаар ирж байгаа гэлүү ямар том дуугардаг юм бэ гээд шууд цохиж газар унагаад дээрээс нь нүүр рүү нь цохиж чулуу аваад толгой руу нь хоёр удаа цохьсон. Тэгэхээр нь бид хоёр шууд салгаж холдуулсан. Яах ийхийн зуургүй зодчихсон....” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 6013 дугаар: М.*******ийн биед зүүн хөмсөг, зүүн зулай, дагзны хэсэгт язарсан шарх, хамар, баруун гарын дунд хуруунд зулгаралт, хурууны үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.*******ийн бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

Иймд Б.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ