Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/84

 

                          

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Г.Түвшинбаяр

Хохирогч Б.Жавхлантөгс

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2025000250028 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Бг 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Үйлчилгээний төв”-ийн гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Жавхлантөгстэй маргалдаж нүүрэн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн мэдүүлсэн “Тухайн өдөр Үйлчлгээний төв дээр байхад Жавхлантөгс орж ирсэн. Би түүнд хандаж “архи уусан үедээ битгий шөнө орой залгаад бай” гэсэн чинь “чамтай харьцахгүй” гэхээр нь би бухимдаад зүүн эрүүнд нь цохиж дух руу нь мөргөсөн. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Жавхлантөгс урьд нь над руу шөнө залгаад элдэв юм хэлээд байсан юм. Түүнийг нь л би хэлсэн юм. Миний буруу гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-хохирогч Б.Жавхлантөгсийн мэдүүлсэн “ 2019 оны 12 дугаар сарын 29-нд Үйлчилгээний төв дээр байхад мөргөж гэмтэл учруулсан. 12 сарын 13-нд болсон асуудал  нь би шөнө утасдаж маргасан. 3 найзтайгаа ирж зодсон. Урьд нь ч зодож байсан. Би гомдолтой. Эмчилгээнд 330,000 төгрөг төлсөн. Гэвч би гоо сайхнаараа хохирсон. Мөн ажилдаа явж чадаагүй 10-аад хоносон гэх мэдүүлэг,

-Гэрч О.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...”Тэр залууг дэлгүүрээс гарах үед нь Б “чи битгий харанхуй шөнө хүн амьтан руу залгаж гай болоод байгаарай. Уусан идсэн зүйлээ тааруулж байгаарай” гэж хэлсэн. Гэтэл нөгөө дэлгүүрээс гарч явсан залуу Бд хандан “чамтай харьцахгүй пизда минь” гэж хэлсэн. Тэгэхлээр нь Б юу гэнээ чи гэж хэлээд нөгөө залуугийн араас гарч явсан. Б дэлгүүрээс гараад нөгөө залууг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гүйж гараад тэр хоёрыг салгасан. Бд зодуулсан залуу чамайг хутга шааж ална гээд хашиграад байсан. Дэлгүүрт байсан манай найз Анхаа гарч ирээд нөгөө  зодуулсан залууд алчуур гаргаж өгсөн. Тэр залуугийн хөмсөг духны хэсгээс цус гарсан байсан... ’’ гэх мэдүүлэг/хх-ийн 8-р хуудас/

-Гэрч Х.Анх-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн: ...”Тэгэхлээр нь Б юу гэнээ чи гэж хэлээд нөгөө Жавхлантөгсийн араас гарч явсан. Б дэлгүүрээс гараад Жавхлантөгсийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Бас нэг удаа духаараа Жавхлантөгсийн дух руу мөргөсөн. Тэгэхээр нь Мөнхзаяа бид хоёр гүйж гараад тэр хоёрыг салгасан. Жавхлантөгс Бг хутга шааж ална гээд хашиграад байсан. Жавхлантөгсийн духны хэсгээс цус их гарч байсан... ” гэсэн мэдүүлэг/хх-ийн 09-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 70 дугаартай ... Б.Жавхлантөгсийн биед зүүн хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдэд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2019 оны 12 сарын 29-нйи өдөр үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/

“Хохирлын баримтууд /хх-ийн 40-42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.

             Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг “Үйлчилгээний төв”-ийн утас засварын лангуун дээр байхдаа тэнд орж ирсэн садан төрлийн харьцаатай Б.Жавхлантөгстэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, мөргөж биед нь зүүн хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдэд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 70 дугаартай дүгнэлтээр... Б.Жавхлантөгсийн биед зүүн хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдэд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл учирсан ба уг гэмтэл нь  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Б.Бгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                  

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Үйлчилгээний төв”-ийн гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Жавхлантөгстэй маргалдаж нүүрэн тус газар нь цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Жавхлантөгс 209,200 төгрөгний баримт хэрэгт хавсаргасан ба шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эмчилгээний зардалд 330,000 төгрөгийг төлсөн талаар баримт авагдсан байна. Хохирогч Б.Жавхлантөгс шүүх хуралдаанд “...би гоо сайхнаараа хохирсон. Мөн ажилдаа явж чадаагүй 10-аад хоносон. Гомдолтой” гэж мэдүүлсэн боловч энэ талаараа ямар нэг баримт шүүхэд гаргаагүй байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Б.Бг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, сард 166,666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ