| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0081/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/143 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай
Иргэдийн төлөөлөгч О.Гантуяа
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хохирогч Д.Баттогтох
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2025000310035 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б
пОрхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн 10-17 тоотод согтуугаар Д.Баттогтохын толгойн тус газарт заазуураар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Эрдэний мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,
-хохирогч Д.Баттогтохын шүүх хуралдаанд мэдүүлсэн ”Цэрэг яргалдаг гэж агсарч эхэлсэн. Гарах гэтэл араас заазуураар цохисон. Шөнө нойронд муу байнга өвчин намдаах эм ууж байна. Сая ирэхдээ цэргийн эмнэлэгт үзүүллээ. Хөх хот явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Дор хаяж 10,000,000 төгрөг болно гэсэн тул энэ мөнгийг нэхэмжилж байна. Эм тариа авч өгсөн, ор хоногийн мөнгө өгсөн гэх мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р хуудас/
-шүүгдэгч Б.Бат-Эрдэний согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 6-р хуудас/
-Хохирогч Б.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад мэдүүлсэн.... Тэгээд Б Чулуунхүү ахад хоол хийж өгнө гээд гал тогооны шүүгээн дээр байсан махыг аваад заазуураар мах хэрчээд сууж байсан. Б намайг цэрэг яргалж алдаг гээд байхаар нь би “ах би цэрэг байхгүй газар ажилладаг” гэж хэлсэн. Тэгсэн манай дүү цагдаагийн дарга чамайг алсан байхад яадаг юм гээд байсан. Энэ үед Чулуунхүү ах мод хагалаад ороод ирье гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгээд би Бат-Эрдэнийг хэрүүл өдөөд байхаар нь гэртээ харих гээд Бат-Эрдэний ард сууж байгаад гэрийн нөгөө талд байсан угаалгын машин дээрээс куртикээ авах гээд Бат-Эрдэний араар гараад явсан чинь миний толгойруу нэг юмаар цохиод авсан. Би ёо ёо гээд толгойгоо гараараа бариад үзсэн чинь толгойноос цус гарч байсан бөгөөд эргээд харсан чинь Б гартаа заазуур барьчихсан зогсож байсан. Энэ үед гаднаас Чулуунхүү ах орж ирээд яасан бэ гэхээр нь би наад Б чинь намайг заазуурдчихлаа гэж хэлээд толгойгоо гараараа дарж бариад гэрээс гараад гүйсэн ...Би Б.Бэс эмчилгээний зардал болон цаашид гарах эрсдэлийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10-р хуудас/
-Гэрч Б.Чулуунхүүгийн мэдүүлсэн ...Ингээд бие засаад гэртээ ороод ирсэн чинь Баттогтохын толгойноос нь цус гарчихсан. Б гартаа заазуур бариад зогсож байсан. Би юу болсон бэ? гэсэн чинь Баттогтох наадах чинь намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлээд гэрээс гараад гүйсэн. Б заазуураа хаяад араас нь гараад гүйсэн. Би заазуурыг аваад ширээн дээр тавиад тэр хоёрын араас гарсан Баттогтох толгойгоо бариад цаашаа гүйж байсан бөгөөд Б араас нь гүйж байсан. Би тэгээд буцаад гэртээ орсон чинь Б ороод ирэхээр чи яаж байгаа юм яагаад хүн заазуурдаж байгаа юм гэсэн чинь согтуу юм ярихгүй зогсоод байсан. Тэгсэн гаднаас Баттогтох цусаа гоожуулаад эгчийгээ дагуулаад ороод ирсэн. Эгч нь юу болсон юм бэ? гэхээр нь би харин мэдэхгүй ийм юм болсон байна гэж хэлсэн. Тэгсэн эмнэлэг, цагдаа хоёр манай гэрт ирээд эмнэлэг рүү Баттогтохыг аваад явсан. Цагдаа Бат-Эрдэнийг хүн заазуурдсан заазуураа хаана хийсэн гэсэн, Б хойшоо хашаа давуулаад шидсэн гэж зааж өгсөн бөгөөд цагдаа болон би өөрөө бас заазуур хайсан боловч байхгүй олоогүй. Уг заазуурыг би гэртээ ахуйн хэрэглээндээ хэрэглэдэг байсан юм. Одоо олдохгүй байна хэрэг үйлдэгдсэний дараа зөндөө хайсан боловч олоогүй....гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
-Гэрч Д.Энхжаргалын мэдүүлсэн...Би гэрээсээ шууд гараад гудамжинд гарахад урдаас Баттогтох толгойноос нь цус гарчихсан алхаад ирсэн. Баттогтохын араас заазуурдсан гэх эрэгтэй хүн согтуу алхаж байсан. Би дүүгээсээ юу болсон юм бэ гэж асуухад миний араас дагаад байгаа хүн миний толгойруу заазуурдчихлаа гэж хэлсэн. Би утсаараа цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Эмнэлгийн хүмүүс ирээд дүүг маань аваад явсан. Эмнэлэгийн машины дараа цагдаа нар ирэхээр нь би манай дүүг заазуурдсан гэх айлын гадаа очоод энд манай дүүг заазуурдсан гэж хэлээд зааж өгсөн. ..гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 87 дугаартай ...Д.Баттогтохын биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, гавлын хүнхрээ ясны хугарал, хуйханд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/
-Хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн эмийн хуудасны хуулбар /хх-ийн 53-60-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн: Д.Баттогтохын биед үүссэн гавал тархины битүү гэмтэл болох тархины эдийн няцрал, гавлын хүнхрээ ясны хугарал нь нэг удаагийн үйлчлэлээр нэгэн зэрэг үүсэх гэмтэл болно. Хуйханд үүссэн зүсэгдсэн шархнаас үзэхэд дээрх гэмтлүүд нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр нэгэн зэрэг үүсгэгдэх гэмтлүүд байна. Заазуур толгойн тус газар цохиход үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн 10-17 тоотод архи ууж согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хамт байсан Д.Баттогтохын толгойн тус газарт заазуураар цохиж биед нь гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, гавлын хүнхрээ ясны хугарал, хуйханд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогчийн... Бат-Эрдэнийг хэрүүл өдөөд байхаар нь явах гээд араар нь гартал Б миний толгойруу нэг юмаар цохиод авсан. Би ёо ёо гээд толгойгоо гараараа бариад үзсэн чинь толгойноос цус гарч байсан бөгөөд эргээд харсан чинь Б гартаа заазуур барьчихсан зогсож байсан....гэх мэдүүлэг, гэрч Б.Чулуунхүүгийн....Ингээд бие засаад гэртээ ороод ирсэн чинь Баттогтохын толгойноос нь цус гарчихсан. Б гартаа заазуур бариад зогсож байсан. Би юу болсон бэ? гэсэн чинь Баттогтох наадах чинь намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд гэрээс гараад гүйсэн....гэх мэдүүлэг, гэрч Д.Энхжаргалын ... Би гэрээсээ шууд гараад гудамжинд гарахад урдаас Баттогтох толгойноос нь цус гарчихсан алхаад ирсэн. Баттогтохын араас заазуурдсан гэх эрэгтэй хүн согтуу алхаж байсан. Би дүүгээсээ юу болсон юм бэ гэж асуухад миний араас дагаад байгаа хүн миний толгойруу заазуурдчихлаа гэж хэлсэн.....гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 87 дугаартай ”...Д.Баттогтохын биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, гавлын хүнхрээ ясны хугарал, хуйханд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т -д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.”гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Б.Бат-Эрдэний үйлдэл бүрэн нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.Бат-Эрдэний үйлдлийн улмаас хохирогч Баттогтохын биед хүнд гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй хэргээ хүлээн мэдүүлжээ.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэний, бусдын биед санаатай халдаж хүнд гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол сантаатай учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн 10-17 тоотод согтуугаар Д.Баттогтохын толгойн тус газарт заазуураар цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа шүүх хуралдаанд: гэм буруугийн тухайд маргах зүйлгүй. Эмчилгээний зардлыг төлсөн байгаа. Шүүгдэгч өөрөө тархины цус харвалттай, биеийн байдал сайнгүй, настай эцэг эхийн хамт амьдардаг. Иймд ялыг хөнгөрүүлж оногдуулна уу гэжээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн эмчилгээний зардал, ор хоногийн мөнгө, болон замын зардал зэрэг 1,240,300 төгрөгийг шүүгдэгч төлсөн байна. Одоо хохирогч Хөх хот явж эмчлүүлэх зардал 10,000,000 төгрөг нэхэмжилж байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг эмнэлгийн бичиг баримт зэрэг нотлох баримтад үндэслээгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 3 /гурав/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж нэхэмжлэх эрхтэйг дурдаж 10 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС
ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ