| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0066/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/81 |
| Огноо | 2020-02-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 2025000000003 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.Быг 2019 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 9-22 тоотод оршин суух иргэн Н.Лхагвасүрэнгийн эзэмшлийн байшингийн решоткийг хөшиж вакум цонхыг нь хагалан хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан 647 000 / зургаан зуун дөчин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 4-7-р хуудас/
-Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 8-11-р хуудас/
-Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 12-13-р хуудас/
-Хохирогч Н.Лхагвасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “…Миний бие Яргуйт баг Овоотын 9-22 тоотод ганцаараа амьдардаг юм. 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой гэрээсээ гараад Городод байдаг хүү Сарүүлсүхийнд хонохоор явсан. 2019 оны 12 сарын 30-ны өглөө 09 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, хаалганы бариул хугарчихсан байхаар нь гайхаад түлхүүрээрээ байшингийнхаа хаалгыг онгойлгоод яваад ортол том өрөөнд байсан бурхны шүтээний гүнгэрвааны урд талын шилийг нь аваад орон дээр тавьчихсан байсан. Мөн жижиг өрөөний решоткийг хөшөөд цонхыг нь хагалаад хамаг юмыг маань онгичоод хаячихсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлагаар ирсэн цагдаа нар ирээд шуурхай ажиллаж хашаан дотор байсан гутлын мөрийг дагаж мөрдсөөр манайхаас урагш 2 гудамжинд байх айлаас хулгайд алдсан эд зүйлүүдийг маань олж илрүүлсэн. Манай байшингийн баруун талын решоткийг хөшөөд 28x90 хэмжээтэй байшингийн вакум цонхыг хагалаад байшин дотроос 32 инчийн хар өнгөтэй “ВSВ” маркийн LCD зурагт, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, мөнгөн аралтай эмэгтэй хүний бүс 1 ширхэг, эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, 0,5 л шар өнгийн шилтэй Чингис нэртэй архи 1 ширхэг, 0,75 литртэй “ВIGER” нэртэй чацарганы дарс зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/
-Гэрч М.Баянхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:.....” 2019 оны 12 сарын 30-ны өглөө сэрэхэд Булганбаярын гэрт нэг хар өнгийн ВSВ нэртэй зурагт авчраад тавьчихсан байсан. Б намайг өглөө сэрэхэд “BIGER” нэртэй чацарганы дарс урдаа тавьчихсан сууж байсан ба тэрийг нь хувааж уугаад сууж байтал гаднаас цагдаа нар орж ирээд бид нарыг ганц ганцаар нь дуудаж уулзаад Булганбаярын гэрээс хар өнгийн ВSВ нэртэй зурагт, булган малгай, хурган дотортой дээл, мөнгөн тоногтой бүс, архины шил 1 ширхэг, дарсны шил 1 ширхгийг хураан авсан. Мөн миний өөрийн Булганбаярын гэрт өмсөхгүй үлдээчихсэн байсан эрэгтэй шаргал өнгийн монгол загварын урт түрийтэй гутлыг хураан авсан. Булганбаярыг асуухад Б манай ахын зурагт гэж хэлж байсан. Хэргийн газар дээр миний гутлын мөр байна шинжилгээнд явуулна гээд авсан. Сүүлд цагдаа дээр ирэхэд Б бид нарыг унтаж байхад миний гутлыг өмсөөд айлаас хулгай хийсэн талаараа ярьсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
-Гэрч М.Булганбаярын мөрдөн байцаалтад өгсөн:....”2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед найз Билэгдэмбэрэл Баянхүү хуурай дүү Б нарын хамтаар 0,5 л 3 шил архи хувааж уусан. Тэгээд орой 23 цагийн үед байх тасраад унтаад өгсөн байна лээ.2019 оны 12 сарын 30-ны өглөө сэрэхэд манай гэрт хар өнгийн нимгэн “BSB” нэртэй зурагт байсан.Би энэ юун учиртай зурагт аваад ирвээ гэж асуухад Б манай ахын зурагт байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Б өөрийнхөө өмнө “Biger” нэртэй дарс задалчихсан сууж байсан тэгээд дарснаас 2 рунк хэртэй уугаад байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд юун учиртай зүйл ууж байгаа юм хаанаас авсан гэж асуусан.Тэгээд бид нарыг ганц ганцаар нь гадаа дуудаж уулзсан. Тэгээд манай гэрийн шкафнаас хар өнгийн ягаан үйтэн хуаран хээтэй эмэгтэй хүний хурган дотортой дээл, тольтой шүүгээний араас булган малгай, мөнгөн аралтай бүс, хар өнгийн 32 инчийн BSB гэсэн нэртэй зурагт, Biger нэртэй дарсны шил нэг ширхэг, шар Чингис архины шил 1 ширхэг, Баянхүүгийн шаргал өнгийн монгол гутал нэг хос зэргийг хураан авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/
-Гэрч Н.Билэгдэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:....”2019 оны 12 сарын 30-ны өглөө сэрэхэд Булганбаярын гэрт мөлхөө тавилга дээр 32 инчийн BSB нэртэй хар өнгийн зурагт байсан. Энэ зурагтыг хэн авчирсан талаар би сайн мэдэхгүй байна. Сүүлд цагдаа дээр ирсэн хойно Б цагдаа нарт хулгай хийсэн гэдгээ хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/
“Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02/02-198 дугаартай... “Үнэлгээнд хамрагдсан ВSВ маркийн 32 инчийн зурагт 180.0 мянган төгрөг, үйтэн хуаран өнгөтэй хурган дотортой дээл 300.0 мянган төгрөг, мөнгөн аралтай эмэгтэй хүний суран бүс 50.0 мянган төгрөг, эмэгтэй хүний булган малгай 100.0 мянган төгрөг, чацарганы дарс 7.0 мянган төгрөг, 0,5л Чингис архи 10.0 мянган төгрөгний үнэлгээг 2019 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 647.0 мянган /зургаан зуун дөчин долоон мянга/ төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-31-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2020 он 01 дүгээр сарын 17-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн ...” Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт №1-ийн Зураг №5,6-д байх “Байшингийн урд хэсэгт байх гутлын мөрийг харуулав.” гэсэн тайлбартай 2 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэж байна. Гэрэл зургийн үзүүлэлт №2-ын Зураг №1,2-т байх ‘Яргуйт баг Овоотын 7-18 тоот хашааны хаапганы гадна талд байх гутлын мөрийг харуулав ” гэсэн тайлбартай гутлын мөрүүд шинжилгзэнд тэнцэхгүй байна. Шинжлэгдэж буй гэрэл зургийн үзүүлэлтийн Зураг №5,6-д байх гутлын мөр харьцуулах загвараар ирүүлсэн Г.Бын гэх гутлын зүүн өмсгөлтэй гутлын улны хээгээр үүссэн байна... гэх дүгнэлт /хх-ийн 35-37-р хуудас/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 52-54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 9-22 тоотод оршин суух иргэн Н.Лхагвасүрэнгийн эзэмшлийн байшингийн цонхны решоткийг хөшиж вакум цонхыг нь хагалан нэвтэрч, ВSВ маркийн 32 инчийн зурагт, үйтэн хуаран өнгөтэй хурган дотортой дээл, мөнгөн аралтай эмэгтэй хүний суран бүс, эмэгтэй хүний булган малгай, чацарганы дарс, 5.0 литрийн шар Чингис архи зэргийг авч 647 000 / зургаан зуун дөчин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь айлд архидан согтуурч байхдаа хүний гутлыг өмсөж гараад арын гудамжинд байх эзэнгүй байсан хохирогч Н.Лхагвасүрэнгийн цонхны хамгаалалт төмрийг эвдэж цонхыг хагалж ороод 647,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нь хууль бусаар авч гарсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, хүсэж хийсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй. Г.Бын үйлдлийн улмаас Н.Лхагвасүрэнд эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Б гэм буруутай болох нь шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 4 сар 05 хоногийн хугацаагаар тогтоож эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Харин хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн байдлыг хөнгөрүүлэн үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулна уу гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн үйлдэх үеийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол нөхөн төлөгдсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн ба шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал,хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 52-54-р хуудас /аар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтэн эдлэх ялын хугацааг тогтоосон болно.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.Лхагвасүрэн шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй хохирлоо бүрэн барагдуулсан гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна. Шүүгдэгчээс ВSВ маркийн 32 инчийн зурагт, үйтэн хуаран өнгөтэй хурган дотортой дээл, мөнгөн аралтай эмэгтэй хүний суран бүс, эмэгтэй хүний булган малгай зэргийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн байх ба чацарганы дарс, 5.0 литрийн архи, цонхны хамгаалалт төмөр, шилний үнэ зэргийг бэлэн мөнгөөр төлж хохирлыг арилгасан байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.75 литрийн Biger нэртэй чацарганы дарсны шил 1 ширхэг, 0.5 литрийн Чингис нэртэй архины шил 1 ширхэг, шаргал өнгийн эрэгтэй хүний монгол гутал нэг хос зэргийг устгахаар зааж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт Г.Быг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил /хоёр/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 2 жил 06 сарын хорих ял дээр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 05 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бын цагдан хоригдсон 57 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Шүүгдэгч Г.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дцгаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.75 литрийн Biger нэртэй чацарганы дарсны шил 1 ширхэг, 0.5 литрийн шар Чингис нэртэй архины шил 1 ширхэг, шаргал өнгийн эрэгтэй хүний монгол гутал нэг хос зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ