Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0554/З |
Дугаар | 221/МА2022/0081 |
Огноо | 2022-01-20 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2022/0081
Э.Лгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Нэхэмжлэгч Э.Л
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Э.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 729 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2020/0554/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Лгээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Э.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 729 дүгээр шийдвэрээр:
“...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Э.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.Иргэн Э.Л нь анх Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Хар усан тохой гэх газарт дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/368 дугаар захирамжаар ногооны зориулалтаар 17.500м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшихээр авч 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр газрын төлбөрт жилд 770.000 төгрөг төлөх ёстойгоос 2008, 2009, 2010 онуудад нийт 1.732.500 төгрөг төлсөн, 2017 оны 5.967.500 төгрөг төлсөн.
3.2.Мөн дүүргийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаартай захирамжаар ногооны зориулалтаар 17.542м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр 000731066 дугаар бүхий гэрчилгээг тус тус авч 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр газрын төлбөрт жилд 771.848 төгрөг төлөх ёстойгоос 2018 онд 385.924 төгрөг төлсөн байна.
3.3.Дээрх хугацаанд тус газарт хэдэн ширхэг мод тарьсан мэт байх боловч энэ нь уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй буюу хэлбэрийн төдий хандсан байна.
3.4.Иргэн Э.Лд нь дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 2, 3 дугаар саруудад зохих мэдэгдлийг хүргүүлж ажилсан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.Нэхэмжлэгчээс гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
1.Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
2.Анхан шатны шүүх маргаан бүхий захирамж, нэхэмжлэлийн шаардлагын болон хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хангалттай цуглуулахгүйгээр, мөн тэдгээрт бүрэн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн “…Э.Л, Б.У нарын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй нь тогтоогдож байна…” гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.
3.Тухайлбал шийдвэрт газрын төлбөрийг бүрэн төлсөн гэж дүгнэх үндэслэл болсон Газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 420180048 дугаар актад мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлсон болохоос бус Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгаснаас хойш маргаан бүхий захирамж гарах хүртэлх хугацаанд газрын төлбөрийн үлдэгдэлтэй байсан эсэхэд хамааралгүй байна.
4.Мөн захирамжид “…дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй…” гэж үзсэн, гэтэл хэрэгт газрын дуудлага худалдааны анхны үнэ 23.155.400 төгрөг төлүүлэх нэхэмжлэх авагдсан байх боловч энэхүү нэхэмжлэхийг Э.Лд хэзээ, хэрхэн гардуулж өгсөн талаарх баримт байдаггүй.
5.Захирамжид “…хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй…” гэдэг, 2008, 2018 онд тус тус байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд зориулалтыг “хүнсний ногоо” гэж заасан, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 1028 дугаар тодорхойлолтоор Э.Лг газартаа чацарганы суулгац тарьсан гэх боловч хариуцагчаас шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа болон давж заалдах гомдолд “хэдэн ширхэг мод тарьсан”-ыг газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй гэж маргажээ.
6.Иймд эдгээр нөхцөл байдлаас үзэхэд газрын төлбөрийн үлдэгдэлтэй эсэх талаарх лавлагаа авах, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхтэй холбоотой хариуцагчаас ямар ажиллагаа явуулсан болохыг тодруулах, шүүхийн үзлэг хийх байдлаар газраа зориулалтын дагуу ашиглаж байсан эсэхийг нягтлах зэргээр нотлох баримт цуглуулсны үндсэн дээр захирамжийн үндэслэл бүрт дүгнэлт өгөх байдлаар хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
7.Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулан дуудлага худалдааны анхны үнийг төлөх асуудал Газрын албаны мэдээллээс шалтгаалсан эсэхийг ч тодруулах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 729 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН