Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01178

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00069 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 737 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “М” ХХК

          Хариуцагч: “У” ХХК-д холбогдох

      Гэрээний үүрэгт нийт 36.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.А, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

      Нэхэмжлэгч тал тайлбартаа: 2015-06-17-ны өдөр Утай барилгын ажлын явцад захиалагчийн хяналт хийх гэрээг байгуулсан. Гэрээгээр тус компани нь Хөдөлмөрийн ордны барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд Уны өмнөөс тухайн барилгын гүйцэтгэлд хяналт хийх, барилгад орох бараа материалд нь төсөв гаргах, барилгын буруу баригдсан алдааг нь гаргаж, засуулах, барилгын зургийн гүйцэтгэлийн инженерүүдтэй нь уулзаж, алдааг засах гэх мэт үндсэн 5 чиглэлд хяналтаа хэрэгжүүлж, 10 гаруй туслан гүйцэтгэгчийн төсвийг хэмнэж өгсөн. Гаргаж өгсөн төсөв дээр гүйцэтгүүлэгч компани нэг ч удаа маргаж байгаагүй. Гэрээний үүргээ 100 хувь гүйцэтгэсэн. Хариуцагч нь манай компаниар бүх ажлаа хийлгэсний дараа 2016 оны 04 дүгээр сард барилга дуусахад гэрээг цуцалсан. Манай компани нь гэрээ цуцлах саналыг хүлээн авснаар 2016- 04- 13-ны өдөр гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцлах хүртэл хугацаанд захиалагчийн хяналтын ажлыг хийснээс 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны ажлын хөлс 24сая төгрөгийг төлөөгүй. Бидний зүгээс энэ хугацааны хөлсөө шаардсаар байсан. Тухайн үед У ХХК-ийн хуульч нь банкнаас авсан зээлээ төлсөн тохиолдолд мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн. Бид зээлээ төлж дууссан бөгөөд ажлын хөлсөө авах тухай хүсэлт удаа дараа гаргаж байсан. У ХХК нь мөнгө өгөхөөс татгалзсан  учир шүүхэд хандсан. Иймд  24 сая  төгрөгийг  алданги 12 сая  төгрөгийн хамт  нийт 36 сая  төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч тал хариу тайлбартаа: 2015-06-17-ны өдөр барилгын ажлын явцад захиалагчийн хяналт хийх ажлын гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч М ХХК нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд бүхэлд нь захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн, ажлыг хүлээлгэн өгөх, У нь ажлын гүйцэтгэлийг үнэлэн, гэрээгээр тохиролцсон хөлсийг олгохоор тохиролцсон. Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр М ХХК-ийн гүйцэтгэх ажлыг жагсаан дурдаж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн яриад байгаа төсөв хийх нь энэ 5 чиглэлийн үйл ажиллагааны зөвхөн нэг хэсэг нь юм. Гэтэл М ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд гэрээний 6.1.6, 6.1.7-д заасныг зөрчсөн. Үүнд Барилгын талбай дээр хийгдэж буй ажилд өдөр тутам байнгын хяналт тавина. Өдөр бүр нэгээс доошгүй удаа акт үйлдэж захиалагчийн удирдлагад танилцуулах үүрэг хүлээсэн. Гэвч энэ үүргээ биелүүлээгүй,  зохих байдлаар хүлээлгэж өгөөгүй. Энэ байдал удаан хугацаагаар үргэлжилсэн. Иймд гэрээг цуцлах мэдэгдэл явуулсан. Мэдэгдэлд гэрээг цуцлах болсон 2 үндэслэлийг заасан. М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, барилга дээр ажиллаж байгаа ажилчид шаардлага хангах мэргэжил ур чадвар, туршлагагүй, барилгын ажлын захиалагчийн хяналт зохих түвшинд хийгдээгүйгээс барилгын ажил доголдох нөхцөл үүссэн. Цаашид тус компаниар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан. М ХХК нь гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн. Гэрээний 7.2-т тохиролцсоны дагуу хийж гүйцэтгэх ажлыг захиалагчийн зүгээс тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэж чадаагүй тохиолдолд тухайн ажил үйлчилгээтэй холбоотой ажлын хөлсийг шаардах эрхээ алдана гэж заасан байдаг. Иймд тус компанийн гүйцэтгэсэн ажлаас хамаарч ажлын үр дүн гарах байсан боловч үр дүн гараагүй, ач холбогдлоо алдсан. Гэрээний 6-д зааснаар ажлын үр дүн нь тайлан. Тайлангаа өгөөгүй. Юу хийсэн нь тодорхойгүй. Захиалагч нь 5 үндсэн чиглэлд нийтдээ 38 нэр төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэх байсан ба энэ талаар ямар ч баримтгүй байна. Ажлын үр дүнгийн талаар холбогдох тайлангаа тухай бүрд нь танилцуулж байсан бол маргахгүй байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00069 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “У” ХХК-иас 24 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 12 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484 900 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 277 950 төгрөг гаргуулж, “М” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 737 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00069 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...399 дүгээр зүйлийн 399.1...” гэснийг “...Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1/.“Барилгын ажлын явцад захиалагчийн хяналт хийх ажлын гэрээ”-ний 2.2, 6.1.6, 6.1.7 дахь заалтуудад гүйцэтгэгч компаниудын хийсэн ажлуудад алдаа дутагдал илэрсэн эсэхээс үл хамааран талбай дээр хийгдэж буй ажилд өдөр бүр хяналтын акт, дүгнэлтийг үйлдэх үүрэгтэй гэж заасан. Цаашлаад нэхэмжлэгчийн ирүүлсэн нэхэмжлэлийн хугацаанд хамаарахгүй тайлангууд нь бүгд алдаатай, ажлын талаарх тайлан байгаагүй бөгөөд  нотлох баримтуудаас үзэхэд алдаа гараагүй гэх агуулгатай ажлын тайлангууд ч мөн авагдсан байдаг. Талууд өөрсдийн байгуулсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж тооцож байгаа талаараа тайлбар өгсөөр байтал шүүх уг гэрээг ажил гүйцэтгэх гэрээ биш, ажил гүйцэтгэх гэрээнээс өөр ямар ч төрлийн гэрээ байсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдана, тиймээс ажил гүйцэтгэх гэрээ гэх шинжийг үгүйсгэх үндэслэл шаардлагатай гэх байдлаар нотлох баримтаар “зайлшгүй тайлан дүгнэлт бичих шаардлагагүй, гэрээнд ингэж заагаагүй” гэж дүгнэж, ингэснээр нэхэмжлэгч “М” ХХК-ийг гэрээг зөрчөөгүй мэтээр, ажил хийсэн гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. 2/. Шүүх “М ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг барилгын гүйцэтгэгч компаниудын хийж гүйцэтгэсэн ажлаас ялгаж дүгнэлт хийж чадаагүй, маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг “улсын комиссын актаар нотлогдож байна ” гэсэн үндэслэлгүй, шалтгаант холбоо нь тодорхой бус дүгнэлт хийсэн.  Улсын комиссын актад дурдсан “... шинээр барьсан, өргөтгөл, шинэтгэл, их засварын ажлын чанар, холбогдох акт, баримтуудтай танилцаад газар дээр нь шалган үзэв” гэх тэмдэглэл нь барилгын гүйцэтгэгч компаниудын хийсэн ажлын актуудыг шалгасан байдлыг илэрхийлж байгаа. Харин нэхэмжлэгч  буюу Захиалагчийн хяналтын шинжтэй тодорхой ажлуудыг Уинд гүйцэтгэж өгсөн, Улсын комиссын актад нэр нь ч дурдагдаагүй этгээдийн ажлуудыг, тухайлбал тайланг цаг хугацаанд гаргаж өгсөн эсэх, ер нь ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх талаар дүгнэсэн баримт биш юм. “М” ХХК ажлаа гүйцэтгэсэн учраас барилгыг Улсын комисс хүлээн авсан гэх боломжгүй бөгөөд Барилгын тухай хуульд заасан зайлшгүй шаардлагын хүрээнд бус У шаардлагатай гэж үзсэн нэмэлт ажлыг тус компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Энэ байдал нь Улсын комиссын актад Захиалагчийн хяналт хэсэгт нэхэмжлэгч гарын үсэг зураагүй ч Улсын комисс хүлээн авсан, мөн У өөрийн инженерүүдээр захиалагчийн хяналтыг гүйцэтгүүлсэн зэрэг үйл баримтуудаар нотлогддог. 3/.“М” ХХК Иргэний хуулийн 211.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг Уны эрх бүхий албан тушаалтан, захиалагчийн инженерүүдэд хүлээлгэж өгөөгүй. Гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, дутуу, хангалтгүй гүйцэтгэсэн гэж маргадаг бөгөөд “М” ХХК нь барилгын талбайд өдөр бүр ажиллаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгч талаас гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Ажил гүйцэтгэх гэрээ ч бай, Хөлсөөр ажиллах гэрээ ч бай Иргэний хуульд зааснаар “үүрийг ... зохих ёсоор, шударгаар” гүйцэтгэх тухай, “ажлын хөлс төлөхөөс татгалзах, хөлсийг бууруулах, хийсэн ажилд нь тохирсон хөлсийг төлөх” талаар зохицуулалтууд байсаар байтал шүүхээс нэхэмжлэгч гэрээт ажлыг ямар түвшинд гүйцэтгэсэн, бүрэн гүйцэтгэсэн эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэсэн хэмжээнд бус нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнд нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        М ХХК 2017 оны 06 дугаар зүйлийн 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, У ХХК-с 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Барилгын ажлын явцад захиалагчийн хяналт хийх ажлын гэрээ”-ний дагуу 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны ажлын хөлс 24,000,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг нийт 36,000,000 төгрөг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч /хх 22/ маргасан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “...хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй...нэхэмжлэлд заасан гэрээ нь  даалгаврын гэрээний шинжийг агуулсан байна...хяналтыг зохих түвшинд хийгээгүй нь  тогтоогдоогүй ... ” гэсэн дүгнэлт хийжээ.

       Давж заалдах шатны шүүх “... талууд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна...” гэж үзэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Давж заалдах шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 198, 359, 343, 367 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний агуулга болон нэхэмжлэгч барилгын ажлын гүйцэтгэлийн явцад мэргэжлийн хяналтыг өдөр тутам  тавих, зөвлөгөө өгөх, хэрэв ажлын явцад алдаа гарвал илрүүлж, арга хэмжээ авч тайлан бичих ажил, үйлчилгээ үзүүлэхээр тохирсноос үзвэл талууд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна.   

       Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.    

       Талууд 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрээг байгуулсан, уг өдрөөс 2015 оны 10 сар хүртэл хугацааны хөлсийг нэхэмжлэгч авсан талаар зохигч маргаагүй байх бөгөөд гэрээ 2016 оны 4 сарын 13-ний өдөр цуцлагдсан, барилгыг Улсын комисс 2016 оны 7 сарын 06-ний өдөр ашиглалтад хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байна.     

        2015 оны 10 дугаар сард гэрээ цуцалсан, 2016 оны 4 сарын 13-ны өдөр хүртэл ажиллагч ажил, үйлчилгээ үзүүлээгүй нь баримтаар тогтоогдоогүй  байна. Учир нь гэрээ цуцалсан 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 2 сар гаруйн дараа барилгыг Улсын комисс 2016 оны 7 сарын 06-ны өдөр хүлээн авсан нь нэхэмжлэгч барилгын ажлын гүйцэтгэлд мэргэжлийн хяналт тавих, зөвлөгөө өгөх зэрэг ажил үйлчилгээг үзүүлээгүй буюу акт үйлдэж, ажлыг танилцуулаагүй гэх хариуцагчийн тайлбар нэхэмжлэлийг  үгүйсгэхгүй байна.  

        Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажлын хөлсийг шаардах эрхтэй.  

        Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 737 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 277.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ