Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 660

 

 

 

 

 

 

 

      2020         7            07                                       2020/ШЦТ/660

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч Я.Мөнхзаяа,

          шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009015390900 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 20 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариулцага хүлээж байгаагүй, А.Б (регистрийн дугаар  ),

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч А.Б нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны гадна хохирогч Ж.Очхүүтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын цөсөрсөн хугарал, хамар ясны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстад язрал, цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч А.Б-г 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны гадна хохирогч Ж.Очхүүтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын цөсөрсөн хугарал, хамар ясны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстад язрал, цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч А.Бд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

            Шүүх шүүгдэгч А.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч А.Б нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны гадна хохирогч Ж.Очхүүтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын цөсөрсөн хугарал, хамар ясны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстад язрал, цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

            хохирогч Ж.Очхүүгийн "...2020 оны 5 дугаар сарын 22-ны орой ажил тараад нэг газар ажлынхантайгаа ...пиво ууж байтал Бат-Эрдэнэ над руу утсаар залгаад "танай гэрийн гадаа байна ирэхгүй бол машиныг чинь эвдэнэ" гэж хэлэхээр нь би тоогоогүй утсаа тасалсан чинь дахиад баахан залгаад байхаар нь би гэртээ очоод гэр лүүгээ орох гэтэл машины зогсоол дээр Бат-Эрдэнэ нэг найзтайгаа хамт байсан. Би шууд гэртээ орох гэтэл Бат-Эрдэнэ шууд өөдөөс ирээд намайг цохисон би барьцалдаж аваад хамт газар унасан чинь миний зүүн талын нүд хэсэг рүү гараараа хэд хэд цохитол эхнэр гараад иртэл зугтаад явсан юм. ...надад учирсан хохирол нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ¹6156 тоот актын “…Ж.Очхүүгийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстад язрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ..гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...“ гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

яллагдагч А.Б-н "...2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд 23 цагийн орчим хүргэн ах Очхүүгийн гэрийн гадна очоод хаалгыг нь цохисон тайлаагүй. Буцаж гараад машиныг хайж олоод Очхүү рүү залгаад "машины чинь хажууд байна, уулзахгүй бол машиныг чинь эвдлээ шүү" гэсэн тэгээд Очхүү утсаа салгаад хэсэг хугацааны дараа гараад ирсэн. Очхүү бид хоёр маргалдаад барилцаж аваад газар унасан. Би Очхүүгийн дээр гарч суугаад нүүр хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч А.Бд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

          Иймд шүүх шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.Бд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Үүнээс гадна шүүх шүүгдэгч А.Бд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч А.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.   

         

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.  

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          5.Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР