Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/85

 

          

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Г.Түвшинбаяр

Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Гт холбогдох эрүүгийн 2025000000032 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Г

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Э.Гийг 2020 оны 01 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 3 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Абсолют” зочид буудлаар үйлчлүүлж байгаад Г.Баяржаргалтай маргалдах явцдаа толгойн тус газар нь аягаар 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гийн мэдүүлсэн “2020 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө тэр буудалд орсон. Шөнө 2 цагийн үед хажуу өрөөний хэдэн залуус пижигнэж зодолдсон. Эхлээд би ресепшинд хэлсэн. Гэвч болохгүй болохоор нь ресепшинтэй хамт очсон. Баяржаргал хаалгаа онгойлгосон. Цаанаас нь над руу дайрч элдвээр хэлж байсан. Тэгээд хувцасаа өмсцгөөж гарсан. Баяржаргал нь намайг цохиод авахаар нь би гартаа байсан аягаараа цохисон. Хажууд нь байсан хүмүүс салгасан. Гэм буруугаа хүлээж байна. Маргах зүйлгүй. Би 150,000 төгрөг өгье гэж хэлсэн байгаа гэх мэдүүлэг,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 2-6-р хуудас/

-Согтуурал шалгасан хуудас /хх-ийн 12-р хуудас/

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/

-Хохирогч Г.Баяржаргалын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...” 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн орчим Баттогтох, Энхбуянт, Золбаатар, Баяраа нарын хамт гаднаас 3 ширхэг том савтай пиво авч орсон. Бид нар авсан пиво ууж байхдаа хоорондоо маргалдаад, ноцолдож байтал ресепшин эгч ирээд та нар чимээгүй бай, одоо гараарай гэхээр нь за гэж хэлээд явуулсан. Ресепшин эгч нэг залуутай хамт дахиж ирээд “чимээгүй байгаач, ямар их дуу чимээтэй юм бэ” гэхээр нь би “за одоо найзуудаа аваад гарлаа” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө ах “ямар ядаргаатай бацаанууд бэ” гэхээр нь би “танд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн чинь гартай барьсан аягаараа миний толгой руу нэг удаа цохисон. Энэ үед буудлаас гарч байсан манай найзууд намайг өмөөрч нөгөө ахтай маргалдсан. БОЭТ-ийн хүлээн авах руу явж байхдаа би ухаан алдаж унасан, намайг ухаан ороход эмч нар миний толгой хэсэгт 4 оёдол тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

-Гэрч Г.Баттогтохын мөрдөн байцаалтад өгсөн... хажуугийн өрөөнд байсан 30 гаран насны ах манай найз Баяржаргалыг гартаа барьж байсан шилэн аягаараа толгойд нь цохисон .. Баяржаргалын толгойноос цус гарч байсан болохоор эмнэлэг рүү авч явсан .. эмнэлгийн хашааны гадна Баяржаргал ухаан алдаад уначихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25 дугаар хуудас/

-Гэрч Б.Энхбуянтын мөрдөн байцаалтад өгсөн: ...” Энэ үед за за болъё унтахгүй юм байна гээд гарах гэж байтал өрөөний үүдэнд нэг ах ресепшин эгчтэй хамт зогсож байсан бөгөөд бид нар руу муухай орилоод унтаж амармаар байна гэсэн тэр үед манай найзууд одоо гарлаа шүү дээ гэсэн юм. Тэгэхээр нь би Намуусайханы хамт гараад явчихсан юм.. .’ гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

-Гэрч Г.Лхагвабаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...” Баяржаргалын толгой руу шилэн аягаар цохисон, толгойноос нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

-Гэрч Ц.Алтанчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... “Намайг тэр залуучууд дээр очоод “та нар чимээгүй болоочээ хажуу өрөөнд хүмүүс амарч байна.” гэхэд хажуу 3 дугаартай өрөөнд орсон залуу зогсож байсан бөгөөд тэдгээр чимээ гаргаад байсан залуучуудад хандаад “та нар чимээгүй болоочээ, ямар их дуу чимээ гаргадаг юм бэ” гэхэд залуучуудын нэг нь “чамд ямар хамаатай юм бэ чи зүгээр дуугай бай” гээд өөдөөс нь хэрэлдээд байхаар нь би 3 дугаарын өрөөнд орсон залууг чи өрөөндөө ор гээд явуулсан. Тэгсэн тэр залуу гартаа шилэн аяга барьж гарч ирээд 2 дугаартай өрөөнд байсан залуучуудыг гарч байхад үүдэнд зогсож байсан. Нэг мэдсэн тэр залуу нөгөөх залуучуудын нэгэнтэй нь зодолдож эхэлсэн. Гартаа барьсан шилэн аягаараа толгой руу нь цохиж байгаа харагдсан. Тэр үед нөгөө залуучуудын 2 нь ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 130 дугаартай ... ”..Г.Баяржаргалын биед хуйханд шарх, зүүн завжинд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хуйханд үүссэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн завжинд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 42 дугаартай ... “Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 дугаартай төв тодорхойгүй гарын мөр, 4, 5 дугаартай зүүн гогцоо төвтэй гарын мөрүүд, 7 дугаартай төв тодорхойгүй гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. 3 дугаартай алганы мөр, 6, 8, 9, 10, 11 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжлэгдэж буй 4, 5 гэж дугаарласан “Sprite” 1,25 л ундааны савнаас” илрүүлж, бэхжүүлсэн зүүн гогцоо төвтэй гарын мөрүүд ММ003010002183 дугаараар бүртгэгдсэн Эрдэнэбатын Гын зүүн гарын дунд, ядам хурууны хээний дардастай папилляр шугамын нийлэлт, салаалалт, эхлэл, төгсгөл зэрэг хувийн онцпог шинж тэмдгүүдийн цогц байдлаар тохирч байна. Шинжлэгдэж буй 1, 2, 7 гэж дугаарласан гарын мөрүүд гарын хээний салбар болон нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас, хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдов.

             Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 3 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Абсолют” зочид буудалд байхдаа хажуу өрөөнд “дуу чимээ их гаргалаа” гэдэг шалтагаар Г.Баяржаргалтай маргалдах явцдаа толгойн тус газар нь аягаар 1 удаа цохиж биед нь хуйханд шарх, зүүн завжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Э.Гийн бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  дүгнэлтээр “...хуйханд шарх бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                 

Улсын яллагч шүүх хуралдаанд: 2020 оны 01 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг “Абсолют” зочид буудлаар үйлчлүүлж байгаад Г.Баяржаргалтай маргалдах явцдаа толгойн тус газар нь аягаар 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна. Ялын саналыг зөвшөөрч байна. Харин банкны зээлтэй, эхнэр ажилгүй тул сард 50,000 төгрөгөөр төлөх саналтай гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Г.Баяржаргал нь шүүхэд гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч 150,000 төгрөг төлөхөөр тохирсон гэх боловч хэрэгт хохирлын баримт авагдаагүй, хохирогч нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүх төлбөргүй гэж дүгнэсэн болно.

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ч овогт Э.Г-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Э.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  10 сарын хугацаанд , сард 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ