| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0123/Э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч С.Цэрэндалай,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Хохирогч А.С,
Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.Тд холбогдох эрүүгийн 2007002180125 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 6 дугаар хороо,******* тоотод оршин суух, ******* овогт Н.Т /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэрэлж голын эрэг дээр А.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж чулуугаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 04 дүгээр
сарын 11-ний өдөр 18 цагийн үед гол дээр гол гаргуулна гэж хэлсэн хүмүүсээ хүлээгээд байж байтал А.С өөрийн машинтай ирээд гол гараад явсан. Удалгүй буцаж хүрч ирээд бензин дуусчихлаа, колонк руу яваад өг гэж хэлсэн. Би тэр үед гол гаргах гээд хүн хүлээж байсан учраас завгүй байна гэж хэлсэн. Тэгсэн А.С намайг элдэв үгээр доромжлоод, манай эхнэрийг цохьсон, бас миний машины цонхыг хагалсан. Бид хоёрыг зодолдож байх үед ******* ирээд намайг одоо зугтаагаад яв гэж хэлсэн. А.С нь манай бага хүүхдийг хүртэл гол дээр явж байхад хасаг зайл гэж хэлж байсан” гэв.
Хохирогч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр найз хотоос ирсэн. Бид нар хамтдаа 2 шил, 0.75 грамм архи хувааж уусан. Тэгээд байж байтал ******* ах ирээд миний машиныг засаж өгсөн. Тэгээд гол гараад ******* “Н.Т” ахаас бензинд яваад өгөөч гэж гуйсан. ******* ах намайг өвөл ууланд модны ажилд авч явсан ч цалинг маань одоо хүртэл өгөөгүй байгаа тэрнээс болж маргалдаад байж байтал эхнэр нь цаад талаас нь чаддаг юм бол аваарай гэж хэлсэн. Би тэр үед машиных нь зүүн талын шилийг нь хагалсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байж байхад хотоос найз ******* 17.00 цагийн үед гэрт ирсэн. Манайд бид нар нэг шил Алтантүрүү нэртэй 0,75 литрийн архи, 2 литрийн нийслэл нэртэй пиво хувааж уусан. ******* машин чинь бензинтэй юу, найз нь бензин авч өгөх үү гэхээр нь би уучихсан учир гарахгүй гэсэн. Хэсэг хугацааны дараа зүс таних ******* манай гэрт ирсэн. ******* ахтай өмнө нь машиныхаа галыг тавиулахаар яриад тохирчихсон байсан. Гэрээс гараад машиныхаа галыг ******* ахаар тохируулсан. ******* ахад хандаж найз бензин авч өгнө гэнээ та машин бариад гол гараад өгөөч бензин аваад ирье гээд ******* ахаар машинаа бариулаад гол гарсан. Гарам гараад явж байхад машины бензин дуусаад зогсчихсон. Би ******* гэж тэр хавийнхан дууддаг Н.Т гэх ах гол дээр байхаар нь очоод бензинд яваад өгөөч гэж гуйхад надад чадахгүй гэж хэлсэн. Өмнө ажилласан мөнгөө авая гэж хэлсэн чинь эхнэр болох ******* чаддаг юм бол аваарай гэж хэлэхээр нь авах ёстой юм чинь гээд эхнэртэй нь хэрэлдсэн. Би мөнгөө авая, ажилласан цалингаа авмаар байна, та нар шиг луйварчин юм уу гэж хэлсэн. ******* нь ******* гээд нөхрөө дуудсан. ******* буюу Н.Т гүйж ирээд намайг заамдаж аваад нүүрлүү гартаа чулуу атгаж байгаад цохьсон. Тэр үед миний шүд уначихсан би доошоо тонгойгоод миний шүд уначихлаа гэхэд намайг дэгээдэж унагаагаад нуруулуу өшиглөсөн. Тэр үед ******* ах Н.Тыг татаж салгасан. Н.Тыг болиоч гэж эхнэр нь хэлж байсан. ...Гэртээ байж байхад цагдаа нар ирсэн би болсон явдлыг хэлэхэд цагдаа нар эмнэлэг дээр хүргэж өгч оёдол тавиулчихаад Цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Тэр үед миний дээд 2 шүд унаж, хоолой улайж зулгарсан байсан...” гэх мэдүүлэг
/хх-ийн 10-13 дугаар хуудас/,
Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байж байхад нөхрийн найз ******* хотоос ирсэн. Хоол унд хийж өгсөн. Манай гэрт 5 лаа, 0.75 литрийн нэг архи, 2 литрийн том пиво хувааж уусан. Орой 19 цаг өнгөрч байхад ******* ах манай гэрт ирсэн. Нөхөр тэр хоёр 469 машины галыг нь тохируулсан. Бензин найздаа авч өгнө гэсний дагуу ******* ахаар машин бариулаад *******, би нөхрийн хамт явсан. Гол гараад бензин дуусаад зогссон. Нөхөр машинаас буугаад Н.Т ахруу очсон. Тэр хоёр юм яриад зогсоод байсан. ******* дэлгүүр орлоо гээд машинаас буугаад алхаад явчихсан. Би тэр үед машинд суугаад хүлээж байсан. Гэнэт хүмүүс орилолдох чимээ гарахаар нь харахад Н.Т ах нөхрийг боочихсон зогсож байсан, хажууд нь эхнэр болох ******* эгч нь байсан. Нөхрийн амнаас цус гарчихсан цамц нь урагдсан харагдаж байсан. ...******* очиж боль гээд нөхрийг салгаж холдуулаад машин дээр авч ирсэн. Нөхрийн амнаас цус гараад хоёр шүд нь уначихсан, баруун гарын чигчий хураанаас цус гарч байсан. Бид нар машиндаа суух үед ******* ирсэн. Юу болов гэхэд нөхрийн шүд уначихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар гэрлүүгээ харьсан. ******* бид нарыг хүргэж өгөөд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа цагдаа нөхрийг аваад явсан...” гэх мэдүүлэг
/хх-ийн 21-23 дугаар хуудас/,
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өөр 15 цагийн үед Тэрэлжийн гол гараад гэр лүүгээ явах замаараа А.Сын гэрээр орсон. Өмнө нь бид 2 машинд нь галыг нь тохируулна гээд ярьсан байсан учир очсон. Гэрт нь яваад ороход Санги эхнэр нь тэгээд нэг хүүхэн архи уугаад сууж байсан. А.Стай гараад би машиных нь галыг тохируулсан. Цуг яваад бензин авая гээд явсан. Голын эрэг дээр очоод би 69 машиныг нь жолоодож гол гараад 500 метр хэртэй явж байгаад бензин нь дуусчихсан. Машинд хамт явсан нэг залуу дэлгүүр орно гээд салж яваад Санги гол орж бензин олно гээд явсан. Гол дээр хүн орилоод байх шиг болохоор нь би яваад очсон чинь Н.Ты УАЗ 469 машины зөв талын цонхыг нь А.С гараараа цохиж хагалсан. Н.Т машинаас бууж ирээд тэр 2 зууралдаад голын хайрган дээр өнхөрч хоёр биенээ цохиод байхаар нь би голоор нь орж салгасан. Тэгээд арай гэж салгаад холдуулахад А.С Н.Труу дайраад байхаар нь Н.Тд хандаж чи эрүүл юм чинь зугтаа гэж хэлсэн. Н.Т зугатаагаад явсан. Удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг
/хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч Ш.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн үед нөхөр Н.Т, хүү Эрхэмболд нарын хамт машинтай Тэрэлж голын эрэг дээр зогсож байхад А.Сын машин гол гатлаад гарч байсан. Хэсэг хугацааны дараа А.С манай машин дээр ирээд хаалга онгойлгоод хасаг пизда минь бензинд яваад өгчих гэхэд завгүй байна гэж хэлэхэд Н.Тыг заамдаад авсан. Н.Т уурлаад тэр хоёр барьцалдаж аваад хоорондоо зодолдоод газарт унаад дээр, доороо ороод ноцолдоод байсан. Тэр үед ******* тэр хоёрыг салгасан. Н.Т хол очоод зогсчихсон. Хүүг маань А.С өшиглөх гээд хөөсөн. ******* тэр үед хүүхэд яах гээд байгаа юм гээд болиулсан. Н.Т хүүхэд хөөхийг хараад буцаж ирээд тэр хоёр хэрэлдээд хоорондоо барилцаж аваад газар дээр доороо ороод зууралдаад байсан. Би *******гийн араас очоод тэр хоёрыг салгаад өгөөч гэж гуйсан. ******* эргэж ирээд тэр хоёрыг салгасан. Н.Тыг чи эрүүл юм чинь явчих гэхэд Н.Т явсан...” гэх мэдүүлэг
/хх-ийн 31 угаар хуудас/,
Яллагдагч Н.Ты мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр би Тэрэлж голын эрэг дээр зогсож байхад А.С гол гарч ирээд хасаг пизда минь бензинд яваад ир гэхээр нь би чадахгүй гэхэд уурлаад хоёулаа зууралдаад зодолдохдоо нүүр аманд нь цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг
/хх-ийн 62 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/243 дугаар:
1. А.Сын биед зүүн дээд 1, 2 дугаар шүднүүдийн булгарал, баруун шуу, сарвуунд шарх, хүзүү, цээж, баруун зүүн шуу, баруун зүүн тохой, баруун сарвуунд зулгаралт, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх баруун шуу, сарвуунд шарх, хүзүү, цээж, баруун зүүн шуу, баруун зүүн тохой, баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь ир ирмэг болон ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, зүүн дээд 1, 2 дугаар шүднүүдийн булгарал, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 10 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт
/хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Шинжээч томилж үнэлгээ хийлгэх тухай тогтоол
/хх-ийн 48 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 65 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Ты хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-ийн 68-76, 78,79/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тэрэлж” голын эрэг дээр А.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж чулуугаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Шүүгдэгч Н.Тд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Ты үйлдсэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, мөн цагдан хоригдсон хоног байхгүй. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардалаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй хэвээр үлдээж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна” гэх,
Хохирогчийн өмгөөлөгчийн “...Цаашид гарах шүд хийлгэх эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй хэвээр үлдээж өгнө үү” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Улсын яллагчийн зүгээс оногдуулсан гэмт хэргийн зүйлчлэл оногдуулж байгаа ял дээр ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгч нь эхнэрийн хамт улирлын чанартай ажил хийдэг тул шүүх гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гагаж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Тд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өөр 19 цагийн орчимд ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэрэлж голын эрэг дээр А.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж чулуугаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Н.Ты “...А.С намайг элдэв үгээр доромжлоод, манай эхнэрийг цохьсон, бас миний машины цонхыг хагалсан. Бид хоёрыг зодолдож байх үед ******* ирээд намайг одоо зугтаагаад яв гэж хэлсэн. А.С нь манай бага хүүхдийг хүртэл гол дээр явж байхад хасгийн хүүхэд зайл гэж хэлж байсан” гэх,
Хохирогч А.Сын: “...Н.Т гүйж ирээд намайг заамдаж аваад нүүрлүү гартаа чулуу атгаж байгаад цохьсон. Тэр үед миний шүд уначихсан би доошоо тонгойгоод миний шүд уначихлаа гэхэд намайг дэгээдэж унаагаад нуруулуу өшиглөсөн” гэх,
Гэрч С.гийн “...Н.Т ах нөхрийг боочихсон зогсож байсан, хажууд нь эхнэр болох ******* эгч нь байсан. Нөхрийн амнаас цус гарчихсан цамц нь урагдсан харагдаж байсан. ...******* очиж боль гээд нөхрийг салгаж холдуулаад машин дээр авч ирсэн. Нөхрийн амнаас цус гараад хоёр шүд нь уначихсан, баруун гарын чигчий хураанаас цус гарч байсан. Бид нар машиндаа суух үед ******* ирсэн. Юу болов гэхэд нөхөр шүд уначихлаа гэж хэлсэн” гэх,
Гэрч Г.ийн “...Н.Ты УАЗ 469 машины зөв талын цонхыг нь А.С гараараа цохиж хагалсан. Н.Т машинаас бууж ирээд тэр 2 зууралдаад голын хайрган дээр өнхөрч хоёр биенээ цохиод байхаар нь би голоор нь орж салгасан” гэх,
Гэрч Ш.*******ийн “...Н.Тыг заамдаад авсан. Н.Т уурлаад тэр хоёр барьцалдаж аваад хоорондоо зодолдоод газарт дээр, доороо ороод ноцолдоод байсан. Тэр үед ******* тэр хоёрыг салгасан. Н.Т хол очоод зогсчихсон. Хүүг маань А.С өшиглөх гээд хөөсөн. ******* тэр үед хүүхэд яах гээд байгаа юм гээд болиулсан. Н.Т хүүхэд хөөхийг хараад буцаж ирээд тэр хоёр хэрэлдээд хоорондоо барилцаж аваад газар дээр доороо ороод зууралдаад байсан. Би *******гийн араас очоод тэр хоёрыг салгаад өгөөч гэж гуйсан. ******* эргэж ирээд тэр хоёрыг салгасан” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/243 дугаар: А.Сын биед зүүн дээд 1, 2 дугаар шүднүүдийн булгарал, баруун шуу, сарвуунд шарх, хүзүү, цээж, баруун зүүн шуу, баруун зүүн тохой, баруун сарвуунд зулгаралт, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун шуу, сарвуунд шарх, хүзүү, цээж, баруун зүүн шуу, баруун зүүн тохой, баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь ир ирмэг болон ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, зүүн дээд 1, 2 дугаар шүднүүдийн булгарал, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 10 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.Ты үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Сын “бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч 2 шүд хийлгэх эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэх боловч баримт авагдаагүй учир энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй харин баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Н.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Н.Тыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 120 /нэг зуун хорь/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.С нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ