Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

О.Энхбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

    Шүүгчид                              Б.Манлайбаатар                                       

                                                                             Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                    Прокурор                            Л.Энхтайван

Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Д.Даваахүү

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт Бангаанхан овогт Отгонбаярын Энхбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1733000360019 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3 дугаар багт оршин суудаг, урьд Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 21-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Бангаахан овогт Отгонбаярын Энхбаяр /Регистрийн дугаар: МФ89073110/.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч О.Энхбаяр нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт оршин суух иргэн Б.Батгэрэлийн гэрт нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх О.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 75 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Бангаахан овогт Отгонбаярын Энхбаярыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар шүүгдэгч О.Энхбаярт энэ тогтоолоор оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр 2017 оны 04-р сарын 21-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялын зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 01 сарын хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Энхбаярт оногдуулах 03 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,

-Шүүгдэгч О.Энхбаяр нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдан,

-Шүүгдэгч О.Энхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Энхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэм буруугаа ойлгож маш их гэмшиж байна. Би амьдралд тохиолдох бэрхшээл зовлонг сэтгэлийн хат тэнхээгээр даван туулахын оронд сэтгэлээ архиар тайтгаруулах гэж л буруу бодож явсанаас ийм байдалд хүрснээ ойлгон ухамсарлаж чин санаанаасаа гэмшиж байна. ...Шүүхээс надад 2 жил 1 сарын ял оноож өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулах 2 жилийн хорих ялын зарим хэсгийг буюу 1 жилийн ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 03 жил 01 сарын хугацаагаар тогтоосон. Намайг 03 жил 01 сарын ял эдлэх хугацаанд ээж маань ганцаараа маш хэцүү байх болно гэж бодохоор надад үнэхээр хүнд байна. Тухайн гэмт хэрэг үйлдэх өдөр би архи ууснаа ээждээ мэдэгдэхгүй түүний санааг зовоохгүй гэж хуурай ах болох Б.Батгэрэлийнд очсон. Гэрт нь орж унтаж байгаад гарахдаа 3 ширхэг мөнгөн аягыг авч гараад ломбарданд тавьсан. Уг нь би ломбарднаас буцааж аваад Б.Батгэрэл ахад өгнө гэж бодож байсан юм. Эгч Т.Урантуяа чиний цүнхэнд мөнгөн аяга байсан гэсэн чи Б.Батгэрэл ахын мөнгөн аягануудыг авсан юм биш биз гэж асуухаар нь би түүнд бүх үнэнээ хэлж аяганууд тавьсан ломбардаа зааж өгсөн. ...Би мөнгөн аягануудыг ломбарданд тавьчихаад хүүхэддээ чихэр жимс хувцас аваад Эрдэнэт явъя гэж эхлээд бодож байсан боловч бас л эхнэр хүүхдийг минь уулзуулахгүй байх гэж бодоод больсон. Би Б.Батгэрэл ах, Н.Сарантуяа эгч хоёроос уучлалт гуйсан. Тэд намайг уучилсан. Би гэмт хэрэгт холбогдсоноо ээжээсээ нуусан байсан ч одоо ээж маань мэдэх болсон учир түүнд их хэцүү байна. Би дахин архи уухгүй гэмт хэрэг үйлдэхгүй, ажилд орж, ээждээ тус дэм болж явъя гэж бодож байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч Д.Даваахүүг оролцуулах саналтай байна.” гэв.

 

Хохирогч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Би О.Энхбаяртай сайн танил бөгөөд, хуурай ах дүүсийн харилцаатай байдаг. О.Энхбаяр нь манайхаар байнга орж гарч байдаг. Тухайн үед архи уусан байсан болохоороо ээжээсээ айгаад гэртээ очиж чадалгүй манайд ирсэн байсан. Манайд хэсэг унтаж байгаад гарч явахдаа манай 3 ширхэг мөнгөн аягыг авч ломбарданд тавьсан байсангаа авч өгч биднийг хохиролгүй болгосон. О.Энхбаяр нь өөрийн буруугаа ойлгож биднээс уучлалт гуйсан, бид түүнийг уучилсан. Би О.Энхбаярыг манайхаас авсан аягаа ломбарднаас аваад бидэнд буцааж өгөх байсан гэж бодож байна. Ингэж бодох болсон шалтгаан нь эгч Т.Урантуяагаас асуухад нь огтхон нь ч нуулгүй бүх үнэнээ хэлж аягыг авчирч өгсөн. Түүний хувьд сургуулиа төгсчихөөд ажил хийж байгаад лицензээ авч чадаагүйгээс ажлаасаа халагдаж, ажил төрөлд орж чадахгүй, мөн амьдралын хувьд эхнэрийнх нь тал хүүхдээ хөдөө Номгон руу явуулахгүй гээд таарамж муутай байгаагаас эхнэр хүүхдээсээ хол сэтгэлийн маш их зовлонтой байгаадаа амьдралдаа зарим үед гутарч л архи дарс уудаг гэж боддог. Түүнээс өөрөөр бол зан ааш нь эвдэрсэн муу хүн бол биш юм. Өөрийн гэм бурууг ойлгож, өөрийгөө зөв аваад явж чадах залуу байгаа юм. Хохирогчийн зүгээс ямар нэг гомдолгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...О.Энхбаярын хувьд 2017 оны 04 сарын 21-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял авч, 1 жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд тэнсэнтэй байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэж, түүнд нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан ба энэ ял дээр өмнөх шийтгэх тогтоолын 2 жилийн хорих ялын зарим ял болох 1 жилийг нэмж нэгтгэн 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан. О.Энхбаярын “амьдралд тохиолдох хэцүү давааг туулах, сэтгэл санаагаа тайвшруулах гэж эцэст нь ийм байдалд хүрсэнээ ойлгосон. Эхнэр хүүхдийг нь хадмууд нь авч явсан талаар ярьж, өөрт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдол гаргасан байдаг. Энэ хэргийн улмаас хохирогчийн хохирол  болох мөнгөн аягыг буцааж өгч, нийт 950.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн өмнө үйлдсэн гэмт хэргийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т “...эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.” зааснаар өмнөх ялыг бага хэмжээгээр нэмж нэгтгэн багасгаж өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үнлдэслэлтэй. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримталж ял оногдуулсан нь хөнгөрүүлсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Тодорхойлох нь

 

О.Энхбаяр нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт оршин суух иргэн Б.Батгэрэлийн гэрт нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэнийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар шүүгдэгч О.Энхбаярт энэ тогтоолоор оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр 2017 оны 04-р сарын 21-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялын зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоон шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлын дагуу О.Энхбаярт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч  нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Батгэрэл /хх-ийн 27-28-р ху/, гэрч Э.Эрдэнэтуяа /хх-ийн 12-13-р ху/, Ц.Одонмаа /хх-ийн 14-15-р ху/, Н.Сарантуяа /хх-ийн 10-11-р ху/, Т.Урантуяа /хх-ийн 16-17-р ху /нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4-р ху/, 2017 оны 10 дугаар сарын 02 ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09-р ху/, Сайхан сумын Үнэлгээний комиссын 2017 оны 09 дүгээр сарын 27 ны өдрийн 82 дугаартай акт /хх-ийн 23-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч О.Энхбаярыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй боловч энэ тогтоолоор оногдуулсан ял дээр түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг нэмж нэгтгэхдээ  шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт “...2017 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх нь зүйтэй... “ гэсэн дүгнэлт хийж, улмаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Энхбаярт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 01 сарын  хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 21 ний өдрийн  113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлтэй холбоотойгоор хуулийг буцаан хэрэглэх асуудал бөгөөд шүүгдэгч нь урьд хорих ял шийтгүүлж, уг ялыг тодорхой хугацаагаар тэнсэн харгалзсан хугацаа дуусахаас өмнө буюу шинэ хуууль үйлчилж эхэлсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа тохиолдолд анхан шатны шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй,Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх ойлголтод хамаарахгүй байх тул энэ байдлыг зөвтгөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэстэй.

 

Шүүгдэгч О.Энхбаярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:.., 1.3-д ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэж тус тус  заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар О.Энхбаярт 01 /нэг/ жил  01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Энхбаярт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 21-ний өдрийн  113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн О.Энхбаярын нийт эдлэх ялын хэмжээг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүгдэгч О.Энхбаярын хорих ялыг тэнсэж өгнө үү гэх гомдлын хувьд шүүгдэгч нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлэн ялыг тодорхой хугацаагаар тэнсэж харгалзсан хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хязгаарлалтанд хамаарч байх тул гомлдыг хүлээн авах боломжгүй.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудад өөрчлөлт оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн  1.4, 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

          1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны  12 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд

          2 дугаар заалтыг:

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар О.Энхбаярыг 01 /нэг/ жил  01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж,

3 дугаар заалтыг:

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Энхбаярт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 21 ний өдрийн  113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн О.Энхбаярын нийт эдлэх ялын хэмжээг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай гэж тус тус  өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                                 Б.МАНЛАЙБААТАР

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ