Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00162

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00162

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00126/и хэргийн индекстэй,

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр багийн 1-12 тоотод оршин суух Гөрөөчин овогт Лхамсүрэнгийн Амаржаргал /НЙ62012402/-ын нэхэмжлэлтэй,

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: “- ...Миний бие 1979 оноос 1995 он хүртэл Төв аймгийн Борнуур сумын Талхан цехэд талхчингаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн овог минь зөрүүтэй учраас тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Миний төрсний гэрчилгээг ээжээр овоглосон байдаг. Тэгээд анх ажилд ороход тухайн үеийн нэгдлийн боловсон хүчин хөдөлмөрийн дэвтэр нээж өгөхдөө ааваар минь овоглож дэвтэр нээснийг анзааралгүй байснаас болоод зөрчилтэй болоод байна. Миний анх ажилд орсон тушаалыг ааваар овоглож гаргасан байна.

Миний бусад баримт бичиг болох иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, төрсний гэрчилгээ бүгд ээжээр овоглосон байдаг. Иймд миний анх ажилд орохдоо нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1979 оны 05 сарын 25-ны өдрийн 27 дугаар тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч Лхамсүрэн овогтой Амаржаргал намайг мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, төрсний гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Төв аймгийн Борнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1979 оны 05 сарын 25-ны өдрийн 27 дугаартай тушаал, гэрч нарын болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гөрөөчин овогт Лхамсүрэнгийн Амаржаргал нь хөдөлмөрийн дэвтэр болон тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Амаржаргалын хуульд заасан журмын дагуу цуглуулан шүүхэд гаргаж ирүүлсэн Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 02 сарын 08-ны өдрийн №101/001691 дугаартай “Эхийн нэр: Шаравжамцын Лхамсүрэн, Нэр:Лхамсүрэнгийн Амаржаргалийг 1962 оны 03 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод Ажр 300-т бүртгүүлсэн төрөлтийн лавлагаа байгаа тул лавлагаа олгов” гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа /хх-13/

Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 02 сарын 08-ны өдрийн №102/004451 дугаартай “Нөхрийн: ...Ойдовын Цэрэндаш, Эхнэрийн: ...Шаравжамцын Лхамсүрэн нарын гэр бүл болсныг Улаанбаатар хотын Ажр 68-рт 1962 оны 03 сарын 21-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн лавлагаа байгаа тул лавлагаа олгов” гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа /хх-14/

Гөрөөчин овогт Лхамсүрэнгийн Амаржаргалд 2012 оны 07 сарын 30-ны өдөр олгосон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/,

Гэрч Ц.Батбаярын “ Л.Амаржаргал нь миний төрсөн дүү. Дүүгээ ээжээр овоглодгийг огт мэдээгүй. Аав нас бараад 10 гаруй жил болж байна. Би ааваараа овоглодог” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/

Гэрч С.Бадамцэцэгийн “...Анх талхны цехэд 1973 онд ороод 1979 онд Л.Амаржаргалтай танилцаж байсан. Цэрэндаш бол Амаржаргалын аав мөн. Жолооч хийдэг том алаг нүдтэй хүн байсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэргээр Л.Амаржаргалын эх нь Шаравжамцын Лхамсүрэн, эцэг нь Ойдовын Цэрэндаш гэдэг нэртэй болох нь нотлогдож байх ба дараах бичиг баримтуудад Л.Амаржаргалыг эцэг Цэрэндашаар нь овоглон бичсэн байх тул

1.Гөрөөчин овогт Цэрэндашийн Амаржаргал гэсэн нэр бүхий бичилттэй Төв аймгийн Борнуур сумын Нийгмийн даатгалын хэлтэсээс 1995 оны 01 сарын 01-ний өдөр олгосон №1 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-5/,

2.Цэрэндашийн Амаржаргал гэсэн нэр бүхий бичилттэй Төв аймгийн Борнуур сумын худалдаа бэлтгэлийн ангиас 1981 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-6/,

3.Төв аймгийн Борнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1979 оны 05 сарын 25-ны өдрийн 27 дугаартай Цэрэндашийн Амаржаргалыг талхан цехийн ажилчнаар томилох тухай тушаалын хуулбар зэргийн жинхэнэ эзэмшигч нь Лхамсүрэнгийн Амаржаргал мөн болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар  1. Төв аймгийн Борнуур сумын Нийгмийн даатгалын хэлтэсээс 1995 оны 01 сарын 01-ний өдөр олгосон №1 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2. Цэрэндашийн Амаржаргалд Төв аймгийн Борнуур сумын худалдаа бэлтгэлийн ангиас 1981 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 3. Төв аймгийн Борнуур сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1979 оны 05 сарын 25-ны өдрийн 27 дугаартай Цэрэндашийн Амаржаргалыг талхан цехийн ажилчнаар томилох тухай тушаалын хуулбар зэргийн жинхэнэ эзэмшигч нь Лхамсүрэнгийн Амаржаргал мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох башийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.МӨНХЦЭЦЭГ