Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 120

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баасанжав,

Хохирогч Б.Ө,

Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Сид холбогдох эрүүгийн 2007002340117 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, газар зүйч мэргэжилтэй, ЖКЛ-ХАУС” ХХК-д марктинг менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй ******* овогт Э.С /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.С нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэрэлжийн шугуй гэх газарт Б.Өын толгой руу алгадаж хавирч унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр найзуудын хамт Тэрэлжид очсон. Тэгээд архи уусан учраас болсон явдлыг сайн санахгүй байна. Гэхдээ хохирогчид гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би согтууруулах ундааны зүйл их хэрэглээгүй. Болсон үйл явдлын талаар сайн санахгүй байна. Би хохирогчоос уучлал гуйгаад, эвлэрсэн. Хохирогчид хохирол төлбөрт 1.200.000 төгрөг төлсөн” гэв.

Хохирогч Б.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэг гарсан өдөр найз *******, найз залуу болон найзуудын хамт “Тэрэлж”-рүү амралтанд явсан. Орой найзуудаараа хамтдаа уугаад түүдэг гал тойроод сууж байсан. Тэгтэл хойно хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь очтол Э.С агсам тавиад хэрүүл хийгээд байхаар нь би ингэж болохгүй гэж хэлсэн. Тэр үед Э.С миний хөлрүү өшиглөөд намайг унагаасан. Гэрт ороод сууж байгаад найзаараа машин замруу хүргүүлээд Налайх дүүргийн эмнэлэгт ирж үзүүлсэн. Би хохирол төлбөрт 1.200.000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжилнэ” гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өмнө ярьсаныхаа дагуу найз *******, Өлзий нартай Сансарт найзынхаа гэрт 10 цагийн үед уулзаад тэндээсээ хаашаа явах уу гэж хоорондоо ярилцаж байхад ******* надтай уулздаг нэг залуу байгаа салхинд гарвал хамт гаръя гэж байсан. Хамт явах уу гэхээр нь бид нар зөвшөөрөөд Сансарын “И март” дэлгүүрийн хажуу талын зогсоол дээр тухайн залуучуудтай уулзаж танилцаад Тэрэлжийн шугуй гэх газарт очсон. Тухайн газарт нэг гэр аваад хоол унд хийж гэрт ууж идсэн. Орой харанхуй болсоны дараа гарч гадаа гал түлж тойрч сууя гээд гарсан. Гадаа гал түлээд юм яриад сууж байхад нэг хоёроороо ийшээ тийшээ босоод явчихсан. Оргио гэх залуутай галын хажууд юм яриад сууж байхад гэрийн хажууд хүмүүс муудалцаад хэрэлдэхийг нь сонсоод би яваад очиход хамт явсан хэд хоороноо муудалцаж байсан. ******* газар унасан байсан. Намайг гэмтээдэг хар хувцастай залуу хүн болгоныг очиж түлхээд хараагаад байхаар нь чи болиоч ээ гэхэд надруу дөхөж ирээд юу ч хэлэхгүй миний толгой руу алгадаад намайг хавирч унагаасан. Тэгээд миний хөл өвдсөн би уйлаад хөл өвдөөд байна гэхэд ******* яасан бэ гэж асуусан. Зүгээр үү гээд миний хажууд хэсэг байсан. ******* над дээр ирээд чи зүгээр үү гэхэд намайг цохьсон залуу гүйгээд яваад өгсөн. ******* тэр залуугийн араас гүйгээд манай найз охиныг яаж байгаа юм. Намайг зодчих гэж хэлж байсан. Би найзруугаа намайг ирээд аваач гэж хэлсэн. Хотоос 03 цагийн үед ирчихлээ гэхээр нь замруу Өлзийгийн хамт алхаж машиндаа суугаад Налайхын эмнэлэг дээр ирж үзүүлсэн чинь гэмтэл рүү очиж үзүүл гэсэн. Цагдаагийн хэлтэс дээр өргөдөл мэдүүлэг өгөөд хотруу явж гэмтлийн эмнэлэг орж хөлөө гипсдүүлсэн...” гэх мэдүүлэг

/хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай найз *******ын төрсөн өдөр болоод *******, *******, Б.Ө болон манай найз 3 найзыгаа аваад наймуулаа ******* дугаар хорооны Тэрэлж шугуй гэх газарт байрлах гэр амралтын газарт 14 цагийн орчимд очсон. Очоод амарч байгаад архи ууцгаагаад голын эрэг дээр гал түлээд сууж байсан. Б.Ө, Э.С гэх залуутай маргалдаж байгаад Э.С түлхээд унагаачихсан. Тэгээд гэрт ортол Б.Ө чи найзыгаа хамгаалсангүй гээд эмэгтэй найзуудрууга дайраад байсан. Тухайн үед би их согтсон байсан учраас түүнээс хойш юу болсонг сайн мэдэхгүй байна. Намайг харж байхад нэг удаа цээж рүү  нь түлхээд унагааж байсан. Би өөр зүйл хараагүй...” гэх мэдүүлэг

/хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр миний төрсөн өдөр болоод хоёр найз хүүхэнтэй уулзаад *******, Б.Ө нарын хамт *******ийн найз дөрвөн залуутай уулзаад 14 цагийн үед очсон. Тухайн газар би нэг гэр аваад төрсөн өдөр тэмдэглээд ууж идсэн. Гэгээ тасрахын алдад гарч гадаа бэлдсэн байсан тулганд гал асааж суусан. Бид нар бүгдээрээ гэрлүү орсон. ******* рүү Б.Ө чи намайг өмөөрсөнгүй гэж хашигчаад байсан. Би Б.Өын хамт зам руу алхаж найз залуутай уулзаад Налайх руу хамт машинаар ирсэн. Б.Ө хөл өвдөөд байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг

/хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр найз нартай Улаанбаатар хотод “И март” дэлгүүр дээр уулзаад Тэрэлж рүү явсан. Танихгүй дөрвөн хүүхэн байсан. Найз гийн танил хүүхнүүд байсан. Бид нар хотоос нэг машинтай гараад Тэрэлжийн шугуй гэх газарт ирсэн. Бид нар нэг гэр аваад гэртээ нэлээн ууж идэж байгаад оройхон нар жаргахын үед бөөнөөрөө гарч бэлдсэн тулганд гал түлээд тойрч юм ярьж сууцгаасан. Би машин руу утсаар ярих гээд чимээгүй гэж бодоод очиж сууж утсаар ярьсан. Утсаар ярьж дуусаад шуугилдаад унахаар нь очоод харсан чинь Б.Ө, Э.С хоёр муудалцаад бие биерүүгээ дайраад хэрэлдээд байсан. Э.Сийг машин руу очиж суулгачихаад Б.Өыг тайвшруулж гадаа юм ярьж суусан. Б.Ө хөл өвдөөд байна гэж хэлж байсан. Хэсэг хугацааны дараа найз Өлзий дагуулаад зам руу явсан. Эргэж бид нар дээр ирээгүй. Ил харагдах гэмтэл байгаагүй хөл өвдөж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг

/хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5652 дугаар:

“1. Б.Өын биед зүүн шагайн гадна хавчаар ясны далд хугарал, тархи доргилт, дух, баруун шуу, сарвуу, баруун гуя, зүүн шилбэ, шагайн үеэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

            /хх-ийн 26-27 дугаар хуудас/

            Э.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 58 дугаар хуудас/,

           

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 48 дугаар хуудас/,

 

Э.Сийн хувийн байдлыг тогтоосон баримтууд

/хх-ийн 56-57, 59-61, 71-80 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагчийн “Шүүгдэгч Э.С нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэрэлжийн шугуй гэх газарт Б.Өын толгой руу алгадаж хавирч унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Э.Сид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Э.Сийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлоо төлсөн байдал, зэргийг нь харгалзан үзэж, шүүгдэгч Э.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож, торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчилэн төлүүлж, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд гаргаж байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Миний үйлчлүүлэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасаны дагуу хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Сийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Улсын яллагчийн зүгээс оногдуулсан 600 нэгжээр торгох ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжээр торгож 120 хоногоос дээш хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна” гэх,

Хохирогчийн “...Би ээлжийн ажил хийдэг учраас 20 хоног ажиллаад амарч байсан. Би сард 750.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Шүүгдэгчээс хохирол төлбөрт 1.200.000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй хэвээр үлдээж өгнө үү” гэх,

Шүүгдэгчээс “...Дахин гэмт хэрэгт холбогдохгүй миний буруу, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Сид холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.С  нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлжийн шугуй гэх газарт Б.Өын толгой руу алгадан хавирч унагаах зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: 

шүүгдэгч Э.Сийн “...Тэгээд архи уусан учраас болсон явдлыг сайн санахгүй байна. Гэхдээ хохирогчид гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх,

Хохирогч Б.Өын “...Тэр үед Э.С миний хөлрүү өшиглөөд намайг унагаасан. Гэрт ороод сууж байгаад найзаараа машин замруу хүргүүлээд Налайх дүүргийн эмнэлэгт ирж үзүүлсэн” гэх,

Гэрч Б.*******ийн “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ...Б.Ө, Э.С гэх залуутай маргалдаж байгаад Э.С түлхээд унагаачихсан. ...Намайг харж байхад нэг удаа цээж рүү  нь түлхээд унагааж байсан. Би өөр зүйл хараагүй...” гэх,

Гэрч *******ын “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ...******* рүү Б.Ө чи намайг өмөөрсөнгүй гэж хашигчаад байсан. Би Б.Өын хамт зам руу алхаж найз залуутай уулзаад Налайх руу хамт машинаар ирсэн. Б.Ө хөл өвдөөд байна гэж ярьж байсан...” гэх,

Гэрч Д.*******ын “...Б.Ө, Э.С хоёр муудалцаад бие биерүүгээ дайраад хэрэлдээд байсан. Э.Сийг машин руу очиж суулгачихаад Б.Өыг тайвшруулж гадаа юм ярьж суусан. Б.Ө хөл өвдөөд байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5652 дугаар: Б.Өын биед зүүн шагайн гадна хавчаар ясны далд хугарал, тархи доргилт, дух, баруун шуу, сарвуу, баруун гуя, зүүн шилбэ, шагайн үеэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.Сийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Өын бие махбодид хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч “...би хохирол төлбөрт 1.200.000 төгрөг авсан тул үлдэгдэл мөнгийг нэхэмжлэхгүй. Харин цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжилнэ...” гэсэн тайлбарыг үндэслэн Б.Ө баримтаар 1.265.781 төгрөг нэхэмжилснээс 1.200.000 төгрөгийг авсан тул хохирол төлбөргүй гэж үзэв. Хохирогч Б.Ө учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Э.Сийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Э.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 120 /нэг зуун хорь/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ө нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Сид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ