Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01180

 

Ж.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн           

          2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2018/00157 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ж.Т

          Хариуцагч: М.Эд холбогдох

         Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Т, хариуцагч М.Э, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар 2014-01-10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2 дугаар бичил хороолол 23 дугаар байр 67 тоот 4 өрөө сууцыг  135 сая төгрөгөөр худалдах-худалдан авахаар  тохиролцсон боловч хариуцагчийн хүсэлтээр гэрээгээ 112.800.000 төгрөгөөр хийж, 22.200.000 төгрөгийг банкнаас зээлээ авахаар  өгч авахаар  тохирсон. Тохирсон ёсоороо үлдэх 22.200.000 төгрөгөөсөө 5.200.000 төгрөгийг нь өгөөд 17 сая төгрөг өгөөгүй. Хамтран өмчлөгч Х.Одбаяр “...2014-07-20-ны дотор бүрэн барагдуулна..” гэж 2014-07-03-нд  баталгаа өгч өгсөн боловч төлөөгүй  байна.  М.Э 2014-01-10-ны өдрөөс хойш  “..төлнө..” гэж явсаар  2016-07-02-ны өдөр баталгаа гаргаж өгөхдөө “...хугацаа нэг жилээс хэтрүүлэхгүй...” гэж бичиж өгсөн. 2017-01-20-нд М.Э 500.000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. Энэ байр бол байрлал сайтай, 100 гаруй м2 талбайтай, 00 болон угаалгын өрөө нь хоёр тусдаа,  5 цонх нь З тал руугаа харсан вакум бөгөөд коридор, гал тогооны өрөө нь том, үүднээсээ 2 метр орчим газарт “бүргэд” хаалга суулгасан 4 өрөө байр юм. М.Э 2014-01-08-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд "орон сууцны зээлийн урьдчилгаа гээд 34 сая төгрөг хийсэн нь дансны  гүйлгээгээр нотлогдоно. Орон сууц худалдах-худалдан авах гэрээг 112.800.000 төгрөгөөр хийснээр  үнийн зөрүү /135.000.000-112.800.000/ нь 22.200.000 төгрөг, татварын зөрүү /135.000.000*2%/ 2.700.000 төгрөг., /112.800.000*2%/ 2.256.000 төгрөг болж байна.  Үүнээс үзвэл, орон сууц худалдах-худалдан авах гэрээг  112.800.000 төгрөгөөр хийснээр нэхэмжлэгч 22.200.000 төгрөгийн алдагдалд орж байна.  Зохигч нар 2014-01-10-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг хийсэн бөгөөд гэрээ хийхээс хоёр хоногийн өмнө буюу 2014-01-08-ны өдөр орон сууцны зээлийн урьдчилгаа гэж 34сая төгрөг байршуулсан. Монголбанкны ерөнхийлөгчийн 2013-06-14-ний өдрийн А-122 дугаартай тушаалаар батлагдсан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын 3-ын 1.2-т “... ипотекийн зээлийн жилийн хүү 8%..”., 3.1.3-т”... урьдчилгаа төлбөр 30%-иас доошгүй. ЗҮХ нь 70%-иас дээшгүй байх.." гэж заажээ. 112.800.000 төгрөгийн 30% нь 33.800.000 төгрөг, 135сая төгрөгийн 30% нь 56.200.000 төгрөг болж байна. Зөвхөн урьдчилгаа 30%д 23сая төгрөгийн зөрүү гарч байна. Дээрх баримтуудаас харахад М.Э орон сууцны урьчилгаа төлбөр төлөөд зээлд хамрагдахын тулд 56.200.000 төгрөг төлөх учиртай байтал 33.800.000 төгрөг /34,0 сая/ төлж 22.200.000 төгрөгийг төлөөд зээлд хамрагдахаас чөлөөлөгдөж худалдагч талтай зөрүү 22 200 000 төгрөгийн төлөлтөн дээрээ тохирсон боловч төлбөрөө төлсөнгүй. Иймд М.Эгаас 16.500.000 төгрөг гаргуулан Ж.Тд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: 67 тоот байрыг 2014 оны 1 дүгээр сард орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу 112.800.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд дараа нь 5.700.000 төгрөг нэмж төлсөн. Энэ орон сууц нь хуучнаараа байсан ба бид энэ байранд 20сая төгрөгийн засварын ажил хийж орсон юм. Бид энэ байрыг өөрийн үнэнээсээ илүү өртөг өндөртэй, зах зээлийн ханшнаас давсан үнээр худалдаж авах гэж байснаа сүүлд ойлгосон. Бид банкнаас байрны зээл авахдаа гэрээн дээрээ 112.800.000 төгрөг гэж хэлж бичүүлээгүй. Ж.Т нар нь өөрсдөө орлогын албан татвар бага төлөх гэж ингэж бичүүлсэн байх. Гэрээнд заасан үнийн дүнгээ бүрэн төлсөн тул 16.500.000 төгрөг төлөхөөс татгалзаж байна. Би илүү төлсөн 5.700.000 төгрөгөө  буцааж гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

       Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2018/00157 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Ж.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

       Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2018/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо:  Шүүх “..орон сууцны үнийн үлдэгдэл 17 сая төгрөг төлнө гэсэн баримтыг үнэлэх боломжгүй..” гэх боловч  үндэслэлээ 2 шатны  аль  ч шүүх тайлбарласангүй. Хоёр талын хооронд нэг л орон сууц худалдагдсан байхад  үнэлэхгүй байна. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “... нотлогдохгүй байна..” гэснийг  баримтаар үгүйсгэж байна. 1/. М.Э орон сууцыг нэхэмжлэгчээс худалдаж авахдаа Голомт банкны Орхон салбарын харьяа зээлийн төвийн ажилтнуудтай уулзаж өөрт байсан урьдчилгаа төлбөрийнхөө хэмжээгээр Ж.Ттай тохиролцон, гэрээний үнийг 112.800.000 төгрөг гэсэн нь  нотлогдоно.Үүнд: Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам, шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлэг, 2014-01-08-ны өдөр  Энхжаргалангаас  хийсэн 34 сая төгрөгийн гүйлгээ, 2014-01-10-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ,  5.700.000 төгрөг /орон сууцны үнэ гэж М.Э 118.500.000 төгрөг төлсөн/, Х.Одбаярын 2014-07-03-ны өдрийн “..Товуучийд байрны үлдэгдэл 17сая төгрөгийн үлдэгдлийг 2014-07-20-нд бүрэн төлж дуусгахаар тохиролцов..” гэсэн утга бүхий бичвэр, М.Эгийн 2016-07-02-ны өдөр өөрийн гараар  “Иргэн М.Э би Ж.Тд өгөх ёстой үлдэгдэл 17 сая төгрөгийг боломжийнхоо хэрээр төлөх болно, энэ өрийг барагдуулах хугацаа нэг жилээс хэтрэхгүй" гэж бичсэн бичвэр, 2017-01-20-ны өдөр нэхэмжлэгчийн эхнэр О.Эрдэнэчимэгийн Хаан банкин дахь  дансанд М.Эгаас 500.000 төгрөг тушаасан баримт.  2/. Журмын 2-9-д: “Энэ журмын 2.8-д нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор банкны зээлээр санхүүжүүлсэн орон сууцны талаарх мэдээлэл /өрхийн сарын орлого, орон сууцны м.кв-ын үнэ, талбайн хэмжээ гэх мэт/-ийг банкнаас гаргуулан авна" гэжээ. Орон сууцанд банкны санхүүжилтийг ямар журмаар яаж хийсэн тухай болон банкнаас олгох санхүүжилтийн дээд хэмжээ хэдэн төгрөг байх болон банк ямар журмаар яаж бодож тухайн худалдан авч байгаа орон сууцны м2-ыг бодсон талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ дэмжин тайлбарлаж байгаа тайлбар болон хэрэгт цугларсан дээр дурдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүдээр 78.960.000 төгрөгөөс илүү санхүүжилт хийгдэхгүй болох нь нотлогдсон. Үүнд: Орон сууц нь хуучин байр бөгөөд банк дотоод журмандаа заасны дагуу мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д зээлдэгч М.Э нь ажилладаг зэрэг байдлуудыг харгалзан үзэж 1 м.кв-ын үнийг 1.600.000 төгрөгөөр тооцоод 55.5 м2 дээр 15 м2-ыг нэмээд нийт 70.5 м2-ыг /55.5м.кв+15м.кв=70.5 м.кв-ыг 1.600.000 төгрөгөөр бодоо 112.800.000 төгрөг, үүний 112.800.000*70%=78.960.000 төгрөг/ зээлийн дээд хязгаарыг тогтоосон болох нь нотлогдсон. Орон сууц худалдах-худалдан авах гэрээг 112.800.000 төгрөгөөр хийснээр Ж.Тд орон сууцны үнийн зөрүү /135.000.000-112.800.000=22.200.000/ 22.200.000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварын зөрүү /135.000.000*2%/-/112.800.000*2%/=444.000 төгрөг байгаа юм. 135.000.000 төгрөгөөр орон сууц худалдах-худалдан авах гэрээгээ хийлгүй 112.800.000 төгрөгөөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг хийснээр нэхэмжлэгчид орон сууцны худалдсан үнийн зөрүүд 22.200.000 төгрөгийн алдагдалд орж байгаагаас харахад хэн ч 444.000 төгрөг хэмнээд 22.200.000 төгрөгийн алдагдалд орохыг хүсэхгүй шүү дээ. Хэрвээ тухайн орон сууцыг худалдах-худалдан авах гэрээн дээрээ 135.000.000 төгрөгөөр үнэлээд бичсэн бол банкнаас хариуцагчид олгох зээлийн дээд хэмжээ 78.960.000 төгрөг учир урьдчилгаа төлбөрт нь /135.000.000-78.960.000=56.040.000/ 56.040.000 төгрөг төлөх юм. Ийм учраас л хариуцагчийн /гуйж гувшсан/ хүсэлтээр гэрээний үнийг 112.800.000 төгрөгөөр бичсэн байна. 3. Дээрх баримтуудаас харахад хариуцагч М.Э орон сууцны урьдчилгаа төлбөр төлөөд зээлд хамрагдахын тулд 56.040.000 төгрөг төлөх учиртай байтал 33.800.000 төгрөг /34 сая/ төгрөг төлж 22.200.000 төгрөгийг төлөөд зээлд хамрагдахаас чөлөөлөгдөж худалдагч талтай зөрүү 22.200.000 төгрөгийн төлөлтөн дээрээ тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлж дуусгаагүй. 4. Шүүх ИХШХШТХ-ийн 40.1-д: “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэжээ. Гэтэл шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг яаж үнэлсэн болохоо шийдвэртээ огт тусгаагүй байна. Шүүхэд гэрчээр Голомт банкны Орхон салбарын захирал Я.Эрдэнэбат оролцоод хариуцагчид ипотекийн зээл олгосон тухайгаа, санхүүжилтийг ямар журмаар хийсэн тухайгаа дэлгэрэнгүй тайлбарласан байхад шүүх яаж дүгнэснээ ч шийдвэртээ огт дурдаагүй орхижээ. Иймд шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Ж.Т 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, М.Эгаас 16,500,000 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд, үндэслэлээ “... 2014 онд Орхон аймгийн Баян-өндөр сумын Оюут багийн 2-р бичил хорооллын 23-р байрны 67 тоот 4 өрөө орон сууцыг 135,000,000 төгрөгөөр худалдсан ч  гэрээндээ 112,800,000 төгрөг гэж бичсэн... хариуцагч 118,500,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 16,500,000 төгрөгийг төлөхгүй байна...” гэж тайлбарласан /хх 1, 14, 16, 51/ байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ /хх 12, 18/. 

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо  “... талууд орон сууцыг 112,800,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохирсон нь нотлогдож байна...” гэсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.   

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо “...шүүх 17 сая төгрөг төлөх тухай  баримтыг үнэлэх боломжгүй гэх боловч шалтгааныг нь заасангүй... нэхэмжлэл нотлогдоогүй гэх боловч энэ нь үндэслэлгүй ...”  гэж маргажээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Шүүх гэрчийн мэдүүлэг, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” /хх 3, 27/, орон сууцны үлдэгдэл төлбөр 17,000,000 төгрөгийг төлөх тухай гараар бичсэн баримт /хх 4, 5/., Хаан болон Голомт банкны дансны хуулга /хх 15, 43, 52/., Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 84 дугаартай албан бичиг /хх 23/, улсын бүртгэлийн албанд хариуцагчаас 2014-01-13-ны өдөр гаргасан мэдүүлэг /хх 24/, татвар төлсөн баримт /хх 25/, албан татварын тайлан /хх 26/, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 28/, Голомт банкны 2018 оны 0/11-32 дугаар албан бичиг /хх 29/, зээлийн гэрээ /хх 30-31/, барьцааны гэрээ /хх 32-34/, зээлдэгчийн анкет /хх 35-36/, Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны а-122 дугаар тушаал /хх 53-58/-г үнэлж шийдвэр гаргасан тул эдгээр баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  нийцнэ.    

         2. 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний заалтаас үзвэл нэхэмжлэгч нь Орхон аймгийн Баян-өндөр сумын Оюут багийн 2-р бичил хорооллын 23-р байрны 67 тоот орон сууцыг худалдах, хариуцагч худалдан авах үүргийг тус тус хүлээсэн байна.

        Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөлийн нэг болох үнийн талаар талууд тохиролцсон нь тогтоогдсон тохиолдолд гэрээг байгуулагдсан гэж үзнэ.  

        Хэрэгт авагдсан баримт, тайлбараас үзвэл, зохигч нар худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээний зүйлийн үнийг тохиролцсон байна. Иймд  зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

        Талуудын тогтоосон үнэ нь хэд байсан талаар маргаж буй нь гэрээг байгуулагдаагүй буюу талууд гэрээний гол нөхцөлийг тохиролцоогүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

        Хоёр шатны шүүх худалдах-худалдан авах гэрээг байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцжээ. Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний үүргийн биелэлтийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй .

        3. Орхон аймгийн Баян-өндөр сумын Оюут багийн 2-р бичил хорооллын 23-р байрны 67 тоот орон сууцыг худалдах- худалдан авах тухай 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  гэрээг  Ж.Т, М.Э нар байгуулсан гэж хоёр шатны шүүх үзсэн нь зөв байна.

         Гэрээнд Х.Одбаяр гарын үсэг зурснаар тэрээр эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцөл болсон байх /хх 28/ тул “...жинхэнэ хариуцагч Х.Одбаяр байна...” гэх М.Эгийн тайлбар /хх 18/ нэхэмжлэлийг үгүйсгээгүй байна. Иймд шүүх төлбөрийг М.Эгаас гаргуулсан нь Иргэний хуулийн 243-р зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.

         4. Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа эд хөрөнгийн үнийг   135,000,000 төгрөг эсхүл 112,800,000 төгрөгөөр тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.   

         Хариуцагч орон сууцны үнэд 2014-01-08-ны өдөр 34,000,000 төгрөг /хх 52/, 2014-01-15-ны өдөр 82,800,000 төгрөг /хх 43/, 2017-01-20-ны өдөр 500,000 төгрөг /хх 15/ нийт 117,300,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан ч төлбөрт нийт 118,500,000 төгрөг төлөгдсөн талаар зохигч нар тайлбар өгсөн тул М.Э Ж.Тд 118,500,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон гэж үзнэ.    

        Ж.Т нэхэмжлэл гаргахдаа “... үлдэгдэл 17 сая төгрөгийг боломжийнхоо хэрээр төлөх болно...хугацаа нэг жилээс хэтрэхгүй... М.Э...2016-07-02...” гэсэн бичгийн баримтыг үндэслэл болгожээ.

          Тухайн баримтыг М.Э “дарамтлуулан” үйлдсэн гэх боловч энэ нь  нотлогдоогүйгээс гадна уг баримт үйлдэгдэхээс өмнө буюу 2014-01-15-ны өдрийн байдлаар орон сууцны төлбөрт 112,800,000 төгрөг бус, харин 116,800,000 төгрөг төлөгдсөн байгаа нь хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж  байна.

         Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүрэн хангав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2018/00157 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...16,500,000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай Ж.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...16,500,000 төгрөг гаргуулж, Ж.Тд олгосугай...” гэж., 2 дахь заалтын “...хэвээр үлдээсүгэй...” гэснийг “...хэвээр үлдээж, М.Эгаас 240,450 төгрөг гаргуулж Ж.Тд олгосугай...” гэж  өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 240.450 төгрөгийг нэхэмжлэгчид захирамжаар буцааж олгосугай.                                                                          

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ