Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 15

 
 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 1-р баг, Сийрст, Уурхайчин гудамж 7-258 тоотод оршин суух Дархчуул овогт Нармандахын Олзвойгийн хүсэлттэй,

Н.Дэлгэрийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Олзвой, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Олзвой шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Н.Олзвой миний бие иргэн Н.Дэлгэртэй тохиролцоод 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр №10 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээг”-г байгуулсан юм. Энэхүү гэрээнд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 7-р хороо БАА-ын 1-15 а тоотод баригдаж Н.Дэлгэр нь өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулах ба гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар “1м2 талбайг 1 800 000 төгрөгөөр үнэлээд байрны нийт төлбөр нь 102 600 000 төгрөг” байхаар тусгасан байна. Гэрээнд заасны дагуу ашиглалтанд орох хугацаа болоход 2 дугаар давхараас дээш цутгалт явагдаагүй байсан учир Н.Дэлгэртэй уулзаад ярилцахад арматурын төмөр байхгүй, хөрөнгө оруулалт байхгүй учир зогссон, энэ ондоо багтаан ашиглалтанд оруулна гэсэн боловч 2015 оны сүүлээр барилгын ажил явагдаагүй хэвээрээ байсан. 2016 он гаргаад миний ажлын газрын үйл ажиллагаа зогсч сул зогсолтын үеийн цалин авдаг болж орлого багассанаас шалтгаалж банкнаас орон сууцны 8%-ийн зээл олгох боломжгүй болсон учир урьдчилгаа болгон өгсөн мөнгөө буцаан авах болсон тухайгаа Н.Дэлгэрт хэлсэн. Энэ хугацаанд Н.Дэлгэр нь утасны дугаараа хэд хэдэн удаа сольсон. Н.Дэлгэрийн албан ёсны бүртгэлтэй хаягийн дагуу Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягаар хариуцагчид мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариуцагч Н.Дэлгэр нь Сонгинохайрхан дүүрэг

D:\Ajil\Shiidwer\№15_2017_02_14_Olzwoiy.docx

23 дугаар хороо Хангайн 22-р гудамж 26 тоотод оршин суудаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна гээд хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм.

            Иймд Н.Дэлгэр нь Сонгино-Хайрхан дүүрэг, 23-р хороо, Хангайн 22-р гудамж, 26 тоотод албан ёсны бүртгэлтэй боловч уг хаяг дээрээ оршин суухгүй байгаа тул түүний оршин сууж амьдарч байгаа хаягийг тогтоолгох үүднээс эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

            Нэхэмжлэгч Н.Олзвой шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “2015 оны 5 сарын 5-ны өдөр Дэлгэр гэдэг хүн орон сууц барьдаг бөгөөд Би 2 орцтой 57 м2 2 өрөө байр бариулахаар бэлэн 8.800.000 төгрөг8 400.000 төгрөuний цемент өгч 9.200.000 төгрөг гэж тооцоод гэрээ байгуулсан. Гэрээнд 3 дугаар улиралд бэлэн болно гэж хэлсэн боловч 12 сар болоход 2 давхар баригдахгүй байсан. Яагаад барихгүй байгаа юм бэ? гэж асуусан боловч хөрөнгө оруулалт орохгүй байна гэж хэлсэн. Тухайн үед манай ажил сул зогсож, банкны зээлэнд хамрагдах боломжгүй болсон учир гэрээгээ цуцалж урьдчилгаа мөнгөө авахаар болсон. Утсаар хэд хэдэн удаа ярьсан боловч яг одоо боломжгүй байна. Удахгүй өгнө гэж хэлсэн. Би 2016 оны 7 сард урьдчилгаа мөнгөө эргүүлж авах талаар хэлж шийдүүлдэг газраар нь шийдүүлэх бодолтой байгаагаа хэлэхэд тэг тэг гэсэн хариу өгсөн. Би өмгөөлөгч авч өөрийгөө төлөөлүүлж итгэмжлэл хийлгэж оршин суугаа хаягийн дагуу нэхэмжлэл гаргасан боловч хаяг дээрээ байгаагүй учир буцаж ирсэн.  Иймд өөрийнхөө хаягаар нэхэмжлэл гаргасан” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШЗ2016/03747 дугаартай нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р багийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ¹27 дугаартай албан тодорхойлолт, Орон сууц захиалгаар бариулах туахй ¹10 дугаартай гэрээ, Тохунд овогт Настын Дэлгэрийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Олзвой нь Н.Дэлгэрийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Н.Дэлгэр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Тохунд овогт Настын Дэлгэрийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Тохунд овогт Настын Дэлгэр /РД:ПК84030300/-г эрэн сурвалжилсугай.

2.Н.Дэлгэрийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч Н.Олзвой /утас:99053817/-д мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА