Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00112

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00112

Төв аймаг

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 24б гудамжны 06 тоотод оршин суух Тэрэгчин овогт Отгонбаярын Пүрэвхүү /ПЮ70011715/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Заамар суманд үйл ажиллагаа явуулах  “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Зэрэгцээ алтны үйлдвэрт холбогдох,

Нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1 142 101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Пүрэвхүү, хариуцагч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Зэрэгцээ алтны үйлдвэрийн захирал М.Үүрцайх, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Пүрэвхүү нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“- Монголросцветмет” ХХК-ийн харъя “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн уурхайд 2015 оны 7-р сарын 9-нд ажилд ороод нярвын ажил гүйцэтгэж байгаад 2015 оны 9-р сарын 12-нд нярвын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, уурхайн цэвэрлэх байгууламжийн оператороор томилогдсон. 2015 оны 9-р сарын 12-ноос хойш 2015 оны 11-р сарын 31-ний өдөр хүртэл цэвэрлэх байгууламжийн операторын ажил хийж байгаад 2015 оны 12-р сарын 1-ний өдрөөс үйлдвэрийн нууцын алба, үйлдвэрийн захирлын санал болгосноор уурын зуухны нүүрсний манаачийн ажлыг хийчих тэнд хулгай гараад болохгүй байна. Тэрийг таслан зогоох хэрэгтэй байна. Чи шулуун шударга юм чинь ажиллаж өгөөч гэсэн аман саналууд ирсний дагуу би уурын зуухны нүүрсний манаачийн ажлыг орой болгон 12 цаг, өдрийн 6 цаг, шөнийн 6 цагаар хяналтаа тавьдаг. Тийм аман тохиролцооны дагуу хийж гүйцэтгэж байсан. 2016 оны 2 сард миний тушаал цэвэрлэх байгууламжийн манаач биш оператор хэвээрээ байгааг би мэдсэн. Энэ үндэслэлээр би хавар 4-р сарын 1 гэхэд уурын зуухны ажил улирлын шинж чанартай учир 4 сард би орон тооны цомхтголоор халагдах үндэслэлтэй юм байна гэдгийг би ойлгосон. Намайг хариуцсан албаны даргадаа ажлаасаа халагдъя гэж хэлсэн. Тэрний дагуу 2016 оны 5-р сарын 2-ны өдрийн “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захирлын 140 дүгээр тушаал гарсан. Энэ тушаалыг гарсны дараа би 2016 оны 5-р сарын 12-нд үйлдвэрийн захиргаа санхүүд би 2 талын албанд байсан нууцын албанд мэдээлэл өгдөг, үйлдвэрийн уурын зууханд хяналт тавьдаг байсан. Би санхүү захиргаанд хүсэлтээ тавьсан тэр үед М.Үүрцайх захирал хуучин захирлууд ирж байна. Тийм учраас жаахан хойшлуулж байхгүй юу 1 сар болоод ирэх юм байна, буцаад захирал өөрөө ажилдаа орох юм байна гэсэн санал хүсэлтүүд утсаар яригдсан. Тэр болтол хүлээгээд биелээгүй учир яагаад тушаал биелүүлэхгүй, миний тэтгэмжийг олгохгүй байгаа тухай боловсон хүчний дарга н.Болормаатай ярилцсан. Гэтэл Үүрээ захирал ирж байж шийднэ. Төсөв батлагдаагүй учраас дээшээ “Монголросцветмет” нэгдэл рүү албан тоот өгч байж чиний тушаал биелэгдэх боломжтой юм байна гэсэн. Тэрний дараа удалгүй н.Болормаа дарга болохгүй бол наад тушаалыг чинь өөрчилнө гэсэн утга бүхий юм ярьсан. Тэгээд М.Үүүрцайх захирал над руу яриад “За Пүүжээ чи цагдаа шүүх болоод явсан юм уу, чи цагдаа шүүхээ жаахан азнахгүй юм уу? надтай олон жил хамт байсан байж намайг ингээд байхдаа яадаг юм бэ? би буцаад очих юм шиг байна тэгэхдээ зохицуулж өгье гэсэн. Тэрнээс хойш би удаа дараа ярихад сүүлийн үед утсаа авахаа больсон. Би захирлын доод талын албан хаагч нарт Үүрээ захиралд танилцуулж өгөөч, миний мөнгийг олгуулах талаар хөөцөлдөж өгөөч гэж удаа дараа хандсан. Ийм үйл явц болсоор байгаад би 2016 оны 11-р сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв. 

 

Хариуцагч хариуцагч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Зэрэгцээ алтны үйлдвэрийн захирал М.Үүрцайх нь шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“ -Би О.Пүрэвхүүтэй 1993 онд цуг нэг сургууль төгссөн. Өөрөө архинд ороод гэр бүлээсээ салсан. Би байнга ажилд оруулж өгөөд дэмжээд явдаг байсан. Манай аав хүртэл дэмжээд ажилд оруулж өгч байсан. Өөрөө юу бодоод сууж байгаа юм мэдэхгүй. Ажилгүй явж байхад нь би өөрөө дуудаад мэргэжлийн чинь дагуу ажилд оруулж өгье гээд оруулж өгсөн. Нэмэгдэл цалин хүртэл байнга өгдөг байсан. Ажлын байран дээр согтуу ирж хэрүүл маргаан гаргадаг байсан. Тэгээд би нярвын ажлаа боль гээд цэвэрлэх байгууламжид операторчын албан тушаалд хүртэл оруулж байсан. Архи уугаад зодоон нүдээн хийгээд яваад байдаг байсан. Би тушаал гаргахдаа өргөдлөө болио гээд н.Болормааг дуудаад О.Пүрэвхүүг цомхтгол гэдгээр халъя гэхэд захирлаа цомхотгох эрх байхгүй гэхээр нь тэгээд хал тушаалыг нь тэгээд биччих гэж гэсэн. Энэ чамд хамааралгүй шүү чамайг бодож ийм тушаал гаргалаа шүү гэхэд за гээд гараад явсан. Явсныхаа маргаашаас эхлээд мөнгө нэхээд эхэлсэн. Эхлээд хувийн журмаар мөнгө нэхээд байхаар нь өгөхгүй гэсэн чинь тэгвэл чи яах гэж ийм тушаал гаргасан юм бэ гэж байсан. Нэгэнт тийм тушаал гаргасан тэр нь хуулиар тодорхой хэмжээгээр нотлогдож байгаа юм чинь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэхэмжлэл /хх-1-6/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7/, “Монголросцветмет” ХХК-ний “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаар тушаал /хх-8/, О.Пүрэвхүүгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-9/, “Монголросцветмет” ХХК-ний харъяа “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захиргаа, санхүүд гаргасан О.Пүрэвхүүгийн өргөдлийн хуулбар, бэлэн мөнгө олгохыг хүссэн баримт /хх-11, 12/, “Монголросцветмет” ХХК-ийн “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай тушаал /хх-16/, хариуцагчийн хариу тайлбар /хх-21/ зэрэг нотлох баримтууд эдгээр болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Пүрэвхүү нь хариуцагч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Зэрэгцээ алтны үйлдвэрт холбогдуулан нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1 142 101 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, тэдгээрийн хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Хариуцагч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Зэрэгцээ алтны үйлдвэрийн захирал М.Үүрцайхын 2016 оны 05 сарын 02 өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 140 дугаартай тушаалаар “...О.Пүрэвхүүд нэг сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг бодож олгосугай...” гэжээ.

О.Пүрэвхүү нь дээрхи тушаалыг гарсанаас хойш “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Зэрэгцээ алтны үйлдвэрт удаа дараа хүсэлт гаргаж тэтгэмжийг олгохыг шаардаж байсан, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа  нь нэхэмжлэгч,  хариуцагч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр  тогтоогдож байна.

Иймд хариуцагч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Зэрэгцээ алтны үйлдвэрээс нэхэмжлэлийн шаардлага болох нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмээний тэтгэмж 1 142 101 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.1.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Зэрэгцээ алтны үйлдвэрээс нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1 142 101 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Пүрэвхүүд олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Зэрэгцээ алтны үйлдвэрээс 31 960 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
  3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.        
  4.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.МӨНХЦЭЦЭГ