| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0076/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/96 |
| Огноо | 2020-03-17 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хохирогч С.Ганбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дод холбогдох эрүүгийн 1925006660481 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Д
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Дыг 2019 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы 10-24 тоотод С.Ганбаатартай хэрэлдэж маргалдан улмаар С.Ганбаатарын нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдийг хараагүй болгож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дын мэдүүлсэн “Гэрт нь орж маргалдсан. Ганбаатар ах унтаж байснаа босож ирээд маргалдсан. Хаалгыг нь өшиглөж ташуураар цохиогүй. Ганбаатар ах эхлээд намайг цохисон. Миний үйлдлийн улмаас нэг нүд нь гэмтэж хараагүй болсныг зөвшөөрч байна. Ганбаатар ахад гунжин үнээ өгсөн. Одоо нүдний эмчилгээг нь хийлгэж өгнө. Гэм буруугаа хүлээж байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч С.Ганбаатарын мэдүүлсэн “Надад гомдол алга. Эмчилгээний зардал өгнө үү л гэж хүсэж байна. Намайг гэртээ амарч байхад энэ 3 орж ирсэн. Гарч яваад эргэж ирээд цохисон. Намайг Доос өөр хүн цохиогүй. Та өргөдөл гомдол гаргаагүй юм байна гээд надад шүдлэн үхэр өгсөн. Нэг нүд хараагүй болсон. Үзүүлэх гээд Улаанбаатарын 1-р эмнэлэгт очсон чинь очер дараалал нь санаанд багтаагүй буцсан. Нөгөө нүд улам муудаад байгаа. Мэдрэлийг тасалж муу нүдэнд өөр хиймэл нүд хийнэ гэсэн. Энэ хүнийг яланд явуулах бодолгүй байна. Эмчилгээний зардал өгчихвөл гомдол алга гэх мэдүүлэг,
-Хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн үед манай хамаатан бие муутай Маржингүл гэх эмэгтэйтэй хамт гэртээ унтаж байтал Эрдэнэбулган найз охинтойгоо Д 3 согтуу манайд орж ирсэн. Тухайн үед надтай байсан эмэгтэйгийн бие нь өвдөөд түргэн дуудчихсан байсан. Тэгэхээр нь би Эрдэнэбулганыг миний дүү одоо яв ах нь түргэн дуудчихсан байна түргэн ирвэл согтуу хүмүүс байвал дэмий байх гэтэл Д орон дээр хэвтэж байгаад босч ирээд чи яахаараа намайг хөөдөг юм гээд надтай маргалдсан. Тэгэхээр нь би Эрдэнэбулганыг чи ирэх мөрөөрөө ганцаараа ирэхгүй таньж мэдэхгүй хүн дагуулж ирлээ наадахаа аваад яв гэж хэлсэн. Эрдэнэбулган бид хоёр Дын 2 гарнаас нь татаж ноцолдсоор байгаад гэрээс гаргасан. Гэтэл гэрийн гадаа Д ташуур барьчихаад намайг цохих гээд хөөгөөд байсан чинь Эрдэнэбулган найз охинтойгоо нийлж байгаад Дыг аваад гарсан. Тэгэхээр нь би хашааныхаа хаалгыг мөн гэрийнхээ хаалгыг түгжээд байж байтал Д эргэж ирээд гэрийн хаалга өшиглөөд хана өшиглөөд байсан. Тэгэхээр нь би хаалгаа онгойлготол юугаар цохисныг мэдэхгүй Д миний нүүр рүү цохисон. Энэ үед би нүүрээ дартал намайг гэрээс татаж гараад гэрийн үүдэнд унагаагаад дээрээс нуруу руу ташуураар цохисон.Тэгэхээр нь би Эрдэнэбулганыг дуудаад энийгээ ирж аваач намайг аллаа гээд орилсон хашааны гаднаас Эрдэнэбулган найз охиноо дагуулаад ороод иртэл Д зөрөөд хашаагаар гараад явсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Одоо би нүдэндээ л хагалгаа хийлгэмээр байна. Яаралтай хагалгаа хийлгэхгүй бол нөгөө талынхаа нүдэнд нөлөөлөөд байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/
-Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 4-6-р хуудас/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/
-Гэрч Б.Эрдэнэбулганы...“ Тэднийд очтол Ганбаатар ах унтаж байсан ба босч ирээд Дыг муу хулгайч минь манайд яах гэж ирсэн юм гар зайл гэсэн чинь Дэлгэцогт би таны юуг хулгай хийсэн юм гэтэл Ганбаатар босч ирээд Дын хамар руу цохиод авсан. Дын хамарнаас цус гарахаар нь би гадаа гараад гаран дээр нь ус хийж өгөөд хамарных нь цусыг цэвэрлүүлчихээд Дыг чи хөгшин хүнтэй маргалдаж яахав яв гээд хашаанаас нь гаргасан. Би тухайн үед гэдэс өвдөөд хашааны буланд бие засаад сууж байтал Ганбаатар ах Эрдэнэбулганаа гээд дуудаад байхаар нь эргээд Ганбаатар ахын хашаанд ортол Д Ганбаатар ахынд эргэж очоод хаалгыг нь өшиглөж байгаад Ганбаатар ахыг гараад ирэхээр нь нүд рүү цохиод авсан байсан. Би тухайн үед Ганбаатар ахын нүдийг харахад нүд нь улайчихсан байсан. Тэгэхээр нь би Дыг одоо харь гээд явуулчихаад би гэртээ харьсан .гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
-Шинжээчийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 709 дугаартай: С.Ганбаатарын биед зүүн нүдний хараагүй болсон байдал үүсчээ. Гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 65 хувь нөлөөлнө.” гэх дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/
-Шинжээч Ч.Буянзаяагийн...“...С.Ганбаатарын нүдний эмчийн үзлэгээс үзэхэд мэс засал хийгдэх шаардлагатай ба мэс заслын дараа хараа яаж өөрчлөгдөхийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэмтлийн хүнд зэргийн шалгуурын 2.2.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдаж байна...гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/
-Хохирогч С.Ганбаатарын амбулторын картны хуулбар /хх-ийн 60-63-р хуудас/
-Гэрч Г.Эрдэнэтуяагийн “...Ганбаатар нь 2019 оны 09 сарын 18-нд шинжилгээ хийлгээд орж ирсэн. Медипас эмнэлгийн эмч зүүн нүдний торлогийн хууралт, торлогийн доор цус хуралт гэсэн онош тавьсан байсан. Уг шинжилгээг үндэслэж зүүн нүдний торлогийн хууралт гэсэн онош тавьсан. Ганбаатар нь 2019 оны 10 сарын 30-ны өдөр шинжээч эмчийн хамт ирж үзүүлэхэд хагалгаандаа ороогүй, торлог бүрэн хуурсан байсан....гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100-р хуудас//зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы 10-24 тоотод С.Ганбаатарын гэрт унтаж амарч байх үед нь очиж С.Ганбаатартай маргалдан улмаар С.Ганбаатарын нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн нүдийг хараагүй болгосон хүнд зэргийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн , үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Б.Дэлгэрцот нь С.Ганбаатартай маргаж нүүрэн тус газар нь цохиж зүүн нүдийг нь хараагүй болгосон үйл баримт нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлгээр эргэлзээгүй тогтоогдсон ба хохирогчид учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл болох нь шинжээчийн 709 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Б.Дын, бусдын биед халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна гэж дүгнэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы 10-24 тоотод С.Ганбаатарын гэрт очиж хэрүүл маргаан үүсгэж улмаар С.Ганбаатарын нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдийг хараагүй болгож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр шүүх хуралдаанд “хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй. Торгох ял оногдуулна уу. Д нь хувьдаа мал хөрөнгөтэй, өндөр настай ээжийн хамт амьдардаг. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлөхөөр түүнтэй тохиролцсон байгаа гэж мэтгэлцжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв. Хохирогчийн биед учирсан нэг нүд хараагүй болсон гэмтэл нь эмчлэгдээгүй байх ба шүүгдэгч хохирогч нарын тохиролцоо, хохирогчийн ашиг сонирхолыг харгалзан шүүгдэгчийг зайлшгүй хорих шаардлагатай гэж үзсэнгүй. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Б.Д нь хохирогчид 1 тооны шүдлэн үхэр өгсөн байх бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг төлнө гэж хохирогчтой тохиролцжээ. Харин хохирогч С.Ганбаатар шүүхэд хохирлын баримт гаргаагүй тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж, хохирогчийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг зааж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ц овогт Б.Дыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Дод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн хугацаанд сар бүр 416,666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Ганбаатар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ