Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, консолын 6-р байр, 14 тоотод оршин суух Төв аймгий Заамар сумын Сум дундын цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа ажилтай Боржигон овогт Баттөмөрийн Батбаяр /РД:ГЮ81041673/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаяр би 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Цагдаагийн тасагт эргүүлийн цагдаагаар, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан билээ. Тус тасагт ажиллаж байх хугацаанд буюу 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс нохойн туслах төлөөлөгчийн албан тушаал дээр томилогдсон боловч Цогтцэций сум дахь Цагдаагийн тасагт эргүүлийн цагдаагаар, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл жолооч цагдаагаар, 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мэдээлэл хүлээн авагч цагдаагаар тус тус ажиллаж байсан.

            Орон нутагт ажиллаж байгаа албан хаагчид 5 жил тутам урамшуулал өгдөг. Би  2011 оны 6 сарын 1-нээс 2015 оны 8 сарын 11-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажилласан. Тухайн үед миний тушаалыг Өмнөговь аймагт нохойн туслахаар гаргасан боловч би Цогтцэций суманд ажиллаж байсан. 2011 оны 11 сард Цогтцэций суманд гаргасан гэж Баттогтох дарга хэлж байсан боловч 2012 ны 11 сарын 26-ны өдөр тушаал гаргасан байсан. Иймээс 2011 оны 11 сараас 2012 оны 11 сарын 26-ны хооронд ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим үнэмлэх болон цагдаагийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2011 оны 06 сарын 02-ны өдрийн а/45 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 2012 оны 11 сарын 20-ны өдрийн 111 дугаартай “Ажилд өөрчлөн томилох тухай” тушаал, 2011, 2012 оны цалингийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Батбаяр нь Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2011 оны 06 сарын 02-ны өдрийн а/45 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 2012 оны 11 сарын 20-ны өдрийн 111 дугаартай “Ажилд өөрчлөн томилох тухай” тушаал гарсан боловч 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 11-р сарын 26-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Цагдаагийн тасагт ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Д.Баасанбатын өгсөн:”Би Баттөмөрийн Батбаяртай Цогтцэций сумын Цагдаагийн тасаг /тухайн үед тасаг байсан/ 2011 оны 06 сарас эхлэн 06 сарын хугацаанд хамт ажиллаж байсан. Улмаар миний албан тушаал өөрчлөгдөж би Цогтцэций сумаас өөр сум руу томилогдон ажилласан. Түүнээс хойш Б.Батбаяртай уулзаж байсан ба Батбаяр Цогтцэций сумын Цагдаагийн тасагт нохойн төлөөлөгч цагдаа, жолооч цагдаагаар ажиллаж байсан” гэсэн, Н.Батжаргалын :”...Б.Батбаяр нь 2011 оны 06 дугаар сарын 01-ээс 2014 оны 07 сар хүртэл Цогтцэций сумын цагдаагийн хэлтсийг Цагдаагийн тасаг байхаас нь жолооч цагдаа, нохойн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэгээд Баян-Овоо сумын хэсгийн цагдаагаар 2014 онд шилжсэн.” гэх мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Б.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Баттөмөрийн Батбаярыг

2011 оны 06 дугаар сарын 01-нээс 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн тасагт ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.СОЛОНГО