Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 138/ШШ2016/01034

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* гэх газарт оршин суух, 1984 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, ******* регистрийн дугаартай ******* овогт ******* Сэлэнгийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* гэх газарт оршин суух, 1976 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт т холбогдох,

     “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Би *******тай 2006 онд танилцан үерхэж нөхөрлөн улмаар ойр дотно харьцаатай болж 2008 оны 09 сарын 05-нд гэрлэлтэй батлуулсан. Удалгүй 2008 оны 09 сарын 22-ны өдөр хүү , 2010 оны 09 сарын 28-ны өдөр охин нарыг төрүүлсэн. Анх бид бусдын адил  аз жаргалтай, сайн сайхан амьдарч байсан боловч 2009 оноос эхлэн нөхөр ******* нь өөр хүүхэнтэй явалдаж архи ууж, агсан согтуу тавьж намайг зоддог болсон. Би энэ бүгдийг тэвчиж байсан боловч түүний үйлдэл улам гаарч намайг зодож цохин гэр орондоо агсан согтуу тавьж, үр хүүхдүүдийг айлган зовоох болсноор барахгүй олон хүүхэнтэй явалдаж гэр бүлийн талаар тогтворгүй байдал бий болгосон учир цаашид хамт амьдрах боломжгүй болсноор 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байна. ******* нь өөр хүнтэй амьдрал зохиохоор болсон бөгөөд миний хувьд 2016 онд өөр хүнтэй танилцаж дотно харьцаатай болж одоо 2 сартай жирэмсэн болсон. ******* бид хоёр энэ байдлаа ярилцаж хэн хэнийхээ амьдралыг ойлгож ямар нэгэн маргаангүйгээр гэрлэлтээ цуцлуулахаар тохиролцсон юм. Хүү, охин хоёр манай аав, ээжийнд амьдарч байсан боловч одоо эцэг *******ын асрамжинд байж, сургуульд сурч байгаа тул хоёр хүүхдээ эцгийнх нь асрамжинд үлдээнэ. Бид хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Г.Сэлэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа нь үнэн. ******* нь Өвөрмонгол руу ажил хийхээр яваад тэндээ өөр залуутай болсныг би сүүлд мэдсэн. Бидэнд гэр бүлийн дотно харьцаа байхгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулна. ******* Хятад улсад өөр хүнтэй хамтран амьдрах учир би насанд хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч, сургуульд нь сургаж, анхаарал халамж тавьж асарч хүмүүжүүлнэ. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

*******, ******* нар 2008 оны 08 сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 09 сарын 05-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн албан ёсны гэр бүл байна. Гэрлэгчид нь 2008 оны 09 сарын 22-ны өдөр хүү Э., 2010 оны 09 сарын 28-ны өдөр охин Э. нарыг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон гэрлэгчдийн 0065248/15, хүүхдийн төрсний 0173413/78, 0000516434/73 дугаартай гэрчилгээний хуулбарууд, ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2016 оны 09 сарын 02-ны өдрийн 131 дугаартай ам бүлийн тодорхойлолт, тус сумын С.Зоригийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын менежерийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэд хамт амьдрах хугацаандаа таарамжгүй харилцаатай байсны улмаас эхнэр ******* нь Хятад улсад очиж ажил хийж, улмаар Өвөр монгол хүнтэй хамтран амьдарч 2014 оноос хойш өнөөг хүртэл тус тусдаа амьдарч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон байдал нь Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байх тул *******, ******* нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргахгүй, 2008 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн хүү Э., 2010 оны 09 сарын 28-ны өдөр төрсөн охин Э. нарыг эцэг *******ын асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу шийдвэрлэх үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт , ******* овогт ******* ******* нарын 2008 оны 09 сарын 05-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 15-рт бүртгэсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн хүү Э., 2010 оны 09 сарын 28-ны өдөр төрсөн охин Э. нарыг эцэг *******ын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Сэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлого болгож, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ТҮМЭНЦЭЦЭГ